2016-01-13

"БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?" - НЭЭЛТТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫН САНГИЙН ТЭРГҮҮН Д.ЭНХБАТ


Өнөөдрийн зочин бол монголчуудыг анх интернэтэд холбосон эрхэм. 90-ээд оны дунд үеэс тэрбээр интернэтийн компаниудыг байгуулан, маш амжилттай удирдан өнөөг хүрсэн. Энэ хугацаанд бас улс төрд идэвхийлж, УИХ-д сууж байсныг бид мэднэ. Датакомын Энхбат, Форумын Энхбат, Ногоон намын Энхбат хэмээн янз янзаар дуудагддаг түүнийг өдгөө “нээлттэй мэдлэг” хэмээх энэ ойлголтоос салгаж харахад хэцүү болжээ. Энхбат гуай интернэт гэдэг шинэ зүйлийг монголчуудтай танилцуулсан шигээ Монголын боловсролын салбарт шинэ санаа, шинэ төслүүдийг хэрэгжүүлж, хамгийн чухал энэ салбарыг өөрчлөн шинэчлэхээр зориг шулуудан ажиллаж байна. Уншигч танд түүний тун сонирхолтой ажлын арга барилаас суралцах зүйл олон байгаа гэдэгт бид үл эргэлзэнэ.


Байршил: Улаанбаатар
Одоо хийж буй ажил, албан тушаал: Нээлттэй мэдлэг боловсролын сангийн ТУЗ-ийн дарга
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Онлайн, мобайл горим
Хэрэглэдэг гар утас: НTC 1 (Авсаархныг нь бодож ийм гар утастай болсон)
Хэрэглэдэг компьютер: 29 инчийн HP All-in-one. (Гол ажлаа гэртээ үүн дээр явуулдаг.)
Хэрэглэдэг таблет: Samsung-ийн 12 инчийн Андройд таблет, bluetooth гарын (keyboard) хамт ашигладаг. (iPad нэлээд ашигладаг байсан ч bluetooth гар нь “ө, ү” үсэг авдаггүй дутагдалтай. МөнДатаком Google-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулдаг партнер, ажилдаа ашигладаг учир Андройд таблет илүү тохиромжтой. iPad-ийг хөгжим, зарим нэг апп гэх мэт чөлөөт цаг, энгийн хэрэглээндээ ашиглана.)
Сошиал медиа хаягуудEnkhbat Dangaasuren (твиттер), Дангаасүрэнгийн Энхбат (фэйсбүүк)
Swiss coffee shop

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Би 2014 оны эхэнд оффисоо чөлөөлж 100% онлайн, мобайл ажлын горимд орсон. Өөрөөр хэлбэл ажлаа гэрээсээ хийж, суудаг албан оффисгүй болсон. Манайх Гачууртаас цааш, хотоос 30 км зайд байдаг юм. Өглөө 6 цагт босоод бясалгах, сунгалт хийх, цай унд гэх мэт өөрийн бэлтгэлээ хийгээд 8-11 цагийн хооронд яг бичиг цаасан дээр сууж, гол зүйлдээ төвлөрөн ажилладаг. Тэгээд имэйлээ 11 цагаас хойш шалгаж, үдээс хойших ажлаа зохицуулна даа.

Хот руу мягмар, пүрэв гарагт үдээс хойш орж ирж, хүмүүстэй уулзана. Даваа гарагт хүмүүс завгүй байдаг учраас, баасанд машин гардаггүй учраас хот руу орж ирдэггүй. Лхагва гарагт хэрэгтэй бол орж ирнэ. 3-4 төсөл зэрэг явж байгаа учраас уулзалт хийх хэрэг их гарна. Ер нь монголчуудын нэг онцлог бол заавал уулзаж хуралдах гэдэг. Өнөө цагт хуучинсаг л зуршил байгаа юм. Интернэт, утас байхад хэр баргийн ажилд заавал нүүр тулж хуралдаад байх шаардлагагүй. Видео чаат, конференц хийхэд замын түгжрэлд орохгүй, дээр нь хамаагүй зардал багатай. Ер нь онлайн ажлын горимоор ажиллахад бүтээмж лав 3 дахин нэмэгдэнэ. Би төслийнхөнтэйгээ онлайнаар байнгын холбоотой байж, имэйл зэрэгт дунджаар цагийн дотор л хариу өгчихдөг юм. Гэхдээ ажил ажлын онцлог өөр байх нь мэдээж.

За тэгээд жилдээ 2-3 удаа 30 хүртэл хоногоор гадаад явдаг. Хэд хоногийн дараа би явах гэж байна. Иймэрхүү онлайн ажлын арга барил Монголд шинэ юм шиг харагдавч хөгжингүй орнуудад хэдийнээ элбэг болсон үзэгдэл. Гадаадын зарим танил, найз нөхөд маань байнга л энд тэнд аялж ажлаа хийсээр явдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Манай компани, төслүүд бүх ажлаа Google-ийн орчинд явуулдаг. Төслөө Trello дээр зангиддаг. Trello нэгт их энгийн, хоёрт багийн ажлын зургийг томоор харуулдаг учраас их амар. Ажил бол багийн тоглолт. Тиймээс бүгд нэгнийхээ юу хийж байгааг харж байх ёстой. 11 хөлбөмбөгчин бие биеэ харж тоглодог шиг. Треллог хальт хараад л ажил хэр явааг дүгнэж болдог.

Сүүлийн үед Appear.in гэдэг видео конференцийг ашигладаг болсон. Урьд нь Google Hangoutsашигладаг байсан ч Gmail-гүй хүмүүстэй ажиллах шаардлагаар Appear.in рүү шилжсэн. “Энхбат” гэдэг нэртэй, видео өрөөгөө үүсгэчихдэг юм. Хүмүүс надтай холбогдохын тулд миний “хаалгыг” тогшино. Log in хийж орно энэ тэр гэсэн түвэгтэй юм одоо байхгүй. Хүсвэл хүн урина. Нэгэн зэрэг 8 хүн ярилцаж болдог. Тэгээд Треллогийн бүх самбаруудтай Appear.in холбоотой. Гэрийн компьютер маань байнга Appear.in-тэй холбоотой байдаг. Ажлынхан маань намайг компьютерийнхаа ард байгааг хараад л мэдэж болно, шаардлагатай бол холбогдоно.

Slack-
ийг мөн байнга ашиглана. Энэ апп дээр ажлын сэдвүүдээр чаат явж байхаас гадна Трелло самбарууд дээр гарч байгаа бүх хөдөлгөөнийг мэдээлж байдаг. Slack маань компани, төслийнGoogle Docs болон хүн болгоны Dropbox дисктэй (shared дисктэй) холбоотой байдаг. Тийм болохоор ажлын ямар ч файл, баримтад өөрчлөлт хийгдэхэд надад, мөн бүгдэд харагдаж байдаг. Ер нь имэйлээр харьцахаас Slack-аараа чаатлаад, Trello-доо тэмдэглээд, Appear.in-ээрээ уулзаад явчих нь их амар даа.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Оффисгүй ажлын хэв маягтай болохоор би мягмар, пүрэвт үдээс хойш хот орж ирээд уулзах хүмүүстээ арай ойр байршилтай кофе шопийг голдуу сонгож “оффис” хийдэг юм. Харин албан уулзалтад төслийнхээ, эсвэл компанийнхаа уулзалтын өрөөг ашиглачихдаг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Цаг хэмнэх хамгийн сайн арга бол тухайн цагтаа нэг л ажилд төвлөрөх. Өдөр бүр хамгийн чухал ажилдаа тасралтгүй, анхаарал сарниулахгүй 90 минут гаргах хэрэгтэй. Өдөр бүр ингэж чадвал өдрийнхөө гол ажлаа хийчихнэ гэсэн үг. Ерөөсөө миний нэг зарчим бол олон юмыг зэрэг хийхгүй байхыг хичээх. Бужигнаад эхлэхээр завгүй мэт болж өөрийгөө хуурч, бүтээмж эрс багасдагийг бид өөрсдөө мэддэггүй. Би өмнө нь бас олон зүйл зэрэг хийгээд улам завгүй болж, улам үр дүн багатай болж байгаагаа анзаардаггүй байсан. Тэгээд амжилттай яваа хүмүүсийг анзаараад нэг зүйлийг ойлгосон. Тэд нэг зүйл дээр төвлөрч, тэрийгээ сайн хийдэг. Орчин үеийн мэдээллийн технологийг хүмүүс multitasking буюу олон юмыг зэрэг хийх боломж олгож байна гэж ойлгодог. Энэ бол буруу зам. Мэдээллийн технологи ажлын цар хүрээ, бүтээмжийг нэмж байгаа болохоос таны тархийг, таныг өөрийг чинь олон болгоогүй, өдрийн цагийг уртасгаагүй.

Бидний сайн мэдэх Стив Жобс өглөө эрт суудаг байсан гэдэг. Тэгж төвлөрч байж л хүмүүс юманд хүрдэг. Миний хувьд ингэснээр долоо хоногт өмнөхөөсөө 2 дахин олон хүнтэй уулзаж амждаг болсон. Одоо би зөвхөн уулзалт хийдэг, тогтсон өдөр, цагтай учир илүү сайн төлөвлөж, амжуулдаг болсон гэх үү дээ. Мөн би өмнөхөөсөө 2-3 дахин их уншиж, бичиж байгаа байх.

Хүмүүсийг анзаарахад, өглөө ажилдаа ирээд имэйл, фэйсбүүкээ шалгаж, орж гарч буй хүмүүстэй ярьж хөөрсөөр байтал үдээс өмнөх цаг нь урсчихдаг. Үдээс хойш ядарчихдаг. Тиймээс хамгийн гол ажлаа үдээс өмнө төвлөрч хий. Тэр цагтаа хамгийн чухал нэг ажлаа л хийдэг байхад болно. Залуучуудад зөвлөгөө өгөхөд, гол ажилдаа тасралтгүй 90 минут төвлөрөөд үзээрэй, хөдөлмөрийн бүтээмж чинь 3 дахин нэмэгдэнэ. Өглөө имэйлээ битгий шалга, утсаа авах хэрэггүй. Фэйсбүүк бол бүр дэмий. Бүх гол ажлаа үдээс өмнө амжуул. Тэгвэл чамд чөлөөт цаг илүү их гарна.

Ер нь шинэ ажил, шинэ санааг л нүүр тулж уулзаж яривал зүгээр байдаг. Тогтсон ажлыг бол утсаар юм уу онлайнаар ярьчихаж болно шүү дээ. Миний хувьд олон жил олон оффист суусан болохоор хуучин, шинэ аргын ялгааг сайн мэдэрч байна. Ажлын арга барилаа сайн тооцож чадвал онлайн ажиллах нь олон хүнд бүрэн боломжтой арга барил. Оюуны ажилтай хүн их бүтээмжтэй болно. Өнөөдөр манай ажилтнууд ажлаа хэнээр ч хянуулахгүйгээр хийдэг. Жишээ нь Датаком дээр би сард нэг л очдог юм. Сүүлийн 40-өөд хоног би очоогүй л явж байх жишээтэй. Харин төсөл дээрээ гол цагаа гаргадаг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

ToDoistEvernote хоёрыг их ашиглана. Хоёуланг нь Трелло-тойгоо холбосон. Todoist дээр голдуу өдөр тутмын хувийн чанартай ажлын жагсаалтаа хөтөлдөг. Ирсэн имэйлүүд, холбогдох гар утасны смс-үүдээ хийх ажилтайгаа холбоод тэмдэглэчихдэг. Evernote бол гар утас, таблет, ширээний компьютерийн алинаас нь ч ажилладаг тэмдэглэлийн дэвтэр шүү дээ. Түүндээ бүх зүйлсээ тэмдэглэнэ дээ. Энэ хоёр бол миний хувийн буюу персонал туслахууд. Багийн албан ажлын жагсаалт, баримт бичгүүд бол дээр хэлсэнчлэн Trello, Google Docs дээр явдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Юмыг томоор, системчилж харахдаа илүү дөртэй юм байна гэж өөрийгөө дүгнэдэг. Ер нь миний мэргэжил юм даа. Би системийн судлалаар Орост эрдмийн ажил хийж, зэрэг хамгаалж, тэнд таван жил ажилласан. Социализмын үед статистик, судалгаа, төлөвлөлтийн байгууллагуудад цэргээс нь дарга хүртэл хийж бодит ажил дээр дөр суусан гэх үү дээ. Ардчилсан засагт ч нэлээд ажилласан. Хөгжлийн зорилтот төслүүдийн стратеги төлөвлөлт, математик загварчлал, оптимал шийдэл олох хүн-машины буюу программын систем гээд их судалж ажилладаг байлаа. Сүүлд нь интернэт, сансрын холбоо, программ хангамж гээд явсан даа. Найз нөхөд, хамтрагчид маань намайг комплекс асуудал, шинэ санаатай ажиллахдаа овоо гэж хэлдэг юм (инээв). Өдөр тутмын мэнэжмэнтийн ажилд түүнээсээ сул талдаа. Ийм ажлаа сайн менежер, залуучуудад даатгах дуртай. Өөрөө таван компани байгуулж, ажиллуулж үзсэн учир олон алдаа хийж үзсэн, тэгээд юунд өөрөө төвлөрөх, юуг өөрөө хийхгүй байвал дээр гэдгээ гадарладаг болсон.

ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫН ТАНЬ ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Интернэт дээр шинэ санаачлага хэрэгжүүлж байна. ONE төсөл бол Интернэт ашигласан сургалт буюу бүх нийтийн, насан туршийн нээлттэй боловсролыг Монголд бий болгох тухай. Open Network for Education гэсэн нэрийн товчлол шүү дээ. Бид, жишээ нь, Википедиаг хийсэн шигээр видео хичээл, сурах бичиг, материалыг олон зуун хүн яаж хамтарч хийх вэ гэсэн асуудлууд дээр гадна дотны талуудтай хамтран ажиллаж байна.

Тулгарч буй хэцүү зүйлс гэвэл, монголчууд бид сайн дураараа оролцож, хувь нэмэр оруулж, хамтарч бүтээж сураагүй. Иймэрхүү ажлыг явуулах нь зөвхөн технологийн төдийгүй сэтгэлгээ, соёлын асуудал байдаг юм байна. Мөн эдийн засгийн, ядуугийн зовлон ч их бий. Тийм болохоор их удаан явах бололтой. Энэ ажлыг компьютерийн хүмүүс дангаараа хийж чадахгүй, компьютераас хол, бусад мэргэжлийн хүмүүс ч бас дангаараа хийж чадахгүй. Иймэрхүү төслүүд нь төрөл бүрийн хүмүүсийн өргөн нээлттэй оролцоо, төрийн оролцоо хүртэл шаардагдана. Ер нь санаа бол бүгдээрээ нийлээд, интернэтээр хамтран ажиллаад бүгдэд хэрэгтэй мэдлэгийг бүтээнэ, бүгд ашиглана, бүгд хожно гэсэн үг. Өмнө нь бидэнд ийм ажлын жишээ байгаагүй. Тийм ч учраас долоо хоног бүр олон хүнтэй уулзаж, сонсож, ярьж явдаг. Миний уулзаж буй хүмүүст өнөөдрийг хүртэл миний ярьж буй зүйлс хэрэг болоогүй, эсвэл өөр илүү чухал ажилтай байгаа. Тийм болохоор тэднийг холбохын тулд би оффист шигдэж суулгүй, ажлын ийм арга барил руу шилжсэн гэж болно. Хүмүүстэй уулзах нь миний хамгийн чухал ажил.
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн оффист

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

ONE төслийнхөн маань Khan academy-ийн 5 мянган видео хичээлийн эхний мянгыг нь орчуулж байна. Орчуулга ч гэхэд хэцүү дээ, тэдний лицензтэйгээр бараг дууриаж хийж байна. Khan Academy-г сонгосон шалтгаан нь дэлхийд танигдсан, нийтэд ойлгуулж үзүүлэхэд дөхөмтэй төсөл. Мөн ONE төслийнхөн 60 мянган үгтэй монгол хэлний тайлбар толийг вики дээр гаргаснаа олон нийтэд хүргэх ажлыг хийж байна.

Бас краудсорсингийн нэг төсөл эхэлсэн байгаа. Системийн эхний хувилбар 3-р сард гарч туршигдаж эхэлнэ. Ном, сурах бичиг, хэвлэлийн нийтлэл дээр олон хүний хамтын өргөн оролцоог хангах төсөл юм. Бизнесийнхний хувьд ч энэ төсөл сонирхолтой байна байх.

Монголчууд бидний нээлттэй мэдлэгийн төслүүд гадаадын эрдэмтэн мэргэжилтнүүд өргөн оролцоог хангаж байж сайн хөгжинө. Тиймд бас гадагшаа бодох хэрэгтэй. Бид Монголдоо өөрчлөлт, шинэчлэл хийхийн тулд дэлхийд байгаа чадвар, боломжийг ашиглах бололцоог интернэт нээсэн. Дэлхийн боломжийг ашиглахгүй юм бол ер нь англи хэл сурч, гадаад пасспорттой болж, дэлхийн сүлжээнд холбогдохын ашиг тус юу байна? Биднийхтэй төстэй ажлыг дэлхий даяар хийж байна. Бид оролцолгүй явж ирсэн. Одоо монголчууд энэ ажилд оролцож эхэлбэл бүх тал хожно. Жишээ нь, тэдний бичиж буй математикийн нээлттэй сурах бичгийг ашиглая гэвэл тэд баярлана. Түүнийг бичихэд оролцвол бүр баярлана. Ерөөсөө интернэт гэдэг чинь үүний тулд л байгаа зүйл шүү дээ.

Хамтын ажиллагаа, хамтын хөгжил гэдэг энэ соёлд монголчууд бид тун идэвхтэй суралцах хэрэгтэй болж байна. Бид германчууд, япончуудаас байгалийн өгөгдөл, авьяасаар дутахгүй. Бөх барилдах, караокед дуулахдаа дунджаар илүү ч байж магадгүй. Гэвч бид багийн ажлын арга барил шаарддаг, ялангуяа нийлж сэтгэх, ажиллах соёл, технологитой ажил дээр паг суудаг. Ерөөсөө өнөөгийн ертөнцөд боловсролын хамгийн чухал асуудал нь томьёо цээжлүүлэхдээ бус хүүхдийг яаж бүтээлч болгох вэ, яаж төрөл бүрийн хүмүүстэй баг болон ажилладаг болох вэ, яаж шүүмжлэлт сэтгэлгээтэй буюу өөрийн бодолтой, аливаад олон талаас нь бодитой дүгнэлт өгч чаддаг болгох вэ гэдэг асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл Collaborative, Creative, Critical thinking гэсэн гурван чухал ойлголт яваад байна. Энэ бол ерөөсөө боловсрол, сургалтын ч асуудал бус 21-р зууны бидний амьдрах шинэ соёл юм.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Яг ажиллах үедээ сонсдоггүй. Бусад үед бол New Age төрлийн голдуу төгөлдөр хуурын концерт, оркестр, тайван хөгжим сонсоно. Төгөлдөр хуурч Kevin KernTob Barabas-ийн хөгжимд дуртай. Хэдэн жил болоход огт анзааралгүйгээр зуу зуун дуу, хөгжимтэй альбом, сантай болчихсон байдаг юм байна лээ.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Өнөө өглөө гэхэд онлайн сургалтын платформуудыг бүтээж ирсэн хүмүүсийн хэлэлцүүлгийг уншсан. Хүн ер нь яаж сурдаг вэ, орчин үеийн технологи түүнийг нь чухам яаж эрчимжүүлдэг вэ гэсэн сэдвээр. Тэгээд дэлхийн тэргүүлэх том сургуулиудаас гаргасан зөвлөмж, 2015 оны трендүүдийн дүгнэлтийг сүүлийн 7 хоногт харж сууна.

Ер нь ном бол байнга уншина. Сүүлийн хэд хоногт Гай Кавасакигийн Startup 2.0 гэдэг номыг харж сууна. Би Монголын компаниудад зориулсан видео сан байгуулах санал ярьж яваа юм. Энрепренер академи нэртэй онлайн сургалтын төслийн тухай л даа. Санаа нь оролцсон 50 компани бүр сургалтын нэг видеог спонсорлож, хариуд нь 49 видеог нь бэлгэнд авах. Хамтарч бүтээх, ашиглах санаачилга. Тэгээд төслийнхөө сургалтын сэдвүүдийг гаргах зорилгоор энтрепренерийн талаар өмнө уншсан, таалагдаж байсан номуудаа эргэн үзэж байгаа юм. Энэ ажлыг сайн баг бүрдүүлж байж хийх ч санааг нь одоо гаргах хэрэгтэй болсон. Хамгийн сүүлд уншсан ном гэвэл, шинэ жилээр Даниел Канеманы Thinking fast and Slow гэдэг номыг уншсан. Их таалагдсан шүү.

Сонирхуулж хэлэхэд, би телевиз огт үздэггүй, сонин огт уншдаггүй. Манай гэрт интернэтийн кино сувгууд л байдаг. Хааяа интернэтээс гол мэдээгээ харчихна. Сонинд бичигдээд, телевизээр гараад байгаа олон хүнтэй, бас Монголд юу болоод байгаа ойр мэддэг хүмүүстэй уулзчихдаг болохоор телевиз, сонины хэрэг юу байна? (инээв). Нэтээс уншдаг эх үүсвэрүүдээ голдуу Feedly дээр суваг үүсгэж бүртгээд хадгалчихдаг. Гадаад, дотоодын блогеруудыг тогтмол хардаг. Ер нь монголын хэвлэл мэдээлэл их сонин, өвөрмөц л дөө. 10 хувь нь л анхны эх сурвалж байдаг байх. 90 хувь нь дам, хоёрдогч эх сурвалж. Тиймд давхардал ихтэй.

Өнөө үед мэдээллийг шүүж унших чадвар, тэр боломжийг олгосон технологийн сайн мэддэг болох хэрэгтэй. Миний анзаарснаар монголчууд интернэтээс юм уншихдаа сонин уншдаг аргаараа уншаад байдаг. Тэгж уншвал барахгүй, хэрэгтэй зүйлээ ч олохгүй. Стресст орно. Интернэт дээр байгаа мэдээлэл улам их, улам дийлдэхгүй болсоор байна. Тэр бүх мэдээллийг ялгадаг, ангилдаг, хайдаг, олдог сайн технологи хэрэгсэл олон бий. Тэднийг ашиглавал амьдралыг тун хөнгөвчилдөг.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Ажил, амьдралд маань их сайнаар нөлөөлдөг гэж боддог шүү. 20 гаруй жил интернэттэй холбогдсон ажил хийхээр угаасаа нээлттэй болгочихдог юм байна. Нээлттэй байж л ажиллана.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өглөө 6 цагт босоод орой 11 цаг гэхэд унтахыг хичээдэг ч биелүүлж чаддаггүй нь бас олон л доо.

ТАНЫ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Зун бол гольф тоглодог. Хөдөө гадаа явна, зураг авна. Өвөл бол манай Гачууртын тийшээ сайхан. Ер нь тэндээ байх дуртай.

ТА ХЭН ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Бага залуу байхдаа мундаг хүмүүсийн үлгэр дууриалыг их сонирхон уншдаг байсан. Одоо бол ертөнцийг арай өөрөөр хардаг болсон. Урам зориг, эрч хүч буюу inspiration гэдэг зүйл хүнд үргэлж өөрт нь байж байдаг, харин түүнийгээ бид сэрээх аргаа мэддэггүй гэдгийг мэддэг болсон. Өмнө нь би сэтгэл санаа бэлэн болоогүй бол, онгод ороогүй бол эрчтэй ажилладаггүй гэж боддог байлаа. Харин жинхэнэ мэргэжлийн (professional) хүн сэтгэл санааны байдал, онгод, inspiration-аасаа үл хамаарч ажиллах, бүтээх өндөр чадвартай байдгийг хожим ойлгосон. Нэрт зохиолч, гаргасан ном бүр нь алдаршдаг Стэфэн Кинг “Хэрхэн бичих вэ?” (On writing) номондоо, сонирхогч ба мэргэжлийн хүн хоёрт ганц л ялгаа бий, сонирхогч онгод орохыг хүлээдэг байхад мэргэжлийн хүн ямар ч үед суугаад л бичиж эхэлдэг гэж хэлсэн байдаг.

Тиймээс онгод чинь орсон ч бай, ороогүй ч бай өглөө босоод л хийх ёстой ажлаа хий. Урьд шөнө нь шоудаад өглөө нь шартаж үхмээр байсан ч босоод хийх ёстой ажлаа чадах хэмжээгээрээ эргэлзэлгүй хий. Inspiration гэдэг зүйлийг бүү хүлээ, өөрөө ирнэ. Төвлөрч чадвал урам зориг ургаж эхэлдэг гэдэгт би итгэдэг.

Анзаараад харвал хүмүүсийн 99 хувь нь нөгөө 1 хувиасаа урам зориг авдаг байлаа гэхэд тэр 1 хувь нь урам зориг, онгод ирэхийг хүлээдэггүй, хийх ёстойгоо л босоод хийдэг хүмүүс байдаг. Мэргэжлийн фото зурагчдыг хараарай. Би жишээ нь гоё зураг авахын тулд тэнгэр хангай сайхан болж, нар гарахыг хүлээсээр суухад тэд ямар ч цаг агаартай байсан гадаа гарч, ямар ч үед, ямар ч газар сайхан зураг дардаг. Тэднийг өрөөндөө сууж бай гэсэн ч тэд урдаа байгаа аягыг хүртэл өөрөөр олж харж авах болно. Тэд зураг аваад эхлэхээрээ л улам урам зоригтой болдгоо мэддэг. Түүнийг хүлээдэггүй.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Надад Оросын нэгэн том эрдэмтний шавь болох аз таарсан юм. Нэгэн удаа тэр багшийн маань 60 насны ой тохиож, зочид гийчид урьсан томоохон арга хэмжээ гэрт нь болсон юм. Тэгээд шавь нар нь хүмүүст үйлчлэв. Арга хэмжээ дуусахад би ганцаараа үлдэж таарсан байсан. Тэгээд багш маань хамгийн сүүлийн зочноо гаргаж өгчихөөд агаарт надтай хэсэг ярьж суув аа. Үргэлж завгүй байдаг хүн 60 насныхаа ойг тэмдэглэн, сэтгэл санаа нь сайхан уужраад байх тэр үед би хамгийн их зовдог зүйлээ асуув. “Та дэлхийд нэртэй том эрдэмтэн. Би таныг дууриагаад тоо бодоод бодоод эцэст нь ямар ч нээлт хийхгүй, амжилт гаргахгүй бол яах вэ?” гээд хэлээд тавьчихлаа. Сонголтгүй болоод нэг муухан тооны багш болохоос эмээдэг байсан хэрэг.

Тэгсэн багш маань хэлж байна: “Энхбат аа, асуудал том амжилт, алдар нэрэндээ биш ээ. Чи хэзээ нэгтээ над шиг 60 насны ойгоо тэмдэглэж сууж байх үедээ өөрөөсөө ‘Би өөрийн хүссэн замаараа явсан уу, хүссэн зүйлээ үзээд алдсан уу?’ гэж асуух байх. Хэрвээ чи хүссэнээрээ яваагүй бол тэр үед харамсана. Харин хийе гэснээ үзээд алдсан бол чи алдсан байлаа ч өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Би бол хүйтэн дайны үед амьдарч, цэрэг дайны том ажилд оролцож амжилт олсон хүн. Харин өнөө цагт магадгүй хэзээ ч дайн болохгүй, чи над шиг явах албагүй байх. Чи зөвхөн өөрийнхөөрөө, хожим юунд ч харамсахгүйгээр л яв. Бусдад, тэр байтугай хамгийн ойр дотныхондоо ч гэсэн илүү таалагдах гэж өөрийнхөө хүслийг бүү өөрчил. Амжилт, үр дүн, алдаа оноо бол амьдрал биш, зүгээр л амьдралд тааралдах зүйлс. Чамаас огт хамаарахгүй зүйлс хорвоод дэндүү их. Түүнд бүү санаа зов. Өөрийнхөө хийхийг л хий. Тэгвэл чи жаргалтай хүн. Хамгийн амжилттай хүн.”

Багшийн минь энэ зөвлөгөө миний амьдралд эерэг сайхнаар нөлөөлсөн дөө. Будда багшийн сургаал хожим уншиж байхад ч яг л ийм зүйлийг сургасан байдаг. Үр дүнд битгий санаа зов, хийх юмаа л хий гэж сургадаг. Зэн сургаалд ногоогоо тарь, арчил. Харин ургах эсэх нь чамаас гадна Бурханаас хамаарна, тиймд Бурханы өмнөөс бүү санаа зов гэдэг. Зүгээр л хийх ёстой юмаа зүрх сэтгэлээ зориулж хийж бай гэдгийг тэр үед сонссон маань үргэлж хэрэг болж явдаг.

ТА ЭНЭХҮҮ БУЛАНГИЙН ДАРАА ДАРААГИЙН ДУГААРТ ХЭНИЙГ ОРУУЛЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА?

Де Факто Жаргалсайханыг оруулбал залууст сонирхолтой байна байх. Жагаагаас надаас өөр шинэ зүйлсийг мэдэж авна, тэр өөрийн арга барилтай хүн.

www.unread.today

About Us

Recent

Random