Tesla компани масс зах зээлд зориулсан цахилгаан машин “Model 3”-аа дөнгөж сая танилцууллаа.
Сүүлийн жил гаруй хугацаанд ярьж байсан уг шинэ загварыг тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск танилцуулсан байна. “Model 3”-ийн эрэлт маш өндөр байж яг Apple шиг зарим худалдан авагч нар дэлгүүрийн гадаа хоноглож байсан бол Илон Маск өчигдөр онлайн захиалгын сайтаа нээж, нэмэлт улс орнуудад (Саудын Араб, Словак, Шинэ Зеланд, Сингапур) гаргах болсноо зарласан юм.
Шинэ загвар нь бүх талаараа таван одны зэрэглэл хангана гэж Маск амлажээ. Тухайлбал тэр бүрэн цэнэгтэйгээр 346 км зам туулах ба хамгийн энгийн загвар нь ч 6 хүрэхгүй секундын дотор 0-ээс 100 кмц хүртэл хурд авч чадна.
Маск “Tesla хэзээ ч удаан машин бүтээдэггүй” гэж үүнийгээ тайлбарлав.
Мөн өмнөх загваруудад нэвтэрсэн “Autopilot” горим буюу хагас автомат жолоодлого энэ загвараас эхлэн байх ёстой стандарт функц болжээ.
Таван хүний суудалтай “Model 3” супер хурдан цэнэглэлтийн горимтой бөгөөд 30 минутанд 270 хүртэл километр зам туулах цэнэг хурааж чадах гэнэ.
Үнийн хувьд “Model 3”-ийн суурь загвар нь $35,000-аас эхэлнэ.
Маск энэ үеэр нэг тоо задалсан нь “Model 3”-ийн урьдчилсан захиалгын тоо 24 цагийн дотор 115,000-ыг даваад байгаа тухай байлаа.
Цаг уурын өөрлөлттэй тэмцэхийн тулд ийм утаа ялгаруулдаггүй машин олноор үйлдвэрлэх ёстойг Маск онцлоод өөрийн “Мастер төлөвлөгөөг” дурдсан байна. Түүний төлөвлөгөө ёсоор компани нь эхлээд өндөр үнэ, бага багтаамжтай машинууд үйлдвэрлэж байсан бол үүнийг өөрчилсөөр бага үнэ, өндөр багтаамжтай “Model 3”-ийг гаргаж байгаа гэнэ.
Өмнөх Model S, Model X загварууд нь өнөөдрийн Model 3-ийг бүтээхэд том хөрөнгө оруулалт болсныг Маск онцлоод “S болон X загваруудыг худалдан авч Model 3-ийг бүтээхэд тусалсан бүх хүмүүст баярлалаа” гэжээ.
2017 оноос эзэндээ хүрэх "Model 3" загварыг захиалахад $1,000-ын урьдчилгаа төлөх ёстой гэнэ.
"Model 3"-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.
Эх сурвалж: ikon.mn