Австралийн эрдэмтэд амьдрал байж болохуйц хамгийн ойр гаригийг нээснээ өчигдөр зарлажээ.
Дэлхийгээс Wolf 1061c гэж нэрлэж байгаа уг гариг хүртэл 14 гэрлийн жилийн зайтай. Энэ нь 126 их наяд километр гэсэн үг. Харьцуулбал Ангараг хүртэл 249 сая километр байдаг.
Гэхдээ энэ зай нь сансрын уудмын хэмжүүрээр бол ойрт тооцогдох юм.
Wolf 1061c нь Офиукус оддын ордонд байрладаг ба манай дэлхийд хамгийн ойр 35 дахь одыг тойрдог юм. Уг гаригтай хамт өөр хоёр гариг эргэлдэж байгаа бөгөөд бүгд Ангараг шиг хадархаг гадаргатай байхаар байгаа гэнэ. Эдгээр гурваас Wolf 1061c гариг нь шингэн устай, бүр амьдралтай байж болзошгүй байна. Харин нөгөө хоёрын нэг нь хэт халуун, нөгөө нь хэт хүйтэн тул амьдрал орших боломжгүй харагдаж байгаа аж.
Энэ хоёрын яг дунд байдгийн хувьд Wolf 1061c амьдрал агуулж байх бүрэн боломжтой гэнэ.
Wolf 1061c гариг нь манай дэлхийн массаас 4.3 дахин их масстай, нараа тойрохдоо манай дэлхийн нарыг тойрдог радиусаас 10 дахин бага зайнд аялдаг тул 18 хоногт нэг бүтэн тойрдог аж. Хэрвээ манай дэлхий ийм зайнд нарыг тойрдог бол маш халуун байх байлаа. Гэвч Wolf 1061c-гийн нар нь манай нарнаас хамаагүй сэрүүн буюу гадарга дээрээ 3,300 Кельвин орчим гэнэ. Гэтэл манай нарны гадаргын хэм 5,800 Кельвин байдаг.
Бас нэг сонирхолтой үр дүн нь уг гариг зөвхөн нэг талаараа нар руугаа хардаг тул нэг тал нь сэрүүн, нөгөө тал нь халуун байдаг байх өндөр магадлалтай байна.
Гэхдээ атмосферийн загварыг нь гаргаж үзэхэд их салхины нөлөөгөөр халуун талын агаар хүйтэн тал руугаа урсдаг байж болохоор байгаа юм.
Эрдэмтэд илрүүлсэн гаригаа үргэлжүүлэн судлаж, амьдрал орших боломжийг нь нарийвчлан тодруулахаар ажиллаж байна.
Wolf 1061c гаригийн төсөөлөл загвар:
Эх сурвалж: ikon.mn