2016-01-21

Хулгайч багш нараас хулгайч шавь нар л төрнө



2015 оны 5-р сард Монголын мэдээллийн технолoгийн хамгийн том үзэсгэлэн буюу ICT EXPO 2015-г сонирхож явахад нэгэн компанийн танилцуулга эрхгүй сонирхол татсан юм. Ингүмэл нэртэй уг төсөл нь оюуны өмчийн хулгайтай тэмцэх, ингэхдээ мэдээллийн технологийг ашиглах тухай байлаа. Энэ төсөл одоо хэрэгжиж буй эсэхийг мэдэхгүй.

Яагаад үүнийг дурдав гэхээр манай боловсролын салбар тэр чигтээ дампуурчихсантай холбоотой. Эрдэмтэн багш нар, эрхэм хэргэм зэрэгтэнгүүд нь оюуны хулгай яаж хийдгийг өөрийн биеэр үлгэрлэн харуулдаг. Заримдаа өөрсдөө ойлгохгүй байсан ч хамаагүй хэлбэрийг нь хуулдаг. Ихэнх хүмүүс боловсролын салбарт асуудал байна гэхээр хааяа нэг сонсдог болохоороо сурах бичигтэй л холбоотой биз дээ гэх буюу ерөнхийдөө дунд сургуульд заагдаж байгаа хичээл, дунд сургуулийн сурах бичигт л асуудал байгаа юм байна гэж хардаг.

Гэвч их дээд сургуулиуд гэж үүнээс дутахгүй дампуурчихсан газар байна. Би ч гэсэн тийм л их сургуулийн бүтээгдэхүүн. Гэхдээ би ийм байсан гээд бидний хойч үе ийм байх ёстой гэсэн үг биш. Их дээд сургуулиуд гэхээр хүмүүс бас л багш нар нь ном шахдаг тухай л биз гэж бодож байгаа байх. Энэ ч бас биш.

Яг одоо миний гарт Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор, зөвлөх багш нэгэн эрхмийн ном байна. Үүнийг хараад багш нар нь ийм байхад шавь нар ямар байх бол? гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх юм. Энэ эрхэм өдгөө нэгэн сургуулийн магистрантуудад түүхийн сэдвээр лекц уншдаг гэнэ. Энэ бол ганцхан жишээ, энэн шиг ном олон байгаа гэдгийг бас санах хэрэгтэй.

Энэ ном өмнөх үгээсээ эхлээд л инээдэмтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Өмнөх үгийн төгсгөлд үүнийг бичсэн бололтой нэгэн хүн Хянан засварласан, боловсруулсан тэр, Монгол бичгээр бичнэ, орос хэлтэй, Магистр тэр, Орос, англи, япон хэлтэй гэжээ. Энэ одоо бодвол би “халтуур” хийнэ шүү л гэсэн үг байх.

Цаашаа хүн төрөлхтний эртний түүхийг цоо шинээр үечилсэн байгаа юм. Жишээлбэл: Хуучин чулуун зэвсгийн доод палеолитын үе, Дунд чулуун зэвсгийн мезолитын үе, шинэ чулуун зэвсгийн неолитын үе гэх мэтээр үргэлжилж байна. Энэ бол зөвхөн гарчиг дээрх жишээ болно. Энийг ном гэхэд хэцүү. Бодвол оюутнууддаа “боловсон” байдлаар шахахад л зориулагдсан байх.

Ийм ном авсан хүн ямар бие даалт, ямар диплом бичих вэ?. Дээр дурдсан ном бол өөрөө ч ойлгохгүй хуулдгийн жишээ.

Харин өөрөө ойлгох ойлгохгүйн голоор оюуны өмчийн хулгайг дээд зэргээр хийж мөнгө ологч эрхэм багш нар бас байна.

“Түүхлээч” хэмээн өөрийгөө нэрлэсэн нэгэн эрхэм багш бас олон боть цуврал ном бүтээж, тэгэхдээ “монголчуудын түүхийн тулгуур эх бичгийн баримт сэлт, данс хараа, ойллого судар болон судалгааны дорвилог бүтээл туурвисан эрдэмтэдийн номуудыг өргөн дэлгэр ашиглаж” бичлээ гэжээ. Энд тэр “ашиглаж” гэснээ “хулгайлж” гэдэг үгээр сольж хийсэн үйлдлээ шулуухан хүлээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр олон цуврал ном нь энд тэндээс эвлүүлж зүйсэн,утга агуулга нь үл ойлгогдох, зүгээр л цуглуулга. Иймэрхүү номуудыг номын дэлгүүрт хэдэн зуун мянгаар нь үнэлэн зарж бас болоогүй хоёр дахь хэвлэлтээ хийж байхыг бодвол хүмүүс аваад л байна гэсэн үг.

Энэ мэтчилэн боловсролын салбар модоор зүйрлэвэл уг үндэс байтугай салаа мөчир бүхэндээ ялзарчээ. Энэ байдлыг өөрчлөхийн тулд залуучууд бид юу хийх хэрэгтэй вэ?. Хэдий болтол бүгдээрээ мэдсэн ч мэдээгүй царайлж хөөрхий минь хөгшин хүн, багш минь байгаа юм гэж явах вэ?.

Л.Энхсайхан.




About Us

Recent

Random