Өнгөрсөн жилийн турш АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны баривчилсан Росс Улбрихтыг, бүх цаг үеийн хамгийн олон хүнийг хамарсан, хамгийн хүчирхэг “Эзэнт гүрэн” болох “Торгоны зам” сайтыг үүсгэн байгуулагч гэх мэдээлэл цацагдсан билээ.
Өмгөөлөгч нь түүнийг буруугүй, үүнийг нь ч батлах болно гэв
Гэтэл хэдхэн цагийн өмнө эхэлсэн түүний шүүх хурал дээр өмгөөлөгчид нь өөрсдийн хувилбарыг анх удаа нийтэд дэлгэжээ. Өмгөөлөгчдийн ярьсан түүх Улбрихт сайтыг бүтээж байгаагаар эхэлдэг хэдий ч эцэстээ сайтын үйл ажиллагааг явуулж байсан “жинхэнэ” этгээдүүд уснаас хуурай гарах гээд байна гэсэн юм.
Манхэттенд болж байгаа шүүх хурлын эхэнд өмгөөлөгч Жошуа Дретел гайхшрал төрүүлсэн мэдэгдэл хийжээ. Тэрээр: Росс Улбрихт бол Торгоны зам сайтыг үүсгэн байгуулагч.
Гэхдээ энэ бүхэн анхандаа томоохон хэмжээний “Эдийн засгийн туршилт” болох ёстой байсан, тэгээд ч Улбрихт сайтын үйл ажиллагааг хэсэгхэн хугацаанд л явуулсан. Харин “жинхэнэ” этгээдүүд хууль тогтоогчид өөрсдийг нь хайж эхэлсэн тухай сэжиг авмагцаа Улбрихтыг золионд гаргасан юм гэжээ.
Тэгээд төгсгөлд нь “Миний үйлчлүүлэгч сайтын үйл ажиллагаа эхэлсэн эхний хэдхэн сарын хугацаанд л эзэн нь байснаас биш эцэстээ бүхнийг өөр хүмүүсийн гарт шилжүүлсэн. Росс Улбрихт хар тамхи зарж байгаагүй, ТОМ ГАР ч байгаагүй юм” гэсэн байна.
ГЭТЭЛ УЛБРИХТИЙН ЭСРЭГ ТОМ НОТЛОХ БАРИМТ ДЭЛГЭГДЛЭЭ
Улбрихтийн тухай шинэ түүхээс харахад тэр бол зүгээр л хүчирхэг “ЦАХИМ ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД”-ын золиосонд гарсан сул дорой нэгэн мэт. Гэтэл прокурорын тал түүний эсрэг гаргаж ирсэн нотлох баримт хэргийг улам ээдрээтэй/эсвэл хялбар ч байж болох юм/ болгов.
Росс Улбрихт баривчлагдахаасаа өмнөхөн өөрийгөө Торгоны зам сайтыг ажиллуулдаг гэж ам алдсан тухай гэрчийн мэдүүлэг бий
Холбооны мөрдөх товчоо Улбрихтыг шалгах явцдаа өнгөрсөн жил Сан Франциско дахь номын сангаас “Торгоны зам” сайт руу админ эрхээр нэвтрэн орсныг гэрчлэх тэмдэглэл, түүний зөөврийн компьютер дээрх дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэжээ.
Түүнчлэн прокурорын талын төлөөлөгч Тимоти Ховард мэдэгдэлдээ “Росс Улбрихт баривчлагдахаасаа өмнөхөн коллежид хамт сурч байсан эртний танил даа өөрийгөө Торгоны зам сайтыг ажиллуулдаг гэж ам алдсан тухай гэрчийн мэдүүлэг бий, түүнийг энэ шүүх хурал дээр гэрчээр дуудах ч болно” гэсэн байна.
Торгоны зам сайтыг ажиллуулж байсан “Аймшигт дээрэмчин Робертс” гэсэн нэрээр буруутгагдаж байгаа Улбрихтыг мансууруулах бодис зарж борлуулсан, мөнгө угаасан, хууль бусаар сүлжээ хакердсан хэргүүдэд ял оноохоор төлөвлөжээ.
Гэхдээ шүүх хуралдааны эхэнд өмгөөлөгч болон прокурорын талын мэдэгдсэн мэдэгдлүүдээс харахад эхний ээлжид Улбрихтыг үнэхээр “Аймшигт дээрэмчин Робертс”/DPR/ байсан уу, үгүй юу гэдгийг тодорхойлоход чиглэх аж.
Торгоны зам сайтын хувьд өндөр нууцлал бүхий Тор сүлжээнд, мөн л хэн, хаанаас, хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй цахим валют болох Биткойн зэргээр бүх үйл ажиллагаа нь явагддаг. Харин энэ шүүх хуралдааны “ачаар” бид хууль тогтоогчид технологийн энэ дэвшлийн цаана байгаа “эх сурвалж”-ыг хэрхэн олсон гэдгийг мэдэж авах юм.
Улбрихтын өмгөөлөгч ноён Дретел шүүгчид хандан хэлсэн үгэндээ “Интернет гэдэг хачин ертөнц юм. Энд хүмүүс өөрсдийнхөө болон бусдын тухай юу ч гэж ярьж, хүмүүст итгүүлж болдог аж” гэжээ.
ТӨГС ЗОЛИОС”
Дретелийн тайлбарлаж байгаагаар Улбрихт баривчлагдах үедээ “Торгоны зам” сайтын удирдлагаа өөр нэгэнд шилжүүлээд их хугацаа өнгөрчихсөн байсан бөгөөд эцэстээ сайтыг ажлуулж байсан хэргээр бүтэн жил саатуулагдлаа. Харин сайтыг ажиллуулагч НЭГНИЙ хувьд миний үйлчлүүлэгч бол “Төгс золиос” юм гэжээ.
Хууль тогтоогчдын анх сэжиглэж эхэлсэн хүний жинхэнэ нэр нь “РОСС УЛБРИХТ” байгаагүй
Тэрээр үүнийгээ ч батлах болно гээд “Жинхэнэ” DPR өөрийг нь хууль тогтоогчид хайж байгаа бөгөөд мөрдөгчид сэжигтний жинхэнэ нэрийг олчихсон ч байж болох тухай мэдээллийг авахын тулд их хэмжээний мөнгө төлсөн зэрэг баримтыг дэлгэх болно гэсэн байна. Мэдээж хэрэг хууль тогтоогчдын анх сэжиглэж эхэлсэн хүний жинхэнэ нэр нь “РОСС УЛБРИХТ” байгаагүй гэжээ.
Анх хууль тогтоогчид “Торгоны зам”-ын эзнийг хайж эхлэх үед “шинэхэн” эздийн чихэнд “Тэдний мөрөөр” орсон гэх анхааруулга хүрчээ. Ингээд “Аймшигт дээрэмчин Робертс” зугтах төлөвлөгөөгөө боловсруулж, Улбрихтыг гол сэжигтэн болгох аргаа эрэлхийлж эхэлсэн гэж Дретел хэлж байна.
Түүнчлэн баривчилгааны үеэр Росс Улбрихтээс хурааж авсан Биткойн прокуроруудын тайлбарлаж байгаа шиг “Торгоны зам” сайтын ашиг орлого биш бөгөөд анх цахим валют худалдаанд гарахад авсан хэд нь өссөн явдал байсан гэжээ.
Учир нь эрх баригчдын таамаглаж байгаагаар “Аймшигт дээрэмчин Робертс” Торгоны зам сайтаа ажлуулах хугацаандаа өдөрт 20,000 ам. доллартой тэнцэх Биткойн олж байсан гэж үздэг. Гэтэл Улбрихтээс хурааж авсан 18 сая ам. доллар нь энэ их мөнгөний дэргэд юу ч биш аж.
Дээрээс нь өдөрт олж байсан орлогыг нь Биткойны 2013 оны нэгдүгээр сарын дунджаар буюу ойролцоогоор 20 ам. доллароор тооцжээ. Гэтэл Биткойн хамгийн их үнэд хүрч байсан үедээ нэгж валютын үнэ 1120 ам. доллар давж байв.
Дретелийн тайлбарласнаар “Торгоны зам”-ын жинхэнэ эзэд өөрсдийнх нь цаг дуусаж буйг мэдээд Улбрихтэд “Жижигхэн цүнх” өгчхөөд Холбооны мөрдөх товчоо барихыг нь хүлээсэн гэжээ. Харин тэрээр “жинхэнэ” гээд байгаа эзэд хэрхэн Улбрихтын компьютерт нотлох баримтуудыг байршуулсан тухай юм хэлсэнгүй.
Харин мэдэгдлийнхээ төгсгөлд тэрээр ““Аймшигт Дээрэмчин Робертс” бол өөрийнхөө үнэн төрхийг илчлэхээс хамгийн их болгоомжилж байсан хүн... Гэтэл яг тэр хүн нийтийн номын санд очоод, нийтийн интернет сүлжээ ашиглах байсан гэж үү?” хэмээн шүүгчээс асуужээ.
“Тэгэхээр Россыг DPR байсан гэхэд эрүүл ухаантай хэн ч итгэхгүй, жинхэнэ “DPR” лав л шүүхийн танхимд байхгүй”
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ УУ, ЗОЛИОСНЫ ХҮН ҮҮ?
Хэдийгээр Дретел Улбрихтийн компьютер дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх баталгаатай мэдээлэлгүй байлаа ч гэсэн прокурорын талыгдэлсээд авах шиг л мэдэгдэл хийсэн юм. Гэхдээ Прокурорууд Улбрихтыг “Торгоны зам” сайтынхаа үйл ажиллагааг эхэлж байхдаа олон нийтийн форум сайтууд дээр “Мансууруулах бодис худалдан авах хамгийн хялбар, хамгийн аюулгүй арга” гэх сурталчилгааг бичиж байсан гэдгийг баталж чадна гэжээ.
Засгийн газар Улбрихтыг зөвхөн Торгоны зам сайтыг үүсгэн байгуулаад зогсохгүй, 10 орчим хүнийг удирдан сайтынхаа үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан гэдгийг батлах болно
Прокурор Тимоти Ховард мэдэгдлийнхээ эхэнд “Засгийн газар Улбрихтыг зөвхөн Торгоны зам сайтыг үүсгэн байгуулаад зогсохгүй, 10 орчим хүнийг удирдан сайтынхаа үйл ажиллагааг гардан зохион байгуулж байсан гэдгийг батлах болно” гээд “Би бол Торгоны зам, би бол үүсгэн байгуулагч, би бол байгууллага, би бол бүх зүйл” гэх Торгоны замын форум дээр байсан үгийг иш татан хэлсэн юм.
Магадгүй прокурорын тал “Улбрихт найздаа өөрийгөө Торгоны замыг ажиллуулдаг” гэж хэлсэн гэдэг нь л хамгийн шинэлэг нотлох баримт болж байх шиг байна. Одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа гэрч болох Улбрихтын коллежийн найз нь түүнээс 2010 болон 2011 онуудад хэд хэдэн удаа програмчлалын тухай зөвлөгөө авч байжээ.
Улбрихт түүнд Тор сүлжээнд байгаа өөрийн сайтын тухай нууцыг задлахаас цааргалж байсан ч эцэстээ “Торгоны зам” сайтыг эзэмшдэг тухай ам алдсан байна. “Ингээд Улбрихт найздаа Торгоны зам сайт руу хэрхэн орохыг харуулж, энэ бүхний цаана байх сод ухааныг танилцуулжээ” гэж Ховард илтгэлээ өндөрлөсөн юм.
2013 оны долдугаар сард сэтгүүлч Энди Грийнберг “Аймшигт дээрэмчин Робертс”-тэй хийсэн ярилцлага бий. Үүн дээр “Торгоны зам”-ын үйл ажиллагааг хариуцагч тэр НЭГЭН үнэндээ сайтыг бүтээгчээс нь худалдаж авсан тухай хэлж байсан билээ.
Мэдээж хэрэг энэ ярилцлагад үндэслэн түүнийг үнэн эсвэл худал хэлснийг батлах боломжгүй ч шүүх хурал дахиад хамгийн багадаа дөрвөөс зургаан долоо хоног үргэлжлэх учир энэ хугацаанд хүн бүрийн мэдээд байдаггүй “Далд Ертөнцөд” юу болсон тухай илүү дэлгэрэнгүй, баттай нотлох баримтууд дэлгэгдэх биз ээ.
Эцэст нь Ховардын хэлсэн үгнээс иш татахад “Энэ бүх хэргийн ард Улбрихт болон түүний зөөврийн компьютер хоёр л байсан”
эх сурвалж: gogo.mn