2015-07-10

Зургаа дордож нэг сэхсэн Цахиурын Хөндийн Япон стартапын түүх

Эх сурвалж: http://www.iderod.com/

Rohin Dahr-ийн Priceonomics веб сайт дээр анхлан нийтлэгдсэн “AnyPerk: The story of six pivots” нийтлэлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулан хүргэж байна. 

Хамтран орчуулсан: Пүрэвням (CallPro LLC)
Picture
Цахиурын Хөндийн хамгийн том инкубатор, хөрөнгө оруулагч болох Y Combinator-ийн  2012 оны өвлийн элсэлтийн компани болох Таро Фукуяма, Санни Цан хоёрын баг нэг л базаахгүй байлаа. Тэд Mieple гэх залуусын болзооны сайтны санаагаараа инкубаторт тэнцэж орсон байв. Харамсалтай тэдний сайт хэрэглэгчдээ өсгөж чадахгүй байснаас pivot хийх буюу бизнесийн санаагаа хурдасгуур програмын эхний үед өөрчилсөн юм.

Тэд Y Combinator дахь эхний сардаа долоон өөр бизнес модель санааг нягталж үзэж, зургаан удаа бизнесийн санаагаа өөрчилсөн юм. Эхний санаа нь найзынхаа санал болгосон хүмүүстэй болздог сайт байв. Дараа нь хөрөнгө оруулагчидтай бие биенээ танилцуулж өгдөг санаа байлаа. Дараа нь ажилд зуучилж өгдөг үйлчилгээ болсон бөгөөд ерөнхийдөө “зуучлалын чиглэлийн үйлчилгээ”-ний бизнес моделийг залхатлаа оролдсон гэж хэлж болно.

Тэд мөн орчуулгын үйлчилгээ, ямар кино үзэхийг зөвлөдөг сайт, хүмүүст шинэ ур чадвар эзэмшихэд тусалдаг үйлчилгээ гэх мэт санаануудаар бизнесээ эхлүүлэх гэж оролдсон байна.

YC-ийн хөрөнгө оруулалтын хамтрагчид тэдний олон ч санааг газар доор ортол нь буцаажээ. Үлдсэн санаанууд нь хэрэглэгчдээс үгүй гэсэн няцаалт авсан байна. Эхний сарын өнгөрсний дараа тэд YC-н тэргүүн Паул Грахам (Paul Graham)-тай уулзсан байна. Паул тэдэнд тухайн үеийн байдлаар ангиасаа хамгийн муу баг нь байгааг, гэхдээ энэ нь тэдэнд илүү мундаг болох шалтгаан болох ёстой хэмээн хэлжээ.

Тэгээд тэд улам бүр сайжирч эхэлсэн байна. Тэд яг 7 дахь удаагийн оролдлого дээрээ буюу хурдасгуур програм дуусахад хоёр сар үлдээд байхад зөв санаагаа бодож олжээ.
Тэд AnyPerk компанийг байгуулав. Энэ нь компаниудад ажилтнууддаа янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал өгөхөд тусалдаг үйлчилгээ байлаа. Тэдний компани одоо 28 ажилчинтай, сар бүрийн тогтмол эргэлтээсээ хангалттай их мөнгө олж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэд ангийнхаа хамгийн муу багаас шилдгүүдийн нэг болтлоо сайжирсан ажээ.
Picture
Зөв санаа олсон нь
AnyPerk-ийг үүсгэх санаа нь YC-н өөрийн стартапууддаа санал болгодог бизнесийн үйлчилгээндээ үзүүлдэг урамшууллуудаас урган гарч ирсэн юм. YC нь стартапуудыг тэдний өөрсдийн үйлчилгээг авахыг уриалсан нэлээдгүй хөнгөлөлт болон төлбөргүй үйлчилгээг санал болгодог. Эдгээрт, AWS credits, MS Office-ийн төлбөргүй хуулбарууд, эсвэл футболка дээрх хэвлэлийн үйлчилгээний хөнгөлөлт гэх зэрэг үйлчилгээнүүд багтдаг.

Япон улсаас ирцгээсэн Таро болон Санни нар өөрсдийн эх нутагт нь иймэрхүү үйлчилгээ санал болгож, ажилтнууддаа аливаа бүтээгдэхүүнийг санал болгохыг хүссэн ажил олгогчдоос үйлчилгээний төлбөр авдаг хэд хэдэн амжилттай компаниудыг мэддэг аж. Ажил олгогчдын хувьд энэ нь ажилтнууддаа санаа тавьдгийг илтгэх маш зардал багатай арга юм.

Уг санааг туршиж үзэхийн тулд, тэдний баг YC-гийн урамшууллын жагсаалтыг аван, хэдэн тооны үйлчлүүлэгчдээс “Та эдгээр урамшууллын жагсаалтын эрхийг авахын тулд $5 төлөх үү?” хэмээн асуусан байна. YC-ийн партнеруудаас уриалагхан, эерэг хариултууд авснаар AnyPerk төрөх болсон аж.
AnyPerk YC-д урамшууллуудаа санал болгодог зарим нэг компаниудыг AnyPerk-тэй мөн хамтрах хүсэлтэй байгаа эсэхийг асууж эхэлсэн. Энэ нь тэдний урамшуулалт үйлчилгээний зах зээлийг өсгөх үр болж өгсөн юм. Харамсалтай нь, эдгээр урамшууллуудын ихэнх нь ажилтнуудад бус компаний үүсгэн байгуулагчдад нь чиглэсэн байсан юм. Эдгээрийн жишээ нь нэрийн хуудас болон стикер хэвлэлтийн үйлчилгээний хөнгөлөлт зэрэг байлаа. Priceonomics нь AnyPerk-тэй нэг YC элсэлтэд байсны хувьд дор зурагт харуулснаар, тэдний 2012 оны урамшууллуудынх нь талаар дурдсан имэйлийг бид ухаж олсон юм.
Picture
Чухал зүйлс хэдий ч энгийн нэг ажилтны анхаарлыг татах зүйл биш байлаа. Үнэхээр анхаарал татахуйц урамшууллууд биш л бол ажилтнууд эдгээр үйлчилгээнд мөнгө төлөх нь эргэлзээтэй юм.

Гэвч, тэдгээр үйлчилгээг авах олон тооны ажилтнууд байхгүй л бол компаниудыг хөнгөлөлт санал болгохыг татах нь мөн хэцүү асуудал болох юм.
Тиймээс, Таро болон Санни нар ажилтнуудыг тодорхой хугацаанд үнэгүй үйлчилгээ авах боломжийг бий болгохоор шийдсэн бөгөөд, ажилтнууд AnyPerk-ийн веб хуудсанд бүртгүүлснээр үнэхээр боломжийн хөнгөлөлтүүдийг авах боломж нээгдэх аж. Эхний жилдээ, AnyPerk нь ажилтнуудад төлбөргүй бүртгэл санал болгосон бөгөөд боломжийн хөнгөлөлтүүдийг санал болгохоор чамгүй их зүтгэсэн билээ. 2012 оны 2-р сард Priceonomics нь AnyPerk-т харилцагчаар нэгдсэн талаарх фэйсбүүк чатыг доороос харж болно.
Picture
Тухайн цаг үед эдгээр 2 залуус AnyPerk-ийг үүсгэн байгуулсан байхад, BetterWorks нэртэй өөр нэг стартапийн үйл ажиллагаа уруудах замдаа орж байлаа. Ажилтнуудад хөнгөлөлт санал болгох ижил төрлийн үйлчилгээ явуулдаг эд бадарч явсан стартап нь 10.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нэг их амжилтгүйгээр хийсгэж орхисон аж.

BetterWorks-ийн туршлага нь AnyPerk-д ашигтайгаар нөлөөлсөн нь гарцаагүй. Юун түрүүнд, тэд BetterWorks-ийн бүтэлгүйтсэн үнийн саналаас сургамж авсан. BetterWorks нь өөрийгөө компани болон ажилтнуудын дунд явагдах хөнгөлөлтийн гүйлгээний дунд шургуулах хүсэлтэй байсан юм (BetterWorks-оос та үйлчилгээг шууд авах бөгөөд, тэд цааш үйлчилгээг борлуулж буй компанид мэдээлэх зарчмаар явдаг). BetterWorks нь Groupon-той ойролцоо зарчмаар буюу гүйлгээнээс тодорхой хувийн шимтгэл авч ашиг олдог байжээ. Үүний үр дүн нь компаниудын хувьд BetterWorks-той харилцах нь төвөгтэй байснаас гадна тэд хамгийн анхаарал татахуйц хөнгөлөлтүүдийг платформ дээрээ бий болгох боломжгүй байсан юм.

Бас нэг боломжийн хувьд, BetterWorks зах зээлээс гарснаар, тэдний ажилтнууд нь бэлхэн байсан явдал байлаа. AnyPеrk-д хэн нэгэн компаниудруу залган платформ дээрээ урамшууллууд оруулах хэрэгтэй байсан тул тэдэнд BetterWorks-оос яг тийм ажлыг хийдэг байсан хүнийг авах боломж нээгджээ.

Дараагийн жилд нь AnyPerk хоёр зүйл хийсэн. Бүр олон хөнгөлөлтүүдийг платформдоо оруулж мөн ажилтнуудыг төлбөргүйгээр бүртгүүлж байлаа. Үйлчилгээг авах маш олон тооны ажилтнууд байснаар ажил олгогчдын анхаарал улам татагдах юм. Тэд гар утасны багц, киноны тасалбар, фитнессийн гишүүнчлэл гэх зэрэг өөр олон гайхалтай урамшууллуудыг цуглуулж эхэлжээ.

2013 оны 1-р сар гэхэд тус компани нь ойролцоогоор нэг жил болоод зогсохгүй зарим маш сонирхолтой урамшууллуудыг платформдоо бий болгож байсан ч ашиг олохгүй хэвээр байв. Яг энэ үед тэд ажилтнууддаа үзүүлэх тэтгэмж хэлбэрээр ажил олгогчдоос амжилттайгаар төлбөр нэхэмжилж чадах эсэхээ үзэх цаг болсон байлаа.

AnyPerk энгийн үнийн модель нэмж хэрэглэжээ. Ажилтан тутамд сарын 5 долларыг компаниуд төлнө. 10 хүнтэй компани 50 доллар сард төлөөд ажилтнууддаа утасны төлбөрийн, фитнесийн хөнгөлөлт гэх мэт урамшуулал эдлүүлэх боломжтой болох юм. 100 хүнтэй компани сард  500 доллар төлнө гэсэн үг.
Ийм энгийн модел нь харилцагчдад таалагдсан байна. Компаниуд ажилтнууддаа хөнгөлөлт, урамшуулал хүргэхийн тулд AnyPerk-д дуртайяа мөнгө төлж эхэлсэн байна. Доорх графикаас тэдний орлогын өсөлтийг харж болно. 
Picture
Мэдээж энэ графикт босоо тэнхлэгийнх нь хэмжээг нуусан байгаа. (AnyPerk-ийнхэн орлогын тоонуудаа ил гаргахгүй байхыг хүссэн юм.) Гэхдээ үүнээс харагдах нэг тодорхой зүйл нь сүүлийн жилд тэдний орлого тогтмол хурдтайгаар өссөн явдал юм. Тэд 7 ажилтантай эхэлж одоо 28-уулаа болон өргөжсөн. Санааг маань та нар ойлгож байгаа байх. Тэд маш амжилттай ажиллах байна. Паул Грахамын хэлсэн үг тэдний зүрхэнд мартагдахааргүй гүн хүрсний үр дүн байж ч магадгүй.

Борлуулалт ба өсөлт
AnyPerk-ийн өргөжих үндсэн арга бол борлуулалтын ажилтнууд нэмж ажиллуулах юм. Эдгээр борлуулалтын ажилтнууд нь ажил олгогчидтой холбогдож AnyPerk-тэй харилцагч болохыг ятгадаг. Ойролцоогоор харилцагчдын 50% нь гаднын холбоогоор орж ирсэн бөгөөд, үлдсэн нь борлуулалтын ажилтнуудын үйлчлэлээр орж ирсэн байлаа. Шинэ борлуулалтын ажилтан багт нэгдмэгцээ өндөр борлуулалт хийх шаардлагагүй ч цаг хугацаа өнгөрөх хэрээр өндөр борлуулалтын зорилтод хүрэх шаардлагатай болох юм.

Тэд мэдээж борлуулалтын ажилтнуудад борлуулалт хийснийх нь төлөө цалин урамшуулал өгдөг учраас шинэ харилцагч элсүүлэхийн тулд нилээдгүй зардал гардаг. Тарогын дурдснаар, Salesforce.com харилцагч элсүүлэх зардлынхаа улмаас 18 сарын дараа хугарлын цэгтээ хүрсэн байдаг. Харин AnyPerk-ийн хувьд, тэд борлуулалт эхэлснээс хойш 4-5 сарын дараа хугарлын цэгтээ хүрсэн түүхтэй.
AnyPerk-н дараагийн алхам юу вэ?
Picture
Хэрвээ чи AnyPerk-ийн оффисоор ороод гарвал бараг өрөөний зай нь бараг тал хүндээ ч хүрэлцэхгүй гэмээр бужигнасан газар байх болно. Тэдний бүтээгдэхүүн үнэхээр зах зээлээ олж чадсан буюу хэрэглэгчдийнхээ хэрэгцээг зөв олж харсан үйлчилгээ юм. Одоо тэд илүү олон хэрэглэгчдийг эгнээндээ оруулж, платформоо эрчтэй өргөжүүлэх цаг үед ирээд байгаа юм.

Тэдний компани хэн ч харсан үсрэнгүй хөгжиж байгаа нь илт. Харин тэд бусад олон стартапуудын адил энэхүү амжилтад шулуун замаар хүрээгүйг онцлох нь зүйтэй. Тэд унаж босох, алдаж онох бүхий л замыг туулсан.

Хамгийн хүнд өдрүүдийн ард гарсан ч, улам амжилттай болж өсөхөд маш урт зам хүлээж байдаг. AnyPerk компаниудыг ажилтнуудынхаа сэтгэл зүрхийг татаж, тэдний үнэ цэнийг мэдрүүлэхэд тусалдаг хамгийн хүчтэй компани болох амбицтай байгаа юм. Тэд хамгийн том компаниудыг харилцагчаар элсүүлж, цаашид олон төрлийн урамшуулалт хөтөлбөрийн зохицуулалт хийх програмыг хөгжүүлж байна.

AnyPerk замынхаа эхлэлд зүдэрсэн ч хоёр жилийн дараа гэхэд YC-ийн хамгийн шилдэг стартапуудын нэг болжээ. Энэхүү амжилтад хүрсэн нууц нь ердөө л.6 удаа унаж боссон уйгагүй зүтгэл ажээ. 

About Us

Recent

Random