Өчигдөр Google компанийн эцэг компани Alphabet дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангаа зарласны дараа хувьцааных нь үнэ өсөж зах зээлийн нийт үнэлгээгээрээ Apple-ыг давж дэлхийн хамгийн үнэтэй компани болов.
Apple-ын зах зээлийн үнэлгээ энэ үед (market cap) $539 тэрбум байсан бол Alphabet-ынх $570 тэрбум хүрсэн байна.
Гэхдээ өнөөдрийн арилжааны нээлтийн ханш, ердийн өдрийн хандлага ямар байх нь тодорхойгүй ч өчигдөр арилжаа хаагдах хүртэл ийм хэмжээтэй байжээ.
Ингэснээр Google (Alphabet) нь 2010 оноос хойш анх удаагаа Apple компаниас илүү үнэлэгдсэн тохиолдол болж байна.
Улирлын ашигт гол нөлөө үзүүлсэн хэсэг нь Google-ын сурталчилгааны бизнес байсан бол шинэ бизнесүүд нь бүхэлдээ 2015 онд $3.5 тэрбумын алдагдалтай гарчээ. Үүнд жолоочгүй автомашин, агаар мандлаас интернэт түгээгч Loon төсөл зэрэг ирээдүй рүү чиглэсэн, аз сорьсон бизнесүүд нь орж байна.
Гэвч компанийн 2015 оны нийт ашиг нь $23 тэрбумд хүрсэн нь энэхүү алдагдлаа хааж байгаа юм.
Эх сурвалж: ikon.mn