2015-02-10

"Аймшигт Дээрэмчин Робертс гэдэг чинь энэ байна"


Түүнийг Холбооны мөрдөх товчоо баривчилснаас хойш бүтэн 14 сар өнгөрчээ. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Нэгдсэн улсын Засгийн Газар хүртэл Росс Улбрихтыг “Торгоны зам” сайтыг үүсгэн байгуулагч, аллага, мөнгө угаасан хэрэгт буруутай нэгэн гэж үзсээр өдийг хүрэв.
Өмгөөлөгч нар нь Улбрихтыг “Торгоны зам” сайтыг үүсгэн байгуулсан гэж хэлсэн ч “Золиосны хүн” гэж зүтгэж байна
Гэтэл түүний шүүх хурлын эцэст “Аймшигт Дээрэмчин Робертс” гэх хэргийн эзэн яг хэн бэ? гэдэг асуулт урган гарч ирсэн юм. Хэдийгээр өмгөөлөгч нар нь Улбрихтыг “Торгоны зам” сайтыг үүсгэн байгуулсан гэж хэлсэн ч “Золиосны хүн” гэж зүтгэж байна.
Хэрвээ энэ үнэн бол хар тамхи зарж, хүн алах тушаал өгч, өөрийгөө илчлээгүй нэгэн хаа нэгтээ оршсоор байгаа гэсэн үг.
Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үед нэг сэжүүр гарч иржээ. Прокурорын талын дэлгэсэн Улбрихтын компьютер дээрх материалууд дунд “Variety Jones”, “Cimon” гэх нэрс олон удаа давтагдаж байв. Хамгийн гол нь энэ хоёр нэрний цаана нэг хүн байгаа аж.
Сүүлийн жил хагасын хугацаанд Нэгдсэн Улсын хууль тогтоогчид Улбрихт, “Торгоны зам” сайтын гурван ажилтан, “Торгоны зам 2,0” сайтын админыг хүртэл баривчилсан. Гэхдээ тэд “Jones” гэдэг нууц нэр ашигладаг байсан хэн нэгнийг баривчлаагүй билээ.
Улбрихтын компьютер дээрх мэдээлэлд үндэслэн дүгнэхэд “Jones” гэдэг нөхөр ерөнхийдөө “зөвлөх”-ийн үүрэг гүйцэтгэж байжээ. Хэргийн эзэн болох “Аймшигт дээрэмчин робертс”-т хэрхэн хар тамхины наймааг явуулах, олсон мөнгөө хакерууд болон дээрэмчдээс хэрхэн хамгаалах зэргийг зааварлаж байв.
Улбрихт ч өөрийн компьютер дээр 2011 онд “Jones бол Торгоны зам дээр надтай тааралдаж байсан хамгийн хүчирхэг, сэтгэн бодох чадвар өндөртэй нэгэн байсан” гэж бичжээ.
“Jones” Торгоны зам сайтыг эзэмшигч, хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагчийн аль нэг нь байсан байж болно
“Тэр л надад техникийн талын мөш олон зөвлөгөө өгч, сайтын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах, Торгоны зам дээрх хэрэглэгч нартай хэрхэн харилцах, асуудалтай нөхдүүдэд ямар арга хэмжээ авах, нэрээ өөрчлөх, дүрэм тогтоох гэх мэт бүхнийг зааж өгсөн. Үүгээр зогсохгүй хуулийн байгууллагын өмнө яах ёстой, ямар гэрээслэл бичих, дараагийн залгамжлагч аа хэрхэн тодорхойлох гээд үргэлжилнэ. Тэр жинхэнэ зөвлөх байлаа”
Торгоны зам сайтын энгийн л нэг хэрэглэгч болох “Variety Jones” гэх хэрэглэгч тун чадварлаг хар тамхи борлуулагч байжээ. Түүний хуудсан дээр хэрэглэгчид захиалга өгсөн өдөртөө л хүргэж өгдөг гэж магтсан сэтгэгдэл их харагддаг байв.
Гэхдээ энэ бүхний ард “Jones” Торгоны зам сайтыг эзэмшигч, хамтран зүтгэгч, хөрөнгө оруулагчийн аль нэг нь байсан байж болно. Хэдийгээр Улбрихтын санхүүгийн бүртгэл дунд түүний нэр байгаагүй ч Torchat-аар дамжуулан Улбрихттэй худалдаа арилжааны талаар, сайтын үйл ажиллагааны дүн мэдээлэл, ажилчдын тухай гээд олон зүйлсийг ярилцаж байжээ.
Улбрихт анх өөрийнх нь тухай мэддэг программист найз, хуучин найз охин хоёр байгаа тухай Jones-т цухуйлгасны дараа “Аймшигт Дээрэмчин Робертс” гэдэг нэрийг ашиглаж эхэлсэн аж.
Ингэсэн шалтгаан нь “Аймшигт Дээрэмчин Робертс” гэх нэрийг хэд хэдэн хүмүүст ашиглуулснаар хэзээ нэгэн цагт Улбрихт баривчлагдвал түүнийг “Торгоны зам” сайтыг ажиллуулж байсан гэхэд хэцүү болно гэж үзсэн юм байна.
2012 оны эхээр Jones “Чи Админ гэх нэрээ “Аймшигт Дээрэмчин Робертс” болгоод өөрчилчих. Түүхийг шинээр эхлүүл... Мөрөө сайн баллах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд чиний тухай мэддэг тэр хүмүүс дараа нь чамд гай болж магадгүй” гэжээ.
Улбрихт “Variety Jones” хоёрын харилцаа 2011 оны сүүлээр эхэлжээ. “Jones” анх Улбрихтэд сайтынх нь хакеруудын халдлагад өртөж магадгүй хэсгүүдийн тухай яриа өдөж улмаар техникийн зөвлөгөө өгч эхэлсэн байна.
Ингээд бүтэн хоёр жилийн турш сайтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байх хугацаанд Jones зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, Улбрихттэй улам дотно найзууд болж байв. Прокурорын талын гаргаж тавьсан нотлох баримтууд дунд зөвхөн тэр хоёрын харилцан яриаг багтаасан 1000 гаруй хуудас материал байжээ.
Jones зарим тохиолдолд бүр түүний ПР зөвлөх ч болж байсан баримт бий. Vice сэтгүүл Улбрихтыг ярилцлагад орохыг гуйсан тухай Jones-т хэлэхэд “Ярилцлага өгсөнгүй гэж харамсаж байсан хүн нэгээхэн ч үгүй... харин өгсөндөө харамсдаг олон хүн байдаг юм шүү” гэж бичжээ.
Үнэндээ тийм ухаантай, надтай ижил бодол, зорилготой хүнтэй ярилцана гэдэг гайхамшигтай хэрэ
Нэг удаа Улбрихтын хамгийн сайн ажилтнуудын нэг болох “Дижитал Алхими” гэх нэртэй этгээд сураггүй алга болчихсон аж. Энэ үед Улбрихт Jones-т ханджээ. Тэрээр “Түүнийг олох хэрэгтэй. Хэрвээ чи хүсвэл ярилцаж үзэж болох юм. Гол нь бидний талд хэвээр байгаа үгүйг л мэдэх шаардлага байна” гэсэн байна.
Сүүлд Улбрихт түүнээс “Хөлсний алуурчин” хөлслөх хэрэгтэй үгүйг ч асууж байсан билээ. Ийм дотно харилцаатай байсан учраас ч Улбрихт 2011 оны сүүлээр өөрийн тэмдэглэлдээ “Jones надад олон зүйлд тусалж байна. Торгоны замтай холбоотой бүхэн зөвхөн бид хоёрт л хамаатай. Үнэндээ тийм ухаантай, надтай ижил бодол, зорилготой хүнтэй ярилцана гэдэг гайхамшигтай хэрэг” гэж бичжээ.
Jones гэх нөхөр хэн ч байлаа гэсэн түүнд “Торгоны зам” сайт дэндүү их сэтгэгдэл төрүүлсэн нь харагддаг. Тэрээр нэгэнтээ/өвс татчихсаныхаа дараа, өөрөө ч үүнийгээ баталсан/ сайтын форум дээр 2450 онд түүний үр ач “Торгоны зам” сайтыг хэрхэн хэрэглэж байгааг өгүүлсэн нийтлэл бичжээ.
“Торгоны зам манай нарны аймгийг, дэлхий дээрх хот тосгодыг Бархасбадь гаригийн дагуулуудыг түүнээс цааших бүхнийг хэрсэн асар том сүлжээ болжээ. Торгоны зам зүгээр нэг хэрэглэгч, наймаачдын хооронд зуучилдаг нууцлаг сайт байхаа больжээ. Учир нь Торгоны зам шинэ санаа байсан юм... Учир нь торгоны зам эрх чөлөө билээ”
Varity Jones “Торгоны зам” сайтын форум дээр өөрийнхөө тухай хэдхэн зүйлсийг л дэлгэж байжээ. Тэрээр өөрийгөө марихуан шинжээч/өвс яг л дарстай адил зүйл. Маш олон амт, үнэр байдаг юм. Надад 2500 гаруй төрлийн үр бий/ гэж тодорхойлж байв.
Түүнчлэн Торгоны зам сайт дээр марихуан зардаг хүн бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн гэжээ. Харин Роберт Хайнлайн, Артур Кларк нарын уран бүтээл таалагддаг аж.
Амьдарч байгаа газрын тухайд Их Британи гэж бичжээ. Гэхдээ тэрээр нэг газраа удаан суурьшдаггүй нэгэн юм. Улбрихтэд бичсэн зүйлсдээ өөрийгөө “Нэг газартаа хоёр жилээс илүү уддаггүй” гэжээ.
Чамайг оргуулахын тулд би нисдэг тэрэгний компани ч хөлсөлж болно.
Улбрихт нэгэнтээ түүнээс мөнгөө Холбооны засгийн газраас хэрхэн нуух тухай хүртэл асууж байв. Jones хариуд нь “Нэг мөсөн чи өөр газар амьдардаг болсон нь дээр. Доминиканы бүгд найрамдах улс гэхэд 10 мянган ам. доллароор 24 сарын иргэншил, Багамын арал 280 мянган ам. доллароор 4 сарын иргэншил санал болгодог. Тэгээд ч асуудлаа ингээд шийдчихвэл чамд олон төрлийн паспорт хэрэггүй болно” гэжээ.
Ерөнхийдөө тэдний яриан дунд байсан хамгийн сонирхолтой хэсэг нь Улбрихтыг хэзээ нэг өдөр баривчлагдах магадлал өндөр тухай яриа байв. Тиймээс хэрвээ шоронд орвол нөөц төлөвлөгөө байх хэрэгтэй тухай ярилцдаг байжээ.
Үүнээс сийрүүлбэл “Үнэндээ бидний олж байгаа мөнгөн дүнд үндэслэхэд чамайг оргуулахын тулд би нисдэг тэрэгний компани ч хөлсөлж болно. Хэрвээ чи баривчлагдвал нэг л өдөр чамайг хашаан дотроо нарлаж байхад чинь би нисдэг тэрэгтэй очиж авах болно. Амлаж байна”.
Мэдээж хэрэг Улбрихт аль нэг арал дээр очиж амьдрахыг хүсээгүйг бид мэднэ. Харин оронд нь 2013 оны аравдугаар сард Сан Франциско хотын номын сангийн шинжлэх ухааны тасгаас баривчлагдсан билээ.
Тэрээр сүүлийн жил хагасын ихэнх хугацааг Бруклин дэх шоронгийн камертаа өнгөрүүлсэн. Өнгөрсөн сард болсон шүүх хурлын дараа шүүгч түүнийг хүний амь хөнөөсөн, хар тамхи борлуулсан, мөнгө угаасан гэх мэт хэргүүдэд буруутай гэж үзсэн.
Хэрвээ шүүхийн эцсийн шийдвэр гарах аваас энэ маягаараа Улбрихт бүх насаараа хоригдох ял авна. Гэтэл Variety Jones-ийн амлаад байсан шоронгоос оргуулдаг нисдэг тэрэгний бараа байтугай чимээ ч дуулдахгүй байсаар өдийг хүрлээ.

Эх сурвалж: www.gogo.mn

About Us

Recent

Random