Өчигдөр буюу Мягмар гарагт Марк Зукерберг өөрийн Facebook дэхь хувьцааны 99 хувийг амьдралынхаа туршид цувруулан сайн үйлсэд зориулах болсноо зарлалаа.
Энэ нь одоогийн үнэлгээгээр $45 тэрбумтай тэнцэх хөрөнгө юм.
Мөн үүнтэй зэрэгцээд Приссила Чан тэр хоёр охинтой болж, охиндоо Макс хэмээх нэр өгснөө зарласан байна.
Охиныхоо төрсөн өдөр ийнхүү тэд Chan Zuckerberg Initiative нэртэй сан байгуулж байгаа юм байна.
Сангийн зорилго нь хувь хүний боловсрол, өвчнийг анагаах, хүмүүсийн харилцаа холбоонд дэмжлэг үзүүлэх гэсэн чиглэлүүдээр ажиллана.
Таван жилийн өмнө Марк “Giving Pledge” нэртэй Билл Гэйтсийн үүсгэсэн хөдөлгөөнд нэгдэж хөрөнгийнхөө ихэнх хэсгийг хүн төрөлхтний төлөө сайн үйлсэд зориулахаа амлаад байсан юм.
Ингэхдээ Марк Facebook-ын удирдлагыг өөртөө хадгалсан хэвээр байх ба ирэх гурван жилд, жил бүр нэг тэрбумаас хэтрэхгүй үнэтэй хувьцааг хандивлаж байхаар дүрмээ тогтоосон байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулсан компанийхаа ТУЗ дэхь саналын эрх, хяналтыг алдахгүйгээр энэ төслөө хэрэгжүүлэх арга механизмаа тодорхойлсон байгаа аж.
Зукерберг, Чан нар сүүлийн 10 жилд нийт $1.6 тэрбумыг буяны үйлсэд хандивлаад байгаа.
Тэдний шийдвэрийг сонссон тэрбумтан Билл Гэйтс, U2 хамтлагийн ахлагч Боно нар баяр хүргэсэн мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж: ikon.mn