Яаж хайрцганаас гарч сэтгэх вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Ер нь хайрцагнаас гарч сэтгэнэ гэдэгт юуг ойлгох вэ гэдэг тал дээр интернетээс хартал олигтой юм байсангүй. Янз янзаар тайлбарлаж болох юм.
Гэхдээ би их товчхон байхыг хичээе.
Янз янзын байгууллагад олон төрлийн хүмүүс удирдаж ажиллах явцдаа би хэд хэдэн зүйл ойлгосон юм.
- Зах зээл гэдэг бол хүмүүс. Хүмүүсийг таньж мэдэх нь чухал. Олон улсын зах зээл дээр арилжаа хийж байхдаа техник шинжилгээ, суурь шинжилгээний олон арга хэрэгслийг ашигладаг байв.
Гэвч эцсийн эцэст энэ бол хүмүүсийн хоорондын харилцаа, хүний психологи гэдэг нь улам бүр тодорхой болсон юм. Ашигтай арилжаа хийхийн тулд мөн чанарын шинж чанар болох техник болон суурь шинжилгээнд 100 хувь найдах юм бол сүйрэл болно (би үгүйсгээгүй байна, ач холбогдол нь хүмүүсийн боддог шиг тийм өндөр биш).
Энэ зөвхөн санхүүгийн зах зээл биш өөр бусад бүх зүйлд хамаарна. Цэцэрлэгийн багшид хүртэл хамаатай. Хүмүүсийг таньж мэд.
- Хүмүүсийг таньж мэдэхийн тулд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Чи юу юм бэ? Чи юу хүсч байна? Өөрийгөө таньж мэдээгүй хүн бусдыг таньж мэдэх нь байтугай наад захын үйлдлийг нь ухаж ойлгох чадваргүй байна.
- Аз жаргалтай амьдрах, ажил хэргээ амжилттай явуулахад 5С, 7Р, менежментийн 3 дүрэм гэх мэт зүйлс хамгийн чухал биш. (дахиад л...үгүйсгээгүй байна) Хамгийн чухал зүйл бол хүмүүсийн хоорондын харилцаа буюу харилцан ойлголцол (communication).
Аливаа байгууллагын алдааны дийлэнх харилцаанаас үүдсэн байхыг амархан тайлбарлаж харуулж болно.
Тэгэхээр товчхондоо ...
-Хүмүүсийг таньж мэдэх
-Өөрийгөө таньж мэдэх
-Хүмүүс хоорондын харилцааг чухалчилах явдал болно.
Хайрцган дотор сэтгэдэг хүн гэж...
- Бусдаас ямар нэг зүйл шаардаад байдаг, юу шаардаад байгаагаа өөрөө ч ойлгодоггүй.
- Бүх асуудлыг зөвхөн өөрийн өнцгөөс харж үнэлж, дүгнэдэг тийм хүн болно.
Энэ хүний хувьд бүх хүн өөрийг нь гомдоодог, аливаа харилцааны асуудалд дандаа нөгөө тал буруутай байдаг, бүх зүйл дандаа л өөрийнх нь эсрэг эргээд байдаг. Дэлхийн бүх хүн амын 90 илүү хувь ийм болов уу. (жаахан хэтрүүлж байна)
Хайрцагнаас гарч сэтгэдэг хүн гэж...
- Асуудлыг өөрийн биш бусдын өнцгөөс түрүүлж хардаг
- Аливаа бурууг бусдаас биш өөрөөсөө хайдаг
- Харилцаанд үл ойлголцол гарвал эсрэг талдаа сайн тайлбарлаж ойлгуулж чадсангүй, миний буруу боллоо гэж бодож чаддаг
- Өөрт нь бусад хүн өртэй, тийм учраас туслах ёстой гэж боддоггүй.
- Өөрийг нь бусад хүн өрөвдөх ёстой гэж боддоггүй.
- Өөрийг нь бусад хүн "нүдийг" нь хараад л ойлгох ёстой гэж боддоггүй.
- Өөрийгөө бусдад ойлгуулах, бусдыг ойлгох, тэд нарын хэрэгцээ шаардлагыг мэдрэхийг хичээдэг.
- Бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээн авдаг хүнийг хэлэх юм.
Ингэвэл хайрцагнаас гарч, чөлөөтэй амьсгалж амьдрах юм болов уу.
Эх сурвалж:
ganzorigulziibayar.blogspot.com