Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нийг Хятадад Ганц биечүүдийн өдөр (анти-Валентиний өдөр) хэмээн тэмдэглэж онлайн худалдааны том хямдрал зохион байгуулагддаг болжээ.
Уржигдарын баяраар онлайн худалдааны аварга Алибаба 91.2 тэрбум юань ($14.3 тэрбум)-ийн борлуулалтыг 24 цагийн дотор хийснээ зарлалаа.
11-ний өдрийн хагаст тэд ноднингийн $9.3 тэрбумын борлуулалтаа даваад байсан юм.
Алибабагийн гол өрсөлдөгч JD.com сайт 32 сая барааны захиалга авснаа зарласан ч борлуулалтын хэмжээг мэдээлээгүй байна.
JD.com тухайн өдрийн худалдаа эхэлсэн 00:00-01:00 цагийн хооронд 230,000 хавтгай дэлгэцтэй телевиз зарсан нь секунд тутамд 60 телевиз болж байгаа юм.
Нийт худалдааны 70 хувь нь гар утаснаас хийгдсэн бөгөөд гар утасаар худалдан авсан барааны дүн 62.6 тэрбум юань ($9.8 тэрбум) болсныг Алибаба мэдээлжээ.
Мөн Алибабагаас хамгийн их худалдан авалт хийсэн бараа нь хүүхдийн бараа байсан гэнэ. Түүний дараа Nike пүүзнүүд болон Levi’s жинснүүд хамгийн их зарагджээ.
Хятадын гар утас үйлдвэрлэгч Xiaomi энэ өдөр нийтдээ 1.25 тэрбум юаний ($196.3 сая) борлуулалт хийсэн байна.
Тэд энэ удаа Apple TV-гийн өрсөлдөгч Mi Box 3 хэмээх телевизэд холбодог ухаалаг төхөөрөмжөө анх удаа зарсан бөгөөд худалдаа эхэлсэн эхний есөн минутанд 10,000-ыг зарсан амжилт үзүүлжээ.
Эх сурвалж: ikon.mn