2016-02-25

"БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?" - UFC ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИН

Өнөөдрийн зочин бол бизнесийн салбарт гялалзаж яваа залуухан захирал. Ердөө 25 настайдаа үүсгэн байгуулсан UFC компани нь өдгөө 11 жилийн дараа хүнс, хөдөө аж ахуй, барилга, аялал жуулчлалын салбарт хүрээгээ тэлж, өнгөрсөн 5 жилийн хугацаанд улсад 30 гаруй тэрбумын төгрөгийн татвар төлсөн томоохон групп компани болж өргөжсөн байна. Бизнес удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр мэргэжлийн менежер байх, компанийг мэргэжлийн удирдлагаар хангахын чухлыг бидэнд онцлон ярьж, Монгол улсын брэндингийг зөвөөр хийх мөрөөдөлтэйгээ хуваалцсан юм.


Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаалUFC группийн ерөнхийлөгч
Сонгуульт ажил: Улаанбаатар хотын Худалдааны танхимын дарга, Булган аймгийн нутгийн зөвлөлийн дарга
Хэрэглэдэг гар утас: Samsung
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хүмүүсийг нэг зорилгын төлөө зангидах
Сошиал медиа хаягуудО.Амартүвшин (Твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Эхлээд юунд хүрэх гээд байгаагаа, зорилгоо дотроо төсөөлж, түүнийгээ багийнхандаа сайн ойлгуулахыг хичээдэг. Харж буй өнцгүүдтэй уялдуулах, нэг чиг рүү харах нь их чухал байдаг. Хаашаа явах гээд байгаагаа мэдэхгүй шавдуулаад байвал ажлын үр дүн гарахгүй, хүч тарамдана. Тэгэхээр үндсэндээ хүмүүстэйгээ их ажилладаг, багийн ажиллагааг нэн чухалчилдаг гэсэн үг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Өглөө ирээд имэйлээ шалгана. Эксел дээр тооцоо судалгаа нэлээн харна. Мөн манайх барилгын бизнестэй тул барилгын зургийн зарим програмуудыг сонирхдог. Олон жилийн өмнө сургууль төгсөөд удаагүй байхдаа Photoshop, CorelDraw зэрэг дээр их ажилладаг байсан шүү. Гар утсан дээрээ бол Фэйсбүүк, Твиттер зэрэг сошиал медиа апп-уудыг ашиглаж байна.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

UFC группийн оффис өөрийн German Standard компанийн барьсан, Энхтайваны гүүрийн баруун хойно орших Гэрэг тауэрийн 14 давхарт байрладаг.
О.Амартүвшин захирал Монголын Залуучуудын Холбооны "Next Stop 2014" шинэ жилийн цэнгүүн дээр "Бизнес, эдийн засгийн салбарын оны залуу”-гаар тодорч байсан юм.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Урьдчилж сайтар төсөөлөх, тооцох, бодож төлөвлөх л юм даа. Юуны төлөө хийх гэж байгаагаа сайн ойлгох ёстой. Багаараа хийх ажил бол бүгдээр сайн ярилцаж ойлголцоно. Түүний дараа цаасан дээрээ буулгаж ажил болгоход амар байдаг. Ялангуяа маркетингийн ажил бол тийм. Төсөөлөөд, төсөөлснөө баталжуулж судалгаа сайн хийх ёстой байдаг. Төсөөлөгдөхгүй бол тухайн ажлыг хийхэд хэцүү шүү дээ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажил, бодсон санасан зүйлээ тэмдэглэлийн дэвтэр дээр бичээд дадчихсан. Ер нь оюутан байхын гараар их бичдэг байсан. Гараар бичих явц тархинд сайнаар нөлөөлдөг гэж итгэдэг шүү.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Шийдвэр гаргах, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхдөө дажгүй сайн гэж боддог. Бизнес удирдлагын мэргэжил эзэмшсэнтэй маань ч холбоотой байх. Олон хүчин зүйлийг тооцон ямарваа нөхцөл байдалд шийдвэр гаргах бол ер нь бизнесийн хамгийн чухал зүйл. Зөв стратегийг сонгоход анхаарч, энэ тал дээрээ ч түлхүү ажиллаж ирсэн.

Ажил дээр судалгаа хийх шаардлага байнга л гардаг, судалгаа хийхдээ ч дуртай. Хүмүүс юу хүсэж байна, хандлага хаашаа явж байна, бид яах ёстой вэ гэдгийг бодож, анализ хийх дуртай.

Бас ямар ч асуудалд хүлээцтэй байхыг эрмэлздэг. Юм болгон цаанаа учир шалтгаантай, тухайн нөхцөл байдлаас үүдсэн байдгийг санаж, өнгөц дүгнэх дургүй.

ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Одоогоор бид хүнс, хөдөө аж ахуй, барилга, үл хөдлөхийн салбаруудад гол үйл ажиллагаагаа явуулж байна. Хүн амын хүнсний хэрэгцээг хангана гэдэг сайхан, буянтай ажил. Сайн барилга, орон сууцыг хэрэглэгчид сонгоод, амьдраад, улмаар хамаатан садан, найз нөхдөдөө санал болгоход сайхан байдаг. Ер нь аливаа ажилд сэтгэл гаргаад, тооцоо судалгаагаа зөв хийвэл сайн зам мөрийг дагуулдаг. Эдгээр салбаруудад урт хугацааны үр өгөөж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бодож ажиллах ёстой. Тэгж байж компани удаан хугацаанд оршин тогтноно. Тэгэхгүй өнөө маргаашийн орлогоо бодоод байвал хэрэглэгчдээ хохироосон юм болно.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл, 2013 оныг хүртэл бид хүмүүсийн хэрэглээг гүйцэх гэж араас нь хөөж үйлдвэрлэдэг байлаа. Гэвч түүнээс хойш ард иргэдийн худалдан авах чадвар буурчихлаа. Энэ онд миний тооцоогоор, Оюу Толгой хөдлөхгүй бол эдийн засгийн өсөлт хасахтай гарна. Ингэхээр мэдээж бизнесийн орчин улам муудаж, борлуулалтын эргэлт буурна. Иргэдийн худалдан авах чадварыг зохицуулж, дэмжиж байх учиртай банкны санхүүгийн систем ажиллаж чадахгүй байна. Эдгээр болон бусад эдийн засгийн орчны гадаад хүчин зүйлсийг бид яаж ч чадахгүй нь хамгийн зовлонтой. Дотоод асуудлыг бол бид яаж ийгээд зохицуулж чадна. Гадаад хүчин зүйлийн тогтворгүй байдалтай уялдаад бизнесийнхэн дунд болон урт хугацааны төсөөлөл, төлөвлөгөө хийж чадахгүй байгаа нь хамгийн том бэрхшээл юм даа.

ТА БИЗНЕСИЙН САЛБАРТ ХЭРХЭН ХӨЛ ТАВЬСАН ВЭ? ӨНӨӨГ ХҮРТЭЛ ЯМАР АЖЛУУДЫГ ХИЙЖ ИРЭВ?

Би ажлын гараагаа MCS-ийн “Спирт бал бурам” компаниас эхлүүлсэн. 23 настайдаа тэнд маркетингийн албаны захирал болж байлаа. 25-тайдаа 2005 онд хувийн бизнесээ эхлүүлж, UFC-ийг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд олон ч бүтээгдэхүүний маркетинг, брэндинг дээр ажиллаж, зах зээлд танилцуулсан даа. Манай компанийг чацарганын зах зээлийг “нээснээр” нь хүмүүс сайн мэднэ. Манайх энэ бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг анх хийж, өдгөө олон арван компанийг агуулж буй энэ зах зээлийн шанг татсан юм. Бидний ажлын үр шимээр өдгөө сая сая чацарганын мод ургаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Мөн манайх архин бүтээгдэхүүний салбарт хүчтэй орж ирсэн. Дэлхийн том үзэсгэлэнгүүдэд бүтээгдэхүүнээ явуулж, Монголоос авч байгаагүй шагналуудыг авч байлаа. Одоо бол анхаарлаа бусад салбарууд руу чиглүүлж байна. Барилгын салбарт орсон болохоор ажиллагсдын тоо олноор нэмэгдсэн. Мөн амралт, рашаан сувиллын газрууд ажиллуулдаг. Эдгээр газруудаа улам хүртээмжтэй, 4 улиралд ажилладаг болгохоор зорьж байгаа. Ер нь байгалийн нөхөн сэргээгдэх баялгийг Монголын брэнд болгож экспортлох нь миний болон компанийн маань эцсийн зорилго юм даа.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Шинэ төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн төслүүд, дунд сургууль, зочид буудал, хэд хэдэн барилгын төсөл явж байгаа. Монгол маань малаар баян, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах боломжтой гэдэг боловч яагаад экспортолж чадахгүй байна гэдэг дээр анхаарлаа хандуулж, түүхий эдээ яаж баялаг болгох вэ гэдэгтэй холбогдсон төслүүдэд анхаарч ажиллаж байна.

Дунд сургуулийн хувьд, бид хөгжилтэй улсад амьдаръя гэвэл эхлээд суурь боловсролдоо анхаарахаас өөр аргагүй. Иргэд маань хөгжилд бэлэн байх ёстой. Гэвч энэ тал дээр манайх учир дутагдалтай байна. Нэг бол гадаад хэл чухал гээд бүх хичээлээ англи, орос хэл дээр үзсэн үнэтэй сургуулиуд, эсвэл зөвхөн тоо, физикээр нүдсэн сургуулиуд гээд туйлшраад байгаа хандлага ажиглагдаж байна. Тиймээс хүүхдүүд маань үндэсний өв соёлоо ч мэддэг, дэлхийн хандлагатай ч хөл нийлүүлдэг, бие бялдрын өв тэгш хөгжилтэй байх тийм сурах орчин, бусад хүчин зүйлүүдийг зөв уялдуулсан системийг бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой.

Ер нь тэгээд л тооцоо судалгаа дээр түлхүү ажиллаж, хөрөнгө оруулалт татах бүх л боломжийг эрэлхийлж байна даа. Английн компанитай хамтраад архин бүтээгдэхүүний экспорт гаргах тал дээр нэлээн ажиллаж байна.

Улаанбаатар хотын худалдааны танхимын хувьд яавал бизнесийн орчныг хамгаалах буюу сайжруулах вэ, яаж хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах юм бэ, энэ тал дээр төртэй хамтарч юу хийх ёстой вэ дээр бодож ажиллаж байна. Өнөөгийн нөхцөл байдал бол төр засгийн тогтворгүй, буруу үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа. Ихэнх бизнесүүд ижилхэн хүнд байдалд орсон байгаа тул хамтраад шийдэл гаргах нь зүйтэй.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ  ВЭ?

Яг ажил хийх үедээ хөгжим сонсдоггүй. Залуу байхад Guns N Roses-ийг их сонсдог, бүх CD-ийг нь цуглуулдаг байлаа. Ер нь софт рок талын хөгжимд сонирхолтой байсан юм шиг байгаа юм. Одоо харин монгол ардын дуу, морин хуурын ая сонирхдог болсон байна лээ. Машинд маань Харангын Лхагваа, поп дива Сараа нарын олон цомог бий.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ УНШИЖ БАЙНА?

Зав чөлөө гарвал уран зохиолын ном унших дуртай. Зохиолч Г.Аюурзанын цуврал номуудад дуртай. Л.Сарантуяагийн “Сорхагтуни” бас аятайхан болсон байна лээ.

Мэргэжлийн номоо байнга хардаг. Брэндингийн тал дээр үлгэр дууриал авах хүн бол яах аргагүйСтив Жобс. Яавал хэрэглэгчдийг өөртөө татах вэ, яаж аливаа бүтээгдэхүүнийг хүний амьдралд цоо шинээр нэвтрүүлэх вэ гэдэг дээр түүнээс суралцах зүйл олон бий. Эшлэлүүдийг нь харж, Монголын хэрэглэгчдийн зан төлөвт яаж буух бол гэж бас бодох дуртай. Стив Жобсын номуудыгминий ширээний ном гэж хэлж болно.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Танихгүй хүмүүсийн хувьд хаалттай, дотогшоо гэж харагддаг юм шиг байгаа юм. Танилцаад ярилцаад, санал солилцоод эхлэхэд тэдний санаа бодол өөрчлөгддөг. Таньдаг хүмүүсийнхээ хувьд бол маш нээлттэй хүн. Ер нь хүмүүстэй санал сонилцож, бодож явдаг зүйлсээ таниулж ойлгуулж явахыг хичээдэг юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой ихэвчлэн 11.30 цаг гэж унтаад өглөө 7 цагт босдог доо. Амралтын өдөр ч ижил. Ажлын өдөр бол өглөө ингэж сэрээд, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд 8.30 гэж ажил дээр ирдэг юм. Миний нэг өдөр ихэвчлэн уулзалтаас уулзалтын хооронд өнгөрдөг. Ажил хэргийн уулзалтуудад бэлдэх ажил бас ихтэй.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Аялж юм үзэх дуртай. Тэр дундаа хүнсний, барилгын том том үзэсгэлэнгүүдийг үзэж, шинэ технологи, ирэх жилүүдийн хандлагатай танилцаж, тэндээс санаа олж ирэх дуртай. Хамгийн сүүлд Далласт барилгын үзэсгэлэнд очиж үзсэн. Ер нь барилгын том үзэсгэлэнгүүдийг бүгдийг нь гүйцээсэн шүү. Манайхтай ижил төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнтэй Франц, Австралиар бас явж байсан. Ялангуяа Францын Лимузин муж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний менежментээрээ алдартай.

Нутаг руугаа бас ойр ойрхон явдаг байсан, сүүлийн үед зав зай болж өгөхгүй л байна. Ингэж явах тоолондоо яавал бид Франц, Австралийн аж ахуйтай зэрэгцэх вэ, малчдын хандлага сэтгэхүйг хэрхэн өөрчилж, нүүдлийн мал аж ахуйг орчин үеийн эрчимжүүлсэн аж ахуйтай хэрхэн хослуулах вэ гэж байнга боддог. Аймгууд маань бүтээгдэхүүнээрээ хоорондоо ялгарч, өрсөлдөх ёстой. Өнөө цагт малчид маань малаа хариулдаг биш, малдаа хариулагдаж амьдардаг энэ загварыг солих ёстой байх. Үүний тулд жишиг аж ахуй, жишиг бүс байгуулах шаардлагатай болов уу. Гэхдээ иймэрхүү саналыг хүлээж авах цаг нь арай болоогүй юм уу даа гэж анзаарагддаг.

Мөн аялах, юм үзэх сонирхолтой холбоотойгоор фото зураг авах гэж бас оролддог юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Дуусашгүй эрч хүч өгдөг зүйл бол зорьсон зорилго, мөрөөдөл маань байдаг. Манай улс хөрсөн доороо болон дээрээ асар их баялагтай, хоёр том зах зээлтэй ойрхон орон. Тэр ч утгаараа бидэнд боломж их бий. Энэ боломжоо л зөв зүйтэй ашиглаасай, амьжиргааны түвшин өндөртэй улс болоосой гэж би мөрөөддөг.

Аливаа зүйл дээр бусдад хэлж зөвлөөд, тэр нь цаашаа амжилт олоход бас их сайхан эрч хүч авдаг юм. Тэгээд гэр бүл, найз нөхдөөсөө урам зориг, эрч хүч олж авна. Ер нь жижиг том гэлтгүй амьдралын аль сайхан бүхнээс боломжоороо л аз жаргалыг мэдрэхийг зорьдог доо. Өөрт байгаа өчүүхэн зүйлээсээ ч гэсэн аз жаргалыг мэдрэхийг бурханы шашинд зөвлөдөг шүү дээ.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Монгол ардын зүйр цэцэн үг бол үнэхээр шалгарсан том философи байдаг гэж ойлгодог. Мөн чанарыг ухаж ойлговол зөв хүн байх, сайн менежмент хийх, байгаль орчинтойгоо зүй зохистой харилцах хамгийн сайн зөвлөгөө. Саяхан манай түнш солонгос өвгөн “Амараа, ойр явъя гэвэл хурдан яв, хол явъя гэвэл удаан яв” гэж зөвлөж байсан. Манайхаар бол “Хурдан явъя гэвэл ганцаараа яв. Хол явъя гэвэл олуулаа яв” гэсэн санаа байх. Аль болох хол явахын тулд хамт олонтойгоо, тасралтгүй тууштай явах бол хамгийн зөв философи гэж боддог.

Стив Жобсын нэг хэлсэн үгийг бас бодож явдаг юм: “Хэрвээ өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр бол би юу хийхийг хүсэх вэ?”

ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Бид үлгэр дууриал авахуйц, томоохон бүтээн байгуулалт хийж байгаа хүний үгийг сонсож байх нь зүйтэй болов уу гэж боддог. Хувь хүнийхээ хувьд МАК-ийн Б.Нямтайшир гуайн амьдралыг үзэх үзэл, зорьсон зорилгыг мэдэхийг хүсдэг дээ.

unread.today

About Us

Recent

Random