Монсудар хэвлэлийн газраас өнөөдөр "Монголчууд" түүхэн зурагт цувралын гурав дахь боть болох “Нийгэм журамд давшин орсон нь” номныхоо нээлтийг хийлээ. Тус хэвлэлийн газраас өмнө нь “Монголчууд XX зууны эхэнд”, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэй хоёр боть гаргасан билээ.
“Адмон” компанийн захирал Р.Энхбатын санаачилгаар хийгдсэн уг номонд 1,200 гаруй гэрэл зураг багтжээ. Энэ удаагийн цувралын онцлог нь Бүгд найрамдах улс байгуулсан үеэс нэгдэлжих хөдөлгөөн ялсан үеийг хамарсан байна.
“МОНГОЛЧУУД” ЦУВРАЛ НОМЫГ ХАРИУЦАН АЖИЛЛАСАН МОНСУДАР ХЭВЛЭЛИЙН ГАЗРЫН ТҮҮХИЙН РЕДАКЦИЙН ЭРХЛЭГЧ Л.ЭНХСАЙХАН ЭНЭ ТУХАЙ
“Энэ ном 1924 онд Улсын анхдугаар Их хурал хуралдаж Бүгд найрамдах засаглал тогтоосон тэр үеэс 1959 онд Хоршоолох хөдөлгөөн ялсан тухай дүгнэлт гарсан үеийг хамарсан ном юм.
Яагаад ингэж үечлэх болов гэхээр Бүх нийтээр социализм байгуулъя гэсэн зорилго тавьж ажиллаж байсан үе учраас тэр. Энэ үед Монголчууд хамгийн их бүтээн байгуулалтаа хийсэн” гэдгийг онцолж байв.
Нүүдэлчин Монголчууд суурьшмал хэв маягийг хүлээн авч буй үеийн сонирхолтой гэрэл зургууд, эрдэмтэн судлаачдын тайлбарын хамт хэвлэгдсэн тул Монгол хүн бүрийн сонирхож үзэх ном болжээ.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ, ТҮҮХИЙН УХААНЫ ДОКТОР О.БАТСАЙХАН УГ НОМНЫ РЕДАКТОРААР АЖИЛЛАСАН БАЙНА. ТЭРБЭЭР НОМЫН ТУХАЙ
“1924-1959 оны хооронд Монголд өрнөсөн улс төр, эдийн засаг, соёл боловсрол, цэргийн бүхий л салбарыг хамарсан өөрчлөлт, үйл явдлуудыг олдоцын хэрээр гэрэл зургаар үзүүлэхийг хичээв. Уг цувралд Монголын түүхэнд холбогдох Орос, Монголын архивын сурвалжуудыг өргөнөөр ашигласан нь бас нэгэн давуу тал болно. Мөн Монголчуудын амьдралд нөлөөлсөн гадаад хүчин зүйлс, түүний эерэг болон сөрөг тал, үндэсний онцлогоо хадгалах гэсэн Монголчуудын эрмэлзлэл, ангич нийгмийн зөрчил, нүүдлийн болон суурин иргэншлийн ялгаа зэргийг тод харах болно” хэмээжээ.
Монголын түүхийн хамгийн сонирхолтой цаг үеийг харуулсан эл бүтээлийн нээлтэнд өнөөдөр түүхийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн, судлаачид болон оюутнууд, уншигчид ирсэн байв.
ФОТО:
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn
Эх сурвалж: ikon.mn