Стив Жобс бол дэлхийд Iphone, Ipad, Apple компаниараа хэн бүхний танил болсон хүн билээ. Мөн тээрээр өөрийн хачин жигтэй үйл хөдлөл, зан араншингаараа олны танил юм. Тэрээр сэтгүүлчид рүү утасдан шууд л бичсэн зүйлийг нь шүүмжилж, буруу болохыг нь хэлнэ. Жобсын зэмлэлд өртсөн эдгээр сэтгүүлчийн нэг нь NY Times-н Nick Bilton байсан юм. 2010 оны сүүлээр Ipad-н талаар бичсэн түүний нийтлэлийг уншсан Жобс мөн л нөгөө аймшигт зангаараа түүнийг шүүмжлэн зэмлэв. Nick түүний үглэхийг тэвчилгүй ярианы сэдвийг өөрчлөхийг оролдон өөр асуулт түүнд тавив. “Тэхээр таны хүүхдүүд Ipad-д ухаангүй дуртай байх, тийм үү?” Тухайн үед Ipad жинхэнэ шуугиан тарин гарч ирсэн байсан юм.
“Тэд түүнийг ашигладаггүй. Бид гэртээ хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээг хязгаарладаг.” хэмээнЖобс хариу хэлэв. Үүнийг сонссон Nick-н шүлс хоолойд нь тээглэж, хахан чимээгүй болов. Учир нь тэрээр Жобсын гэрийг өөрийн технологид донтсон хүний диваажин мэт төсөөлж байв. Хананд нь том том мэдрэгчтэй дэлгэцүүд, ширээ нь яг л Ipad шиг хийцтэй, энд тэндгүй Ipod гээд л. Харамсалтай нь тийм биш байлаа.
Энэ явдлын дараагаар сэтгүүлч маань дээрх шиг утга бүхий зүйл ярьсан хэд хэдэн технологийн салбарын гүйцэтгэх захирлууд болон хөрөнгө оруулагчидтай уулзсан байна. Тэд хүүхдүүдийнхээ дэлгэц харах цагт хатуу хязгаар тавин, заримдаа бүүр хичээлийн өдрүүдэд бүхий л хэрэгслийг ашиглахыг хориглоно. Мөн амралтын өдрүүдэд даяанчлах цаг хүртэл гаргадаг байна.
Орчин үед иймэрхүү хэв маягаар хүүхдээ өсгөдөг ээж, аав тун ч ховор биз ээ. Эцсийн эцэст ихэнх эцэг эхчүүд хүүхдүүддээ өдөр шөнөгүй ухаалаг утас, таблет, компьютерын гэрэлд байх боломжийг бүрдүүлэн өгч байна.
Доорх технологийн CEO-нууд бидний мэдэхгүй ямар нэг зүйлийг мэдээд байх шиг. Сөрөг нөлөөллийн талаар эндээс дэлгэрэнгүй уншиж болох юм.
WIRED сэтгүүлийн эрхлэгч асан, дрон үйлдвэрлэгч 3D ROBOTICS-н CEO Chris Anderson гэрийнхээ бүхий л төхөөрөмжид цагийн хязгаарлалт болон эцэг эхийн хяналт тавьдаг байна. “Миний хүүхдүүд эхнэр бид хоёрыг технологид дэндүү их ач холбогдол өгдөг хэмээн буруутгадаг. Тэд хэлэхдээ тэдний найзуудын нэгэнд нь ч ийм дүрэм журам байдаггүй гэсэн.” хэмээн Chris хүүхдүүдийнхээ талаар ярьсан юм. “Учир нь технологийн аюул занал бидэнд шууд нөлөөлж байна. Би үүнийг өөрөөсөө олж хардаг. Миний хүүхдүүдэд ийм зүйл тохиолдоосой гэж би хүсэхгүй байна.” хэмээн тэрээр нэмж хэлэв.
OutCast Agency-н гүйцэтгэх захирал Alex Constantinople хэлэхдээ түүний 5 настай хүү ямар нэг төхөөрөмж огт хэрэглэдэггүй. Харин 10 болон 13 настай хоёр хүүхэд нь хичээлийн өдрүүдэд өдөрт 30-аас илүүгүй минут л ашигладаг байна.
Blogger, Twitter, Medium-г үндэслэгч Evan Williams болон түүний эхнэр Sara Williams нар хэлэхдээ “Тэдний бага хоёр хүүхэд нь Ipad бус харин хэзээд аваад уншиж болох зуу зуун биет номтой аж.”
Тэхээр технологийн салбарын ээж аавууд хүүхдүүдийнхээ тэрхүү хязгаарыг хэрхэн тогтоож өгдөг вэ? Ерөнхийдөө бол насаар нь тогтоодог гэхэд болно.
10 нас хүртэл хүүхэд ямарваа нэг зүйлд донтохдоо хамгийн амархан байдаг байна. Тиймээс 10 нас хүртэл нь эцэг эхчүүд хүүхдэд ямар ч төхөөрөмж хичээлийн өдрүүдэд өгдөггүй бололтой. Харин амралтын өдрүүдэд 30 минутаас 2 цаг хүртэл Ipad, ухаалаг утас зэргийг ашиглахыг зөвшөөрдөг байна. 10-14 настны хувьд оройн цагаар зөвхөн даалгавраа хийх зорилгоор ашиглаж болох аж.
Зарим эцэг эхчүүд сошиал нетворк ашиглахыг нь хүртэл хорьдог байна. Nick-н хэлснээр 8 нас бүүр түүнээс бага наснаасаа тоног төхөөрөмжтэй болсон хүүхдүүдийн эцэг эхчүүд ихэнхдээ технологийн бус салбарын хүмүүс байдаг аж. Харин технологийн салбарынхан хүүхдээ 14 хүрэхийг нь хүлээдэг бололтой. Хэдийгээр тэдгээр өсвөр насныхан ухаалаг утас ашиглан дуудлага хийх мессеж бичих боломжтой байдаг ч 16 хүртлээ дата ашиглах боломжгүй байдаг.
Түүний уулзсан технологийн салбарын эцэг эхчүүдэд нэг нийтлэг дүрэм байдаг аж.
“Унтлагын өрөөнд ямар ч дэлгэц ширтэхгүй. Бүр хэзээ ч болохгүй.“ tweet
Гэвч зарим нэг технологийнхан арай өөр бодолтой байгаа бололтой. iLike-г үүсгэн байгуулагч болон Facebook, Dropbox, Zappos-д зөвлөгөө өгөгч Ali Patrovi хэлэхдээ: “Youtube үзэх, видео тоглоом тоглох болон дэлгэцэн дээр ямар нэг зүйл бүтээж байгаа хоёрын хязгаарлалт хоорондоо маш том ялгаатай байх ёстой. Би хүүхдийнхээ зураг зурах, төгөлдөр хуур тоглох цагийг хэзээ ч хязгаарламааргүй байна. Тиймээс төхөөрөмж ашиглан видео засварлах, код бичих, зураг янзлах гэх мэт ямар нэг зүйл бүтээж байгааг хязгаарлах нь тэнэг хэрэг. Яг дээрхтэй адил.”
Twitter-н CEO асан Dick Costolo хэлэхдээ: ” Би өсвөр насны хоёр хүүхдэдээ ямар ч төхөөрөмжийн хязгаарлалт тавьдаггүй. Эхнэр маань ч үүнийг зөвшөөрдөг. Хэтэрхий их хязгаарлалт хийх нь тэдэнд тааламжгүйгээр нөлөөлнө. Гэхдээ зөвхөн унтлагын өрөөнөөс бусад өрөөнд.
Dick Costolo нэмж хэлэхдээ: “Мичиганы Их Сургуульд байхад дотуур байранд надтай цуг нэг залуу байдаг байсан юм. Тэр өрөөндөө боодол боодлоор нь кола болон хийжүүлсэн ундаа тавьчихдаг байсансан. Учрыг нь лавлатал түүнийг өсвөр насанд байхад нь эцэг эх нь огт хийжүүлсэн ундаа өгдөггүй байж. Хэрвээ та огт хэрэглэхийг нь хоригловол эцэс сүүлд нь юу болох бол? “
Сэтгүүлч маань Стив Жобсоос түүний бүтээсэн бүтээгдэхүүнийг хүүхдүүд нь ашиглахын оронд юу хийдэг талаар тодруулж асууж чадаагүй ч Уолтер Исааксоноос харин асууж амжжээ. Исааксон бол түүний гэрт маш их цагийг өнгөрөөн агуу суутны намтрыг бичсэн хүн юм.
Исааксон хэлэхдээ: “Өглөө болгон Жобс хүүхдүүдийн хамт урт ширээн дээрээ хооллон түүх, ном зэрэг янз бүрийн зүйлийн талаар ярилцдаг байсан. Хэн ч тэр үед ipad, ipod-оо гаргаж ирдэггүй яг л ямар нэг төхөөрөмж огт хэрэглэдэггүй мэт.“
youngreader.mn