2015-11-03

Internet.org Монголд нэвтэрч, хүн бүр интернет ашиглах боломжтой боллоо

Facebook компанийн санаачлан хэрэгжүүлж буй Internet.org төслийн хүрээнд Монгол улсад өнөөдрөөс Freebasics үйлчилгээ нэвтэрч байна. Энэхүү үйлчилгээний ачаар хэрэглэгчид өөрийн утсаар хамгийн энгийн хэрэглээ болох цаг агаар, мэдээ мэдээлэл, зурхай зэргийг үзэхдээ ямар ч төлбөр төлөхгүй юм.
Facebook-ийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан салбар Мобиком корпорацтай хамтран энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байгаа бөгөөд хэрвээ танд Мобикомын дугаар, интернет сүлжээнд холбогддог/wap ашигладаг утас ч хамаарна/ утас байхад л хангалттай.
Нэг судалгаагаар Монголчуудын 70 хувь нь байнгын интернет ашигладаггүй гэжээ. Ингээд Facebook-ийн Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа хариуцсан захирал Анна Нюгрентэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Та бидэнд өөрийгөө танилцуулаач?
- Сайн байна уу, намайг Анна Нюгрен гэдэг. Facebook-ийн Ази, Номхон далайн бүсийн хамтын ажиллагаа хариуцсан захирлын албыг хашдаг. Манай Сингапур дахь салбар Facebook-ийн хэрэгжүүлж байгаа Internet.org төслийг Ази, Номхон далайн бүсийн орнуудад нэвтрүүлэх, улс улсын үүрэн телефоны газруудтай хамтрах зэрэг ажлыг хийдэг юм л даа.


Тэгэхээр Internet.org гэдэг яг юу юм бэ?
Facebook компани хүн бүрт интернетэд холбогдох боломжийг олгохын тулд эхлүүлсэн ажил юм л даа. Өдгөө 11 нас хүрсэн Facebook одоогийн байдлаар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй. Энэ хугацаандаа дэлхийн бусад хүмүүсийг интернет сүлжээнд холбох ажлыг хийх чадалтай болсон юм.
Хоёр жил гаруйн өмнө нэвтрүүлсэн Internet.org төслийн хүрээнд бид интернетэд холбогдоогүй байгаа дэлхийн гуравны хоёр хүн амыг хэрхэн интернет хэрэглэгч болгох тал дээр анхаарч ажиллаж байна.
Таван жилийн дараа гэхэд Монголчууд бүгд интернетэд холбогдох боломжтой болно гэж төсөөлж байна
Үүний нэг арга нь тухайн орон нутаг, бүсийн үүрэн телефоны операторууд юм. Интернетэд холбогдсоны ачаар хүмүүст олон боломж нээгдэнэ. Жишээ нь үүгээр дамжуулж хүмүүс ажилд орж, мэдээлэл авч, гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдож болно.
Ингээд бид Монгол улсад FreeBasics үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Энэ үйлчилгээ нь хамгийн энгийн мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд үнэгүй хүргэнэ. Үүний ачаар хүмүүс яагаад интернетэд холбогдох ёстой гэдгийг ойлгох юм л даа.
Судалгаагаар интернет үйлчилгээ үнэтэй, гэхдээ энэ эхний асуудал нь биш харин хүмүүс яагаад интернет хэрэглэх ёстой гэдгээ мэддэггүй болохыг олж мэдсэн.
Манай улсын хүн амын дийлэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, тэр хүмүүсийг бүгдийг нь интернетэд холбох боломжтой гэсэн үг үү?
Мэдээж хэрэг. Түрүүн хэлсэнчлэн бид FreeBasics үйлчилгээг Мобиком корпорацтай хамтран оруулж ирж байгаа учир энэ үүрэн телефоны хэрэглэгчид бүгд дээрх үйлчилгээг авч болно. Хэрвээ хэрэглэгчид Андроид утастай бол FreeBasics аппликейшнийг татаж хэрэглэх, эсвэл өөр төрлийн утастай бол интернет хөтчөө ажиллуулаад FreeBasics.com гэсэн хаягаар орох хэрэгтэй.
FreeBasics үйлчилгээг нэвтрүүлсэн бусад орнуудад хэр зэрэг амжилттай байгаа вэ?
Өнөөдөр бид Монгол улсад энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр 29 дэх орон болж байна. Бидний судалгаагаар FreeBasics-ийг нэвтрүүлсэн бусад орнуудын хүн ам эрчимтэйгээр интернет сүлжээнд холбогдож байгаа.
Тоо баримт дурдвал нийт үйлчилгээ нэвтрүүлсэн орнуудад интернет хэрэглэгчдийн тоо 50 хувиар нэмэгдсэн. Ингээд хэрэглэгчид интернетийн үр шимийг хүртэж эхэлснээр үнэгүй мэдээллээс гадна, өөрт шаардлагатай тохиолдолд үнэтэй мэдээллийг ч авч эхэлсэн байна.
Мэдээж хэрэг зөвхөн үнэгүй үйлчилгээг хэрэглэж байгаа олон сая хүн бий. Тэдгээр хүмүүс тухайн бүс нутгийнхаа контент нийлүүлэгчдийн бүтээсэн үнэгүй хувилбарыг ашиглаж өөрт хэрэгтэй цаг агаар, валютын ханш гэх мэт бүхий л мэдээллийг үнэ төлбөргүй авч байна.
Та GoGo.mn дээрх мэдээллийг ч гэсэн Freebasics ашиглан үнэгүй уншиж болно
Ингэснээр хэрэглэгчид шаардлагатай мэдээллүүдээ авч, контент нийлүүлэгчид ч илүү олон хэрэглэгчид хүрч байгаа. Нэг жишээ дурдахад би саяхан Филиппинд очоод ирсэн. Тэнд энэ үйлчилгээг нэвтрүүлсэн манай хамтрагч байгууллагын хэлснээр алслагдсан бүсийн иргэд интернет хэрэглэх нь нэмэгдсэн гэсэн.
Филиппин арлын орон учраас зарим сурагчид хичээлдээ явахад тун хүндрэлтэй. ХаринFreeBasics үйлчилгээний ачаар тэр хүүхдүүд зарим хичээлээ гар утсаараа үзэж байна. Интернетэд холбогдоогүй байгаа дөрвөн тэрбум хүнийг сүлжээнд оруулна гэдэг маш том ажил, гэсэн хэдий ч энэ мэт жишээнээс харахад бид эхнээсээ тун амжилттай явж байна шүү дээ.
Миний хэлсэнчлэн FreeBasics үйлчилгээ бол Internet.org төслийн цөм нь юм. Энэ үйлчилгээг бид бүс нутгуудын үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж байгаа. Судалгаагаар дэлхийн хүн амын 85 орчим хувь нь ямар нэгэн байдлаар сүлжээнд холбогдох боломжтой болсон гэдгийг тогтоосон.
2G байна уу, 3G байна уу ялгаагүй онол ёсоор тэр бүх хүмүүс ямар нэгэн байдлаар интернетэд холбогдох нөхцөл нь бүрэлдсэн гэсэн үг. Тиймээс эхлээд энэ үйлчилгээгээ үүрэн телефоны сүлжээгээр дамжуулан нэвтрүүлж байгаа юм.
Гэхдээ цаана нь дахиад сүлжээнд холбогдох боломжгүй хүмүүс байна. Жишээ нь Бангладешийн Дака шиг хүн ам шигүү суурьшсан хотод өндөр хурдны интернет сүлжээг байгуулна гэдэг асар их зардалтай.
Ингээд Facebook яаж тэр хүмүүсийг сүлжээнд холбох вэ гээд судалгаа хийж эхэлсэн. Илүү хямд өртөгтэй, илүү үр дүнтэй тийм аргыг хайж эхэлсэн юм л даа. Дака хот шиг хүн ам шигүү суурьшсан газраас гадна Монгол шиг цөөн хүн амтай, гэхдээ асар уудам газар нутагтай бүсэд байгаа хүн амыг үр дүнтэйгээр сүлжээнд холбох аргыг бид дэвшилтэт технологи гэж үзсэн.
Энэхүү дэвшилтэт технологи нь эхний ээлжид нисгэгчгүй нисэх онгоц болох дронууд байх юм. Гэхдээ энэ технологи дөнгөж анхан шатандаа яваа учир хараахан хэрэглээнд нэвтрүүлэх болоогүй байгаа.

Та зурхай, валютын ханш, цаг агаар гэх мэт өдөр тутмын мэдээллийг Freebasics ашиглан үнэгүй уншиж болно
2017 онд Өмнөд Солонгос 5G сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа шүү дээ. Сүлжээний технологийн хурд хүч нэмэгдэж байна. Хэзээ нэгэн цагт илүү далайцтай үйлчилгээ болох бичлэг үзэх ч гэдэг юм уу, тийм үйлчилгээг хүмүүст үнэгүй хүргэх боломж бүрдэх үү?
Өнөөдрийн байдлаар бидний нэвтрүүлж буй үйлчилгээ текстэд суурилсан байна л даа. Зураг, бичлэг зэргийг бид санал болгохгүй. Учир нь нэг талаас хэрэглэгчид яг өөрт хэрэгтэй, хамгийн чухал мэдээллүүдийг авах шаардлагатай.
Харин нөгөө талаас үйлчилгээг нэвтрүүлэхэд хамтран ажиллаж байгаа байгууллагуудад хүнд ачаа болохгүй байх ёстой. Нэг жишээ дурдахад бид өнгөрсөн жил Африкт Эбола өвчин тархаж эхлэх үед хэрэглэгчдэд энэ ямар өвчин болох, хэрхэн халдвар авахгүй байх, хэрхэн сэргийлэх зэрэг тун шаардлагатай мэдээллүүдийг текстээр дамжуулан өгч байсан.
Тэгэхээр текстэд суурилсан үйлчилгээ эхний ээлж юм.
Надад нэг зүйл их сонирхолтой байна. Монголын контент бүтээгч сайтууд, хувь хүмүүс FreeBasics-т өөрсдийн хийсэн зүйлсийг оруулах боломжтой юу?
Мэдээж хэрэг. FreeBasics үйлчилгээнд өөрсдийн контентийг нийлүүлэхийг хүссэн хүмүүсdevelopers.facebook.com/docs/internet-org гэсэн хаягаар орж өөрийн хийсэн зүйлсийг бидэнд илгээх хэрэгтэй.
Ингээд ирсэн мэдээллээс бид шаардлагатай, үнэ цэнэтэй гэж үзсэн зүйлсээ нэвтрүүлэх бүрэн боломж бий. Учир нь зөвхөн Монголын хэрэглэгчдэд хэрэгтэй мэдээллүүд гэж бий шүү дээ. Перу, Бангладеш зэрэг орнуудын ард түмэнд хэрэгтэй мэдээлэл Монголчуудад хэрэггүй байж болох ч тэдэнд хэрэггүй мэдээллүүд Монголчуудад хэрэгтэй байх жишээтэй.
Тэгэхээр тухайн орны хэрэглэгчдэд юу л хэрэгтэй байна тэр бүхнийг нэвтрүүлэхийг хичээх болно.
Яагаад заавал Монголыг сонгох болов?
- Өнөөдөр Монгол улсад интернет сүлжээнд холбогдож чадахгүй байгаа маш олон хүн байна. Хөдөө орон нутгийн хэрэглэгчид интернетэд холбогдохын тулд асар их зардал гаргана. Тиймээс бүс нутгийн хэрэглэгчдийг сүлжээнд холбох хамгийн өндөр боломжтой компани Мобиком байсан учраас бид хамтран ажиллахаар шийдсэн юм л даа.
FreeBasics үйлчилгээ Монголд нэвтрээд таван жилийн дараа гэхэд ямар байна гэж та төсөөлж байна вэ?
- Бид өнгөрсөн хэдэн сарын хугацаанд судалгаа хийж, үйлчилгээг нэвтрүүлэхээр ажилласан л даа. Үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь тухайн үүрэн телефоны компанийн хувьд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт.
Миний хувьд таван жилийн дараа гэхэд Монголчууд бүгд интернетэд холбогдох боломжтой болно гэж төсөөлж байна даа.

gogo.mn

About Us

Recent

Random