2015-05-01

Хүүхдийг Wi-Fi сүлжээнээс хамгаалъя


Хүүхдэдээ гар утас өгч тоглуулах нь асар хортой гэдгийг бид бага сага ойлгодог болоод байна. Гадаад, дотоодын эрдэмтэд ч үүнийг сануулсаар.
Ялангуяа өдөрт дөрвөн цагаас дээш хугацаагаар гар утас, таблет зэргээр тоглуулах нь 3-5 насны хүүхдүүдийн хувьд хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, өсөлт хөгжил нь удаашрах, хордох, тархины хөгжлийг саатуулах гээд олон сөрөг нөлөөтэйг шинжлэх ухаан баталсан. Гэсэн ч техник, технологийн асар хурдацтай, түүнийг дагаад стресс бухимдал нэмэгдсэн өнөөгийн нийгэмд гар утас нэхэн уйлах хүүхдэдээ хатуу зан гаргах зоригтой ээж, аав төдийлөн олон биш байна. Нэг хэсэг компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдээ яая даа гэж шаналдаг байсан бол одоо ухаалаг технологиос хүүхдээ хамгаалах гэж толгойгоо өвтгөдөг боллоо.
Бага насныхан гар утасны тоглоомонд, сургуулийн насныхан, томчууд фэйсбүүкт донтох болов. Хүүхдээ 2-3 дуудахаас нааш хариулахгүй, дуу цөөнтэй, хувиа хичээсэн болж хувирч байгааг нь гарт нь байгаа дөрвөлжин “робот”-той холбоотойг бид мэддэг.


Нэгэнт технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болоод байна. “Шинэ Монгол”, 84, 93, 24 дүгээр сургуулийн удирдлагууд сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх журмыг гаргажээ. Энэ нь эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна. Олон улсад ч ийм туршлага багагүй байдаг. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк, Виржина, Мэрилэнд, Испанийн Кастилла Манча, Японы Айчи муж зэрэгт сургуулийн орчинд ухаалаг утсыг бүрмөсөн хориглосон байдаг аж. Энэ нь оюутан, сурагчдын сурлагын чанарт сайнаар нөлөөлж байгааг мөн онцолжээ.
Зарим сургуулийн гаргасан дээрх санаачлагыг бодлогын хэмжээнд дэмжиж, бүх сургуульд хэрэгжүүлж чадвал өдөр шөнөгүй хүүхдүүдийн бяцхан тархинд дайралт болж байгаа ухаалаг хэрэглээ, цацрагийн хор нөлөөнөөс тэднийг хамгаалж болохоор байна. Зөвхөн бодлогын хэмжээнд гэлтгүй эцэг, эхчүүдийн туслалцаа үүнд маш их хэрэгтэй. “Зууны мэдээ” сонин энэ сэдвээр дараа дараагийн нийтлэлүүдийг бэлтгэн хүргэх болно.
Ухаалаг утаснаас илүү аюул тарьж мэдэх бас нэг асуудал байгааг бид төдийлөн анзаарахгүй байна. Энэ бол Wi-Fi буюу утасгүй интернетийн сүлжээ. Өнөөдөр хоолны газар, кино театр, дэлгүүр байна гээд Wi-Fi сүлжээ хаа сайгүй нэвтэрчээ. Бүр автобусанд, талбай дээр хүртэл үнэгүй интернет бэлэн байна. Дээрээс нь айл бүрт гээд нэмчихье. Ерөөсөө бид энэхүү утасны интернет сүлжээний учир замбараа нь олдохгүй их огтлолцол, хэрээсэн дунд амьдарч байна. Тэгвэл Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөө нь ухаалаг утаснаас илүү байж мэдэхээр байгаа тухай олон улсад ид шуугьж байна. Харин манайд энэ талаар нэгдмэл ойлголт, судалгаа, мэдээлэл өнөөдөртөө алга.
Олон улсын эрдэмтэд Wi-Fi сүлжээ нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдэг гэж баталж, бичиж байна. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн өвчлөлд хүргэж, тархины үйл ажиллагааг удаашруулж, зүрхэнд дарамт үүсгэн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Шөнөжин идэвхтэй Wi-Fi орчинд унтсан хүн маргааш нь ядрах, толгой өвдөх, нойр хүрэх гэх мэтээр зовиурлаж, ажлын бүтээмж нь эрс муудаж байгааг ч тогтоосон байна. Харин манайхан яадаг билээ. Шөнө унтахдаа Wi-Fi рутерээ салгаж унтдаг нь хэд вэ. Гэрийнхээ сүлжээг салгасан ч байрных нь бүх айл ашиглаж байгаа аалзны тор мэт цацрагийн сүлжээнээс өөрсдийгөө хамгаалж чадах уу гэх мэт дэндүү олон асуудал байна.
Уг нь 1997 оноос ашиглаж эхэлсэн утасгүй интернетийн сүлжээг хүний эрүүл мэндэд хортой гэдгийг Америкийн эрдэмтэн Дуглас Филдс “Гар утас оюун ухааныг захирах нь” шинжлэх ухааны өгүүлэлдээ 2008 онд анх дурджээ. Гэвч тухайн үед энэ асуудлыг төдийлөн хайхраагүй байна. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сард Олон улсын эрүүл мэндийн байгууллага Wi-Fi сүлжээ нь хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа талаар 10 баримтыг дэлгэн тавьсан нь нэлээд шуугиан тарьсан юм. Яагаад бид Wi-Fi сүлжээнээс хүүхдүүдээ, өөрсдийгөө хамгаалах шаардлагатайг дараах 10 баримтад тодорхой хэлж өгчээ.
1.НОЙР ХУЛЖААНА
Унтахынхаа өмнө гар утсаар тоглох, Wi-Fi орчинд интернетээр хэсэх зэрэг нь нойргүйдэлд хүргэдгийг 2007 онд эрдэмтэд баталжээ. Ялангуяа Wi-Fi сүлжээний цахилгаан соронзон цацрагийг салгалгүйгээр шөнөжин асаалттай байлгах нь хүний тархинд асар их дарамт үүсгэдэг байна.
2.УРАГТ МУУГААР НӨЛӨӨЛДӨГ
Wi-Fi сүлжээний цацрагт их өртөх нь хэвийн эсийн хөгжил, ялангуяа ургийн хөгжилд саад болдог байна. Тиймээс жирэмсэн эхчүүдэд онцгой хор нөлөөтэйг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн дөнгөж өсч буй залуу эд эсүүдэд нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн дараа хор уршиг нь мэдэгддэг аж. 2004 онд Австрийн судалгааны багийнхан амьтанд хийсэн судалгаагаар Wi-Fi сүлжээ нь бөөрний хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг илрүүлжээ. Энэхүү судалгааны дүнг 2009 онд бататгасан байна.
3.ЭСИЙН ӨСӨЛТИЙГ УДААШРУУЛДАГ
Данийн ахлах ангийн сурагчид бас нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Тэд утасгүй интернетийн сүлжээ бүхий өрөөнд ургамал тавьжээ. Мөн яг ижилхэн ургамлыг ямар ч сүлжээгүй өрөөнд байлгасан байна. 10 хоногийн дараа Wi-Fi бүхий өрөөнд байсан нь хатаж хорчийсон байсан бол, эрүүл өрөөнийх сагсайтлаа ургасан байжээ. Тиймээс Wi-Fi сүлжээ нь эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
4.ТАРХИНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДААШРУУЛДАГ
Данийн сурагчдын хийсэн туршилтын дараа эрдэмтэд Wi-Fi сүлжээний цацрагийн хор нөлөөг судалж эхэлжээ. 10 гаруй жил утасгүй интернетийн сүлжээг идэвхтэй ашигласан хүмүүс тархины хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байгааг тогтоосон байна.
5.ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ИЛҮҮ НӨЛӨӨТЭЙ
Эрэгтэй 15, эмэгтэй 15 хүнээс ой тогтоох шалгалт авч, тархины үйл ажиллагааг хэмжихэд эмэгтэйчүүд илүү бүдэрч байжээ. Эдгээр 30 хүн нь мэдээж Wi-Fi идэвхтэй ашигладаг хүмүүс.
6.ҮРГҮЙДЛИЙН ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Зөвхөн гар утас, компьютер гэлтгүй Wi-Fi сүлжээ нь эр бэлгийн эсийг саармагжуулдаг нь мал болон хүн дээр хийсэн туршилтаар батлагджээ.
7.ТӨРӨЛТӨД НӨЛӨӨЛЖ БАЙЖЭЭ
Зохиомлоор үр суулгасан хулганыг 45 хоногийн турш “Wi-Fi” орчинд байлгахад стрессийн төвшин хоёр дахин нэмэгдэж, зулбажээ. Энэхүү сүлжээ нь урагт сөрөг нөлөө үзүүлж байгааг тогтоосон байна. 2011 онд Шведийн Каролинска хүрээлэнгээс бие давхар ээжүүдэд хандан аль болох утасгүй интернетийн сүлжээнээс хол байхыг анхааруулжээ.
8.ЗҮРХЭНД АЧААЛАЛ ҮҮСГЭДЭГ
Утасгүй сүлжээгээр хүрээлэгдсэн үед хүний зүрх яг л уралдаанд орох гэж байгаа мэт сандарч, хурдан цохилж эхэлдэг аж.
9.ХОРТ ХАВДАР ҮҮСГЭХ ҮҮ?
Яг энэ асуултад хариулсан эрдэмтэн одоогоор байхгүй гэнэ. Учир нь маш их маргаан дагуулдаг. Цахилгаан соронзон орон, цацраг идэвхт туяа нь хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болохыг амьтан дээр хийсэн судалгаагаар баталсан туршилт олон. 21 настай нэгэн эмэгтэй утсаа байнга энгэрийнхээ халаасанд хийж явдгаас болж хөхний хорт хавдар туссан жишээ бас байна.
10.ЭРДЭС БОДИСЫН ДУТАГДАЛД ОРУУЛДАГ
Wi-Fi сүлжээ нь хүнийг эрдэс бодисын дутагдалд оруулж, таргалуулдаг тухай судалгаа бий. Хүний аз жаргалын гормоныг багасгаж, тэжээлийн дутагдалд оруулж, таргалуулдаг гэнэ.
Дээрх 10 баримт нь бүгд тодорхой эх сурвалжтай гэдгийг Олон улсын эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Wi-Fi буюу утасгүй интернетийн сүлжээгээ шөнийн цагт унтрааж, аль болох ашиглахгүй байхыг эрдэмтэд сануулж байна. Тэгэхээр бид ямар саналыг дэвшүүлж байна вэ гэхээр утасгүй интернетийн сүлжээнээс хүүхдийн орчинг суллая. Ядаж сургууль, цэцэрлэгийн орчинд Wi-Fi сүлжээг хаах, эцэг эхчүүд үр хүүхэд, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч хэрэглээгээ хязгаарлая гэх гээд байгаа юм. Энэ нь ухаалаг утсанд донтож байгаа хүүхдийн асуудлыг ч давхар шийдэх боломж юм. Үргэлжлэл бий.
Б.Солонго

About Us

Recent

Random