2015-12-11

Орчин цагийн “хагархай цонх” буюу Сошиал Медиа

1982 оны 3-р сарын Атлантик сэтгүүлд “Хагархай Цонхны Онол” хэмээх нэгэн нийтлэлийг Америкийн социологич Джорж Кэллинг болон Жэймс Вилсон нар нийтлүүлжээ.
Энэхүү онолын гол санаа нь:
“Хэрвээ барилгын нэг цонх нь хагараад, засагдахгүй байгаад байх юм бол хажуугаар нь явж буй хүмүүс түүнийг эзэнгүй, хэн нэгэн түүний төлөө хариуцлага хүлээдэггүй юм байна гэж ойлгоно. Ийнхүү удалгүй хэд хэдэн цонх нь хагарах болно. Улмаар энэхүү ёс журамгүй байдал нь газар авч нэг барилгаар ч зогсохгүй тухайн гудамж руу ч халдварлах боломжтой. Энэ бол гэмт хэрэг яг л ханиад томуу шиг тархан халдварладаг гэсэн онол бөгөөд зөвхөн гэмт хэрэг төдийгүй аливаа нийгмийн сөрөг зан үйл маш хурдацтайгаар эргэн тойрондоо халдан тархдаг гэсэн зарчим юм.”
Тус онолын санааг Стэйнфордын их сургуулийн сэтгэл судлаач Филип Зимбардо 1969 онд анхлан гаргаж иржээ. Тэрээр Нью Йоркын Бронкс дүүрэгт болон Калифорниа-ийн Пало Алтод ямар ч бичиг баримт, бүртгэлгүй машиныг эзэнгүй орхин ажиглалт хийхээр болж. Бронксд орхисон машин нь хэдхэн минутын дотор эхнийхээ халдлагад өртсөн бөгөөд 24 цагийн дотор гэхэд юу ч үгүй тоногдон хүүхдийн тоглоомын машин шиг л сэг болон үлдэж. Харин Пало Алтод орхисон машинд нь долоо хоногийн туршид хэн ч гар хүрээгүй тул Зимбардо өөрөө очин лантуугаар цохиод орхиж. Түүнээс хойш тун удалгүй хүмүүс тэр машиныг нь тонож эхэлжээ. Зимбардогийн ажигласанаар машины тонуулч нар ихэнх нь цэвэрхэн хувцасласан, цагаан арьстай, хүний хүндлэл хүлээхүйц гэмээр цэмцгэр залуучууд байсан нь түүний гайхшралыг төрүүлсэн нэг үр дүн болж. Түүний хувьд Бронкс шиг гэмт хэрэг ихээр гардаг дүүрэгт бол хулгайч тонуулчид илүү элбэг байх тул машин нь илүү хурдтай тоногдож дууссан нь хүлээж байсан үзэгдэл нь. Гэсэн ч яг адилхан үйл явдал гэмт хэрэг бараг гардаггүй өөр нэгэн илүү соёлтой хотод арай удаан болсон ч гэмт хэргийн сэдэл өгөнгүүт мөн л адилхан хурдацтай өрнөж буйг ажиглан дүгнэсэн нь энэхүү “Хагархай Цонхны Онол” гарах эхлэл нь байв.
Тус онол 1982 онд олон нийтэд хэвлэгдсэн цагаасаа хүчтэй тархаж 1984 онд тухайн үеийн хамгийн их гэмт хэргийн гаралттай хот болох Нью Йорк хотын гэмт хэргийн гаралтыг бууруулахад хамгийн их түлхэц болон амьдрал дээр ашиглагдаж эхэлжээ. Энэ онол дээр тулгуурлан 1984 оноос Нью Йорк хотын транзитив тээврийн удирдлага метронууд дээрх замбараагүй графит бичилтүүд олон нийтийн зан үйлд сөргөөр нөлөөлөн гэмт хэргийн гаралтыг ихэсгэж байна хэмээн үзэж графит бичилтүүдийг 6 жилийн турш системтэйгээр дэс дараалуулан арилгажээ. Түүнчлэн 1990 оноос метроны төлбөр төлдөг цахилгаан хаалтууд дээр цагдаа нарыг олноор нь байршуулж эхлэн нэг ч гэсэн хүнийг $1.25 төлөлгүйгээр метро руу нэвтрэх боломжийг олгохгүй байв. Төлбөрөө төлөлгүйгээр нэвтрэх гэж оролдлого хийснээсээ болон баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь өмнө нь ямар нэгэн хэрэгт орооцолдож байсан, биедээ ямар нэгэн зэвсэгтэй гэх мэт гэмт хэрэг үйлдэх хамгийн өндөр магадлалтай хүмүүс байсан нь хотын транзит тээврийн энэхүү урьдчилан сэргийлэх үйл явц нь Нью Йорк хотын цагдаагийн газрын ажилд ч маш ихээр тус нөлөө үзүүлж байв. Ийнхүү 1990 оноос 1994 оны хугацаанд Нью Йорк хотын транзит тээврийн удирдлагаар ажиллаж байсан Виллиам Браттон 1994 оноос Нью Йорк хотын Цагдаагийн Газрын даргаар томилогдон ажиллах болж тус хотыг өнөөдрийн дэлхийн эдийн засгийн төв, олон үндэстний нийслэл хот болоход нь томоохон хувь нэмэр оруулжээ. Нью Йорк хотод 1990 онд 2245 аллагын хэрэг бүртгэгдсэн бол 1995 онд энэ тоо 1177 болтлоо буурч 1996 оноос 3 оронтой тоонд багтах болсон бөгөөд үүнээс хойш тасралтгүй буурсаар байгаа юм. Энэ эрчимтэй бууралт бол метроны графит зургуудыг том жижиг гэлтгүй бүгдийг нь арилгах, метронд туулайчлагдыг ганцхан удаа ганц доллар гэлтгүй нэг бүрчлэн барьсанаар бий болсон үр дүн юм.
Энэ мэтчилэн “Хагархай цонхны онол” амьдрал дээр ч төдийгүй олон олон ном зохиолуудад ашиглагдсаар ирсэн. Тухайлбал 2000 онд гарсан Малколм Гладвелийн “Типпинг Пойнт буюу жижиг зүйл хэрхэн том өөрчлөлтийг бий болгодог вэ” номонд дэлгэрэнгүй дурдагдсан байдаг. Мөн тус онолын нийтлэлийг хамтран бичсэн, 1984 оноос Нью Йорк хотод ажиллаж метроны графиттуудыг арилгахад голлон дэмжлэг үзүүлж байсан Жорж Келлингийн 1996 онд Катерин Колес-той хамтран гаргасан “Хагархай цонхыг засах нь буюу системийг шинэчилж нийгэм дэх гэмт хэргийг буруулах нь” номонд тус онолыг хэрхэн ашиглаж нийгмийн сөрөг зан үйлийг бууруулах талаар маш дэлгэрэнгүй дурдаж өгсөн байдаг байна.
Зохиолчдын дурдсанаар зэрлэг зан үйлийг тархан дэлгэрэхээс нь урьдчилан сэргийлэх хамгийн амжилттай арга барил бол асуудлыг жижиг байхад нь анхаарал хандуулж шийдвэрлэх юм. Хагарсан цонхыг аль болох богино хугацаанд хэдэн цагийн эсвэл хэдхэн өдрийн дотор завсарлачихвал бид хагархай томрохоос эсвэл өөр олон цонхнуудыг хагарахаас сэргийлж чадна. Цаашлаад зөвхөн тэрхүү хагарсан цонх гэлтгүй гудамж, талбай, явган хүний замаа өдөр бүр цэвэрлэж хог бага хаяж байх хэрэгтэй, учир нь ийм цэвэрхэн тохитой орчинд иргэд нь хариуцлагатай байж сөрөг зан үйл тархаадаггүй гэжээ.
“Америкт ирсэн нь” киноны хэсэг: 1980-д оны Нью Йорк хотын метро


ОРЧИН ҮЕИЙН ХАГАРХАЙ ЦОНХ буюу СОШИАЛ МЕДИА?
Тэгвэл орчин үеийн графиттай метро юу вэ?
Америкчуудын өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болсон өглөө ажилдаа явахдаа ч, орой гэртээ харихдаа ч, найз нөхөдтэйгөө уулзахдаа ч хаашаа ч зорчсон орж суудаг тэрхүү метро, зорчиж байхад нь замын турш харагдаж өдрийн турш нүдэнд торж зан үйлд нь нөлөөлж байсан тэр графит бичгүүд өнөөдрийн нийгэмд юутай адилхан бэ?
Дижитал эрин гэж нэрлэгдсэн энэ үеийн тэрхүү метро нь бидний өдөр тутмын салшгүй нэгэн хэсэг болсон Сошиал Медиа, харин тархинд сигнал дамжуулагч нь Сошиал Медиа доторх мэдээллүүд гэвэл та санал нийлэх үү?
Сошиал медиа гэсэн агуулгад багтдаг Фэйсбүүк, Твиттер, Инстаграм, Медиум, Блоггер, Вордпресс гээд олон зуун апп, вебсайтуудаас зөвхөн фэйсбүүкийг жишээ татан аваад үзье
http://www.internetworldstats.com/stats3.htm
2013 он гэхэд Монголчуудын 27% нь интернет хэрэглэгчид бөгөөд тэдний 63% нь буюу 515.080 нь фэйсбүүк хэрэглэдэг тэдгээрийн 72% нь 18–34 насны залуучууд гэсэн тоон үзүүлэлтийг Internetworldstats.com гаргасан байна. Харин хамгийн сүүлийн үеийн тоон мэдээллээр буюу 2015 оны 9-р сарын байдлаар Монголын нийт хүн амын 29% нь буюу ойролцоогоор 880 мянган хүн тус сайтын хэрэглэгч бөгөөд тэдгээрийн 47.5% нь эрэгтэй, 52.5% эмэгтэй хэрэглэгчид байдаг гэсэн тооцоолол байгаа юм. Энэхүү фэйсбүүкийн хэрэглэгчийн тоогоороо бид дэлхийд 103-т бичигдэж байна. Бид эдгээр тоонуудаас бидний интернет хэрэглэгчид тэр тусмаа фэйсбүүк хэрэглэгчид ямар олон болохыг харж болно. Тэгвэл үүнээс илүү чухал нь эдгээр хэрэглэгчдийн 90-с илүү хувь нь идэвхтэй хэрэглэгчид буюу аливаа мэдээллийг өөр хоорондоо энэхүү сошиал медиа сайтаар солилцож байдагт байгаа юм. SocialBakers.com сайтын статистикаар Монголын хамгийн олон лайктай хуудас нь 506.430 буюу нийт фэйсбүүк хэрэглэгчдийнх нь 58 орчим хувь нь тухайн хуудсыг дагадаг, мөн хамгийн хурдацтай лайкын тоо нь өсөж яваа хуудсыг харахад өдөрт 3340 лайкаар буюу дагагчаар нэмэгддэг гэсэн тоо байгаа юм. Бидэнд нэг пост ямар хурдтай хүчээ авч, хамгийн олондоо хэдэн лайк, шэйртэй болох талаар статистик хараахан байхгүй боловч бид байгаа тоонууд дээрээсээ Фэйсбүүк Монголчуудын хувьд яалт ч гүй амьдралынх нь нэг хэсэг болсон мэдээлэл дамжуулах хэрэгсэл болсныг харж болно
Тэгэхээр бид Фэйсбүүкийг НьюЙоркын метротой адилтган нэгэн барилга гэж үзвэл энэ барилгын “Цонх хагархай юу?” гэдэг дараагийн нэгэн чухал асуулт гарч ирнэ.
ЭНЭ ЦОНХ ХАГАРХАЙ ЮУ?
Мэдээж та ч гэсэн фэйсбүүк хэрэглэдэг л байх, тэгвэл таны NewsFeed дээр чинь ямар мэдээлэл хамгийн ихээр шэйрлэгдэж, ямар мэдээллүүд хамгийн ихээр лайк дарагдсан гарч ирж байна вэ?
ikon.mn / news.mn / eagle.mn 2015.12.04 17:14
Монголын гурван вэб сайтын их уншигдсан, их хандалттай, болон их сэтгэгдэлтэй буюу хамгийн ихээр хүмүүст хүрсэн мэдээллүүдийг харъя. Эдгээр скриншот хийсэн хэсгүүдээс бид ямар мэдээлэл хамгийн их хүнд хүрсэнийг харах юм бол ихэнх нь сөрөг мэдээлэл байгааг харж болно. Мэдээж бид сөрөг мэдээллийг сэрэмжлүүлэг гэдэг үүднээс уншиж, бусдадаа түгээдэг байх. Гэсэн ч бид нэг сөрөг мэдээллийг өөрийн фэйсбүүкийн 500 найзтай валл дээрээ шэйрлэхэд барагцаагаар тэдний 50% нь буюу 250 нь харж үүний 50% нь буюу 125 нь мэдээллийг уншин танилцаж ихэнх нь сэрэмжлүүлэг хүлээн авч сэтгэлд нь айдас, түгшүүрийн мэдрэмж төрж байж болно. Гэтэл энэ мэдээллийн түгээлтийн сүлжээ аалзны тор мэт цааш яг адилхан шат дамжлагаар түгнэ гэж үзвэл энэ мэдээлэл нэг хүний валл дээр хэдэн ч удаа гарч ирж болно. Ийнхүү сөрөг мэдээллийг олноор нь уншиж, унших бүрдээ айдас түгшүүрийн мэдрэмж хүлээн авах хүнд сэтгэл зүйн ямар өөрчлөлтүүд өөрт нь ч мэдэгдэлгүйгээр гарч эхэлдэг байна. Юун түрүүн хандлагын өөрчлөлт буюу аливааг үзэх хандлага нь сөрөг болж өөрчлөгдөнө, улмаар энэ нь даамжирч зан үйл болж хувирч болно, зан үйл нь цаашлаад тухайн хүнийг тодорхойлогч зуршил болно. Энэ мэтчилэн дамжлагат сэтгэл зүйн өөрчлөлт, цаашлаад сэтгэцийн өөрчлөлт улмаар нийгмийн өөрчлөлтийг дагуулж бидний битүүлж чадамгүй тэр чигтэй хагархай цонхтой барилга мэт болох нэг талын аюултай. Нөгөө талаас сөрөг мэдээллийг өдөр бүр өөрийн валл дээрээ хэд хэдээр нь хүлээн авч байгаа зарим хүнд айдас түгшүүрийн мэдрэмжээс гадна энэ нь боломжийн мэдрэмжийг төрүүлж эхэлнэ. Энэ нь “аан ингэж болдог юм байна, өө энэ чинь муу зүйл биш юм биш үү, хүмүүс ингэдэг байх нь” гэх мэтчилэнгээр тухайн хүнд сэрэмжлүүлэг бус харин ч ГЭМТ ХЭРГИЙН СЭДЭЛ болж хүрч болно. Мэдээж ганцхан пост үзээд гэмт хэрэгтний хандлага суухгүй ч, бага багаар байнга энэ төрлийн мэдээллийг аваад байвал энэ нь тархинд нь сууж эхлээд магадгүй өнөөдөр, маргааш биш ч тав, арван жилийн дараах гэмт үйлдэл хийх зан үйлийнх нь эхлэл болж болно. Тиймээс л гагцхүү ганцхан ширхэг сөрөг утга бүхий пост өөрөө ганц ширхэг хагархай цонхтой утга ижил гэж тодорхойлж болох гээд байгаа юм.
ХАГАРХАЙГ БИТҮҮЛЭХ буюу сөрөг мэдээллийг түгээхгүй байх
Жорж Кэллинг-ийн хэлсэнчлэн “бид ганц ширхэг хагархай цонх нийгэмд ямар том сөрөг зан үйлийг тархаадаг болохыг мэдсэнээрээ ямар хэрэгтэй вэ?” гэдэг асуултын хариулт бол үйл явдалыг өрнөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх. Та бол сошиал медиа хэрэглэгч, гэхдээ та цонх хагалдаг зүггүйтэгч биш. Хэн нэгэн ямар нэгэн сөрөг утга бүхий мэдээллийг сошиал медиа мэдээллийн хэрэгсэл дээр тавьж цонхыг хагалж болно, гэхдээ та түүнийг дагаад дараагийн цонхыг нь хагалах шаардлагагүй. Энэ л бидэнд байгаа сонголт, сөрөг хандлага тархахаас нь урьдчилан сэргийлж буй үйлдэл.
Бид ямар мэдээллээр өөрсдийгөө тэтгэнэ, тийм л зан үйлийг өөрсдөдөө суулгана.



medium.com/@khulan_abz 

About Us

Recent

Random