Програм хангамжийн тэргүүлэгч Майкрософт корпораци бизнесийн бүтэцдээ томоохон өөрчлөлтүүд хийж эхэллээ.
Өчигдрийн мэдээллээр Майкрософт вэб сурталчилгааны бизнесээ бүхлээр нь AOL компанид худалдахаар болжээ. Энэ наймаанд 1,200 ажилтан болон үйл ажиллагаа, хөрөнгө багтаж байна.
Мөн энэ наймааны хүрээнд AOL нь хайлтын системээ Google-ээс Bing болгон солих, энэ өөрчлөлтөө 10 жил өөрчлөхгүй хадгалах тохиролцоо хийгджээ.
Үүнээс гадна такси үйлчилгээний сүлжээ болох Uber компани Майкрософтын хайлтын Bing системийн дижитал газрын зурагны (mapping) технологийг 100 ажилтных нь хамт мөн худалдаж авах болсноо өчигдөр зарлав.
Uber-ын бизнест ухаалаг газрын зураг маш чухал үүрэгтэй байдаг. Одоогоор тэд Google, Apple, Baidu газрын зурагнуудыг бизнестээ ашигладаг боловч саяхнаас өөрийн системтэй болохоор оролдож эхэлсэн юм.
Nokia-ын HERE мэпыг худалдаж авахаар саналаа өгсөн, Google Maps-ын тэргүүн байсан хүнийг ажилд авсан зэрэг нь үүнийг илэрхийлж байна.
Эдгээр томоохон өөрчлөлтүүд нь Майкрософтын CEO Сатья Наделлагийн өөрчлөн байгуулах төлөвлөгөөний нэгээхэн хэсэг гэдэг нь тодорхой. Тэр Майкрософтыг Персональ компьютер, Клоуд, Энтерпрайз гэсэн гурван үндсэн бизнест төвлөрүүлж, бусад салбаруудаасаа салах бодлого барьж байгаа юм.
Эх сурвалж: ikon.mn