Билл Гэйтс, Ларри Эллисон, Жефф Безос нар бол технологийн салбараас төрөн гарсан АНУ-ын олон тэрбумтнуудын төлөөлөл.
Гэвч өөр улс орнуудад бас энэ салбарын олон тэрбумтнууд бий. Форбс сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалт дотроос тухайн улсынхаа технологийн салбарыг хөрөнгөөрөө тэргүүлдэг 14 хүнийг онцолж байна.
Бразил: Эдуардо Саверин
Хөрөнгийн хэмжээ $5.1 тэрбум. Марк Зукербергтэй хамтран Фэйсбүүкийг байгуулж тэрбумтан болсон. Бразилд төрж Америкт боловсрол эзэмшсэн Саверин сүүлд Америкийн иргэншлээс татгалзан 2012 онд Сингапурт шилжин амьдрах болжээ. Тэр одоо Фэйсбүүкийн 53 сая хувьцааг эзэмшдэг ба хөрөнгө оруулалтын ажил эрхэлдэг.
Канад: Гарретт Камп
Хөрөнгийн хэмжээ $5.3 тэрбум. Калгари хотын уугуул Камп 2002 онд оюутан байхдаа StumbleUpon-ыг байгуулалцсан. 2007 онд уг компаниа eBay-д $75 саяар зарсны дараа Травис Каланиктай хамтран Uber-ыг байгуулжээ. Uber саяхан $50 тэрбумаар үнэлэгдсэн юм.
Хятад: Жэк Ма
Хөрөнгийн хэмжээ $25.3 тэрбум. Электрон худалдааны Алибаба компанийг үндэслэгч. 2014 онд Алибаба Нью Йоркын хөрөнгийн бирж дээр IPO хийхдээ түүхэн дээд амжилт тогтоосон. Ма коммунист Хятадад ядуу тарчиг өссөн, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд хоёр удаа унаж байсан, олон ажилд орох гээд тэнцээгүйн дотор KFC багтаж байв.
Герман: Хассо Платтнер
Хөрөнгийн хэмжээ $9.5 тэрбум. Платтнер 1972 онд IBM-д ажиллаж байсан дөрвөн найзын хамт SAP програм хангамжийн компанийг Германд байгуулсан. 2013 онд тэр Giving Pledge хөдөлгөөнд нэгдэж хөрөнгийнхөө талыг буяны үйлсэд зарцуулахаар болжээ. Платтнерт Morning Glory супер дарвуулт завь байдаг. Мөн Өмнөд Африкт люкс ангиллын гольф клубтэй.
Энэтхэг: Азим Премжи
Хөрөнгийн хэмжээ $16 тэрбум. Премжи нь Бангалорт төвтэй Wipro мэдээллийн технологийн зөвлөгөө, програм хангамжийн компаний удирдах зөвлөлийн дарга. Тэр Энэтхэгийн хамгийн баян технологийн бизнесмэнээс гадна Азийн хамгийн том буяны үйлстэн. Wipro компанийхаа $4.4 тэрбумын үнэтэй хувьцааг ийм үйлсэд зарцуулжээ.
Израйль: Шауль Шани
Хөрөнгийн хэмжээ $3 тэрбум. Нууцлаг тэрбумтан интернэтэд зургаа тавиулахыг зөвшөөрдөггүй. 2009 онд Global Village Telecom компанийг Vivendi-д $4.5 тэрбумаар зарахад $1.4 тэрбумыг олсон гэдэг.
Тэр бас Oshap Technologies, Sapiens, Tecnomatix компаниудыг үүсгэн байгуулагч.
Япон: Хироши Микитани
Хөрөнгийн хэмжээ $9 тэрбум. Японы хамгийн том электрон худалдааны сайт Ракутеныг үндэслэгч. Сүүлийн үед тэр хэд хэдэн зоригтой алхам хийгээд байгаагийн дотор 2014 онд Ebates-ыг нэг тэрбумаар худалдан авсан, өнгөрсөн гуравдугаар сард Lyft компанид $300 саяын хөрөнгө оруулалт хийсэн зэрэг орж байна.
Малайз: Го Пен Оой
Хөрөнгийн хэмжээ $1.3 тэрбум. АНУ-ын IBM компанид арав орчим жил ажилласныхаа дараа Silverlake Axis нэртэй санхүүгийн програм хангамжийн компани байгуулсан. Энэ компани нь одоо Малайзийн шилдэг банкны програм хангамжийн үйлдвэрлэгч болж Го өөрөө Малайзын анхны технологийн салбарын тэрбумтан болжээ.
Орос: Евгений Касперский
Хөрөнгийн хэмжээ $1.04 тэрбум. Касперский Лаб кибер аюулгүй байдлын компанийг үүсгэн байгуулагч. Түүний компани дэлхий даяар 300 сая хэрэглэгчийн мэдээллийг хамгаалдаг.
Сингапур: Жэсон Чан
Хөрөнгийн хэмжээ $3 тэрбум. Чан бол Advanced Semiconductor Engineering, хагас дамжуулагч эд ангийн дэлхийн хамгийн том компаний үүсгэн байгуулагч. Сингапурт төрсөн хэдий ч Тайваньд амьдарч, Хятадын зах зээлд үл хөдлөх хөрөнгийн томоохон хөрөнгө оруулалтууд хийдэг.
Өмнөд Солонгос: “Брайн” Ким Беом-Су
Хөрөнгийн хэмжээ $2.3 тэрбум. KakaoTalk мессенжэр үйлчилгээг 2010 онд үүсгэсэн. Өнгөрсөн онд KakaoTalk нь Daum Communications-тэй нэгдсэн. Шинээр байгуулагдсан Daum Kakao Corporation-ы Солонгосын Хөрөнгийн Бирж дээрх үнэлгээ $9.5 тэрбум хүрчээ. Ким уг компаний 40 хувийг эзэмшдэг юм.
Тайвань: Терри Гоу
Хөрөнгийн хэмжээ $6.7 тэрбум. Гоу бол Тайваний электроникийн үйлдвэрлэгч Foxconn компанийг үүсгэн байгуулагч. Тэд Apple зэрэг томоохон компаниудын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Foxconn одоогоор Хятадын хамгийн том ажил олгогч нарын нэг, дэлхийн хамгийн том бүтээгдэхүүн нийлүүлэгч нарын нэг.
Их Британи: Майкл Линч
Хөрөнгийн хэмжээ $1.01 тэрбум. Өөрийн байгуулсан програм хангамжийн Autonomy компанийг 2011 онд Hewlett-Packard корпорацид зарснаар тэрбумтан болсон. Гэвч одоогоор HP худалдаж авсан компанийхаа нягтлан бодох бүртгэлийн луйврыг илрүүлж шүүхэд өгөөд байгаа. Линч одоо Их Британий Invoke Capital нэртэй хөрөнгө оруулалтын компанийг тэргүүлдэг.
АНУ: Билл Гэйтс
Хөрөнгийн хэмжээ $79.3 тэрбум. Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг Гэйтс Форбсын тэрбумтнуудын жагсаалтыг сүүлийн 21 жилийн 16-д нь тэргүүлж байгаа. Сүүлийн жилүүдийг тэр буяны үйлсэд зориулж Bill & Melinda Gates Foundation-д ажиллаж байгаа ба Giving Pledge хөдөлгөөн өрнүүлэн 100 гаруй баян хүнийг хөрөнгийнхөө хагасыг сайн үйлд зарцуулахаар ятгаж чадсан юм.
Эх сурвалж: ikon.mn