Харуки Мураками “Шпагетти жил” өгүүллэг
Unknown
00:02
1971 он-миний шпагетти жил.
1971 онд би амьдрахын тулд шпагетти хийж, шпагетти хийхийн тулд амьдарсан гэхэд болно. Хоолны савнаас дэгдэх уур хөөр бахдал төрүүлж, хайруулан тавган дээр пор пор буцлах улаан лоолийн сүмс надад амьдрах итгэл нэмдэг байлаа.
Би гэж хүн гал зуухны хэрэгслийн төрөлжсөн дэлгүүрээр хөлөө эцтэл эргэлдэж хүссэн хэмжээгээр гоймон чанаж болох том тогоо, гал зуухны цаг хэмжигч, гадаадууд ихэвчлэн ордог хүнсний дэлгүүрээс элдэв янзын амтлагч, ахиухан улаан лооль базааж авна. Номын дэлгүүрээс шпагеттины жорын ном сонгохоо ч мартаагүй. Гарт таарсан шпагеттины гоймон бүрийг худалдан авч, одоогоор хүнд мэдэгдээд буй бүхий л төрөл зүйлийн сүмсийг туршиж үзсэн гэхэд хилсдэхгүй. Давчуухан сууцны маань өнцөг булан бүрт сонгино, сармис, оливын тосны таатайхан үнэр анхилсан нэгэн зүйлийн өвөрмөц манан хөшиглөж, хана, шал, адар, хувцас, ном, хуурцаг, теннисны цохиур, хуучин захидлуудад маань зугуухан нэвчин шингэдэг байлаа. Эртний Ромын ус сувгийн байгууламжаас л нэг ийм үнэр ханхалдаг байсан биз.
Гэвч өгүүлэх түүх маань манай эриний 1971 оны Шпагетти жилийн явдал билээ.
Би шпагеттигээ ганцаараа идэх дүрэм баримтална. Яагаад ч юм шпагетти ганцаараа идэхэд хамгийн тохиромжтой хоол шиг санагддаг байв.
Энэхүү нэг янзын зоогоо хүртэхдээ заавал өргөст хэмх, шанцайтай энгийн саладаар хачирлан, цайгаар даруулна. Ийм зорилгоор цай, өргөст хэмхээ ч ахиухан бэлдээд тавьчихна. Ширээн дээрээ бүхнийг нямбайлан өрөөд хоолоо айвуухан идэнгээ сонин гарчиглаж суудаг байлаа. Нямаас бямбын хооронд Шпагетти өдрүүд ээлж дараалан хөвөрч ням гараг бүр цоо шинэ Шпагетти долоо хоног эхэлдэг сэн.
Шпагеттигээ идэхээр ширээний ард ганцаар суух тоолонд, ялангуяа бороо зүсэрсэн үдшээр хэн нэгэн манай гэрийн хаалгыг хариугүй тогших нь гэсэн төсөөлөлд автдаг байв. Өдөр бүр өөр өөр айлчдын цуваа тасрахгүй. Заримдаа зүс мэдэх нэгэн, заримдаа ч ор танихгүй этгээд, нэг өдөр дунд сургуульд болздог байсан нарийхан хөлтэй охин, нөгөө өдөр хэдэн жилийн өмнөх би өөрөө айлчлах жишээний. Бүр Женнифер Жонесыг гар дээрээ өргөж тэвэрсэн Уильям Холден хүртэл зогсож байна гээч.
Тийм ээ, Уильям Холден шүү.
Тэдний хэн нь ч гэвч гэрт маань хөл тавиагүй ээ. Амьдралд нэвтэрч чаддаггүй дурсамжтай адил хаалганы цаана хэсэг эргэлдэж байгаад хаалгыг маань тогшиж зүрхлэлгүй яваад өгцгөөнө.
* * *
Хавар, зун, намаржин би өш авах мэт уйгагүйгээр өнөөх ганц хоолтойгоо зууралдсаар л байв. Хайртай хүндээ хаягдаж, ганцаардсан охин азгүй дурлалын захидлуудаа гал руу чулууддаг шиг би гоймонг атга атгаар ар араас нь буцалж буй халуун устай тогоо руу шидэлдэг байв.
Цаг хугацааны дагтаршиж чулуужсан ул мөрийг сэндийлэн авч төрөл бүрийн гоймонд шингээн, усанд үйн, давс цацна. Гал зуухны цаг хэмжигчийн гунигт дуу хадахад өнөөхөө том савхаар шүүн авна.
Шпагеттины гоймонгийн ширхгүүд даанч адтай, хоромхон ч харц салгаж болохгүй. Эргээд харахын зуур л тогооноос годгонон гарч гүйгээд шөнийн гүнд дайжин алга болно. Халуун орны ой шугуй алаг эрвээхийг мөнхийн цаг хугацаагаараа залгиж орхидог шиг шөнө тэнүүлч бяцхан гоймонг дагуулж одохоор чимээгүйхэн отож байдаг юм.
Нэр ус ч үгүй, золгүй үлдэгдэл шпагетти хөргөгчний буланд хөөрхийлөлтэйеэ хаягдаж хоцорно.
Хаягдал хэдэн гоймонг 1971 оны муу усны эргүүлэг хаман авч үгүй хийнэ.
1971 оны шпагеттинууд минь, би цөмийнх нь хойноос харуусдаг билээ.
* * *
Өрөөний адар ширтэн гудсан дээр тааваараа хэвтэж байтал гэнэт утас хангиналаа. Хэвтрээ нар дагуулан засаад тухалж байсан нь энэ билээ. 1971 оны 12 сарын өвлийн илчгүйхэн наран дор би бээрсэн ялаанаас өөрцгүй залхаг амьтан хэвтэж байсан нь тэр.
Эхлээд утас дуугарч байгааг сайн ухаарсангүй. Агаарт нэг л харь, танил бус авиа чичирхийлэх шиг санагдав. Төдөлгүй өнөөх жигтэй авиа гарцаагүй хэлбэр төрхөө олон утасны дуу болон хангинаж гарлаа. Би дуртай дургүй мөлхөж хүрээд харилцуурыг авав.
Харилцуурын нөгөө үзүүрт эмэгтэй хүн, (4:30-ын яг энэ агшны эмэгтэй) найзын маань хуучин найз охин байв. Юу ч юм тэр залуу, нэг л ойлгомжгүй энэ эмэгтэй хоёрыг нийлүүлж, юу ч юм эргээд салгасан билээ. Би тэднийг үерхэж эхлэхэд бараг л гол үүрэг гүйцэтгэсэн хүн.
“Саад болсонд уучлаарай, чамаас асуух зүйл гараад ярьж байна. Цаадахаа хаана байгааг мэдэхгүй биз?”
Би харилцуураас хөвөрсөн эрчилсэн хар утсыг дагуулан харангаа бүрхэгдүүхэн хариулт өгч дөнгөв. Охины хоолойд нэг л заналтай өнгө тодрох бөгөөд би түүний элдэв асуудалд орооцолдох ямар ч хүсэлгүй байлаа.
“Түүний хаана байгааг хэлээд өгчих хүн алга” гэж охин хүйтэн өнгөөр бувтнаснаа “Цөм мэдэхгүй л гэх юм. Цаадахтай чинь яаралтай уулзах хэрэг байна, гуйя, хаана байгааг нь хэлээд өгчих. Чамайг хэлснийг огт цухуйлгахгүй. Тэр хаана байгаа вэ?” гэж шалгаав.
“Би үнэхээр мэдэхгүй. Бид хоёр уулзаагүй удаж байна” гэж хариултал хоолой маань танихгүй хүнийх шиг харь сонсогдов. Найзтайгаа удаан уулзаагүй нь үнэн боловч түүний хаяг, утсыг мэдэж байгаагаа нуугаад өнгөрсөн хэрэг. Худлаа хэлэхээр хоолойн өнгө жигтэй хувирчихдаг нь энэ.
Тэр дуугарсангүй.
Утас мөс адил хүйт даагаад явчихав.
Төдөлгүй эргэн тойрны бүх зүйл мөсөнд хучигдаж би Ж.Г.Баллардын зөгнөлт өгүүллэгүүд дотор орчихсон шиг таагүй болов.
“Би үнэхээр мэдэхгүй байна” гэж би давтан хэлээд “цаадах чинь хэл үггүй алга болоод удаж байна” гэлээ.
Охин инээд алдсанаа “Боль доо. Тэр тийм самбаатай амьтан биш. Юу ч хийсэн араасаа шавхай чирч явдаг хүн шүү дээ” гэв.
Түүний зөв өө. Мань эр тийм ч саруул ухаантай хүү байгаагүй.
Ямартай ч би найзаа хаана байгааг хэлээгүй юм. Хэлсэн бол мань хүн надруу ярьж аашлах нь гарцаагүй. Би хүмүүсийн элдэв дэмий хэрэгт хангалттай хутгалдсан. Арын цэцэрлэгтээ нүх ухаж булах ёстой бүхнээ хэдийн булаад хэн ч ухаж төнхөхөөргүй жин тан болгочихсон.
“Намайг уучлаарай” гэтэл утасны цаанаас
“Чи надад дургүй, тийм үү?” гэх дуулдав.
Би юу хэлэхээ мэдэхгүй хэсэг таг болов. Би түүнд дургүй биш ээ. Ер нь энэ охины талаар юу ч боддоггүй билээ. Юу ч боддоггүй хүндээ дургүй байна гэдэг хэцүү.
“Намайг уучлаарай” гэж би дахин уучлал гуйгаад “Би яг одоо шпагетти хийж байна л даа” гэчихэв.
“Яасан гэнэ?”
“Би шпагетти хийж байгаа юм аа” гээд залчихлаа. Яагаад ингэж хэлснийг мэдэхгүй. Анхнаасаа худал хэлээд сүүлдээ шударсан ч юм уу энэ удаад худал хэлсэн шиг санагдсангүй.
Төсөөлөлдөө би хэдийн хоолны савандаа ус хийгээд чүдэнз зуран зуухаа асаалаа.
“Тэгээд?”
Төсөөлөлдөө ахиад л буцалж буй усанд давс цацаж, шпагеттины гоймонгоо болгоомжтой хийгээд гал зуухны цаг хэмжигчийг 20 минут дээр тохирууллаа.
“Тийм болохоор удаан ярьж болохгүй байна. Шпагетти маань баларна.”
Тэр ахиад дуугарсангүй.
“Намайг үнэхээр уучлаарай, шпагетти хийнэ гэдэг ихээхэн чимхлүүр ажил.”
Охин дуугарахгүй л байлаа. Харилцуур ахиад л мөс шиг хүйт дааж эхлэв.
“Тэгэхээр над руу эргээд залгачих уу?” гэж би яаруухан хэлэв.
“Чи яг одоо шпагетти хийгээд завгүй байгаа болохоор уу?” гэж охин асуув.
“Яг тийм.”
“Хүнд хийж өгч байгаа юм уу, эсвэл өөртөө л юм уу?”
“Өөртөө л.”
Тэр амьсгалаа түгжин таг болсноо санаа алдаад “Чи мэдээгүй байх л даа, гэхдээ би үнэхээр аргагүй болчихоод байна. Яах ч учраа олохгүй юм” гэж учирлав.
“Тусалж чадаагүйд уучлаарай.”
“Үнэндээ мөнгөний асуудал юм л даа.”
“Тийм үү?”
“Цаадах чинь надад мөнгөний өртэй юм. Надаас мөнгө зээлээд алга болсон. Анхнаасаа л өгдөггүй байж, даанч өгөхгүй байж чадаагүй.”
Би хэсэг чимээгүй болов, толгойд шпагетти л эргэлдээд байлаа. “Намайг уучлаарай. Гэхдээ одоо шпагеттигээ хийлгүй бол горьгүй нь…”
Охин тавлангуй инээд алдсанаа “Тэгвэл баяртай. Шпагеттиндээ миний мэндийг уламжлаарай даа. Сайхан шпагетти болох болтугай” гэв.
“Баяртай.”
Утсаа тавиад хартал шалан дээр туссан нарны гэрэл үл ялиг нүүчихжээ. Би гудсаа нар бараадуулан зөөж тавиад ахиад л адар ширтэн хэвтлээ.
* * *
Мөнхөд буцлах мөртлөө хэзээ ч болдоггүй Шпагеттины тухай санахаас л гунигтай.
Тэр охинд үнэнийг хэлээгүйдээ би хааяа харамсдаг юм. Хуучин найз залуу нь надад элдвээр авирлахгүй ч байсан юм билүү. Гарамгай жүжигчний багтай, уран яруу яриатай, хэн ч итгэж нөхөрлөдөггүй залуугийн хуучин найз охин үнэхээр л мөнгөний асуудалд унаж аргаа барсан хүн шиг сонсогдсон, хүн авснаа төлөх л учиртай хойно.
Тэр охин яасан бол гэж үе үе бодогддог юм. Гол төлөв шпагеттины гоймон буцалгаж байхад гэнэт санаанд орно. Тэр бүсгүй харилцуураа тавьмагцаа 4 цаг 30 минутын сүүдэрт үүрд шингэн алга болсон болов уу? Үүнд би буруутай юу? Гэхдээ та намайг ойлгохыг хичээгээрэй. Тэр үед би хэнтэй ч орооцолдохыг хүсээгүй юм. Тийм болоод л цаг хугацааг ахиухан юүлж болох том тогоо олж аваад ганцаараа шпагетти хийж өдөр хоногийг барж байсан хэрэг.
Италийн хаа нэгтээ тариан талбайд алтан тариа халиуран найгана.
Та төсөөлж байна уу? Италичууд 1971 он луу тийм их ГАНЦААРДАЛ зөөвөрлөснөө мэдвэл хэчнээн гайхацгаах байсан бол?
Филип Габриэлийн англи орчуулгаас монголчлосон: Ж.Тэгшзаяа
http://tagtaapublishing.mn/