Хүний мэдлэг зузаарах тутам өмнө нь бодит байдлыг ямар хол зөрүүтэй ойлгодог байснаа мэдэж дотор нь арзасхийнэ. Мөн одоо бодитой гэж бодож байгаа нь бас л хол зөрүүтэй байх магадлалтайг харж санааширна.
Мэдэх тусам мэдэхгүйгээ мэдлээ хэмээн Грекийн философич уулга алдсан байдаг. Ертөнц бол Бодит байдал, харин Хүн бол Ойлгоц юм. Хүний ойлгоц, Ертөнцийн бодит байдалтай давхцах тэр мөчийг гэгээрэх. Түүнээс цааш нөгөө этгээдийг гэгээрсэн хүн буюу гэгээнтэн гэж нэрийднэ.
Юу үнэн бэ. Бодит байдал үнэн. Юу худал вэ. Хүний бодит байдал мөн гэж ойлгох ойлгоц худал билээ. Хүн бодит үнэнээс дандаа зугатна. Тийм учир тэр бодит байдлыг хэзээ ч харж чадалгүй, өөрийн тархин доторх өнгөц ойлгоцоо бодит байдал хэмээн мунхагласаар насыг барна.
Туйлын үнэн гэж бий. Харьцангуй үнэн гэж юм энэ ертөнцөд үгүй. Туйлын үнэн гэж бий. Тэр бол бодит байдал мөн.
Хүн харин дандаа бодит байдлаас зугатна. Айна.
Монгол улс дэлхийн хамгийн ядуу буурай, чадалгүй орнуудын нэг болсон нь бодит байдал. Харин түүнийг хүлээн зөвшөөрч чадалгүй зугатагсад нь бид. Бодит байдлыг хүн бүр мэдэрдэг. Гэвч хүлээн зөвшөөрөлгүй зугатаадаг. Мартахын тулд соосог бодож олно. Соосогноос сүү гарахгүй. Гэвч бид өөрсдийгөө хуурна.
Монгол улсаас дэлхийн мисс гарлаа гээд Монгол улсын дэлхийд эзлэх байр суурьт ямар ч өөрчлөлт гарахгүйг бүгд л мэднэ. Гэвч айна. Өөрсдийгөө хуурч, ядаж ганц хоёр сар ярих бодох юмтай болцгооно.
Дээд сургуулиа 15 жилийн өмнө төгсөөд нэг ч менежментийн ном уншаагүй гүйцэтгэх захирал, таарч тохирохгүй нь бараг анхны өдрөөсөө тодорхой байсан - удахгүй хүүхэд өнчрүүлэх гэж байгаа хосууд, кэйбордоосоо үсгээ хайж шивдэг оффисын ажилтан, зааж байгаа юм нь сурагчдад нэмэргүй байгааг битүүхэн мэдрэх багш, улс орон нь энэ маягаараа бол удахгүй дампуурахыг гадарлах УИХ-н гишүүн --- бид бүгд л бодит байдалтай нүүр тулахаас айж, ямар нэгэн соосог бодож олцгоодог.
15 жил ном уншилгүй компани удирдсан захирал, 24 жил босоо УИХ-д суусан гишүүн. Энэ хүмүүсийн ойлгоц - бодит байдлаас хэр хол зөрсөн байдаг бол?
Ид шидэнд найдалтын индекс гэж гаргаад судлагаа авбал Монгол дэлхийд дээгүүрт жагсахыг мэдэж байна уу. Бодит байдлыг ярьж хэлсэн хүнээ үзэн яддаг соёл бидэнд гүнзгий тогтож эхэлж байна.
Бодит байдлаас их хол зөрүүтэй сэтгэж эхэлбэл үндэстэн мөхдөгийг хүн төрлөхтөний түүх харуулна. Бодит байдалд ойртож очихын тулд бидэнд мэдлэг хэрэгтэй. Гэтэл мэдлэг ямар хэл дээр байдаг вэ. Монгол уу? Англи уу? аль эсвэл Латин уу? Энэ бол бодит байдал.
Бидэнд хоёр л сонголт байгаа. Нэг бол дэлхийн бүх мэдлэгийг Монгол хэл дээр хөрвүүлэх, үгүй бол бүгд Англи хэл сурцгааж мэдлэгээ англи хэлээр олж авах төвшинд очих. Энэ бол бодит байдал. Хэзээ хийх вэ гэдэг нь бидний мөхөх үү сэхэх үү гэдэг асуултын хариулт болно.
Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч
Ө.Ганзориг
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn/mn/b/7184