Эхлэл рүү буцах

2016-06-24

Харуки Мураками “Шпагетти жил” өгүүллэг

00:02
Murakami
1971 он-миний шпагетти жил.
1971 онд би амьдрахын тулд шпагетти хийж, шпагетти хийхийн тулд амьдарсан гэхэд болно. Хоолны савнаас дэгдэх уур хөөр бахдал төрүүлж, хайруулан тавган дээр пор пор буцлах улаан лоолийн сүмс надад амьдрах итгэл нэмдэг байлаа.
Би гэж хүн гал зуухны хэрэгслийн төрөлжсөн дэлгүүрээр хөлөө эцтэл эргэлдэж хүссэн хэмжээгээр гоймон чанаж болох том тогоо, гал зуухны цаг хэмжигч, гадаадууд ихэвчлэн ордог хүнсний дэлгүүрээс элдэв янзын амтлагч, ахиухан улаан лооль базааж авна. Номын дэлгүүрээс шпагеттины жорын ном сонгохоо ч мартаагүй. Гарт таарсан шпагеттины гоймон бүрийг худалдан авч, одоогоор хүнд мэдэгдээд буй бүхий л төрөл зүйлийн сүмсийг туршиж үзсэн гэхэд хилсдэхгүй. Давчуухан сууцны маань өнцөг булан бүрт сонгино, сармис, оливын тосны таатайхан үнэр анхилсан нэгэн зүйлийн өвөрмөц манан хөшиглөж, хана, шал, адар, хувцас, ном, хуурцаг, теннисны цохиур, хуучин захидлуудад маань зугуухан нэвчин шингэдэг байлаа. Эртний Ромын ус сувгийн байгууламжаас л нэг ийм үнэр ханхалдаг байсан биз.
Гэвч өгүүлэх түүх маань манай эриний 1971 оны Шпагетти жилийн явдал билээ.
Би шпагеттигээ ганцаараа идэх дүрэм баримтална. Яагаад ч юм шпагетти ганцаараа идэхэд хамгийн тохиромжтой хоол шиг санагддаг байв.
Энэхүү нэг янзын зоогоо хүртэхдээ заавал өргөст хэмх, шанцайтай энгийн саладаар хачирлан, цайгаар даруулна. Ийм зорилгоор цай, өргөст хэмхээ ч ахиухан бэлдээд тавьчихна. Ширээн дээрээ бүхнийг нямбайлан өрөөд хоолоо айвуухан идэнгээ сонин гарчиглаж суудаг байлаа. Нямаас бямбын хооронд Шпагетти өдрүүд ээлж дараалан хөвөрч ням гараг бүр цоо шинэ Шпагетти долоо хоног эхэлдэг сэн.
Шпагеттигээ идэхээр ширээний ард ганцаар суух тоолонд, ялангуяа бороо зүсэрсэн үдшээр хэн нэгэн манай гэрийн хаалгыг хариугүй тогших нь гэсэн төсөөлөлд автдаг байв. Өдөр бүр өөр өөр айлчдын цуваа тасрахгүй. Заримдаа зүс мэдэх нэгэн, заримдаа ч ор танихгүй этгээд, нэг өдөр дунд сургуульд болздог байсан нарийхан хөлтэй охин, нөгөө өдөр хэдэн жилийн өмнөх би өөрөө айлчлах жишээний. Бүр Женнифер Жонесыг гар дээрээ өргөж тэвэрсэн Уильям Холден хүртэл зогсож байна гээч.
Тийм ээ, Уильям Холден шүү.
Тэдний хэн нь ч гэвч гэрт маань хөл тавиагүй ээ. Амьдралд нэвтэрч чаддаггүй дурсамжтай  адил хаалганы цаана хэсэг эргэлдэж байгаад хаалгыг маань тогшиж зүрхлэлгүй яваад өгцгөөнө.
*   *   *
Хавар, зун, намаржин би өш авах мэт уйгагүйгээр өнөөх ганц хоолтойгоо зууралдсаар л байв. Хайртай хүндээ хаягдаж, ганцаардсан охин азгүй дурлалын захидлуудаа гал руу чулууддаг шиг би гоймонг атга атгаар ар араас нь буцалж буй халуун устай тогоо руу шидэлдэг байв.
Цаг хугацааны дагтаршиж чулуужсан ул мөрийг сэндийлэн авч төрөл бүрийн гоймонд шингээн, усанд үйн, давс цацна. Гал зуухны цаг хэмжигчийн гунигт дуу хадахад өнөөхөө том савхаар шүүн авна.
Шпагеттины гоймонгийн ширхгүүд даанч адтай, хоромхон ч харц салгаж болохгүй. Эргээд харахын зуур л тогооноос годгонон гарч гүйгээд шөнийн гүнд дайжин алга болно. Халуун орны ой шугуй алаг эрвээхийг мөнхийн цаг хугацаагаараа залгиж орхидог шиг шөнө тэнүүлч бяцхан гоймонг дагуулж одохоор чимээгүйхэн отож байдаг юм.
Нэр ус ч үгүй, золгүй үлдэгдэл шпагетти хөргөгчний буланд хөөрхийлөлтэйеэ хаягдаж хоцорно.
Хаягдал хэдэн гоймонг 1971 оны муу усны эргүүлэг хаман авч үгүй хийнэ.
1971 оны шпагеттинууд минь, би цөмийнх нь хойноос харуусдаг билээ.
*   *   *
Өрөөний адар ширтэн гудсан дээр тааваараа хэвтэж байтал гэнэт утас хангиналаа. Хэвтрээ нар дагуулан засаад тухалж байсан нь энэ билээ. 1971 оны 12 сарын өвлийн илчгүйхэн наран дор би бээрсэн ялаанаас өөрцгүй залхаг амьтан хэвтэж байсан нь тэр.
Эхлээд утас дуугарч байгааг сайн ухаарсангүй. Агаарт нэг л харь, танил бус авиа чичирхийлэх шиг санагдав. Төдөлгүй өнөөх жигтэй авиа гарцаагүй хэлбэр төрхөө олон утасны дуу болон хангинаж гарлаа. Би дуртай дургүй мөлхөж хүрээд харилцуурыг авав.
Харилцуурын нөгөө үзүүрт эмэгтэй хүн, (4:30-ын яг энэ агшны эмэгтэй) найзын маань хуучин найз охин байв. Юу ч юм тэр залуу, нэг л ойлгомжгүй энэ эмэгтэй хоёрыг нийлүүлж, юу ч юм эргээд салгасан билээ. Би тэднийг үерхэж эхлэхэд бараг л гол үүрэг гүйцэтгэсэн хүн.
“Саад болсонд уучлаарай, чамаас асуух зүйл гараад ярьж байна. Цаадахаа хаана байгааг мэдэхгүй биз?”
Би харилцуураас хөвөрсөн эрчилсэн хар утсыг дагуулан харангаа бүрхэгдүүхэн хариулт өгч дөнгөв. Охины хоолойд  нэг л заналтай өнгө тодрох бөгөөд би түүний элдэв асуудалд орооцолдох ямар ч хүсэлгүй байлаа.
“Түүний хаана байгааг хэлээд өгчих хүн алга” гэж  охин хүйтэн өнгөөр бувтнаснаа “Цөм мэдэхгүй л гэх юм. Цаадахтай чинь яаралтай уулзах хэрэг байна, гуйя, хаана байгааг нь хэлээд өгчих. Чамайг хэлснийг огт цухуйлгахгүй. Тэр хаана байгаа вэ?” гэж шалгаав.
“Би үнэхээр мэдэхгүй. Бид хоёр уулзаагүй удаж байна” гэж хариултал хоолой маань  танихгүй хүнийх шиг харь сонсогдов. Найзтайгаа удаан уулзаагүй нь үнэн боловч түүний хаяг, утсыг мэдэж байгаагаа нуугаад өнгөрсөн хэрэг. Худлаа хэлэхээр хоолойн өнгө жигтэй хувирчихдаг нь энэ.
Тэр дуугарсангүй.
Утас мөс адил хүйт даагаад явчихав.
Төдөлгүй эргэн тойрны бүх зүйл мөсөнд хучигдаж би Ж.Г.Баллардын зөгнөлт өгүүллэгүүд дотор орчихсон шиг таагүй болов.
“Би үнэхээр мэдэхгүй байна” гэж би давтан хэлээд “цаадах чинь хэл үггүй алга болоод удаж байна” гэлээ.
Охин инээд алдсанаа “Боль доо. Тэр тийм самбаатай амьтан биш. Юу ч хийсэн араасаа шавхай чирч явдаг хүн шүү дээ” гэв.
Түүний зөв өө. Мань эр тийм ч саруул ухаантай хүү байгаагүй.
Ямартай ч би найзаа хаана байгааг хэлээгүй юм. Хэлсэн бол мань хүн надруу ярьж аашлах нь гарцаагүй. Би хүмүүсийн элдэв дэмий хэрэгт хангалттай хутгалдсан. Арын цэцэрлэгтээ нүх ухаж булах ёстой бүхнээ хэдийн булаад хэн ч ухаж төнхөхөөргүй жин тан болгочихсон.
“Намайг уучлаарай” гэтэл утасны цаанаас
“Чи надад дургүй, тийм үү?” гэх дуулдав.
Би юу хэлэхээ мэдэхгүй хэсэг таг болов. Би түүнд дургүй биш ээ. Ер нь энэ охины талаар юу ч боддоггүй билээ. Юу ч боддоггүй хүндээ дургүй байна гэдэг хэцүү.
“Намайг уучлаарай” гэж би дахин уучлал гуйгаад “Би яг одоо шпагетти хийж байна л даа” гэчихэв.
“Яасан гэнэ?”
“Би шпагетти хийж байгаа юм аа” гээд залчихлаа. Яагаад ингэж хэлснийг мэдэхгүй. Анхнаасаа худал хэлээд сүүлдээ шударсан ч юм уу энэ удаад худал хэлсэн шиг санагдсангүй.
Төсөөлөлдөө би хэдийн хоолны савандаа ус хийгээд чүдэнз зуран зуухаа асаалаа.
“Тэгээд?”
Төсөөлөлдөө ахиад л буцалж буй усанд давс цацаж, шпагеттины гоймонгоо болгоомжтой хийгээд гал зуухны цаг хэмжигчийг 20 минут дээр тохирууллаа.
“Тийм болохоор удаан ярьж болохгүй байна. Шпагетти маань баларна.”
Тэр ахиад дуугарсангүй.
“Намайг үнэхээр уучлаарай, шпагетти хийнэ гэдэг ихээхэн чимхлүүр ажил.”
Охин дуугарахгүй л байлаа. Харилцуур ахиад л мөс шиг хүйт дааж эхлэв.
“Тэгэхээр над руу эргээд залгачих уу?” гэж би яаруухан хэлэв.
“Чи яг одоо шпагетти хийгээд завгүй байгаа болохоор уу?” гэж охин асуув.
“Яг тийм.”
“Хүнд хийж өгч байгаа юм уу, эсвэл өөртөө л юм уу?”
“Өөртөө л.”
Тэр амьсгалаа түгжин таг болсноо санаа алдаад “Чи мэдээгүй байх л даа, гэхдээ би үнэхээр аргагүй болчихоод байна. Яах ч учраа олохгүй юм” гэж учирлав.
“Тусалж чадаагүйд уучлаарай.”
“Үнэндээ мөнгөний асуудал юм л даа.”
“Тийм үү?”
“Цаадах чинь надад мөнгөний өртэй юм. Надаас мөнгө зээлээд алга болсон. Анхнаасаа л өгдөггүй байж, даанч өгөхгүй байж чадаагүй.”
Би хэсэг чимээгүй болов, толгойд шпагетти л эргэлдээд байлаа. “Намайг уучлаарай. Гэхдээ одоо шпагеттигээ хийлгүй бол горьгүй нь…”
Охин тавлангуй инээд алдсанаа “Тэгвэл баяртай. Шпагеттиндээ миний мэндийг уламжлаарай даа. Сайхан шпагетти болох болтугай” гэв.
“Баяртай.”
Утсаа тавиад хартал шалан дээр туссан нарны гэрэл үл ялиг нүүчихжээ. Би гудсаа нар бараадуулан зөөж тавиад ахиад л адар ширтэн хэвтлээ.
*   *   *
Мөнхөд буцлах мөртлөө хэзээ ч болдоггүй Шпагеттины тухай санахаас л гунигтай.
Тэр охинд үнэнийг хэлээгүйдээ би хааяа харамсдаг юм. Хуучин найз залуу нь надад элдвээр авирлахгүй ч байсан юм билүү. Гарамгай жүжигчний багтай, уран яруу яриатай, хэн ч итгэж нөхөрлөдөггүй залуугийн хуучин найз охин үнэхээр л мөнгөний асуудалд унаж аргаа барсан хүн шиг сонсогдсон, хүн авснаа төлөх л учиртай хойно.
Тэр охин яасан бол гэж үе үе бодогддог юм. Гол төлөв шпагеттины гоймон буцалгаж байхад гэнэт санаанд орно. Тэр бүсгүй харилцуураа тавьмагцаа 4 цаг 30 минутын сүүдэрт үүрд шингэн алга болсон болов уу? Үүнд би буруутай юу? Гэхдээ та намайг ойлгохыг хичээгээрэй. Тэр үед би хэнтэй ч орооцолдохыг хүсээгүй юм. Тийм болоод л цаг хугацааг ахиухан юүлж болох том тогоо олж аваад ганцаараа шпагетти хийж өдөр хоногийг барж байсан хэрэг.
Италийн хаа нэгтээ тариан талбайд алтан тариа халиуран найгана.
Та төсөөлж байна уу? Италичууд 1971 он луу тийм их ГАНЦААРДАЛ зөөвөрлөснөө мэдвэл хэчнээн гайхацгаах байсан бол?
Филип Габриэлийн англи орчуулгаас монголчлосон: Ж.Тэгшзаяа

http://tagtaapublishing.mn/

2016-06-12

ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙН ЭЗЭМШИХ ЁСТОЙ 8 ЧАДВАР

18:43


Дэлхий даяар гарааны бизнесүүд цэцэглэн хөгжиж, хүн бүр өөр өөрсдийн бизнесийг үүсгэн байгуулах талаар бодож, оролдох болсон. Монголд ч сүүлийн жилүүдэд трэнд болж байгаа гэхэд болно. Гэхдээ гарааны бизнесийг хөгжүүлэн авч явсаар амжилттай бизнес болгосон кэйс Монголд бүү хэл дэлхийд ч тэр бүр олон байдаггүй билээ. Амархан мэт боловч хамгийн хэцүү сорилтуудын нэг гэхэд болно. Тиймээс амжилттай энтрепренер болоход ямар чадварууд шаадлагатай байдаг талаар Форбес дээр гарсан нийтлэлийг орчуулж, өөрийн санааг нэмж бичлээ.

2016-06-09

Намайг 20-тойд энэ бүхнийг хэлж өгсөн ч болоосой

12:14
Он цаг өнгөрөх тусам бид хийсэн алдаа бүрээ цэгнэж, өөрөөр хийх минь яав даа гэж харамсдаг. Бид залуу насаа хэчнээн олон хэрэггүй зүйлд зарцуулдаг бол?
Амжилттай бизнесмен, зохиолч Ник Харригийн амьдралын сургамжийг танд хүргэж байна. Тэрээр өөрийн Medium хуудсанд “Би саяхан 30 насны босгыг давлаа. Гэвч эргээд харахад хийсэн алдаа надад дэндүү олон юм. Тийм ч учраас 20 гаруйхан настай “өөртөө” зориулан энэ зөвлөгөөг бичиж байна” гэжээ.
1. Аял
Чамд боломж байгаа дээр одоо л аялалд гар. 30 гарсны дараа чи арай өөр газарт, арай илүү цаг зарцуулж, арай үнэтэй зоог барьж, арай үнэтэй зүйлс л хэрэглэнэ. Тиймээс яг одоо бүтэн жил хичээж байгаад аялалд хэрэгтэй мөнгөө цуглуул. Чиний хувьд их мөнгө хэрэг болохгүй надад итгэ.
Тэнд юу байгааг мэдэхгүй байж, юу хиймээр байгаа гэдгээ чи яаж мэдэх билээ? Гэхдээ аялалд явахдаа зүгээр л нэг газар руу явах хэрэггүй. Харин чамд юм сургах, шинийг таниулах, чамайг сорьж чадах тийм газар руу аяла.
2. Бүтээ
Бусдын төлөө залуу насаа зориулна гэдэг хамгийн утгагүй хэрэг. Зөвхөн өөртөө зориул. Чи яаж амьдармаар байгаа гэдгээ одоо л шийдэж чадна. Бусдын санаа бодлыг сонсож байхаар өөрийн үзэл бодлыг төлөвшүүлэхийг хичээгээрэй.
3. Унш
Өдөр бүр, цаг тутам уншиж бай. Уншиж чадах бүхнээ унш. Гэхдээ мэддэг зүйлээ биш харин хүмүүсийн тухай унш. Хүмүүсийг таньж мэд.
4. Зурагтаас хагацах цаг болсон
Зурагтаа зүгээр л унтраачих, болбол түргэхэн зарж борлуул.
5. Карьер
Карьер хөөх цаг чинь арай болоогүй. Өөрийгөө эхлээд төлөвшүүл.
6. Итгэл
Чиний дотно харилцааг, шинэ санааг, найз нөхдийг чинь үгүй хийсэн ч гэсэн хүнд итгэж сур. Хэн нэгэн чамд итгэхгүй байх шалтгааныг өгөх хүртэл түүнд итгэ. Гэхдээ битгий гэнэн бай. Учир нь зарим хүмүүс чамайг зөвхөн мэхлэхийн тулд амьдардаг юм.
7. Хүмүүс
Хүмүүс бол чиний амьдралд тохиолдох хамгийн сайн хийгээд хамгийн муу бүхний төлөөлөл юм. Зарим нь чамайг амжилтад хүрэхэд тусална. Зарим нь чамайг доош нь татаж, алдахад чинь “тусална”. Ихэнх нь зүгээр. Олонхи нь боломжийн. Зарим нэг гайхалтай.
Тун цөөн хүн амьдралыг чинь үндсээр нь өөрчилнө. Тийм хүмүүсийг хайж ол. Эргэн тойронд чинь толгой эргэм олон найз нөхөд байх шаардлагагүй. Харин чамд ч тус болох, чи ч тэдэнд хэрэг болох тийм хүн л чамд хэрэгтэй.
Учир нь чи найз нөхдөөрөө хүрээлүүлэхийг хүсэх яг тэр мөчид чинь чамайг ихэнх найзууд чинь үл тоомсорлоно.
8. Цаг хугацаа
Цаг хугацаа чамд дахиж хэзээ ч олдохгүй зүйлсийн нэг. Тиймээс итгэл даахгүй хүнтэй битгий хайран цагаа үрээрэй. Чамайг араар тавьдаг бүсгүйд цагаа битгий үр. Чи тэднийг үнэлдэгтэй адил чамайг үнэлж чаддаггүй найзуудад ч цаг зарцуулах шаардлагагүй.
Хэзээ ч битгий цагаасаа хоцор. Бусдын цагийг ч хүндэлж сур. Чи хоцорч байна гэдэг бусдыг үл тоомсорлож байгаа хэрэг. Зарим хүмүүс чамайг хоцроход “За зүгээр дээ” гэж хэлнэ. Гэхдээ тийм биш.
9. Алдаа
Алдаа гэдэг гайхамшиг. Биднийг өндөрлөгт гарахад хамгийн том тус болдог зүйл алдаа. Бүх зүйлд алдаа гаргаж болно. Харин алдаанаасаа суралцах хугацаа богино байх ёстой. Хэрвээ алдаанаасаа суралцахгүй бол чи зөвхөн алдаа л гаргаж байна гэсэн үг. Харин суралцаж байвал чи өсөж дэвжиж, сайжирч байна гэсэн үг. Амжилтын үндэс нь алдаа.
10. Амжилт
Амжилтад хүрэхэд хугацаа гэж үгүй. 20 настайдаа хүрэхгүй гэсэн үг биш. Хэзээ ч хүрэхгүй гэсэн үг бүр ч биш. Хэзээ нэгэн цагт хүрч л таарна. Тэр болтол өөрийгөө хөгжүүлж, боловсорч байх хэрэгтэй.
11. Тэвчээр
Эцэст нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тэвч, итгэ, хүлээ тэгвэл чи амжилтад хүрнэ. Гэхдээ хичээл зүтгэл байхгүй тэвчээд, итгээд, хүлээгээд байж бас болохгүй шүү дээ.

gogo.mn

2016-06-07

САЙН СТРАТЕГИ- МУУ СТРАТЕГИ

11:16

Шинж тэмдэг, суурь асуудал
Сүрьеэгээр өвчилсөн хүн ханиалгана, сульдана, халуурна, хоолонд дургүй болно. Энэ бол сүрьеэ өвчний шинж тэмдгүүд. Түүнээс биш суурь өвчин биш юм. Сүрьеэгийн өвчлөл бактериар үүсгэгддэг. Тиймээс сүрьеэгийн бактерийг антибиотик ууж л эдгээнэ. Түүнээс биш ханиалга намдаах эм ууснаар сүрьеэг эмчилж чадахгүй.
Яг үүнтэй адил байгууллага хөгжихөд өдөр тутам олон бэрхшээл, асуудал тулгардаг. Менежер хүний ажил нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэж бэрхшээлийг давж гарахад оршдог. Гэтэл тухайн асуудал нь суурь асуудал уу, эсвэл ердөө шинж тэмдэг төдий юу гэдгийг ялгахад тун хэцүү юм. Тиймээс ч маш олон менежер үүн дээр алдаа гаргадаг байна.
Өөрөөр хэлбэл байгууллага нь хэдийн сүрьеэ өвчинд нэрвэгдчихээд байхад ханиалга дарах эмчилгээ хийгээд яваад байгаатай утга нэг юм. Энэ нь бэрхшээлийг шууд харагдаж байгаа ханиалга гэж буруугаар итгэдэгтэй холбоотой.
Гал сөнөөгч
Миний бие хэдэн жилийн өмнө дундаж компанийн ТУЗ-д ажиллаж байсан юм. Уг компанийн гүйцэтгэх захирал нь маш завгүй ажилладаг нэгэн байлаа. Ажилдаа махруу, хөдөлмөрч хүн. Гэвч компанийн зорилтууд биелэгдэхгүй, ТУЗ-өөс баталсан стратегийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахиц гарахгүй байгаа нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодорхой болж байв.
ТУЗ-ийн гишүүдийн өмнө зүй ёсоор асуулт урган гарч ирсэн юм. “Ажилдаа сэтгэлээсээ ханддаг захиралтай хэдий ч яагаад компани хөгжихгүй, байрандаа зогсоно вэ?”
Менежерийн ширээн дээр хоёр төрлийн асуудал тавигдсан байдаг. Нэгдүгээрт, чухал ажил буюу компанийн стратегийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүд. Хоёрдугаарт, тулгамдсан асуудлууд буюу өдөр тутам захирлын өрөөнд орж ирдэг бэрхшээлүүд.
Манай нийтлэлийн гол баатар захирлын хувьд өдөр тутам маш олон гал унтраадгийн нэг нь чухал хүмүүсээ өрсөлдөгчиддөө алдахгүй байх явдал байв. Байсхийгээд л нэг ажилтан нь ажлаасаа гарах тухай яриа гарч, түүнийг яаж ийж байгаад авч үлдэх, чадахгүй бол орны хүнийг нь олох асуудал байнга босч ирдэг байлаа. Гэтэл сайн хүн нь ажлаасаа гарах суурь шалтгаан нь юу байв? Түүнийг орлох ажилтан, эсвэл компанид өмнө нь анкетаа өгсөн кандидатууд хаана байна вэ?
Үнэн хэрэгтээ компани сүүлийн 2 жилийн турш урамшууллын тогтолцоогоо шинэчлэх тухай ярьсан ч юу ч хийгдээгүй өдийг хүрчээ. ТУЗ-ийн гишүүдийн зүгээс хөдөлмөрийн зах зээлээс чадварлаг хүмүүсийг тасралтгүй татах бодлого барьж, хэрэгжүүлж ажиллах тухай зөвлөсөн ч тэрээр мөн л юу ч хийгээгүй юм.
Зүйрлэвэл, манай захирал чухал ажлаа огт хийдэггүй. Харин өдөржин тулгамдсан асуудлуудаа шийдээд маш завгүй ажилладаг байлаа. Нэгэнт бодлого гаргаж, төлөвлөж, удирдан зохион байгуулах ажлаа хийдэггүй учраас асуудал ар араасаа урган гарах нь тодорхой юм.
Менежер хүн бол гал сөнөөгч биш. Менежер хүн харин гал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй архитектор юм.Систем алдаа үйлдвэрлээд эхэлбэл, менежер системийг засах тал дээр анхаарал хандуулах ёстой болохоос биш тэр олон асуудлыг шийдэж амжихгүй билээ.
Сайн Стратеги-Муу Стратеги
Монголын олонх байгууллага стратегиа буруу тодорхойлдог. Зорилгоо стратегитайгаа хольж хутгадаг. Ихэнх тохиолдолд зөв стратеги ч гэсэн зорилго шиг сонсогддог нь үнэн.
Зорилго бол бидний ирээдүйд хүрэх төвшин. Харин стратеги бол зорилгыг биелүүлэх бодлого юм.
Зорилгыг тодорхойлох амархан. “Зах зээлд тэргүүлэгч болох”, “Ашгийн маржинг 30 хувьд хүргэх” гэх мэтээр өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд зайлшгүй хүрсэн байх ёстой төвшинг бид амархан харж чаддаг. Гэтэл стратегийг тодорхойлох төвөгтэй. Жишээ нь “Харилцагчийн үйлчилгээний чанарыг эрхэмлэх” гэдэг стратеги нь сонсоход гоё боловч бодит амьдрал дээр хэрхэн буух нь ойлгомжгүй төдийгүй хэт ерөнхий байна. Энэ дэлхий дээр харилцагчийн үйлчилгээний чанарыг анхаардаггүй компани гэж нэгээхэн ч үгүй. Гэтэл стратеги нь бидний өрсөлдөөнд ялах гол бодлого юм. Өрсөлдөгчидтэйгээ ижил, өөрөөр хэлбэл компани бүрийн хийх ёстой ажлыг үндсэн стратеги мэтээр томъёолбол юу болох билээ.
Тэгвэл сайн стратеги гэж юу вэ?
Стратегич Ричард Раммелтийн тодорхойлсноор САЙН СТРАТЕГИ гэдэг нь “Нөхцөл байдлын оношилгоо, зорилгод хүргэх бодлого, өөр хоорондоо уялдаа холбоо бүхий алхамуудын цогц юм…” гэжээ.
• Онош: Бодит нөхцөл байдал ямар байна вэ?
Ханиалга бидний асуудал уу, эсвэл түүний суурь болох сүрьеэ юу? Хэрэв бид бодит нөхцөл байдлаа буруу үнэлвэл сайн стратеги гаргах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл бид чухал ажлыг олж харахгүй тулгамдсан асуудлууддаа дарагдаад эхэлбэл, зөв онош тавьж чадахгүй.
• Зорилгод хүргэх бодлого: Сүрьеэг хэрхэн эмчлэх вэ? “Антибиотикыг тууштай хэрэглэх, ингэхдээ хоол амралтыг зөв зохицуулсан байх” гэх байдлаар баримтлах бодлогоо тодорхойлж болно. Сүрьеэг эмчлэх цорын ганц арга нь антибиотек хэрэглэх явдал. Тэгэхдээ тууштай байхыг шаарддаг шүү дээ.
• Алхамууд: Нөхцөл байдлаа зөв үнэлж, зорилгодоо хүрэх бодлогоо зөв тодорхойлсон ч маш олон стратеги бүтэлгүйтдэг. Энэ нь бодлогоо ажил хэрэг болгож чадаагүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бодлого бүрийн цаана хийгдэх алхамуудын нарийвчилсан төлөвлөгөө нь яг таг биелсэн байх ёстой юм. Антибиотекыг бүтэн 3 сарын турш яг таг уух нь маш чухал алхам. Мөн хоол ба амралтын маш нарийн дэглэмийг баримтлах нь түүнтэй эн зэрэгцэх чухал алхам юм. 

ganzo.mn

2016-06-03

FOLLOW @ INSTAGRAM

About Us

Recent

Random