2015-06-23

DrinkEntrepreneurs-т оролц, бусадтай танилц, дахиад оролц

Бодно гэдэг хийхийн тал гэж ярьдаг. Аливаа зүйлийг эхлүүлэх гэж байгаа хүн мэдээж хэрэг бодож байж л биелүүлнэ. Тэгвэл танд бодох, бусдын бодлыг сонсох тийм нэг боломж байна.GoGo мэдээллийн агентлаг “Гарааны бизнес” эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд энэ удаад DrinkEntrepreneurs үйл ажиллагааг онцолж байна.


2013 онд анх Куала Лумпурт зохиогдож эхэлсэн энэхүү үйл ажиллагаа өдгөө дэлхийн 40 гаруй хотод сар бүр зохиогддог болжээ. Үйл ажиллагааны үндсэн зорилго нь хувиараа бизнес эрхлэгчид, бизнесээ эхлэхээр төлөвлөж байгаа нэгний танилын хүрээг тэлэх, хамтрагчтай болгох, урам зориг өгөх юм.
Зөвхөн бизнес эрхлэгчид гэлтгүй та ч гэсэн оролцох боломжтой “DrinkEntrepreneurs” маргааш Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа болох гэж байна. Үйл ажиллагаанд гурван дүрэм байдгаас “Оролц, бусадтай танилц, дахиад оролц” аж.
Та орой ажлаа тараад заасан газарт 19:00 цагийн орчимд хүрэлцэн ирэхэд л хангалттай. Анх удаагаа очиж байгаа бол бусдаас огтхон ч санаа зоволгүйгээр танилцаж, санал бодлоо хуваалцах хэрэгтэй.
Сонирхуулахад өнгөрсөн удаагийн үйл ажиллагаанд 10 хүн оролцсон гэж үзэхэд 24-өөс доош насны 1,2 хүн, 25-34 насны 4,2 хүн, 35-44 насны 3,7 хүн, 45-аас дээш насны 0,9 хүн оролцжээ. Эдгээр хүмүүсийн зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй хүн байсан төдийгүй долоон Монголын иргэн, гурван гадаадын иргэн оролцсон байна.
Гэхдээ өнгөрсөн сард болсон “DrinkEntrepreneurs”-т 60 гаруй хүн оролцсон юм билээ. Харин энэ удаад 100 гаруй хүн оролцоно гэж тооцоолж байгаа бөгөөд та ч тэдний нэг нь байж болно.
Маргааш орой 19:00 цагаас эхлэх “DrinkEntrepreneurs” үйл ажиллагаа Чингэлтэй дүүрэг дэх Матрикс барилгын “Face Club and Lounge”-д болох юм байна. Хэрвээ та үйл ажиллагаатай танилцахыг хүсвэл албан ёсны FACEBOOK хуудсаар нь зочлоорой.
Үйл ажиллагаа үнэгүй, харин та уух зүйлээ өөрөө худалдан авна. Ерөнхийдөө та найзуудтайгаа хамт оройг өнгөрүүлж байгаа мэтээр ойлгож болох бөгөөд шинэ санаа сэдэл олох, шинэ хамтрагчтай болох хялбар боломж юм. 

gogo.mn

About Us

Recent

Random