2015-11-16

ОНЦЛОХ БИЗНЕС: THEMETON - ДИЖИТАЛ КОНТЕНТЫГ ДЭЛХИЙД ТҮГЭЭГЧ


Монголоос дэлхийд бүтээгдэхүүн гаргана гэж хэн хүнгүй ярих болсон ч олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлсэн бизнесүүд харьцангүй цөөн байгаа билээ. Харин дижитал контент, аутсорсингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Themeton олон улсын зах зээлд тун амжилттай яваа компани юм. Өөрсдийн бүтээгдэхүүнийг 10000 гаруй удаа борлуулаад байгаа уг компанийг өнөөдөр Unread онцолж байна. Сонирхолтой баримт дурдахад нэрний утга нь theme буюу өнгө аяс, загвар, ton буюу маш ихээр гэсэн утгатай юм байна лээ.

Бизнесийн нэр: Димтон ХХК
Хаяг: 13-р хороолол, Ногоон төгөл хотхоны 74-р байранд
Үйл ажиллагааны чиглэл: Дижитал контент, аутсорсинг
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2011 оны 1-р сар
Үүсгэн байгуулагчид: Г.Балжинням, Д.Пүрэвцоож
Ажилтны тоо: 8
Вэб: www.themeton.comwww.themeforest.net/user/themeton
Бүтээгдэхүүний үнэ: 12$-аас 64$ хооронд


Зүүн гараас: Д.Пүрэвцоож, Г.Балжинням

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХЭРХЭН ОЛСОН БЭ?

Г.Балжинням: Бид өмнө нь вэб болон програм хангамжийн бүтээгдэхүүн Монголдоо нэвтрүүлэх оролдлогуудыг хэд хэдэн удаа хийж туршиж байсан. Хэсэг завсарлаад, 2011 оноос олон улсын зах зээлийг чиглэсэн үйл ажиллагаа хийх нь зөв юм байна гэж шийдсэн. Тэгээд л вэб төрлийн бүтээгдэхүүн гаргахаар шийдэж, WordPress-ийн темплэйт буюу загвар вэбүүдийг хийх болсон. Яагаад WordPress-ийг сонгосон бэ гэвэл тэр үед WordPress-ийг хэрэглэгчдийн тоо нь их өсөж, бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийн хувьд эрэлт ихсэж эхэлсэн л дээ.

Хэдийгээр сүүлийн үед блогийн платформууд хумигдаж, хүмүүс сошиал медиа руу илүү шуурах болсон ч WordPress хэрэглэхэд хялбар учраас өрсөлдөөнд ялгарч үлдсэн. Мөн хүмүүс WordPress-ийг блог маягаар ашиглахаас илүү танилцуулах вэб маягаар болон онлайн дэлгүүрийн хэлбэрээр байдлаар ашиглах нь нэлээд ихэссэн.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Мэдээлэл технологийн дижитал бүтээгдэхүүн гаргахад сүйдтэй эхлэлтийн хөрөнгө шаардагддаггүй. Интернэт, компьютер байхад л ажлаа хийж болно. Гарсан бага сага зардлуудаа өөр ажил хийж олсон мөнгөөрөө төлсөн. Тэгээд л хямдхан оффис түрээслээд ажилладаг байлаа.

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Г.Балжинням: Би КТМС-ийг 2007 онд, Цоож маань 2009 онд төгссөн болохоор бие биеэ мэддэг байсан. Тэгээд л холбоотой байж байгаад, хоёулаа хэд хэдэн компанид ажиллан туршлага хуримтлуулсныхаа дараа нэг баг болж ажилласан даа.

Д.Пүрэвцоож: Би сургуулиа төгсөөд Базтек гэдэг компанид ажиллаж байгаад дараа нь Нью-Медиад 3 жил ажилласан. Харин Балжка маань USIUlusnetИнтерпэй зэрэг компаниудад ажиллаж байсан. Багийн бусад гишүүдийн тухайд бид хоёроос гадна 3 монгол залуу бий. Мөн манай баг 3 гадаад залуутай хамтын ажиллагаатай байдаг. Америк залуу маань борлуулалтын дараах үйлчилгээг хариуцдаг бол голланд, энэтхэг хоёр нь дизайныг хариуцан ажилладаг.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Манай зах зээл дээр дэлхийн хэмжээнд 4500 орчим компани, хувь хүн бий. Бид одоо эрэмбээрээ 164-т явж байгаа. Энэ эрэмбийг шууд борлуулалтаар нь л гаргачихдаг. Монголоос биднээс гадна ганц хоёр компани байгаа ч одоохондоо манайх шиг хэмжээнд очоогүй байгаа. Одоогоор бид бүтээгдэхүүнүүдээ 10000 гаруй удаа борлуулж, борлуулалтын орлого 500 мянган долларт тун дөхөж байна. Тийм болохоор бид өөрсдийгөө Монголын дижитал контентын зах зээлд манлайлж яваа, олон улсын зах зээлд монгол залуус амжилт олж болдгийг харуулж байгаа гэж бахархан боддог. Тиймдээ ч энэ чиглэлээр ажиллахыг хүсэж буй, зорьж буй үеийнхэн, дүү нартаа харамгүй зөвлөдөг. Өнгөрсөн 4-р сард бидэнтэй адил бүтээгдэхүүн хийж олон улсын зах зээлд зарахыг хүсдэг олон залуустай уулзалт хийсэн. Дотоодын зах зээл маань жижиг болохоор аль болох олон компани олон улсад гараасай гэж хүсдэг дээ.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Монголоос гаралтай дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн гаргах хэтийн зорилготой. Дунд хугацаанд гэвэл 4 жил ажиллаж 500 мянган долларын орлого олсноо 18 сарын дотор дахин нэг нугалж, нэг сая долларын борлуулалт хийсэн анхны компани болох зорилготой.

ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Хурдтай бөгөөд чанартай гүйцэтгэлийг эрхэмлэдэг. Сүүлийн үед залуучууд их гоё ярьдаг болсон байна. Гэвч ярьчихаад хийдэггүй, эсвэл эхлүүлчихээд дуусгадаггүй тал ажиглагддаг. Тийм болохоор бид бол үр дүн, гүйцэтгэлийг л их чухалчилдаг. Үүнийг англиар Done is better than perfect гэдэг дээ. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж монголоор хэлж болох байх. Ирээдүйд гоё сайхан юм хийнэ дээ гээд байлгүй өнөөдөр л ажлаа сайн хийж байх ёстой юм шиг санагддаг.

ХИЙЖ БУЙ АЖЛЫН ТАНЬ ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

10 мянгаас дээш удаа борлуулалт хийсэн гэхээр 9-10 мянган хэрэглэгчтэй болсон гэсэн үг. Тэдгээр хэрэглэгчидтэйгээ харилцаад, гомдол санал хийгээд сайшаал магтаал сонсоод ирэхээр танилын сүлжээ маань дэлхийн хэмжээнд тэлдэг нь их сайхан байдаг. Дэлхийн олон орны залуустай хамтран, бас өрсөлдөн, гадаад зах зээл дээр монгол залуус амжилттай ажиллаж чадаж байна шүү гэдэг мэдрэмж төрөөд бас их урамтай.

Хэцүү бэрхшээлтэй талууд бол харьцангуй гайгүй ээ. Монголоосоо илүү том баг бүрдүүлээд ажиллах бүрэн бололцоотой ч залуучууд замын дундаас шантрах юм уу өнөө маргаашаа бодоод арай илүү цалин амласан газар луу явчих үзэгдэл харин элбэг. Итгэл үнэмшил, тэвчээртэй байж л ер нь аливаа юманд амжилтанд хүрдэг шүү дээ. Бидний хувьд анхны бүтээгдэхүүнээ 4 сар нухаж байсан. Тэр хооронд цалингүй, шантрах зүйл гарч байсан ч тэвчээд л ард нь гарсан.

УЧИРЧ БАЙСАН ХАМГИЙН ТОМ БЭРХШЭЭЛ, СУРГАМЖААСАА ХУВААЛЦАНА УУ?

Бид анх эхлэхдээ хэт том юм бодсон юм шиг байгаа юм. Зах зээлийн тэргүүлэгчдээ хараад л эдэнтэй өрсөлдөнө гэж бодож, их олон функцтэй бүтээгдэхүүн гаргах гэж хичээдэг байсан. Гэтэл цаадуул нь бүх л талаараа биднээс илүү компани байсан нь тодорхой. Ингэж том юм барьж авснаасаа болж хугацаа алдах, шантрах асуудал гарч байсан. Одоо бол үүнээсээ суралцаад, хийж чаддаг юмаа л юуны түрүүнд барьж авдаг болсон доо. Түүнийгээ дараа нь сайжруулаад, хөгжүүлээд явах бүрэн боломжтой.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Д.Пүрэвцоож: Одоо компанийнхаа өсөлтийг тогтвортой барьж явахад анхаарал хандуулах шаардлагатай байгаа. Тэгэхээр бүтээгдэхүүнийхээ чанар, үйлчилгээний чанар дээр гойд анхаарч байгаа гэсэн үг. Шинэ бүтээгдэхүүний хувьд сардаа дунджаар хоёрыг гаргаад явдаг.

Мөн мобайл апп-ийн зах зээл рүү орох төлөвлөгөө гарган, 2 төсөл дээр ажиллаж байна. Миний хувьд апп-аар нэлээн мэргэшсэн гэж болно.

ХАМГИЙН АМЖИЛТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ? НУУЦ НЬ ЮУНДАА БАЙВ?

Анхны бүтээгдэхүүнүүдийн маань нэг болох Mana нэртэй, 59 долларын үнэтэй темплэйт 953 удаа зарагдсан. Ер нь борлуулалтын 30 хувийг манай зах зээлийн платформыг бий болгосон компани шимтгэл болгож авдаг юм. Аpp store-той төстэй систем гэж хэлж болно. Mana-гийн хувьд их олон функц, боломжийг агуулдгаараа онцлогтой. Харин сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээс ACEROLAнэртэй темплэйт энгийн бөгөөд оновчтой шийдлээрээ нэлээн амжилт олж, 3 сарын дотор 150 гаруй борлогдсоноос гадна шилдэг бүтээгдэхүүнээр шалгараад байгаа. Мөн манай компани нэг жилийн өмнө “Онцлох зохиогч (author)”-оор шалгарч байлаа.

Манай бүтээгдэхүүнийг ашигласан сонирхолтой жишээнүүд бий. Монголд ирж байсан Солонгосын нэртэй хамтлаг манай темплэйтээр сайтаа хийсэн байсан. Мөн Америкийн нэг trance вэб сайт, Францын мэргэжлийн хөлбөмбөгчин зэрэг хүмүүс, байгууллагууд манай темплэйтийг авсан байна лээ.

БАХАРХАМ АМЖИЛТ ГАРГАЖ ЯВАА ЗАЛУУСЫН ХУВЬД САЛБАРЫН БУСАД ЗАЛУУСТАА ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Саяхан нэгэн чуулган дээр Ард санхүүгийн нэгдлийн Ганхуяг захирал “Би Хас банкинд байхдаа Оракл-ийн ERP бүтээгдэхүүнийг 5 сая доллараар авч байсан, үйлчилгээнд нь 200-300 мянган долларыг төлдөг байсан. Яагаад гэвэл Монголд тийм бүтээгдэхүүн байгаагүй. Монгол залуус маань энэ мэтийн гадагшаа урсаж буй мөнгөн урсгалыг зогсоох бүтээгдэхүүнийг гаргаач ээ” гэж ярьсан нь их таалагдсан шүү. Бид Монголдоо байдаггүй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, бас дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Ингэхийн тулд хэлж ярих бус хийх хэрэгтэй. Хэлний бэрхшээл энэ тэр гэсэн бэрхшээлүүдийг яриад л байдаг. Гэвч энэ бол бэрхшээл биш зүгээр л шалтаг. Бид анх эхлэхдээ гадаад хэл сайнгүй л байсан. Бүтээгдэхүүнээ зарчихаад хэрэглэгч маань юм асууж имэйл ирүүлэхээр хариулахын эрхэнд сурч судалж, сүүлдээ дадаад эхэлдэг. Тиймээс жижиг юмыг битгий бэрхшээлд тооцоорой, гол юмандаа анхаарч, тууштай ажиллаарай л гэж хэлэх байна даа.

www.unread.today

About Us

Recent

Random