Өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хакер гэх үгийг харин ч нэг ашиглах шиг болсон. Энэ ч цаашид үргэлжлэх хандлагатай байна. 2014 оны онцлох сэдэв гэвэл хакерууд Холливудын оддын нүцгэн зургийг дэлгэсэн, Sony Pictures-ийн материалуудыг цацсан гэх мэт томоохон хэргүүд бий.
“Хар малгайтнууд” хүмүүсийн нууцыг дэлгэж, системийн үйл ажиллагааг гэмтээдэг
Ялангуяа хамгийн их хохирол учруулсан Sony Pictures-ийн халдлагад Нэгдсэн улс БНАСАУ-г буруутгаж байгаа. Тэгвэл ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг хакеруудыг “Хар малгайтнууд” гэдэг аж. Тэд хүмүүсийн нууцыг дэлгэж, системийн үйл ажиллагааг гэмтээдэг.
Харин “Цагаан малгайтнууд” гэж хэсэг бас бий. Эдгээр хүмүүс системийг илүү сайжруулж, халдлагад өртөхөөс сэргийлэхэд юуг анхаарах ёстойг хэлж өгөхийн тулд системд нэвтэрдэг бөгөөд хууль ёсны дагуу мөнгө олно.
Зарим тохиолдолд “Саарал малгайтнууд” гэх хэллэг ч бас ашиглагддаг. Тэд дээр дурдсан зүйлсийг хослуулдаг аж. Тэгвэл Хууль тогтоогчдын шүдний өвчин болж, баригдахаасаа өмнө өчнөөн сая долларын хохирол учруулж байсан гээд хачирхалтай түүхтэй, хамгийн чадварлаг хакеруудыг танилцуулъя.
1. АДРИАН ЛАМО
Зохиомол нэр: Орон Гэргүй Хакер
Нас: 33
2003 онд баривчлагдахаасаа өмнө Адриан Ламо “The New York Times”, Google, Yahoo, Microsoft-ын сүлжээнд нэвтэрч байжээ. Тэрээр эдгээр ажиллагаануудаа үргэлж кофе шоп, номын сан зэргээс явуулдаг байсан учир “Орон Гэргүй Хакер” гэж нэрлэсэн аж. Гэхдээ түүнд нэг алдаа байв. 2002 онд “The New York Times”-ын сүлжээнд нэвтрэн нийтлэл бичдэг хүмүүсийн хувийн мэдээллийг авчээ.
Гэтэл тэр ингээд зогсолгүй сайтын шинжээчдийн жагсаалтад өөрийнхөө нэрийг хавчуулчихсан юм. Үүний үр дүнд Холбооны Мөрдөх Товчоо бүтэн 15 сар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ламог Калифорнид байхад нь баривчлав. Гэхдээ азаар Ламо давж заалдах шатны шүүхээс зургаан сар гэрийн хорионд байх шийдвэр гаргуулж, шоронгийн хаалга татахаас бултаж чадсан юм.
Яг энэ мөчөөс эхлэн түүний амьдрал уруудаж эхэлжээ. Ламог найз охиноо буугаар сүрдүүлсэн, Аспергерийн синдромтой гэх яриа гарч, эцэст нь Нэгдсэн Улсын Батлан хамгаалах яамны асар их мэдээллийг задруулсан хэрэгтэн Челси Меннингтэй хамтран ажилласан хэрэгт буруутгагдсан юм.
2. ЖЕАНСОН ЖЕЙМС АНЧЕТА
Зохиомол нэр: Гутрашгүй
Нас: 30
Бүхэл бүтэн компьютерын арми бүрэлдүүлж их хэмжээний спам явуулсан хэргээр ял сонссон анхны Америк иргэн бол Жеансон Анчета. Тэрээр 2004 онд “rxbot” гэх вирусыг ашиглан 500,000 компьютерын сүлжээнд нэвтэрч, тэднийг удирдах болжээ.
Хагас компьютерын зарим нь Нэгдсэн Улсын Батлан хамгаалах яамны компьютерууд байсан юм. Удалгүй Анчета энэ их хүчээр дурын веб сайтын үйл ажиллагааг доголдуулж чадна гэдгээ ойлгож, зар тарааж эхэлжээ. Харин 2005 онд Холбооны Мөрдөх Товчооныхон түүнийг баривчилсан юм.
Шүүхийн шийдвэрээр Анчета хакердаж олсон 58,000 ам. доллароо хураалгаж, 16,000 ам. долларын торгууль төлсөн бөгөөд таван жил шоронд хоригджээ.
3. АСТРА
Нас: 58
“АСТРА” гэх нэрээр олонд танигдсан энэ хакерийн хэн болохыг эрх баригчид хэзээ ч зарлаж байсангүй. Гэхдээ 2008 онд болсон баривчилгааны дараа хэвлэл мэдээллийнхэн түүнийг 51 настай математикч гэдгийг мэдэж авчээ.
Грекийн эрх баригчдын тайлбарласнаар “АСТРА” Dassault группын системд нэвтэрч компанийн хөгжүүлж байсан зэвсэг, сөнөөгч онгоц зэргийн мэдээллийг хулгайлж өөр оронд зарж байсан юм байна.
Түүнийг эдгээр мэдээллээ Ойрхи Дорнод, Бразил, Франц, Герман, Итали, Өмнөд Африкийн 250 гаруй иргэнд нэг тус бүрт нь 1000 ам. доллароор зарсан гэжээ. Харин Dassault групп түүний энэ үйлдлээс болж 360 сая ам. долларын хохирол амссан юм.
4. ОВЕН ТОР УОЛКЕР
Зохиомол нэр: AKILL
Нас: 25
2008 онд 18 настайдаа баривчлагдсан Овен Тор Уолкер кибер гэмт хэрэгтэй холбоотой зургаан хэрэгт буруутай гэдгээ хүлээжээ. Тэрээр олон улсын хакерын томоохон сүлжээ байгуулж дэлхийн 1,3 сая компьютерт нэвтрэн, банкнуудаас 20 сая ам. доллар хулгайлсан юм байна.
Энэ бүх ажиллагааг эхлүүлэхдээ Овен дөнгөж 17 настай байжээ
Энэ бүх ажиллагааг эхлүүлэхдээ Овен дөнгөж 17 настай байжээ. Учир нь 13 наснаасаа эхлэн гэрээрээ боловсрол эзэмших болж үр дүнд нь өөртөө програмчлал, шифрлэх арга барилыг заасан юм.
Гэхдээ тэрээр дээр дурдсан кибер гэмт хэргийнхээ төлөө нийт 32,000 ам. доллар олсон бөгөөд бусад гишүүдийн ашиглаж байсан мөнгө хулгайлах кодыг бичдэг нэгэн байжээ. Тиймээс шүүх түүнийг буруугаа хүлээсэн, нас залуу зэрэг шалтгаанаар 11,000 ам. долларын торгууль тавьж, ял оноогоогүй юм.
Овен өдгөө зар сурталчилгааны компанид сүлжээний аюулгүй байдлын инженерээр ажилладаг.
5. КЕВИН ПУЛСЕН
Зохиомол нэр: Харанхуйн Данте
Нас: 49
Америкийн шүүх интернет, компьютер хэрэглэх эрхийг нь хассан хамгийн анхны иргэн Кевин Пулсен юм. 80-аад оны сүүл, 90-ээд оны эхээр Пулсен утасны сүлжээ ашиглан системд нэвтэрдэг байжээ.
Тэрээр KIIS FM-ийн сүлжээнд халдан 102 дахь холбогдогч болж Porsche хожиж байснаараа алдартай. Холбооны Мөрдөх Товчоо түүнийг олох гэж бас гэж уджээ. Харин эцэст нь баривчилсан бөгөөд торны цаана таван жил суулгасан юм.
Түүнийг шоронгоос гарч ирсний дараа Нэгдсэн Улсын шүүх гурван жилийн турш интернет, компьютер хэрэглэх эрхийг нь хасчээ. Өдгөө Кевин хакеруудын тухай, интернетийн сүлжээ гэх мэт олон сонирхолтой нийтлэлийг Wired сэтгүүлд бичдэг.
6. АЛЬБЕРТ ГОНЗАЛЕЗ
Зохиомол нэр: CumbaJohnny, Segvec, SoupNazi, KingChilli
Нас: 33
Альберт Гонзалез Shadowcrew.com сайтыг байгуулсныхаа төлөө алдартай болсон нэгэн. Түүний сайтын гишүүд хулгайлсан дансны дугаар, хуурамч паспорт, жолооны үнэмлэх, зээлийн карт, төрсний гэрчилгээ, коллежийн оюутны үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр гээд хүссэн зүйлсээ худалдан авч, худалдаж болдог байв.
Удалгүй тэрээр 10 хүнтэй баг бүрдүүлэн Майамид ирж жил хагасын хугацаанд 45 сая зээлийн болон төлбөрийн картны дугаар хулгайлжээ
Хууль тогтоогчдын мэдэгдсэнээр 2005-2007 оны хооронд энэ сайтаар дамжуулан 170 сая зээлийн болон төлбөрийн карт зарагджээ. Флоридагаас гаралтай Гонзалез ч өөрөө үрэлгэн нэгэн байв. Тэрээр өндөр үнэтэй, тансаг зочид буудалд хоёр гурав хоног саатахаас эхлээд 75,000 ам. доллароор үдэшлэг зохиочихдог байжээ.
Нью Жерсигийн шүүхээс түүнийг 15 хуурамч дансны дугаар ашигласан хэрэгт буруутгасан хэдий ч ShadowCrew сайтын 19 гишүүнийг илчилснээр ялаас мултарч байв. Гэвч удалгүй тэрээр 10 хүнтэй баг бүрдүүлэн Майамид ирж жил хагасын хугацаанд 45 сая зээлийн болон төлбөрийн картны дугаар хулгайлжээ.
Ингээд хэрэг даамжирсан бөгөөд Холбооны Мөрдөх Товчоо түүнийг 2008 оны тавдугаар сард дахин баривчилж 2025 оноос нааш торны цаанаас гарах аргагүй болгосон юм.
7. КЕВИН МИТНИК
Адриан Ламо, Кевин Митник, Кевин Пулсен нар. 2001 он.
Зохиомол нэр: Нөмрөг Тас, Харанхуйн Хакер
Нас: 51
Кевин Митник өөрийгөө хакер гэж хэлүүлэх дургүй. Дээрээс нь хакердах гэхийн оронд нийгмийн инженерчлэл явуулж байна гэхийг илүүд үздэг аж. Тэрээр 15 настайгаасаа эхлэн “нийгмийн инженерчлэл” явуулж эхэлжээ.
Хогийн саван дотроос автобусны тасалбар ухаж эхэлсэн түүний гараa Nokia, IBM, Motorola болон өөр хэд хэдэн компанийн сүлжээнд нэвтэрч өндөрлөв. 1995 онд баривчлагдахдаа түүний чадвар туйлын өндөр төвшинд хүрсэн байсан тухай Холбооны Мөрдөх Товчоо мэдэгдэж байжээ.
Ерөнхийдөө Кевин төлбөртэй утасны цаанаас “Цөмийн дайн” эхлүүлчих чадвартай нэгэн болсон байв. 12 сар торны цаана сууж, гурван жилийн тэнэсэн ял авсан тэрээр сурсан зангаа орхилгүй дахин системд нэвтэрсээр байжээ.
Хуурамч утас ашигладаг байсан учир Холбооны Мөрдөх Товчоо түүнийг 1999 онд арай гэж нэг баривчилж дахин дөрвөн жил торны цаана суулгасан юм. Кевин өдгөө хоёр ч ном хэвлүүлж, сүлжээний аюулгүй байдлын зөвлөгөө өгдөг нэгэн болжээ.
8. ЖОНАТАН ЖЕЙМС
Зохиомол нэр: c0mrade
Нас: Амиа алдахдаа 24-тэй байсан
Нэгдсэн Улсын шүүхээс хакерын хэргээр ял авсан анхны өсвөр насны хүү. 15 настайгаасаа эхлэн Майами-Дейд ахлах сургууль, НАСА, Батлан Хамгаалах Яамны сүлжээнд нэвтэрч нийт 1,7 сая ам. доллароор үнэлэгдэх засгийн газрын мэдээллийг хулгайлсан нэгэн.
Жонатан 2008 оны тавдугаар сард амиа хорлохыг илүүд үзсэн юм
Түүнийг баривчлах үедээ Холбооны Мөрдөх Товчоо “Олон Улсын Сансрын Станц”-ын эх кодыг хулгайлсан болохыг мэдэж НАСА бүх компьютеруудаа бүтэн гурван долоо хоног унтраах шаардлагатай болж байжээ.
Үүний улмаас сансар судлаачид 41,000 ам. доллароор хохирсон бол шүүх Жонатаныг зургаан сар гэрийн хорионд байлгах шийдвэр гаргасан юм. Хамгийн муухай нь юу байсан гээч? Шүүх түүнийг НАСА болон Батлан Хамгаалах Яам руу уучлалт гуйсан захидал бичихийг шаардсан гэдэг.
Дээр дурдсан Альберт Гонзалезийн зээлийн картын мэдээллийг хулгайлсан хэргийг 2007 онд шалгаж байх үедээ Тагнуулын алба Жеймсийг буруутгаж эхэлжээ.
Жонатан өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэдгээ илэрхийлсээр байсан бөгөөд шүүхийн өмнө очиж буруугүй гэдгээ тогтоолгохын оронд 2008 оны тавдугаар сард амиа хорлохыг илүүд үзсэн юм.
Тэрээр амиа хорлохоосоо өмнө бичсэн захидалдаа “Шүүх тогтолцоонд итгэх арга алга. Магадгүй миний өнөөдрийн хийж байгаа үйлдэл, энэ захидал хоёр олон нийтэд илүү хүчтэй мэдээлэл өгөх байх. Харамсалтай нь би нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй учраас ийм арга сонгож байна” гэж бичжээ.
9. ВЛАДИМИР ЛЕВИН
Зохиомол нэр: Тодорхойгүй
Нас: Тодорхойгүй
Хэрвээ та алдарт Жеймс Бонд цувралын 2006 онд дэлгэцнээ гарсан “Casino Royale” бүтээлийг санаж байгаа бол Левин үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн нэгэн. Гурван хүний хамтаар Санкт Петербург дахь гэрээсээ Citibank-ийн олон данснаас өөрийн данс руу 10,7 сая ам. доллар шилжүүлжээ.
Гэхдээ энэ их мөнгийг авахын тулд Левин интернет ашиглаагүй гэдэг тун сонирхолтой. Харин тэрээр харилцаа холбооны өргөн цар хүрээтэй системийн ачаар хэрэглэгчдийн утасны яриаг дундаас нь сонсож тэдний дансны дугаар, нууц үгийг мэдэж авчээ.
Эрх баригчид түүний хулгайлсан мөнгөний ердөө 400,000 ам. долларыг л илрүүлж чадсан бөгөөд 1998 онд Citibank-ны хохирлыг барагдуулах нэрээр 240,000 ам. долларын торгууль ногдуулсан юм. Гурван жил шоронд суугаад гарч ирсэн Левин өдгөө хаана байгаа нь тодорхойгүй үлджээ.
Нас: Тодорхойгүй
Хэрвээ та алдарт Жеймс Бонд цувралын 2006 онд дэлгэцнээ гарсан “Casino Royale” бүтээлийг санаж байгаа бол Левин үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлсэн нэгэн. Гурван хүний хамтаар Санкт Петербург дахь гэрээсээ Citibank-ийн олон данснаас өөрийн данс руу 10,7 сая ам. доллар шилжүүлжээ.
Гэхдээ энэ их мөнгийг авахын тулд Левин интернет ашиглаагүй гэдэг тун сонирхолтой. Харин тэрээр харилцаа холбооны өргөн цар хүрээтэй системийн ачаар хэрэглэгчдийн утасны яриаг дундаас нь сонсож тэдний дансны дугаар, нууц үгийг мэдэж авчээ.
Эрх баригчид түүний хулгайлсан мөнгөний ердөө 400,000 ам. долларыг л илрүүлж чадсан бөгөөд 1998 онд Citibank-ны хохирлыг барагдуулах нэрээр 240,000 ам. долларын торгууль ногдуулсан юм. Гурван жил шоронд суугаад гарч ирсэн Левин өдгөө хаана байгаа нь тодорхойгүй үлджээ.
10. ГЕРИ МККИННОН
Зохиомол нэр: Solo
Нас: 46
2001 оны хоёрдугаар сараас 2002 оны гуравдугаар сарын хооронд Гери МкКиннон Америкийн Батлан хамгаалах яам болон НАСА агентлагийн 100 орчим серверт нэвтэрчээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр найз охиныхоо авга эгчийн Лондон дахь гэрээс энэ бүх ажиллагааг явуулж байсан юм.
Гери Нэгдсэн Улсын засгийн газрын маш чухал баримт материалуудыг устгах ажил хийж 700,000 ам. долларын хохирол учруулсан бөгөөд нэгэнтээ “Танай хамгаалалтын систем үнэн хог юм. Намайг Solo гэдэг. Би энэ ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлсээр байх болно” гэсэн зурвас илгээж байжээ.
МкКиннон ер нь их хачин хүн. Түүнд Батлан хамгаалах яам руу халдах сэдэл төрүүлсэн хүчин зүйл нь Хьюго КорнУоллын “Хакеруудын гарын авлага” ном байсан гэдэг бөгөөд НАСА агентлагийн системд нэвтрэхдээ анх “Харь гаргийнхан” байдаг эсэх талаар судалгаа хийхийг хүсжээ.
2006 онд Wired сэтгүүлд ярилцлага өгөхдөө үнэхээр харь гаригийнхан байдаг тухай ярьсан юм. Тэрээр “НАСА агентлагийн гэрэл зураг шинжээчийн тайлбарлаж байснаар Жоннсоны Сансрын төвд байрлах наймдугаар байр гэх газарт хиймэл дагуулын өндөр чанартай зургуудаас Үл Мэдэгдэх Нисдэг Биетүүдийг бүрэлзүүлдэг баг ажилладаг. Тэдэнд маш их хэмжээний өндөр нягтралтай зургууд байдаг бөгөөд эдгээрийгээ Нягталж шалгасан, Нягталж шалгаагүй, Янзалж дууссан, Янзлаагүй гэж хуваадаг” гэжээ.
МкКиннон өдгөө Их Британид амьдарч байна.
11. МАЙКЛ КАЛК
Зохиомол нэр: Mafiaboy
Нас: 30
Эцэг эх нь түүнийг зургаан настай байхад хоёр тийш болж, сэтгэлээр унасан хүүгээ өрөвдсөн эцэг нь компьютер авч өгснөөр түүний амьдрал хакерын мөрөөр оржээ. Майкл 15 настайдаа Amazon, CNN, eBay, Yahoo, Dell зэрэг сайтууд руу DDoS халдлага зохион байгуулсан нэгэн.
Тухайн үед Google биш Yahoo дэлхийн хамгийн том хайлтын систем байсан бөгөөд Майклаас болж сайт бүтэн цаг ажиллагаагүй болжээ. Ерөнхийлөгч Билл Клинтоны тушаалаар кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан орон даяар “Mafiaboy” гэх залуугийн эрэлд гарав.
Нэг их ч удалгүй Майкл нэгэн форум дээр өөрийнхөө халдлагын тухай сайрхаж байгаад хууль тогтоогчдын гарт оржээ. 2001 онд түүний шүүх хурал болж, шүүх Майклын интернет хэрэглэх эрхийг нь хасаж, найман сарын тэнэсэн харгалзах ял оноосон юм. Учир хүү тухайн үед дөнгөж ахлах сургуулийн сурагч байв.
12. МЕТТЬЮ БЕВАН, РИЧАРД ПРАЙС ХОЁР
Зүүн гар талаас Беван, Прайс
Зохиомол нэр: Kuji (Беван), Datastream Cowboy (Прайс)
Нас: 41 (Беван), 35 (Прайс)
Британийн алдарт хакерууд. 1994 онд Пентагоны сүлжээнд нэвтэрсэн, Нью Йорк дахь Гриффисийн агаарын цэргийн баазын байлдааны зааварчилгааг хуулж авсан, Хойд Солонгост ажиллаж байсан Америкийн тагнуулуудын мэдээллийг замаас нь хулгайлсан, Солонгосын цөмийн байгууламжийн сүлжээнд нэвтэрсэн гээд олон хэргийг үйлдсэн тэд.
Тухайн үед Прайс дөнгөж 16-тай, Беван 21 настай байжээ. Хамгийн гол нь Нэгдсэн Улсын Засгийн газар хакерууд тэдний системийг ашиглан Хойд Солонгос руу халдсан уу, Өмнөд Солонгос руу халдсан уу гэдгийг мэдэж чадахгүй байв.
Хэрвээ Хойд Солонгосын цөмийн байгууламж руу халдсан бол энэ хэрэг дайнд өдөөн хатгасан хэрэг болж даамжрах байсан бөгөөд аз болоход хакерууд Өмнөд Солонгос руу халдсан байж таарсан юм.
Тэднийг 1996 онд баривчилжээ.
13. СИРИЙН ЦАХИМ АРМИ
Энэ бүлэг тун ч хосгүй үйл ажиллагаа явуулдаг. 2011 онд гэнэт л гарч ирсэн тэд Ерөнхийлөгч Башар Аль Ассадын засаглалыг дэмждэг гэдгээ олон удаа илэрхийлж байв. Тийм ч учраас тэднийг Сирийн засгийн газраас санхүүжилт авдаг гэж олон хүн үздэг.
Цаг хугацааны хувьд туршлага багатай ч гэсэн тэд хэд хэдэн томоохон байгууллагын сүлжээ, хэдэн зуун сайт руу халджээ. Тэдний үндсэн арга барил нь спамдах, вирус тараах, DDoS халдлага зохион байгуулах юм.
Эхний хоёр жил завсаргүй халдлага зохион байгуулж байсан тэд өнгөрсөн 2013, 2014 онуудад гарын арван хуруунд багтах халдлага зохион байгуулжээ.
14. LIZARD SQUAD
Хэрвээ та компьютер тоглоом их тоглодог бол Lizard Squad гэх нэрийг бараг л сонссон байх. Өнгөрсөн жилийн зул сарын баяраар PlayStation, Xbox-ын тоглоомын сүлжээг гэмтээсэн энэ бүлэг “Хар малгайтнууд”-ын жагсаалтад багтана.
2014 оны наймдугаар сард байгуулагдсан тэд өөрсдийгөө League of Legends, Destiny зэрэг тоглоомын сүлжээг ч гэмтээсэн гэж ярьдаг. Түүнчлэн сүүлийн үед тус хакерын бүлэг DDoS халдлага зохион байгуулж, мөнгө авна гэх болжээ.
Өнгөрсөн жил тэд Facebook, Instagram, Tinder зэргийг унтраасан, Taylor Swift-ийн нүцгэн зургийг дэлгэнэ гэх мэтээр ярьж байв. Гэхдээ Facebook тэдний энэ мэдэгдлийг няцаасан хариу өгчээ.
Өнөөдрийн байдлаар тус бүлэгтэй холбоотой байж магадгүй гэж сэжиглэн 22 настай Британийн иргэн Винни Омари, 17 настай Райн гэх хоёр хүнийг баривчлаад байгаа юм.
15. ANONYMOUS
Дэлхийн хамгийн аюултай, гэхдээ үйл ажиллагаагаараа шударга бус байдлыг халахыг эрмэлздэг энэ бүлэг өөрсдийн нэр, хэв маягийг комик зохиолоос олж авсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том бүлэг бол Anonymous билээ.
2003 оны үед 4chan сайт дээр байгуулагдсан энэ бүлгийнхэн бүгд “Anonymous” нэрээр хоорондоо харилцдаг байсан бөгөөд өөрсдийгөө өөрөө өөртэйгөө ярьдаг нэг хүн гэж хошигноцгоодог байжээ.
2008 оныг хүртэл тэд сайт дээр хоорондоо тоглохоос өөр зүйл хийдэггүй байв. Харин тухайн жил Anonymous бүлгийнхэн Саентологи сүмийн эсрэг “Chanalogy” гэх ажиллагаа явуулжээ.
Хамгийн сүүлийн үеийн үйл ажиллагаа гэвэл өнгөрсөн оны наймдугаар сард цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст хүү Майкл Брауны хэргийг шүүх шударгаар шүүсэнгүй гэж засгийн газрын сайтуудын үйл ажиллагааг зогсоож, их хэмжээний материал дэлгэсэн юм.
“Бидэнд нэр үгүй, Бид маш олуулаа, Бид өршөөхийг мэдэхгүй, Бид мартахыг ч мэдэхгүй, Биднийг хүлээгтун”
Эх сурвалж: gogo.mn