IKON.MN
Microsoft Office-ыг гар утсан дээр (editable) хэрэглэхийн тулд заавал iPhone, Windows Phone хэрэглэх шаардлагатай байлаа.
Тэгвэл Майкрософт корпораци Word, PowerPoint, Excel аппликэшнуудаа Google-ын Android системтэй гар утаснуудад гаргаснаа зарлав.
Одоо Android гар утсан дээр Word, PowerPoint, Excel документ үүсгэж, боловсруулж, хадгалах боломжтой болсон гэсэн үг.
Өнгөрсөн хоёрдугаар сард Майкрософт Андройд таблетуудад мөн ингэж гаргаж байсан бол тавдугаар сард Андройд гар утаснуудад зөвхөн унших (preview) боломжтой хувилбараа гаргасан юм.
Гар утаснуудад зориулагдсан хувилбар нь үндсэн функцуудтэйгээ үнэгүй бөгөөд бүрэн хүчин чадлаар нь хэрэглэхийг хүсвэл Office 365 клоуд үйлчилгээнд бүртгүүлж жилийн хураамж төлөх хэрэгтэй.
Дэсктоп хувилбар нь мөн заавал Office 365 үйлчилгээнд хамрагдахыг шаардах болсон.
Өөрөөр хэлбэл Майкрософтын тактик нь хүмүүс ажил дээрээ дэсктоп үнэтэй хувилбарыг ашиглаад, хувийн мобайл төхөөрөмж дээрээ үнэгүй ашиглан төхөөрөмж хооронд шилжилттэй (switch) ажиллах боломжоор хангах. Үүний үндсэн дээр үнэгүй мобайл хэрэглээнд хөшүүрэгдсэн хэрэглэгчид Office 365 клоуд үйлчилгээг төлбөр төлж авдаг болно гэсэн бодлоготой байгаа ажээ.
Цаашдаа Майкрософт нь Office бүтээгдэхүүнээ нэг удаа мөнгө төлөөд авдаг програм биш, клоуд сүлжээнд гишүүнээр бүртгэн, тогтмол хураамж төлдөг үйлчилгээ болгохыг зорьж байгаа юм.
Шинэ аппликэшнүүдийн хувьд Монголын зах зээлд одоохондоо нээгдээгүй байгаа ба хэзээ нэвтрэх талаар мэдээлэл олдоогүй байна.
Өөр оронд байгаа хэрэглэгчид дараах линкээр татаж болох юм.
эх сурвалж: Ikon.mn