Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан тус хэвлэлийн газрын түүхийн редакцийн ажилтан Л.Энхсайхантай ярилцлаа.

Уг номыг яагаад “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээн нэрлэх болсон талаар яриагаа эхлэе.
Монсудар хэвлэлийн газраас “Монголчууд” нэртэй түүхэн цувралыг эрхлэн гаргаж байгаа. Уг цувралын эхний хоёр боть нь хэвлэгдэн гараад багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн эхний ботьдоо бид Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан бол хоёрдахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим жилийн түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан. Харин энэ удаагийн ботьдоо бид 1924-1959 оны хоорондох түүхийг багтаалаа. Эндээс уг номны маань нэр болох нийгэм журамд давшин орсон нь хэмээх нэр тодорч байгаа юм.