Samsung компанийн бүтээсэн ухаалаг телевизор таны яриаг чагнаж байна. Өмнөд Солонгосын технологийн аваргын бүтээсэн SmartTV дуу хоолой таньдаг, интернетэд холбогддог гээд дээр үеийн авдарнуудаас хол илүү болсон. Гэвч нэг асуудал бий.
Тэд таны яриаг гуравдагч этгээд рүү дамжуулж байна гэж The Daily Beast бичжээ. Дуу хоолой таних системийн ачаар та телевизортойгоо шууд ярилцаж болно. Ерөнхийдөө удирдлага хайж эрэл сурал болохгүйгээр дэлгэцэн дээрээ микрофоны зураг гарч байгаа үед та шууд л сувгаа солих тухай хэлэхэд хангалттай.
Гэтэл энэ дэвшил араасаа асуудал дагуулж эхэлжээ. The Daily Beast-ын бичсэн эхний өгүүлбэрт:
“Та өөрийнхөө хувийн чанартай мэдээ мэдээллийг зурагтынхаа өмнө цэгнэж байгаарай, яагаад гэвэл тэдгээр мэдээллийг аливаа гуравдагч этгээд хуулбарлан авч байж болно.”
Учир нь хүмүүс том өрөөндөө л найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамгийн илэн далангүй ярилцдаг. Гэтэл таны зурагт ярьж байгаа бүхнийг бичиж аваад өөр этгээд рүү илгээгээд байвал бас л ярвигтай.
“Татвараас зайлсхийсэн, хар тамхи хэрэглэдэг гээд эсэн бусын юм чалчих шаардлагагүй”
Энэ мэт мэдээллийг гуравдагч этгээд хараад зогсохгүй хууль тогтоогчид, зар сурталчилгааны компани гээд хэн рүү ч явуулж байж болно гэжSamsung тайлбарлажээ.
“Хэрвээ дамжуулалтыг кодчилохгүй бол хакерууд таны зурагтыг “Тагнуулын төхөөрөмж” болгон ашиглаж болно”
Хэрэглэгчийн хувийн нууцыг чанд хадгалах асуудалд Samsung компани тун ч нухацтай ханддаг. Тиймээс тэд өөрсдийн телевизор болон бусад бүтээгдэхүүнүүддээ мэдээлэл кодлох, гуравдагч этгээд хэрэглэгчийн мэдээллийг хулгайлахаас сэргийлэх үүднээс хамгаалалтын систем суурилуулдаг аж.
Гэсэн хэдий ч хакерууд Sony Pictures-ийг орвонгоор эргүүлж чадаж байхад энэ мэт хамгаалалтыг эвдэх хангалттай чадалтай. Тэгэхээр хэрэглэгч зурагтынхаа дуу хоолой таних системийг шаардлагагүй тохиолдолд унтраах, сүлжээнд холбохгүй байх зэргээр сэргийлэхэд илүүдэхгүй гэжээ.
Эх сурвалж: www.gogo.mn