2004 онд 20 настай коллежийн оюутан залуу өөрийнхөө дотуур байранд бий болгосонthefacebook.com гэх нэртэй сүлжээгээ CNBC телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр анх танилцуулж байлаа. Өнөөдөр тэр сүлжээ нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болтлоо томорч дэлхий даяар нийт 1,5 тэрбум хэрэглэгчтэй болоод байна. Тухайн үед телевиз үзэж суусан үзэгчид “энэ хүү чинь юугаа яриад байна” хэмээн түүнийг үл тоон өнөөдрийн энэ амжилтыг төсөөлөөгүй биз.
$298 тэрбум доллараар үнэлэгдэх нүсэр том нийгмийн сүлжээний сайтыг үүсгэн байгуулсан залуу бол Еврей гаралтай Харвардын оюутан Марк Зукерберг юм. Хүмүүс Зукербергийн амжилтыг Facebook-г 7 хоногийн дотор бичээд л, хэдэн найзуудаа өөртөө нэгтгээд л, зурагтаар гараад л, дараагаар нь хэрэглэгчид үй олноороо бүртгүүлээд л, хөрөнгө оруулалт татаад л, тэгээ л зар сурталчилгаа явуулаад л амжилтад хүрсэн мэтээр ойлгодог байх. Гэтэл бодит байдал тийм байсангүй. Бизнесийн мэдлэггүй сургуулиа хаясан ичимхий хүү хэрхэн энэ бүгдийг даван туулан 10 гаруй мянган хүнтэй нүсэр компанийг бий болгон амжилтад хүрэв ээ? Түүний амжилтын ард хэн байсан бэ? Танд сонин биш байна гэж үү.
Энэ залууг манлайлагч болгохын тулд өөрийн мэдлэгээ харамгүй заан сургаж,чиглүүлж байсан хүмүүс бол түүний менторууд юм. Компани толгойлон олон тооны хүнийг доороо ажиллуулахын тулд хувь хүнээс янз бүрийн ур чадвар, мэдлэг, туршлага шаардагдана. Хувь хүний хөгжлийн хамгийн сайн сургалт, бол чиглүүлэгчтэй (mentor) байх явдал. Мөн менторинг нь хойч үеийн залуучуудад мэдлэг ур чадвараа дамжуулан үлдээх гайхалтай механизм аж.
Өөртөө болон бусдад өгч болох хамгийн гайхалтай бэлэг бол ямар нэг болзолгүй, нэгнийхээ дутагдал, эмзэг талыг хүлээн зөвшөөрсөн бүрэн нээлттэй байж болох харилцааг бий болгох юм. Хэрэв хэн нэгэн таны сул тал, дотоод айдас болон юуны төлөө тэмцэж байгааг ойлгон, түүнийг тань хүлээн зөвшөөрвөл тэр хүн таны жинхэнэ хамтрагч боллоо гэсэн үг. Ихэнх манлайлагч хүмүүс хань эсвэл хамтрагчтайгаа энэхүү хагацашгүй харилцааг бий болгосон байдаг.
2004 онд thefacebook сайт 30 гаруй сургуулийг хамарсан, 150,000 оюутан бүртгүүлсэн коллежийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг сайт байлаа. Эхэн үедээ зөвхөн .edu э-мэйл хаягтай хүмүүс бүртгүүлэх боломжтой байсан юм. Zuckerberg-н хувьд өөрийн нийгмийн сүлжээг дараагийн төвшинд гаргах чин хүсэл эрмэлзэлтэй явж байсан нь мэдээж. 2004 ондZuck нэгэн э-мэйл хүлээн авсан нь дуу хуваалцдаг Napster болон онлайнаар холбоо тогтоодог Plaxo гэх стартапыг амжилттай бий болгосон Sean Parker-аас байв. Sean Parker-н найз охины найз нь түүнд thefacebook сүлжээг анх үзүүлсэн байна. Sean тэр дор нь thefacebook сайтыг сонирхон ашиглаж үзээд уг сайтад маш их чадамж байгааг харсан тул шууд Zuckerberg руу э-мэйл бичсэн аж. Ингээд тэд уулзалдан thefacebook-н талаар ярилцан танилцсан байна.
Mark Zuckerberg болон Dustin Moskovitz нар ямар нэг том зүйлийн эхлэлийг тавьсан гэдгээ мэдэж байсан тул сүүлийн зунаа fb-н үйл ажиллагааг тэлэхэд зориулан, Цахиурын хөндийд очихоор шийдсэн байна. Зуны сүүл үеэр зарим найзууд нь Harvard уруугаа буцаж, харин тэд хөндийд үлдэв. Zuck-тай харилцаатай байсан Sean Parker зуны төгсгөлд thefacebook-н захирал боллоо. Учир нь Zuckerberg-д түүний тусламж, туршлага, танилын хүрээ үнэхээр хэрэгтэй байсан юм.
5 насаар ах туршлагатай энтрепренер Sean Parker цахиурын хөндийд ажил хэрэг хэрхэн явагддаг, хөрөнгө оруулалтын орчин ямар зэрэг зүйлсийг Zuckerberg-д зааж өгөв. Мөн тэрээр Zuck-д анхны ажилчдаа авахад нь ихээхэн тусалж байснаас гадна компанийн эхэн үеийн санхүүгийн асуудлыг хариуцдаг байлаа. Сайтын хэрэглэгчийн тоо хурдтай өсөхийн хэрээр зардал их гарч байв. Компаниа цааш авч явахын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болох нь гарцаагүй. Zuckerberg тэр хэмжээний мөнгийг өөрөөсөө гаргах ямар ч боломжгүй байсан тул хөрөнгө оруулагч хайж эхлэв. Mark Zuckerberg-г хөрөнгө оруулагч, PayPal-г үүсгэн байгуулагч Peter Thiel-тэй холбож өгсөн хүн бол мэдээж хэрэг Sean Parker. Thiel өөрөөсөө $500,000 долларыг хөрөнгө оруулалт хийн thefacebook-н angel хөрөнгө оруулагч болов. Peter Thiel өөрийн найзууд, хамтрагчдаа facebook-д хөрөнгө оруулахыг дараа нь санал болгосон.
2005 онд Mark Zuckerberg жинхэнэ ментор болох өөрөөсөө 39 насаар ах Donald Graham-тай уулзсан юм. Donald Graham бол 138 жилийн түүхтэй Washington Post сонины газар төрж өссөн хүн гээд хэлчхэд буруудахгүй байх. Тэр бол гэр бүлийн бизнес болох WP-г ээжээсээ өвлөн авч олон жил CEO болон захирлаар ажилласан уламжлалт хэвлэл мэдээллийн салбарын хүчтэй тоглогч, магнат. Harvard-д хамт сурдаг байсан найзынх нь эцэг, эх Washington Post-д удирдах албан тушаал хашдаг байсан тул Zuck-д Donald Graham-тай уулзах завшаан олдсон байна. Washington хотод болсон уулзалтан дээр тээрээр Graham-д дотуур байрны бизнес болох Facebook-н талаар маш дэлгэрэнгүй ярьж өгөв. Donald Graham-д facebook-н санаа хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тул хурдхан шигхөрөнгө оруулахаар шийдэн $6 сая долларыг санал болгожээ. Тэд хөрөнгө оруулалт дээр аман тохироо хийн салсан ч хэсэг хугацааны дараа Donald Graham-н утас дуугарч, хөрөнгө оруулалтыг нь авч чадахгүй болсон тухайгаа Zuckerberg хэлэв. Учир нь тэрээр Accel Partners-аас хамаагүй илүү мөнгөн дүн бүхий $13 сая долларын хөрөнгө оруулалтыг авахаар болжээ. Graham-д худлаа хэлсэн явдалдаа Марк тун их эмзэглэх болов.
Facebook томорсоор 2007 онд Марк Зукерберг компанийн CEO болов. CEO болсныхоо дараахан бизнесийн туршлагагүй тэрээр Donald Graham-д “Одоо би CEO болчихлоо. Иймээс таны дэргэд байж танаас суралцмаар байна.” гэсэн э-мэйлийг явуулжээ. Graham Зукербергийг өөрийн ажил дээрээ урин түүнд хүмүүсээ хэрхэн удирддаг, ажил хэргээ яаж явуулдаг, хурал зөвлөгөөн ямар байдаг гээд CEO байх бүхий л зүйлийг хэдэн хоногийн турш зааж өгөв. Zuckerberg Graham-н зөвлөгөөг маш ихээр үнэлдэг байлаа. Энэ л мөчөөс тэдний ойр дотно, бат харилцаа эхэлсэн юм. Түүнд үргэлж өртэй юм шиг санагдах тул Zuckerberg нэг жилийн дараа 2008 онд Graham-г facebook-н хараат бус зөвлөлийн гишүүнээр урьсан байна. Тэд үргэлж бие биедээ харилцан хоёр талт менторинг хийж, өөр өөр ертөнцийн үзэл бодлоо хоорондоо солилцоно. Өөр салбараас ментортой байх нь чамд аливааг өөр өнцгөөс харах өргөн боломжийг олгоно. Харин Graham-н хувьд Zuck түүнд “сошиал медиа” гэх цоо шинэ зүйлийг таниулсан байна.
Тэр ер бусын 20 настай залуу байсан. Тэр үед нэг тийм ичимхий, эв хавгүй гэхдээ супер бодлогоширсон. Хэрэв чи түүнээс асуулт асуувал тэр хариулахаасаа өмнө хэсэг гацчихна. Би түүнийг яагаад ингээд гацаад байсныг сайн ойлгоогүй л дээ. Би түүнийг гомдоосон эсэхээ ч мэдэхгүй байлаа. Гэтэл тэр бодож байсан юм. Бид Вашингтонд хүмүүсээс асуулт асуучхаад ингээд хүлээгээд байдаггүй л дээ.
Facebook-н №2 гэгдэх үйл ажиллагаа хариуцсан захирал Sheryl Sandberg-г ажилд авахыг Graham анх Зукербергэд санал болгож байв. Мөн Sandberg-д facebook-д орохыг зөвлөжээ. Donald Graham шиг хүмүүс facebook шиг стартап компанийг тогтвортой, өөрийн гэсэн дотоод соёлтой компани болон төлөвшихөд ихээхэн нөлөө үзүүлсэн нь гарцаагүй биз.
Марк Зукербергийг чиглүүлж байсан өөр нэг эрхэм бол домогт Стив Жобс. Цахиурын хөндийд очсон цагаас эхлэн тэрээр Жобс, Гейтс гээд мундаг улсуудтай уулзан тэднээс суралцахыг эрхэм болгож байжээ. Facebook-г эхэн үед маш олон компани худалдан авахаар оролдож байсан тул тэрээр Жобс дээр зөвлөгөө авахаар очсон байна. Тэр цагаас эхлэн Жобстой өглөөн цагаар уулзан өөрсдийн бизнес, инноваци, ирээдүйн талаар ярилцдаг болжээ. Маркд Apple-н бүтээгдэхүүн хийгээд тэдний дизайн ихээхэн таалагдана. Жилд нэг болдог MacWorld зөвлөгөөнөөс санаа аван Facebook өөрсдийн F8 зөвлөгөөнөө хийсэн байх жишээний. 2011 онд Charlie Rose-н ярилцлагын цагаар орохдоо тэрээр Жобсын талаар доорх зүйлсийг хэлэв.
Тэр бол гайхалтай хүн. Надад түүнээс асуух маш зүйл байдаг байлаа. Жобс надад сайн баг бүрдүүлэх, чанартай бүтээгдэхүүн бүтээх гээд олон зүйлийг зааж сургасан.
Жобс мөн түүнд Энэтхэгт өөрийнх нь очиж байсан сүмд очихыг санал болгосон байна. Түүний санал болгосны дагуу Zuckerberg Энэтхэгт очин 1 сар орчим хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд Энэтхэг хүмүүс хоорондоо хэрхэн холбогдож байгааг харсан Zuckerberg Facebook-н алсын харааг улам баталгаажуулан авчээ. Магадгүй тэрээр ирээдүйд юу хийх, хэн болохоо сайтар ойлгон ухаарсан биз.
2011 онд Стив Жобс хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа тэрээр өөрийн fb хуудсандаа ийнхүү бичсэн байна.
Стив, найз болон ментор минь байсанд тань баярлалаа. Таны бүтээж чадах зүйл дэлхийг өөрчилж чадна гэдгийг харуулсан явдалд мөн баярлалаа. Би таныг өгүүлэх байх даа.
Түүний ментор үүгээр дууссангүй. Технологийн салбарын бас нэгэн суут хүн болохMicrosoft-н Билл Гейтс мөн түүний ментор аж. Гейтс түүнд менежментын талаар зөвлөгөө өгөхөөс гадна сайн үйлсийн ажил хийхэд нь бас чиглүүлж өгдөг байна. Ингэж 30 хүрээгүй насандаа тэрбумтан болон буяны үйлстэн болсон юм даа Zuckerberg. Мөн тэрээр бас нэгэн технологийн салбарын энтрепренер болох NetScape-г үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Marc Andreessen-с зөвлөгөө авдаг аж.
Уншигчид та бүхэн дээрх нийтлэлээс ментортай байхын ач тусыг ойлгосон байх. Ихэнх энтрепренерүүд эцэст нь angel хөрөнгө оруулагч, ментор болж залуу үедээ туслан, тэднийг дэмждэг. Учир нь тэд залуу энтрепренерүүдэд тулгарах хүнд бэрх асуудлыг хэнээс ч илүү мэднэ. Өнөөдрөөс эхлэн та өөрийн ментор, хагацашгүй хамтрагчаа хайн олох даалгавартай боллоо. Арслан болмоор байвал арслангуудын дунд л хичээллэх хэрэгтэйг сайн санаж яваарай.
Ментортой байхын давуу тал юу вэ?
- Амжилттай яваа хүмүүс үргэлж ментор хайж байдаг, тэд янз бүрийн эх үүсвэрээс зөвлөгөө авахыг эрмэлздэг.
- Өөр салбарын, өөр карьертай, насны ялгаатай ментортой байх нь давуу тал ихтэй.
- Таны ментор өөр салбарынх байж болно. Амжилттай нөхөрлөлийн цаана тэс өөр хоёр хүн байх жишээний.
- Харилцан хоёр талт менторинг нь үр ашигтай, аль аль талдаа аливаа зүйлийг өөр өнцгөөс харах боломжийг олгодог. Залуу хүмүүст ч гэсэн хуваалцах үнэ цэнэтэй туршлага гэж бий.
youngreader.mn