Испаний Барселона хотод эхэлж байгаа Mobile World Congress арга хэмжээний үеэр Самсунг корпораци Galaxy ухаалаг утасныхаа шинэ загвар S7-г танилцуулжээ.
Гаднаас нь харвал өмнөх жилийн Galaxy S6-гаас ялгарах зүйл маш бага. Мөн л стандарт тэгш дэлгэцтэй болон ирмэг нь дугуйрсан (Edge) дэлгэцтэй гэсэн хоёр хувилбартай юм байна.
Товчхон дүгнэвэл өмнөх загвараасаа илүү камертай, илүү баттерейтэй, усны хамгаалалттай, илүү багтаамжтай санах ой, илүү хурдтай процессортой болжээ.
Galaxy S7 нь гуравдугаар сарын 11-нд доод тал нь $650 гэсэн үнэтэйгээр худалдаанд гарах гэнэ.
УСНЫ ХАМГААЛАЛТ
Ноднингийн S6 загварыг усны хамгаалалтгүй гаргасан нь олон хэрэглэгчийн сэтгэлийг гонсойлгосон юм. Ингэх болсон шалтгаан нь уг утас хуванцар хийцээс илүү чамин металл, шилэн хийцтэй болсноос үүдэлтэй. Харин энэ удаа тэд чамин хийцээ хэвээр хадгалсан ч усны хамгаалалтыг үлдээж чаджээ. S7 нь гүехэн усанд 30 минут хүртэл байх чадвартай гэнэ.
САНАХ ОЙН ҮҮР
Өмнөх S6 загвараас нэмэлт санах ойн үүрийг хассан нь бас нэг хэл амны бай болсон үзүүлэлт байв. Харин S7 загвар дээр энэ боломж буцан ирж утсандаа 200 GB хүртэл санах ой нэмж болох юм. Андроидын гол давуу тал болсон энэ боломж олон хүнийг баярлуулах байх.
КАМЕР
S7-гийн 12 мегапикселийн камер нь том дэвшил болсон байна. Харанхуй орчин илүү сайн дүрс буулгах мэдрэгчтэй болжээ. Мөн авто фокус функц нь маш хурдтай болсон тул камер чиглүүлмэгцээ зураг авах бүрэн боломжтой болсон байна. Энэ чадвараараа өрсөлдөгч iPhone-оос ч илүү болжээ.
ДИЗАЙН
Ерөнхийдөө S6-тай адилхан болсон ч зарим жижиг сайжруулалт, тухайлбал арын хэсэг нь гүдгэр болсон нь гарт барихад илүү таатай болжээ.
Үнэндээ дизайны хувьд анх удаа iPhone-оос илүү гарсан байж магадгүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа гэнэ.
ДҮГНЭЛТ
Андроид утаснуудад тохиолдоод байгаа хямралтай нүүр тулгарсан Самсунг өнгөрсөн жил эргэлт хийхээр оролдож S6-г гаргасан нь төдийлөн амжилт олоогүй. Тэгвэл энэ удаа ноднингийн алдаагаа засварлаж үнэхээр Самсунгийн түүхэн дэх хамгийн сайн ухаалаг утас гаргасан байж магадгүй байна.
Ерөнхий үзүүлэлтүүд:
- Android 6.0 Marshmallow
- 5.1 инчийн 2,560 х 1,440 нягтралтай дэлгэц
- Гарах зах зээлээсээ хамаарч 32GB эсвэл 64GB дотоод санах ой
- 200GB хүртэл өргөтгөх гадаад санах ойн үүр
- Усны хамгаалалт (IP68 rating)
- 3,000 mAh баттерей (S6-гийнх 2,550 байсан)
- “Always-on” дэлгэцний горим, дэлгэц унтарсан үед ч цаг, он, сар, өдөр нь үргэлж гэрэлтэж байх
- Qualcomm Snapdragon 820 процессор (зарим зах зээлд Самсунгийн Exynos)
- Тоглоомонд зориулсан дэлгэцнээс бичих, зураг авах горим
- Гартааман хар болон цагаан алтлаг өнгөний сонголттой
Эх сурвалж: Ikon.mn