2016-03-30

SoundCloud хэрэглэгчдэд зориулсан төлбөртэй үйлчилгээгээ нэвтрүүллээ

SoundCloud өөрийн гэсэн төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлж буйгаа зарлалаа. Apple Music, Spotify, Tidal Premium зэрэг үйлчилгээтэй ижил SoundCloud Go үйлчилгээний сарын төлбөр нь 9,99 ам. доллар байх аж.
Ингэснээр хэрэглэгчид сурталчилгаагүйгээр дуу сонсож, сүлжээгүй орчинд ашиглах боломжтой болох юм байна. Түүнчлэн Soundcloud Go үйлчилгээг ашигласнаар хэрэглэгчид 12 сая уран бүтээлчийн 125 сая дууг сонсох болох аж.
Компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Александер Люн “SoundCloud Go үйлчилгээний тусламжтай бид ирээдүйн хөгжим сонсох чиг хандлагыг тодорхойлно гэж үзэж байна. Уран бүтээлчид нэгдэж, хэрэглэгчид хамгийн сүүлийн үеийн болон домог болсон уран бүтээлийг сонсдог тийм платформ болно” гэжээ.
SoundCloud өнгөрсөн долоо хоногт Sony Music-тэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар 2014 оноос хойш яригдсан төлбөртэй үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар зөвхөн АНУ-ын хэрэглэгчид SoundCloud Go үйлчилгээг ашиглах боломжтой аж.
Эх сурвалж: gogo.mn

About Us

Recent

Random