Чингис хааны хатад эхнэр, татвар эмс нийтдээ 500 шахам байсан бөгөөд тэр үед нэгэнт тогтсон, мөн Чингис хааны залгамжлагчдын баримталж байсан заншил ёсоор их хаанд өөрт нь болон алтан ургийн хөвүүд ноёдод зориулан овог аймаг болгоноос хамгийн үзэсгэлэнтэй охид хүүхнүүдийг шилж сонгон авчирдаг байсан болохоор эдгээр татвар эмс нь үндэстэн угсаатан болгоны олзныхон болон монгол эмс охидоос бүрдэж байжээ.
Аль нэгэн зуутад хамаарагсдыг харьяа ноён нь үзэж шалгаж хамгийн үзэсгэлэнтэйг нь мянгатынхаа ноёнд аваачиж үзүүлнэ, мянгатын ноён тэдгээрээс шалгаруулан зохих тооны эмс охидыг түмтийнхээ ноёнд аваачиж үзүүлж шалгаруулах агаад түмтийн ноёд өөр өөрсдийн шилж шалгаруулсан гоо үзэсгэлэнт хүүхнүүдийг их хаандаа аваачиж өргөн барьна. Хаан үзэж шалгаруулан өөрийнхөө дэргэж үлдээгээгүй охид хүүхнүүдийг түүний хатад, ойр дотныхонд өгдөг байв.
Чингис хааны хатад эхнэрүүдийн дунд их хатан хэмээгддэг тэргүүн зиндааны 5 хатан байсан байна. Тэдний дотор хамгийн дээгүүр зэрэгт тооцогддог нь Хятадын эзэн хааны авааль эхнэр буюу хатан хааны дараа ордог хатдад өгдөг фужинь хэмээх хятад хэргэмтэй Бөртэ хатан байв.
Тэрээр Хонгирад аймгийн тэргүүн Дай (Tain) ноёны охин, Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй ноёдын ээж байснаас гадна овог, аймгийн ноёд эздийн эхнэр болсон таван охиныг төрүүлсэн билээ. Монголчуудын хувьд тэргүүн байр суурь эзэлдэг хатан эхнэр бусад хатад эхнэрүүдээс илүү хүндэтгэл хүлээдэг байв. Бас тэдгээрийн төрүүлсэн хүүхдүүдийн нь зэрэг зиндаа эхийнхээ зэрэг зиндаанаас хамаардаг байсан болохоор Бөртэгийн төрүүлсэн хүүхдүүд Чингис хааны бусад үр хүүхдүүдээс хавьгүй давуу байдалтай байсан байна. Хоёр дахь хатан нь Мэргидийн нэг толгойлогчийн охин Хулан байсан бөгөөд Гулган хэмээх ганц хүүтэй байсан боловч түүний нэрнээс бусад бүх зүйл нь тодорхойгүй байдаг.
Гурав болон тав дахь хатад нь Исукат, Исулук хэмээх эгч дүү татаар эмс байжээ. Дөрөвдүгээрт ордог хатан нь Жин улсын эзэн хааны охин Гекчжу (Gueukdjou) байсан гэдэг. Эдгээрээс гадна Ван хааны ач охин, Таян ханы бэлбэсэн эхнэр хоёр Чингис хааны хатдын тоонд багтдаг байв. Бусад нь ноёд жанжнууд, бие даасан овог аймгуудын тэргүүний охид байсан ажээ.
Ван хааны дүү Жаха хамбугийн охин Абикийн өргөөнд Чингис хаан нэгэн шөнийг өнгөрүүлж байгаад аймшигт зүүд зүүдлэн нойрноосоо сэрсэн байна. Тэгээд хатан нь болсон тэр гүнжид өөрт нь ямагт сэтгэл хангалуун байдаг байснаа хэлэхийн ялдамд дөнгөж саяхан зүүдлэхдээ өөрийг нь өөр эрд өгөхийг бурхан тушаасныг, чингэлээ гэж уурлахгүй байхыг хүсжээ. Чингис хаан энэ үгийг дөнгөж хэлээд өргөөний гадаа хэн байгааг чангаар асуужээ.
Энэ шөнийн харуулд Кейтей (Kehti) ноён гараад байсан учир хааны дуудлагад хариу өгвөл Чингис хаан түүнийг дотогш орж ирэхийг тушаагаад энэ хатнаа түүнд хатан болгон өгч байгаагаа хэлсэн байна. Кейтей ноён ихэд гайхан гөлрөн зогсож байсанд Чингис хаан үнэнээсээ хэлж байгаагаа батлан хэлэхийн хамт гүнжид хандан одоо амьдарч байгаа орд өргөө, зарц боол, эд хөрөнгө, адуу мал цөмийг нь түүнд өгч байгаагаа хэлэв гэнэ.
Харин Абика гүнжийн тухай дурсаж байхын тулд уудаг алтан аяга, ширээний нь хэрэглэлийг өөртөө үлдээхийг хүсэж байна хэмээжээ. Абика гүнж ийнхүү Монголын Уруд аймгийн тэргүүн, зүүн жигүүрийн дөрвөн мянгатын жанжин ноён Кейтейн хатан болсон болой.
Эх сурвалж: К.Д'ОССОН "МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ"
“МОНСУДАР” хэвлэлийн газраас монголын түүхтэй холбоотой тэр дундаа эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан цувралаар уншигчиддаа хүргэх бодлого баримталж байгаа билээ.Энэхүү бодлогын хүрээнд хэвлэгдэн гарч байгааК.Д’Оссоны “Монголчуудын түүх” хэмээх энэ номонд Төв азийн нүүдэлчин ард түмнүүд, тэдний зан авираас эхлээд монголчуудын эртний домог хууч яриа, Чингис хааны аян дайнууд, дайнд амь үрэгдэгсэд зэрэг олон сонирхолтой баримтыг тухайн үед мэдэгдэж байсан төрөл бүрийн эх сурвалжуудыг ашиглан бичжээ. Ийм учраас эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой бүтээл болсон хэмээн олон орны монгол судлаачид дүгнэдэг бөгөөд энэ утгаараа эрдэмтэн судлаачид, түүхийн чиглэлээр суралцагч оюутан залуус болон түүх сонирхогч хэн бүхэнд зориулсан чухал хэрэгцээтэй бүт