Ирэх 10-20 жилд банкны салбарт том өөрчлөлт болно. Банкнууд үйл ажиллагаагаа улам цомхон болгохын хэрээр мэдээллийн технологийн компаниуд санхүүгийн үйлчилгээнд хүч түрэн орж байна. Энэ эргэлтийн үед банкнууд инновацийг таатай хүлээн авч, өрсөлдөх шинэ арга барилд суралцах нь амжилтын гол түлхүүр болоод байгаа юм.
Тэгвэл ойрын хэдэн жилд банкнуудад зайлшгүй гарах өөрчлөлтүүд юу вэ?
ТӨЛБӨРИЙН КАРТ УХААЛАГ УТАС, ЧИПЭЭР СОЛИГДОНО
“Digital Bank” номын зохиолч Крис Скиннерын тооцоолж байгаагаар пластик картнууд ойрын 10 жилийн дотор хэрэглээнээс гарна. Харин түүнийг ухаалаг гар утас, цаг, хувцас зэрэг эд зүйлд суулгасан чипүүд орлох гэнэ.
Европын зарим орнуудад машиндаа шатахуун авахад зөвхөн ухаалаг гар утас ашигладаг болоод байгаа. Тэнд банкны аппликэшн нь шатахуун түгээгүүрийн байршлыг тодорхойлж, жолооч нь шатахуун цэнэглэх станцын дугаар, шатахууны төрөл, авах хэмжээгээ оруулахад л болох юм. Үүний дараа төлбөр автоматаар хийгдэж станц нь өгөгдсөн хэмжээний шатахууныг шахаж эхэлнэ. Харин дараагийн шатанд автомашин нь өөрөө шатахуун түгээгүүрийн станцтай харьцаж, худалдан авалтыг хийдэг болох гэнэ.
Метронд суухдаа NFC чиптэй гар утсаа банкны уншигч машинд ойртуулахад худалдан авалт хийгддэг болоод байгаа бол мөн утсаа NFC чиптэй бөгж, карт зэрэг эд зүйлстэй холбон ажиллуулж болохоор байна.
ATM-ээс бэлэн мөнгө авахад мөн картны хэрэг байхгүй болж, оронд нь ухаалаг утаснаасаа дансандаа нэвтрээд дэлгэцнээсээ QR код уншуулахад хангалттай болсон.
БАНКНЫ САЛБАРУУД ШОУРҮҮМ БОЛЖ ХУВИРНА
20 дугаар зууны банкны салбаруудын гол үйл ажиллагаа нь бэлэн мөнгөний гүйлгээнд чиглэж байсан.
Харин 21 дүгээр зуунд гүйлгээ нь онлайн горимд шилжсэнээр салбарууд хэрэгцээгүй болж байна. Энэ тохиолдолд банкны салбарууд шоурүүм болон хувирч хэрэглэгчдэдээ мобайл банк, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ зааж танилцуулдаг газар болох юм.
Үүний нэг жишээ нь 2012 онд Польшийн mBank банк бүрэн онлайн болж бараг ихэнх салбаруудаа хаасан. Ингэснээр салбаруудад гаргадаг байсан зардлаа шинэ бүтээгдэхүүн, сурталчилгаандаа зориулдаг болж үр дүнд нь хэрэглэгчдийнхээ 75 хувийг онлайн платформд шилжүүлж чаджээ.
Үүний бас нэг жишээ бол Их Британий Atom банк. Энэ жил банкны лицензээ авч байгаа тус байгууллага зөвхөн мобайл аппликэшн болон зүүдэг төхөөрөмжинд суурилсан байх юм. Данс нээхийн тулд хэрэглэгч мобайл аппликэшн татаж суулгаад бүртгүүлж, дансны төрөл, хувийн мэдээллүүдээ оруулахад л хангалттай болж байна.
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛАГЧ НАРТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ
Google, Facebook зэрэг олон арван мянган онлайн худалдааны платформуудад байдаггүй нэг зүйл банканд бий.
Тухайлбал онлайн худалдаа эрхлэгчид өөрийнх нь хэрэглэгч платформоос нь гадуур юу худалдан авч байгааг огт мэдэхгүй. Хэрвээ онлайн платформуудад ийм мэдээлэл байдаг байсан бол хэрэглэгчийнхээ гадуур юу худалдан авч байгаа мэдээлэл дээр нь тулгуурлан янз бүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож болох юм.
Харин эдгээр чухал мэдээлэл зөвхөн банканд хадгалагдаж, үүнийгээ хатуу нууцалдаг. Гэхдээ анонимус буюу нэргүй мэдээлэл дээр тулгуурлан хамтарч ажиллах боломж бий.
Мөн банкнууд худалдааны компаниудтай хамтран ажиллаж орлого олох боломжтой. Жишээ нь нэгэн худалдааны компаниас банканд хандаж “манайд таван авдар дарс байна. Яаралтай зарах хэрэгцээ байна. Дарс байнга авдаг харилцагч нартаа санал болгож өгөөч, орлогоо хуваалцъя” гэж хандаж болно гэсэн үг.
Яг ийм бизнес загварыг зүүн Европын томоохон банк Украины PrivatBank хэрэгжүүлээд эхэлсэн байна.
ЗАРДАЛ ХЯНАХ УХААЛАГ СИСТЕМ
Технологийн тусламжтай банкнууд улам “хүн шиг” болж эхэлж байна. Удахгүй тэд хэрэглэгчийнхээ ааш занг таньдаг болж үйлдлийг нь урьдчилан таадаг болох гэнэ. Жишээ нь хүн Facebook дээрээ Металликагийн тоглолтыг үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлмэгц банкнаас тасалбар худалдаж авахыг санал болгож болох юм.
Бас твиттер дээр шинэ машин сонирхож байгаагаа бичвэл банкнаас зээлтэй байгааг нь сануулах гэх мэт. Нэг үгээр хэлбэл ирээдүйд банкнууд өнөөдрийнхөөс илүү их хэрэглэгчийн мэдээлэл хадгалдаг болно.
Тиймээс тухайн хэрэглэгчийн санхүүгийн байдал дээр автоматаар шинжилгээ хийж зээл өгөх, худалдан авалт санал болгох эсэхээ шийддэг болох юм.
API-ГИЙН ЭРИН ҮЕ
Банк бүрт төрөл бүрийн, янз бүрийн цаг үед хөгжүүлсэн програм хангамж, платформууд бий. Жил ирэх тусам хэдэн зуун мянган мөртэй код хуримтлагдсаар шинэчлэл хийхэд хэцүү болдог. Харин эдгээр олон төрлийн програмыг нэг дижитал цөм, API ашиглан хялбарчилж чадвал өрсөлдөх чадвар эрс нэмэгдэнэ.
Тиймээс мэргэжилтнүүд сүүлийн үед програм хангамжийн шинэ эриний тухай ярилцах болсон. Жишээ нь “API-first” дизайны ач холбогдлыг ихээр ярих болжээ.
Хөгжлийн эхэн үед UI буюу хэрэглэгчтэй харьцах хэсэг хамгийн эхэнд тавигддаг байсан бол одоо энэ нь тийм ч чухал эд биш болсон. Өөрөөр хэлбэл front-end талыг чухалчлахаа болиод API архитектурыг голлон ярилцдаг болжээ.
Банкнууд зөвхөн өөрийн нэгдмэл дижитал цөм бүхий API интерфэйсүүд гаргаж түүнийг нь ашиглан хэрэглэгчтэй харилцах хэсгийг бусад тоглогч нар бүтээх юм.
Үүний хамгийн сайн үлгэр жишээ бол Fidor Bank. Уг банк саяхан Global Banking Award шагналыг авсан нь өөрийн API платформ бий болгон хэрэглэгч, түншүүддээ банкны үйлчилгээнд шууд холбогдож ажиллах боломж олгосныг нь үнэлжээ.
БҮХ ТООЦООЛОЛ ҮҮЛЭН ДЭЭР ЯВАГДАНА
Forbes сэтгүүлд бичсэнээр банкнууд үүлэн технологи (cloud technology) руу эрчимтэй шилжиж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл орчин үеийн банкнууд улам бүр IT компанитай адилхан болж тэдэнд хүчирхэг тооцоолох төв хэрэгтэй болж байна.
Үүний эхний алхам болж Нидерландын DNB банк 2013 оноос Amazon Web Services-ыг бүх банкны үйлчилгээ, вэбсайт, мобайл аппликэшн, онлайн худалдаа, жижиглэнгийн сүлжээ, зээлийн эрсдлийн тооцоололдоо ашиглах болжээ. Үүний дараа Нидерландын $8 тэрбумын хөрөнгөтэй Robeco, Испаний зургаа дахь том банк Bankinter, Австралийн Suncorp зэрэг банкууд үүлэн технологи руу шилжсэн байна.
Энэ бүгдээс харвал ирээдүйн банкны дүр зураг ямар байх вэ? Банкнууд нэг бол дампуурна, үгүй бол IT компани болно.
Эх сурвалж: ikon.mn