2015-07-04

Бяслаг минь хаачив?

Бяслаг минь хаачив?

Америкийн нэрт сэтгэл зүйч, доктор Спенсер Жонсоны “Бяслаг минь хаачив?” сэтгэл зүйн тууж дэлхийн олон оронд, тухайлбал Япон улсад 50 шахам удаа дахин хэвлэгдэж “бестселлер” болсон юм. Энэхүү номыг сэтгүүлч, зөвлөх Очирхүүгийн Жаргалсайхан япон хэлнээс орчуулсаныг бид бага зэрэг хураангуйлан нийтэллээ. Жаргалсайханы блог http://jargalsaikhan.blogmn.net/ дэлгэрэнгүй танилцаарай.


Хүний амьдрал гэдэг эрх чөлөөт, ямар ч саад тотгоргүй, алхахад шулуухан, хөгжил цэнгэлтэй, дардан зам бус, алхах хүндээ адармаатай, өөрөө замаа хайхаас өөр аргагүй, зам зуураа төөрч, учираа олохгүйд хүрч, заримдаа хад мөргөн зогсох болдог харгуй ажгуу. Гэвч итгэл байвал заавал зам нээгддэг.
Бодож байсан зам чинь биш байж магадгүй юм, гэхдээ л хожим ингэсэн нь сайн боллоо гэж бодогдох тийм зам нээгдмү.
Роберт Бернс /1759-1796 он/
ЧИКАГОГИЙН УУЛЗАЛТ
Чикагогийн нэгэн сайхан бүтэн сайн өдөр нэг төгсөлтийн хэдэн хүн үдийн зоогт цуглаж хууч хөөрч байлаа.
Тэд амьдралд гардаг өөрчлөлт, бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван гарах, бидний амьдралдаа алдчихдаг сайхан боломжууд, түүнийг бид шүүрч авч чадахгүй алдчихдаг … гээд л олон зүйлийн талаар ярилцаж байв. Тэдний дундаас Майкл нэгэн сонирхолтой үлгэр түүний амьдралыг өөрчилсөн тухай яриа дэлгэлээ. Тэрээр “Энэ үлгэрийн ачаар хувирал өөрчлөлтөд хандах үзэл бодол минь өөрчлөгдсөн. Өөрчлөлт гэдэг бол ямар нэгэн зүйлийг олох явдал байж. Би ийм л хялбархан юмыг ойлгож байгаагүй дээ, аливаа хувирал өөрчлөлт болоход ашигтай зүйл хийхгүй сууж байсандаа цухалдаж, тэр тухай ёстой л яс махандаа шингэтэл ойлгож авсан” гэлээ.
– “Тэр чинь тэгээд ямар үлгэр юм бэ” гэж Анжела асуув.
– “Бяслаг минь хааччихав даа” гэдэг үлгэр. Бүгд инээлдлээ…
БЯСЛАГ МИНЬ ХААЧЧИХАВ АА?
Эрт урьд цагт, алс холын нэгэн оронд хоёр хулгана ба хоёр одой хүн амьдран суудаг байжээ. Тэд хүнс хоолоо базааж, аз жаргалтай амьдрахын тулд цаг үргэлж бартаат замаар бяслаг хайж гүйлддэг байлаа.
Хоёр хулганыг Үнэрчсаарал, нөгөөхийг нь Гүйдэгбор гэх бөгөөд хоёр одой хүн нь хулгануудтай бараг ижил жижигхэн биетэй ч үйл хөдөлгөөн нь бидэнтэй адил, нэрийг ньХээмХоом гэдэг байв. Мань дөрөв өдөр бүр баяслаг хайж олохоор алс холын төөрдөг замаар уйгагүй гүйлдэнэ.
Энэхүү бартаат зам нь олон тооны хонгил, агуйтай, гуу жалга ихтэй төөрдөг ордон бөгөөд энэ олон бартаа, саад бэрхшээлийг давж л чадах юм бол сайхан амьдрахад хүрэлцэхүйц бяслаг хаа нэгтээ нуугдаж байдаг.
Үнэрчсаарал бяслаг байж магад газрыг үнэртээд мэддэг, Гүйдэгбор ёстой л гялс манас, урагшлах маягаар тэд бяслагаа хайна. Хэрэв бяслаг байхгүй бол хоосон гарц замыг сайтар тогтоож аваад, ямагт шинэ зүг урагшилна. Мэдээж хоёр хулгана замдаа төөрч, гуужалганд тулаад гайхшран зогсох үе олонтоо тохиолдовч яаж ийгээд л замаа олж, урагшилсаар байлаа.
Харин хоёр одой хүн уураг тархиныхаа ачаар өмнөх туршлагаасаа суралцаж байсан учир сайн урагшлах үе ч байж, бас хүн л хойно сэтгэлээр унаж, мохож, итгэлээ алдах үе ч байлаа…
Хоёр хулгана ч, ХээмХоом хоёр ч өөр өөрийнхөө замаар бэдэрч явсаар нэгэн өдөр бяслагийн “С” өртөөний хонгилын буланд мөнөөх дурладаг бяслаг байхыг нь олж авлаа. Ингээд хулганууд ч, мань хоёр одой ч өдөр бүр өнөөх “С” өртөөг зорих боллоо.
ҮнэрчсааралГүйдэгбор хоёр өдөр бүр эртлэн босч, бартаат замаар яаравчилна. Зорьсон газраа ирмэгц шаахайгаа тайлж, хоёр уяаг нь холбож зангидаад хүзүүндээ зүүнэ (хэзээ ч хамаагүй шуудхан өмсөхөөр). Тэгээд л бяслаг руугаа орж явчихна даа.
ХээмХоом хоёр уг нь өглөө бүр бяслагийн “С” өртөөнд яаран ирж шинэхэн, амтат бяслагаа үмхэлж гардаг байсан бол яваандаа оройхон босч, аажуухан хувцаслаад ирэх болов. Тэд ирэхээрээ нуруугаа амрааж, тухлах бөгөөд биеийн тамирын хувцсаа хананд өлгөөд, шаахайгаа тайлж, улавч өмсөнө.
“Үнэхээр гайхалтай сайхан байна шүү. Ингээд л байгаад байхад цаашдаа ер нь давгүй шүү” гээд хоёр одой их л аз жаргалтай байж, сайн явж байгаадаа баярлан, өөрсдийгөө хувь золтой хүмүүс гэж бодох болжээ.
Удалгүй мань хоёр одой мөнөөх бяслагаа бүр өөрсдийн юм гэж бодох болов. Бяслаг их хэмжээгээр байх тул удалгүй хоёулаа тэр хавьд нүүж ирээд, тэндээ ажиллаж, амьдрах болжээ. Тэр хоёрын санаа амарч, ханандаа санамж үг бичиж, тэр байтугай бяслаг хүртэл зурж өлгөөд баясчээ. Тэрхүү үг нь ийм үг байв.
БЯСЛАГИЙГ ГАРТАА Л ОРУУЛААД АВБАЛ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛНО.
“Хараач! хөөе, янзын бяслаг байгаа биз, ямар байна даа” гээд, найзууддаа хувааж өгч ч, өгөхгүй явуулдаг ч үе байлаа. “Бид ийм л ажил хийсэн юм шүү дээ” гэж Хээм ярив. “Үнэндээ бол урт удаан хугацаанд хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн юм. Үүнийг олж авна гэдэг амаргүй байлаа л даа” гэж шинэхэн бяслагаасаа чимхэн амандаа хийх зуураа өгүүллээ.
Хоёул орой бүр гэдсээ дүүртэл бяслаг идэж аваад, тэнтэр тунтар алхан гэрийн зүг одож, өглөө бүр итгэлтэй нь аргагүй, өнөөдөр бүр ихийг иднэ дээ хэмээн бодсоор бяслаг буй газар ирж байв. Ийнхүү өдөр хоног харавсан сум шиг өнгөрч байлаа.Удалгүй мань хоёр биеэ тоож, санаа нь амарч гүйцээд, нэг мэдэхэд ямар нэг юм өөрчлөгдөөд байгааг мэдэх сөхөөгүй болжээ.
Харин ҮнэрчсааралГүйдэгбор хоёр өнөөх л янзаараа, өглөө эрт бяслагийн “С” өртөөнд ирэхээрээ тэр хавийн газрыг үнэртэж, өчигдрөөс ямар нэг зүйл өөрчлөгдөөгүй байгаа гэж шалгаж, гүйлдэнэ. Тэгээд сууж аваад бяслагаа үмхэлж гарна.
Гэтэл нэг өдөр очиход нөгөөх бяслаг байхгүй болсон байлаа.
Хоёр хулгана гайхсангүй. Овоолоостой бяслаг өдөр ирэх бүр аажмаар багасч байсныг анзаарч байсан тул хэзээ нэгэн цагт байхгүй болно гэж бодож явсан байв. Тэд биебиенрүүгээ нэг хараад шууд л хүзүүндээ өлгөсөн шаахайгаа углав. Тэдэнд хэрэг явдлыг нягтлан дүгнэж, цэгнэх хэрэг байсангүй, тэдний хувьд асуулт ч, хариулт ч тов тодорхой байлаа. Бяслагийн “С” өртөөний нөхцөл байдал өөрчлөгдлөө. Тиймээс бид ч өөрчлөгдөх ёстой гэж тэд үзээд замаа гүйлгэн харав. Үнэрчсаарал үнэртэж дохиход Гүйдэгбор гүйж эхлэв. Үнэрчсаарал ч яаравчлан араас нь хөөлөө. Шинэ бяслаг олохоор гарч байгаа нь тэр.
Харин тэр өдөр ХээмХоом хоёр аажуухан босч, бяслагийн “С” өртөөндөө ирлээ. Бяслаг бахь байдгаараа байж л байгаа гэж бодож байв. Ёстой л цэлмэг тэнгэрээс аянга буух шиг болов. “Юу гэсэн үг вэ? Бяслаг минь байхгүй болчихлоо гэж үү” гэж Хээм бархирав. Ингэж хэлээд байвал өнөөх нь буцаад ирэх юм шигээр улам чангаар бархирч байлаа.
Хээм хашгирч байсан бол Хоом дуугаа хураажээ. Тэр дэмий л гөлөрч байв.
Тэр хоёрт бяслаг нэн чухал байсан тул цаашдаа хэрхэх тухайгаа шийдэхэд урт удаан хугацаа шаардагдсан юм. Гэвч бодож бодож олсон зүйл нь бяслагийн “С” өртөөг маш сайн нягтлан үзэж, үнэхээр бяслаг алга болж уу, үгүй юү гэдгийг шалгаж үзэх төдий байлаа. Хоёр хулгана шууд л дараагийн бяслагаа олохоор замд шуударсан байхад Хээм,Хоом хоёр зөвхөн тэр хавьдаа эргэлдэх төдий байв. Тэр хооронд Хоом бүр санаагаар унаж орхилоо. Маргааш бас бяслаг байхгүй бол яанаа, юу болох бол?. Уг нь тэр бяслагаар дөрөөлж, ирээдүйдээ хийх зүйлээ хүртэл төлөвлөж байсан юмсан.
Мань хоёр шинэ нөхцөл байдалдаа итгэж өгөхгүй л байлаа. Яахаараа ийм явдалтай учирдаг байнаа? Ингэх учиргүй гэцгээж байв.
Тэр орой, ХээмХоом хоёр нуруугаа үүрээд толгойгоо унжуулан, гэр гэртээ харьцгаав. Тэгээд Хоом ханан дээр ингэж бичлээ.
МИНИЙ БЯСЛАГ ХЭДИЙ ЧИНЭЭ ЧУХАЛ БАЙНА, ТҮҮНДЭЭ ТӨДИЙ ЧИНЭЭ ХАРАМСМОЙ.
Маргааш өглөө мань хоёр гэрээсээ гараад дахиад нөгөөх өртөөндөө ирэв. Бяслаг байж магадгүй гэж горьдож байгаа нь тэр. Байдал өөрчлөгдөөгүй байв. Бяслаг байдаггүй. Хоёулаа зогтусч, яг л хөшөө шиг болжээ. Хоом нүдээ аниж, хоёр гараараа чихээ маажив. Юм бүхэнд дургүй нь хүрч байлаа. Бяслаг улам бүр багасч байсан энэ тэр гэж бодохын ч хэрэггүй санагдана.
“Ер нь ингэхэд, яагаад ийм юм болов хө?” хэмээн өөрөө өөрөөсөө асуулаа.
Удалгүй Хоом нүдээ нээж, хавь орчноо тойруулж харснаа “Ингэхэд нөгөө хоёр хулгана хаачдаг байна? Эд нар арай бидний мэддэггүйг мэддэг юм биш биз?” гэв.
Хээм шоолон инээж “Чи юу мэддэг гэж хэлэх гээд байнаа. Тэд зөвхөн хулганууд шүү дээ. Нөхцөл байдалд рефлекс төдий хариу хийж байгаа. Гэтэл бид бол хүн шүү. Хулганаас хавьгүй илүү боломжтой. Бий болсон энэ нөхцөл байдлыг эрэгцүүлж ухаарч чадах ёстой шүү дээ”.
“Мэдээж л дээ, бид хавьгүй илүү боломжтой. Гэхдээ одоогоор тийм боломжоо ашиглаагүй байна л даа. Нөхцөл байдал хувирч өөрчлөгдчихөөд байна шүү дээ, Хээмээ. Тийм болохоор арай өөр арга барилаар хандах хэрэгтэй болж байгаа юм биш биз дээ” гэжХоом хэллээ.
“Яахаараа хувирч өөрчлөгдөхгүй бол болохгүй гэж?” гэж Хээм асуулаа. “Бид нар чинь хүмүүс шүү дээ. Арай өөр, бусдаас ялгаатай. Ийм явдал байж ер таарахгүй” гэлээ.
Хоомын дотор өөр бодол эргэлдэж байлаа.
“Үгүй ээ, ийм тийм нөхцөл байдлыг бодож суухын оронд шийдээд шинэ бяслаг хайж олсон нь дээр гэж би бодох юм”.
“Хэрэггүй ээ, шал дэмий” гэж Хээм хэлэв.
Ийнхүү ХээмХоом хоёр яахаа ярилцаж суухад ҮнэрчсааралГүйдэгбор хоёр шаламгай гэгч нь урагшилсаар бартаат замын мухарт хүрч, хонгилоор эргэлдэж, эрж хайсаар. Шинэ бяслаг олохоос өөр бодол толгойд нь үгүй байв. Нэг хэсэгтээ юу ч олоогүй боловч удалгүй урьд өмнө хэзээ ч очиж байгаагүй өртөө рүү явж орох нь тэр. Хоёр хулгана хоолой мэдэн дуу алдацгаалаа. Асар их шинэхэн бяслагийг олж харжээ. Бяслагны “N” өртөө ажээ. Тэр хоёр нүдэндээ ч итгэхгүй байлаа. Урьд өмнө харж ч байгаагүй асар их бяслаг байж гэнээ.
Харин ХээмХоом хоёр аанай л бяслагны “С” өртөөнд мөнөөх нөхцөл байдал гэгчээ судалсаар, эргэлдсээр л байлаа. Бяслаг алга болсон болохоор ямар үр дагавар гарч ирэхийг төсөөлөн, сэтгэл нь тавгүй байцгаана.
Хоом заримдаа нөгөөх хулгануудын тухай санаж, тэдний байгаа газар бяслаг байгаа болов уу гэж бодно. Тэр хоёр ч бас хий дэмий л бартаат замаар гүйлдэж байгаа юм болов уу, эсвэл шинэ бяслаг олчихоод ам мэдэн үмхэлж байдаг юм биш байгаа гэж санаашран бодох үе ч байлаа. Өөрөө алсын замд гарч, шинэхэн бяслаг хайж олвол ямар сайхан байх болоо гэж бодохоор тэр гайхал нүдэнд нь аяндаа харагдаад ирэх ажээ. Шинэхэн бяслаг олчихоод амталж байна гэж төсөөлөхөөрөө Хоом бяслагийн “С” өртөөг орхин явах хэрэгтэй гэж дотроо бодох боллоо.
“Хөөе! замд гаръя” гэж тэрээр чангаар хэлэв. “Дэмий, дэмий” гэж Хээм шууд л хариулав. “Эндээ байх нь дээр. Дассан газрын даавуу зөөлөн. Өөр газар ч хэцүү шүү дээ” гэлээ.
“Түрүүнээс хойш энэ хавиар зөндөө л холхилоо. Дахиад нэг яваад үзье л дээ”.
“Тэгэх тэнхээ алгаа, хө. Тэгээд замдаа төөрч будилж, тэнэгтэж явж чадахгүй. Тийм биш гэж үү?”
Ийм үг сонсоод Хоом ч гэсэн тэгэх юм биш байгаа гэсэн айдсаар дүүрч, шинэ бяслаг олох хүсэл нь унтрав.
Ийнхүү өдөр бүр л ийм байдал давтагдаж байлаа. Бий болсон нөхцөл байдлыг тоохгүй байя гэвч яваандаа нойр нь ч хүрэхээ байж, сульдан ядарч, сэтгэл түгшлээ дийлэхээ болив. Гэр орон нь урам зоригийг нь тэтгэдэг газар байхаа нэгэнт больж, унтаж ч чадахаа болин, дахин бяслаг олохгүй юм биш байгаа гэж хар дарсан зүүдэнд шаналах болов.
Гэсэн хэдий ч тэд “С” өртөөнд өглөө бүр ирж байлаа.
Хээм нэг өдөр “Бас дахиад жаахан зүтгээд үзвэл ямар вэ, тэр бяслаг энэ хавьд байх шиг байна. Аягүй бол энэ хананы ард нуугдаж байгаа байх” гэв. Маргааш нь хоёул алх, зээтүү авч ирэн ханыг нүхлээд хартал бяслаг байсангүй. Маргааш дахин өөр ханыг өглөөнөөс орой болтол нүхлэхэд нүх онгойж харлахаас өөр зүйлгүй байлаа.
Мань хоёр өлсөх, унтууцах хоёроос болж, аажим аажим сульдаж ирлээ.
Хоом нөхцөл байдал сайнаар эргэхийг хүлээж суухаас дургүй нь хүрэх болов. Ингээд байгаад байвал юу ч өөрчлөхгүй гэдгийг тэр ойлгох болов. Ингээд нэгэн өдөр өөрөө өөрийгөө элэглэн доогломоор боллоо. “Хоом, чи ер нь юу хийж байна даа. Дахин дахин нэг л юмаа давтахаас цаашгүй. Тэгээд нөхцөл байдал сайжрахгүй байгааг юундаагайхаав?” Гэсэн ч дахиад л бяслаг хайх зориг, зүрх, сэтгэлээр дутлаа. Замдаа төөрч магадгүй. Ядартлаа гүйгээд олохгүй бол яах вэ? Тэглээ гээд яалтай билээ гэж бодохоос өөрийгөө шоолон инээлээ.
Тэгээд Хээмээс асуулаа. “Шаахайгаа хаана хийчихлээ?”. Түүнийг аяны богцоо бэлдэж байхыг хараад Хээм “Бяслагийн эрэлд гарах нь уу. Бяслагийг хүлээвэл яасан юм бэ?” гэж асуулаа.
“Буцаж ирэхгүй болохоор л тэр. Ингэж бодмооргүй байна л даа. Гэвч нөгөөх хуучин бяслаг буцаад ирэхгүй. Шинэ бяслаг олох хэрэгтэй байна шүү дээ”.
“Тэгвэл бяслаг олдохгүй бол яана?”
“Мэдэхгүй ээ”. Үүнийг тэр өөрөөсөө хэдэнтээ асуусан асуулт юм. Үнэхээр юу ч олдохгүй бол яана аа гэсэн айдас дахиад л төрөв. Тэрээр өөрөөсөө асуув “Аль нь дээр вэ? Бяслаг ирэхийг дэмий хүлээх үү? Эсвэл замд гарч хайх уу?”.
Тэр энэ үед өөрийгөө инээмсэглээд, эрс шийдэмгий замд гарч байна гэж төсөөлөв. Тэгээд энэхүү дүр төрхөндөө өөрөө ч гайхав. Сэтгэл санаа ч сайхан болов. Төөрч магадгүй л юм, гэвч эцсийн эцэст шинэ бяслаг олж л таарна гэж бодмогц зүрх зориг дүүрээд ирэв. Шинэ бяслаг олоод амталж байна, нүхтэй Швед бяслаг, гэрэлтэй шаргал амтлаг бяслаг,америкийн, италийн бяслаг, маш зөөлхөн францын бяслаг идэж байна гэнэ…
Хоом хэлэв “Хүүе ээ! Хээм. Юмс үзэгдэл өөрчлөгдөж байдаг. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байна гэж байхгүй. Хүний амьдрал ч тийм. Амьдрал урагшаа л явна. Бид ч гэсэн урагшаа явахгүй бол болохгүй, хоцорно” гэлээ.
Гэвч Хээм уурлаад сонссон ч үгүй.
Хоом “Бид хоёр ямар тэнэг харагдаж байгаа бол” гэж бодохоос инээд нь хүрч байв. Тэгээд инээмсэглээд “Одоо ингээд замд гарна даа” гэхэд Хээм инээсэн ч үгүй. Хоомбутарсан жижиг чулууг цуглуулангаа Хээмийг ч эрэгцүүлж бодоосой, шинэ баяслагныараас хөөцөлдөөсэй гээд бяслаг зураад ийн бичлээ.
ХУВИРЧ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ Л БОЛ МӨХӨЖ СҮЙДЭХЭД ХҮРМОЙ.
Тэгээд Хоом зам өөд харлаа. Тэр бяслаг үнэхээр байхгүй, эргэж ирэхгүй, хайж олохгүй л бол байдал өөрчлөгдөхгүй гэсэн бодолдоо дассан байлаа.
Тэрээр урдах ханандаа нэгэн үг бичээд бодов.
ХЭРВЭЭ САНАА СЭТГЭЛИЙН ЗОВИНОЛТҮГШИЛ БАЙХГҮЙ БОЛ ЕР НЬ ЮУ ХИЙХ БАЙСАН БОЛ ОО?
Санаа зовинолтүгшил гэдэг хэрэг болдог цаг байжээ. Энэ хэвээрээ байгаад байвал нөхцөл байдал улам л муудна гэсэн түгшүүрт автагдвал дуртай дургүй ч үйлдэл хийдэг юм байна.
Тэрээр баруун тийш хяламхийн харлаа. Ер явж байгаагүй газар агаад жихүүцэл төрнө. Гүнзгий амьсгаа аваад баруун тийш эргэж, мэдэж дасаагүй орчин руу алгуур аажим орж явчихлаа…
Хүний амьдрал гэдэг эрх чөлөөт, ямар ч саад тотгоргүй, алхахад шулуухан, хөгжил цэнгэлтэй, дардан зам бус, алхах хүндээ адармаатай, өөрөө замаа хайхаас өөр аргагүй, зам зуураа төөрч, учираа олохгүйд хүрч, заримдаа хад мөргөн зогсох болдог харгуй ажгуу. Гэвч итгэл байвал заавал зам нээгддэг.
Бодож байсан зам чинь биш байж магадгүй юм, гэхдээ л хожим ингэсэн нь сайн боллоо гэж бодогдох тийм зам нээгдмү.
…Яаж ийж чармайж байгаад урагшлая гэвч нэг л мэдэхэд санаа нь зовж эхлэв. Урт хугацааны турш бяслагийн “С” өртөөн дээр гар хоосон хүлээсээр байгаад сул дорой болчихжээ. Хоом сулавтархан инээмсэглээд ингэж бодлоо.
“Хоцорсон ч гэсэн, юу ч байхгүйгээс дээр. Зорилгодоо хүрэхэд удаан хугацаа шаардагдах байх, бас илүү хүнд ч байх. Гэхдээ хэрэв дахин боломж барьж авч чадахгүй бол шууд л орхин явж, өөрчлөлт хувиралтад зохицох нь хавьгүй дээр юм байна” гэж бодлоо.
Хоом хэд хэдэн газраас багахан бяслаг олж байсан ч тэр нь тун удалгүй дуусч байв. Ахиухан бяслаг олоод Хээмд аваачиж өгч, түүнийг эрэлд гаргах сэдлийг төрүүлэхсэн гэж бодно. Гэвч найдлага муу байв. Бага зэрэг урагшлав уу даа гэж бодовч тэр дороо л төөрч орхино. Хоёр алхам урагшлаад нэг алхам ухарч… иймэрхүү л байв. Гэхдээ урагшлах нь нэлээд хэцүү байсан боловч айж болгоомжлон дэмий суухаас хамаагүй дээр байлаа.
Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэхээр шинэ бяслаг олж чадах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэх болов. Идэх хэмжээнээсээ илүүг олъё гэж бодоод байгаа юм биш байгаа? Хөнжлийнхөө хэрээс илүү хөлөө жийе гээд байгаа юм биш биз дээ? гэсэн бодол ч төрөв.
Тэрээр бодлогоширч байснаа өөртөө ийн хэлэв. “Одоо нөхцөл байдал хүсмээр сайн биш байгаа ч бяслаг байхгүй байснаас л дээр байна. Яагаад гэвэл байхгүй чигээрээ байгаад байгаа биш, харин яаж ийгээд болгоё, бүтээе гэж байгаа болохоор. Хоёр хулгана чадаад байхад би чадаж л таарна. Ер нь бодоод байхад, бяслагийн “С” өртөөний бяслаг нэг л шөнө гэнэт алга болчихоогүй юм байна шүү дээ. Бяслаг улам бүр багасаж, үлдсэн нь хуучирч, бүр амт муутай болж байжээ. Аягүй бол хөгцөрч муудаж байснаас зайлахгүй. Тэгсэн мөртлөө тэр янзаараа гараа хумхиад л сууж байдаг. Харин одоо бол өөр” гэж бодлоо.
Хоом энэ бодлоо үргэлжлүүлэн “Ер нь ямар нэгэн өөрчлөлт бий болоод байгааг анхааралтай ажиглаж байсан бол, энэ өөрчлөлтөд бэлтгэж, анхааралтай ажиглаж байсан бол тэгтлээ цочирдож балмагдана гэж үү дэ. Одоо л ойлгож байна шүү. Үнэрчсаарал,Гүйдэгбор хоёр аягүй бол бэлтгэлтэй байсан даа. За, үүнээс л хойш ёстой анхааралтай байя” гэж тэр тунгаав.
Хувирал, өөрчлөлт гарна гэдгийг урьдчилан тархи толгойдоо хийж, даган өөрчлөгдөхийг эрэлхийлж байх хэрэгтэй юм. Хэзээ өөрчлөлт гарах бол доо гэдгийг мэдэрч, түүнд зохицох бэлтгэлийг хийж байх ёстой юм байна.
Тэрээр жаал амсхийснээ ханан дээр ингэж бичлээ.
Бяслагаа сайн үнэрлэж байвал, хөгцөрч муудсаныг нь анзаарах бус уу.
Нэлээд хугацаа өнгөрсөний дараа Хоом арай гэж нэлээд томхон өртөө рүү орлоо. Гэвч дунд нь хүртэл яваад хартал хоосон байсанд ихэд гутрав. “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчийн үлгэр боллоо гэж тэр бодлоо. Хурдхан зугатаж гармаар. Улам бүр тамирдлаа. Яахыгаа ч мэдэхгүй хэвээр, ер нь амьд үлдэж чадмааргүй ч санагдав. Ерөөс нөгөөх бяслагийн “С” өртөө рүүгээ буцах уу? Хээм тэндээ байгаа бол ядажганцаардахгүйсэн. Тэгснээ өөрөөсөө бас нэг асуулт асуув “Хэрвээ айдас хүйдэс байхгүй бол ер нь юу хийх болоо?”
Дотроо айдас хүйдсээ даван туулчихлаа гэж бодож байсан ч үнэндээ үе үе айдасдааээрэгдэж байлаа. Чухам юунаас айж эмээгээд байгаа нь тодорхойгүй бөгөөд сульдаж доройтсон үед ганцаараа урагшлах нь бүр аймаар байв. Хээм замаа олоо юм болов уу, эсвэл бас л айдас болгоомжлолтойгоо зууралдсаар байгаа болов уу гэж Хоом бодлоо. Бас бартаат замд гарч байсан үеээ эргэн дурсав. Одоо л урагшлахгүй бол болохгүй.
Тэрээр ханан дээр өгүүлбэр бичив
Шинэ зүг рүү урагшлаваас, шинэхэн бяслагийг олж харму.
Бичиж дуусаад Хоом мөнөөх харанхуй зөрөг рүү ширтэж, дахиад л эмээх сэтгэл төрлөө. Цаашаа юу байдаг бол? Юу ч байхгүй болов уу? Эсвэл аюул занал намайг хүлээж байгаа байх даа? гэх мэтчилэн янз бүрийн бодол толгой дотор нь хөвөрнө. Үнэндээ тэр харанхуй замаар урагшлахаас үнэхээр айж байлаа.
Тэгснээ гэнэт инээд алдав. Айдас хүйдэснээс болоод юм бүхнийг муугаар боддог болчихжээ гэж тэр боджээ. Тэгээд хэрэв айдас гэж байдаггүй байсан бол юу хийх байсан бол гэж бодоод цорын ганц хариулт нь шинэ зүг рүү урагшлах явдал гэдгийг ойлгов.
Хоом харанхуй зөрөг рүү үсрэн орох үедээ инээмсэглэл тодруулж байлаа. Өмнө нь ямар нэг зүйл байгаад итгэх болов. Тэр нь юу вэ? гэдгээ ч хараахан сайн ойлгоогүй хэрнээурагшилсаар байв. Санаа сэтгэл нь ч улам бүр аятайхан болж ирэв. “Бяслаг ч байхгүй, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй атлаа яагаад ийм урам зоригтой байгаа хэрэг вэ?”
Удалгүй түүний учрыг ойлгов. Зогтусаад ханан дээр ийн бичлээ.
Айж түгшихийг л давчихвал, санаа сэтгэл уужирму.
Хоом айдас хүйдэст баригдаж байсныгаа сайн ухаарлаа. Шинэ зүг рүү алхсанаар түүнээс чөлөөлөгджээ.
Урин салхи сэвэлзэж, аятайхан санагдаад ирэв. Хэдэнтээ гүнзгий амьсгаа автал, урам зориг ч дүүрээд ирлээ. Мөнөөх айдас алга болохоор санаж байснаас ч илүү бадрангуй болдог юм байна гэдгийг ухаарлаа. Бодит байдал бүр л сайн болоосой гээд Хоом бас дахин нэг төсөөлж үзлээ…
Өөрийнхөө дуртай янз бүрийн бяслаган уулаар хүрээлжээ… нэгд нэгэнгүй нарийвчлан зураглаж бодлоо. Өөрийн дуртай бяслагнуудыг янз бүрээр амтархан идэж байна гэнэ. Шинэхэн бяслагийн дүр төрх ч улам бүр нүднээ тодрохын хэрээр амт нь амтагдах шиг болж, заавал үүнийг олно доо гэсэн сэтгэл төрж ирлээ. Тэгээд ийн бичив.
Шинэ бяслагийг хараахан олоогүй ч гэлээ түүнийг олчихоод баярлаж байгаагаар өөрийгөө төсөөлөхөд тэр бодитой биелмү.
Хоом алдаж орхисон зүйлээ бус, алсдаа гартаа хийх зүйлээ боддог боллоо. Яагаад хувирал өөрчлөлт зөвхөн муу зүйл авчирна гэж? Сайн зүйлийг ч бас авчирдаг юм бус уу? Яагаад аль болох хурдан ингэж бодсонгүй вэ? гэж тэр бодлоо.
Тэгээд тэнхээ орж хурдан түргэн бартаат замаар гүйж гарав. Удалгүй нэгэн бяслагийн өртөөнд ирж амьсгаагаа дарав. Орох хаалганых нь ойролцоо шинэхэн бяслагийн жижигхэн хэсгүүд хэд хэд харагдлаа. Үзэж хараагүй бяслаг байх агаад гайхалтай сайхан зүйл мэт харагдаж байлаа. Хазаад үзвэл амттай гэж тоймгүй. Ихэнхийг идэж, үлдсэнийгхалааслав. Дараа идье. Хээмд ч бас үлдээе.
Хүч чадал нь ундраад ирлээ. Сэтгэл догдлон байж нөгөөх бяслагийн өртөөний гүн рүүороод явчихлаа. Гэсэн ч тэнд хов хоосон байв. Хэн нэг нь өрсөөд идчихжээ. Хэрэв арай жаахан эрт гараад, хурдан хөдөлсөнсөн бол эндээс ахиухан бяслаг олох байж шүү дээ. Тэрээр “С” өртөөр үү буцаж Хээм өөртэй нь хамт явах бодолтой болж уу, үгүй юү гэдгийг мэдмээр санагдлаа.
Буцах замдаа түр саатаж хананд ийн бичив.
Хуучин бяслагаа аль хэр түргэн хаяж чадна төдий чинээ шинэ бяслаг хурдан олж харму.
Буцаад очтол Хээм байж л байв. Шинэ бяслагнаасаа өгөхөд авсангүй. Хээм баярласнаа илэрхийлээд ийн хэлэв “Шинэ бяслагт яагаад ч юм дур хүрэхгүй байна. Дасаагүй болохоор л тэр байх. Би нөгөө бяслагаа л хүсч байна. Түүнийгээ өөрчлөх бодол алга” гэв.
Хоом гайхан алмайрч, толгой сэгсрээд, толгойгоо унжуулан цааш явлаа. Дахиад лХээмгүй, ганцаар явна гэхээс гунигтай. Гэхдээ нэг зүйл байж, түүндээ баярлаж буйгаа дахин мэдэрлээ. Намайг аз жаргалтай болгох зүйл нь дан ганц бяслаг олох явдал биш юм байна. Айдас хүйдсээр хүлэгдэхгүй болсон нь баярламаар зүйл.
Одоо бол бяслаг байхгүй тэр л чигээрээ бяслагийн “С” өртөөн дээр баригдаж суусантай адил сэтгэл тавгүйцэх зүйл байсангүй. Айдас хүйдсээр биеэн хүлэлгүй, шинэ чиг зүг рүүурагшлан явж байна гэдгээ мэдэж байгаагийн хэрээр урам орж, хүч чадал нь оргилж байлаа. Одоо хэрэгцээтэй зүйлээ эрж олох нь цаг хугацааны асуудлаас өөр юу ч биш гэж бодож байлаа. Үнэндээ эрж хайж байсан зүйлээ аль эрт олчихсон байсан ажээ. Тэрээр инээмсэглэн байж, ийн андгайлан бичив гэнэ.
Бяслаг байхгүй чигээрээ суугаад байснаас замд гарч эрж хайх нь хавьгүй амар, бас аюулгүй болой.
Хоом бас дахин бодлоо. Хүний айж болгоомжлоод байгаа тэр зүйл үнэндээ бол төсөөлж байгаа шигээ муу зүйл биш байдаг юм байна. Өөрийнх нь сэтгэлдээ бий болгоод байгаа тэр айдас хүйдэс нь бодит байдлаас илүүтэй аймаар зүйл биш бус уу?
“Одоо бүр ихийг олно доо” гэж төсөөлөхөөр цээж нь дүүрээд ирнэ. Урьд нь санаазовинол, айдас хоёр сэтгэлийнх нь хүчийг мөхөөж байжээ. Бяслаг олоо ч уу, үгүй ч үү? Олсон ч хангалттай олж чадах ч юм уу, үгүй ч юм уу? Тэр болтол төөрчихгүй байгаа даа? гэж бодож байсан билээ. Хэрэг явдал сайнаар эргэнэ гэж бодохоос илүү муугаар эргэнэ гэж бодох нь хавьгүй олон байжээ. Гэсэн ч бяслагийн “С” өртөөнөөс явснаар байдал өөрчлөгдсөн юм.
Одоо нэгэнт хувирал, өөрчлөлт бий болох нь жам ёсны хэрэг юм гэдгийг ойлголоо. Өөрчлөлт хувиралт болоход сандарч үймэх нь ерөөс урьд өмнө төсөөлж, түүнийг хүлээж байгаагүйгээс л тэр юм байна.
Хоом зогтусч, хананд ийн бичлээ.
Бахь байдаг сэтгэлгээ байгаад л байвал, шинэ бяслаг олж үл чадмой.
Хараахан шинэ бяслаг олж чадаагүй ч Хоом бартаат замаар тойрч явахдаа өнөө хүртэл олж мэдсэн зүйлээ эргэн санаж явлаа. Тэрээр шинэ бодол нь шинэ үйлдэлд татаж оруулж байгааг ойлгож байв.
Хүн бодлоо өөрчлөхөөр үйлдэл нь өөрчлөгддөг юм байна.
Өөрчлөлт хувирал бол гай гарзыг өгдөг зүйл гэж бодоод түүнтэй тэрсдэг хүн олон бий.
Хоом хананд ийн бичлээ.
Шинэ бяслаг олж, түүндээ сэтгэл дүүрэн байна гэж бодвол, хүн урагшлах замааөөрчилмү.
Хоом “Би хувирал өөрчлөлттэй хэдий чинээ хурдан тулж, хэдий чинээ бяслагийн “С” өртөөг хурдан орхиж гарсан бол одоо байдал арай л сайн байх байсандаа” гэж бодлоо. Оюун санааны хувьд ч, бие махбодийн хувьд ч бүр илүү тэнхээтэй байж, шинэ бяслаг олж, асуудлыг түргэн шийдэх байсан бизээ. Үнэндээ хувирал өөрчлөлтийг төсөөлөнбагцаалдаж байсан бол одоо шинэ бяслаг олчихсон байх ч юмуу. Гэтэл өөрчлөлт хувирал болж байгааг сайтар тунгаахын оронд тэр чигээрээ цаг хугацааг дэмий урсгаж орхисон байна.
Эдүгээ эргэн санахад олон газар өгүүлбэр бичиж үлдээж байсныгаа сайн болжээ гэж бодов. Хэрэв Хээм бяслагийн “С” өртөөг орхиж явбал үүнийг заавал харж, миний араас нэхэн ирэх бизээ гэж бодлоо. Тэрээр өөрийгөө зөв зүг чиг рүү урагшилж байна гэж бодохыг хүсч байв.
Хоом сэтгэлд бодогдсоноо дахин ийн бичиж үлдээлээ.
Бага сага хувирал өөрчлөлтүүдийг аль болох хурдан анзаарч байвал чи удалгүй ирэх том өөрчлөлтөд сайн зохицож чадму.
Хоом өнгөрснөө үтэр хаяж, одоо орчин цагтай нүүр тулан учирч байна.
Мөнхөд л энэ замаар тойрч, төөрч гүйх юм биш биз дээ? гэж бодох үед түүний аялал баярламаар үр дүнтэй учирсан билээ.
Тэр эрч хүчтэйгээр, асар хурдтайгаар бартаат замаар урагшилж байлаа. Удалгүй ийм явдал болсон юм…
Мөнхөд л энэ замаар тойрч гүйх юм биш биз дээ гэж бодох үед түүний аялал баярламаар үр дүнтэй учирлаа. Урьд өмнө явж байгаагүй хонгилоор урагш явж, булан тойрмогц бяслагийн “N” өртөөн дээр шинэхэн бяслагийг олж харав. Өртөөнд ороод тэр бүр алмайрч орхилоо. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй асар их хэмжээний бяслаг. Түүгээр ч үл барам тэнд хэд хэдэн төрлийн бяслаг байв.
Хэсэгтээ л сэрүүн байна уу, зүүдлэж байна уу гэдгээ мэдэхээ болив. Харин хуучин андҮнэрчсааралГүйдэгбор хоёрынхоо барааг харсаны дараа тодорхой мэдлээ.
Үнэрчсаарал угтан толгой дохин, Гүйдэгбор нь гараараа даллав. Хулгануудын урагш цондойсон бяцхан гэдэс тэднийг нэлээд өмнөөс энд ирж гэдгийг харуулна.
Хоом яаран сандран хариу мэндчилээд, өөрийнхөө дуртай бяслагийг бүгдийг амталж үзлээ. Биеийн тамирын шаахайгаа тайлж холбож үдээд, мөрөндөө углав.
Хоом шинэ бяслаг руу дөхөв. Гэдсээ дүүрмэгц тэрээр шинэхэн бяслагийг өргөөд “Хувирал өөрчлөлт мандтугай!!” хэмээн “хундага өргөв”. Шинэ бяслагаа идэн ийн баясахын сацуу өнөөг хүртэл сурч мэдэж авсан зүйлээ нэхэн саналаа.
Хувирал өөрчлөлтөөс айж эмээж суухдаа тэрээр хуучин бяслагийн үл гүйцэлдэх үзэлтэйгээ зууралдсаар л байжээ. Аль эрт алга болчихсон юмыг шүү дээ.
Харин юу түүнийг өөрчилж орхив оо? Бахардаж үхэх шахаж байсан санаа зовинол,түгшил гэж үү? Үнэндээ үүний л ач байлаа шүү дээ гэж Хоом бодоод инээд алдав. “Надад миний үйлдэл тэнэг мэт бодогдоод ирэнгүүт л өөрчлөгдөж эхэлсэн байх нь шүү дээ. Өөрийгөө өөрчлөгдөхөд өөрийнхөө тэнэг мангарыг шоолон инээх явдал их чухал юм байна. Тэгсэн цагт л хуучин байдлаасаа салж, урагш явж чаддаг байна шүү. Урагш давшин явахын тухайд, найз хулгануудаасаа ашигтай зүйл ихийг сурч мэдлээ. Тэдний хувьд нэг насны амьдрал гэдэг хялбархан зүйл ажээ. Болсон явдалд дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийе гээд юмсыг ээдрээ төвөгтэй болгосонгүй. Нөхцөл байдал хувирч өөрчлөгдөөд, бяслаг нэг л өдөр алга болмогц өөрсдөө хувирч өөрчлөгдөн, бяслагийг эрж хайхаар одно. Түүнийг сайн санаж явъя” гэж Хоом гайхалтай уураг тархиа ашиглан бодлоо.
Өнөөг хүртэл хийж ирсэн алдаа эндүүгээ эргэцүүлэн бодоод ирээдүйнхээ төлөвлөгөөнд тусгая гэж шийджээ. Хүн гэдэг хувирал өөрчлөлтөд хандаж чаддаг болох ёстой юм байна. Энэ бол:
– Юмс үзэгдлийн голыг нь олж барьж авч, уян хатан байдлаар, хурдан түргэн хөдлөх явдал
– Асуудлыг хэт ээдрээ төвөгтэй болгодоггүй байх
– Аливааг ямагт төвөгтэй талаас нь бодож өөрийгөө алдаж болохгүй.
– Жижиг сажиг өөрчлөлтийг анзаарч байх. Тэгвэл удалгүй ирэх том өөрчлөлтөд сайн бэлдэж чадна
– Хувирал өөрчлөлтөд түргэн дасан зохицох хэрэгтэй. Оройтвол зохицож чадахгүйд хүрнэ
– Хамгийн том гай түйтгэр өөрийн чинь дотор байдаг. Өөрөө л өөрчлөгдөж чадахгүй бол аливаа зүйл сайн тийш эргэхгүй
Тэрээр ингэж бодлоо. Хамгийн чухал зүйл бол шинэ бяслагийг үргэлж хэн нэгэн, хаа нэгтээ аваад явчихдаг явдал юм. Тэр үедээ тэгж бодогддоггүй. Харин айдас хүйдсээ даван туулаад, адал явдлуудтай сонирхон тулваас түүний чимээ дуулдах аж.
Мэдээж хэрэг, айдас хүйдсийг үл тоомсорлон орхиж боломгүй үе гэж бий. Үнэхээр айдас хүйдэс заримдаа аюултай зүйлээс холдуулж өгдөг тохиолдол байдаг. Гэхдээ хувирал өөрчлөлт бол гаслан зовлон мэт харагдавч үр дүн нь тэнгэрийн хишиг байх нь хязгааргүй олон. Тэгээд бас өөрийнх нь сайн талыг мэдрүүлж өгдөг.
Хоом өөрийнхөө мэдэж авсан зүйлийг уудлан бодож, найз Хээмийнхээ тухай дурсав. Миний хаа сайгүй бичиж үлдээсэн зүйлсийг Хээм олж хараа болов уу? Хээм цөхөрч залхаад, цааш явах сэтгэлтэй болсон болов уу? Аян замд хөл тавьж, илүү сайхан амьдралд хүргэх зүйлээ олж авч чадах болов уу?
Хоом дахин бяслагийн “С” өртөө рүү очиж Хээмийг байгаа болов уу, үгүй юү гэдгийг шалгаж үзмээр санагдав. Тэнд бас дахин буцаж очоод ч, Хээм тэнд байсан ч түүнийг хэцүү орчиноос сугарч гарах арга зам бий гэдгийг түүнд сэнхрүүлж чадах болов уу? Нэг удаа түүнийг өөрчилье гэж очиж байснаа нэхэн саналаа. Тав тухтай газраасаа сугаран гарч, айдас хүйдсээ даван туулж байж л Хээм өөрөө замаа олж харахгүй бол болохгүй. Хэн ч түүний оронд ингэж хийж өгөхгүй, бас ухуулан ятгаад уг хүн өөрөө л өөрчлөгдөж хувирахын сайн талыг анзаарч ойлгохгүй бол хэн ч түүгээр аливаа зүйлийг хийлгэж чадахгүй.
Хоом Хээмийн төлөө ямагт анхааруулга үлдээж ирсэн билээ. Тэр ханан дээр бичсэн анхааруулах өгүүлбэрийг унших л юм бол урагш явж чадах юм.
Хоом өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг сайтар боловсруулан бяслагийн “N” өртөөний хамгийн өргөн ханан дээр түүний гол чухал санааг бичлээ. Түүнийгээ маш том бяслаг зурж хүрээлээд мушилзав.
Хувирал өөрчлөлт ямагт бий болмуй (бяслагийг ямагт олж, тэр нь бас арилж алга болно)
Хувирал өөрчлөлтийг урьдчилан төсөөлж байя (бяслаг алга болно гэдэгт бэлтгэлтэй байя)
Хувирал өөрчлөлтийг тандан мэдэж байя (бяслагийг ямагт үнэрлэж байвал хуучирч муудсаныг анзаарч болно)
Хувирал өөрчлөлтөд хурдан түргэн дасан зохицъё (хуучин бяслагаас аль болох хурдан залхвал, тэр хэрээр шинэ бяслагийг сонирхох болно)
Хувирч өөрчлөгдье (бяслагтайгаа хамт урагш давшъя)
Хувирал өөрчлөлтийг сонирхоцгооё (адал явдлыг хангалттай амталж, шинэ бяслагийн амтыг мэдэрцгээе)
Урагшилж, хурдан түргэн өөрчлөгдөж, дахин түүнийхээ үр шимийг үзье (бяслагийг бас дахин гартаа хийх болно)
Хоом Хээмтэй хамт бяслагийн “С” өртөөнд байсан тэр үеэ бодвол нэлээд хол явчихсан мэт бодогдож байв. Санаа амран бодож үзвэл, бодит байдал муу тийш хандах нь амархан гэдгийг ойлгож байлаа. Тэрээр одоо өдөр бүр бяслагийн “N” өртөөг нэгд нэгэнгүй нягтлан шалгаж, өөрийнхөө бяслагийн нөхцөл байдлыг нарийвчлан нягтлах болов. Урьдчилж төсөөлөмгүй хувирал өөрчлөлтөд балмагдан гайхахгүйн тулд чадах бүхнээ хийж байгаа нь энэ.
Бяслаг маш их байсан ч Хоом үе үе бартаат замд гарч, шинэ нутаг орныг нягтлан шалгаж, хавь орчиндоо бий болж байгаа хэрэг явдлыг ямагт анхаардаг боллоо. Ямар сонголт байж болохыг мэдэж байх нь дадаж дассан газартаа түгжигдэж сууснаас хавьгүй дээр гэдгийг ойлгож байснаас тэр бизээ.
Удалгүй гадаах зам дээр ямар нэгэн юм хөдлөх чимээ сонсогдов. Чимээ улам тодорч, хэн нэгэн ойртож ирж яваа нь мэдэгдэв. Хээм маань хүрч ирэх нь энэ үү? Тэр ирж яваа юм биш биз?
Хоом амандаа залбирч байлаа. Өдий болтол өчнөөн удаа хүсэн гуйж залбирч байсан зүйл нь энэ. Эртний анд нь айсуй байгаасай билээ…
Бяслагтайгаа хамт урагшилж, түүндээ баясаж явъя.
Төгсөв.
(Үгүй ээ, эндээс л эхэлж байж магадгүй юм.)
ЯРИА ХӨӨРӨӨ ТЭР ОРОЙ
Майкл үлгэрээ ярьж дуусаад өрөөнд байгаа хүмүүсийг гүйлгэн харвал ангийнхан нь бүгд инээцгээж байлаа. Хэдэн хүн амандаа талархлын үг хэлж, энэ үлгэрээс их зүйлийг сурч мэдлээ гэцгээж байв. Ингээд тэд энэ орой нэг газар уулзаж хөөрөлдөцгөөхөөр болоод тарлаа.
Орой нь тэд нэгэн зочид буудлын амралтын танхимд дахин цугларч, өөр өөрсдийн “бяслагийг” олох талаар, бас өөрсдөө төөрч будилах замд хэрхэн мунгинаж байгаа тухайгаа ярилцацгаасан юм.
Анжела “За тэгвэл та нар энэ үлгэрийн хэнд нь хамаарах юм шиг байна вэ? Хээм үү, Хоомуу, Үнэрчсаарал уу, Гүйдэгбор уу?” гэж бодлогоширонгуй асуулаа.
Карлос хариулав.
– Түрүүнээс хойш би энэ тухай бодож байлаа л даа. Спортын бараа худалдах бизнес эхлэхээсээ өмнө айхтар хувирал өөрчлөлттэй тулгарч, бүдэрч унаж байснаа саналаа шүү. Миний хувьд Үнэрчсаарал лав биш. Би нөхцөл байдлаа хурдан мэдэрч чадаагүй, хувирал өөрчлөлт болоод байгааг ч анзаарах сөхөөгүй байсан. Бас Гүйдэгбор ч биш байв. Шуудхан үйлдэл хийгээгүй. Тэгээд хэн нь байсан бэ гэвэл Хээмтэй л төсөөтэй юм уу даа. Яагаад гэвэл дасч дадсан орчиндоо л байгаад байхыг бодсон хэрэг. Үнэндээ хувирал өөрчлөлтийг шийдвэрлэе гэсэнгүй шүү. Нүдээ нээхийг хүсээгүйтэй адил юм уу даа”.
Майкл Карлостой найз байсан ахлах сургуульд байх үедээ буцаж очсон мэт санаад “Чухам юу болсон юм бэ” гэж асуулаа.
Карлос “Ажил төрлийн санаанд оромгүй өөрчлөлт” гэв.
Майкл инээгээд “Хусагдчихсан уу?” гэж асуув.
-“За тэгж хэлж болох л юм байна. Шинэ бяслаг эрж хайя гэж бодоогүй хэрэг. Би ингэх учиргүй гэж боддог байлаа. Тийм болохоор тэр үед үнэхээр хэцүү байдалд унасан”.
Эхэндээ чимээгүйхэн байсан нөхөд нь удалгүй дуу шуу орж, ичиж нэрэлхэлгүй хууч хөөрцгөөж эхлэв.
Цэргийн хүн болсон Фрэнк ингэж ярьлаа “Хээмийн тухай гэснээс нэгэн найзынхаа тухай саналаа. Түүний хэсэг цомхотгогдох болсон бөгөөд тэр ганцаараа эсэргүүцсэн юм. Хамт ажиллагсад нь удалгүй өөр өөр хэсэг рүү шилжсэн. Бид түүнд өөр тийш шилжих санаа төрвөл зөндөө боломж гарна гэж ятгахыг оролдовч, тэр өөрийгөө хувирч өөрчлөгдөх хэрэгцээ ер байхгүй гэж үзсэн юм. Ерөөс тэдний хэсгийг цомхотгогдох болсонд цочирдсон хүн ганцхан тэр л байлаа. Санаанд нь багтаагүй өөрчлөлттэй дасан зохицохоор одоо ч зүдэрч суугаа шүү” гэв.
Чешка ийн хэлэв “Би ч гэсэн өөртөө тийм явдал болно чинээ бодоогүй юм. “Бяслаг” алга болсон тохиолдол нэг байтугай таарч байлаа. Ялангуяа хувийн амьдралд. Гэхдээ сүүлд нь л анзаардаг юм билээ” гэв.
Бүгд инээлдсэн ч Натан инээсэнгүй.
“Магадгүй тэр л чухал зүйл нь юм” гээд Натан “Хувирал өөрчлөлт хэнд ч ирдэг” гэв. Тэрээр үргэлжлүүлэн “манай гэрийнхэн энэ үлгэрийг мэдэж байсан бол гэж бодох юм. Харамсалтай нь манай бизнест өөрчлөлт хувирал болж байна гэдгийг хүлээн зөвшөөрье гэсэнгүй. Одоо бол хоцорсон, өчнөөн олон мухлаг дэлгүүр үүд хаалгаа барьж, дампуурахгүй гэхийн газаргүй болсон” гэлээ.
Бүгд л гайхав. Натаны бизнес сайн явж байгаа гэж тэд бодоцгоож байсан юм.
-“Юу болсон юм бэ” гэж Чешка асуулаа.
“Барааны нэр төрөл олон, бас хямдхан супермаркет гарч ирээд манайх шиг жижигхэн дэлгүүр маш хурдан хоцрогдсон. Үнэндээ яаж ч чадаагүй. Одоо бодоход бид ер ньҮнэрчсааралГүйдэгбор хоёр шиг байж чадаагүй, Хээм шиг л байж дээ. Тэр газартайгаа зууралдсаар хувирч өөрчлөгдөөгүй юм. Нэгэнт бий болсон зүйлийг тоохгүй байсаар одоо зовлонтой юмтай учраад байна. Хоомоос л ганц хоёр юм сурч авдаг байж. Өөрсдийгөө шоолж, хийж байгаа зүйлээ өөрчилж чадаагүй болохоор л тэр байхдаа” гэв.
Лаура нэлээд сайн бизнес эмэгтэй бөгөөд түрүүнээс хойш юм ярилгүй, хүмүүсийн яриаг л чих тавин сонсч байлаа. Тэрээр “Би энэ үлгэрийн тухай их бодлоо. Яавал Хоом шиг болох бол? Яавал алдаж эндүүрч байгаа зүйлээ анзаарах вэ? Яавал өөрийгөө шоолж чаддаг болох вэ? Өөрсдөө өөрчлөгдөж улам сайн явахад яавал дээр вэ?” гээд үргэлжлүүлэн “Би мэдмээр байна. Хувирал өөрчлөлтөөс айж эмээж буй хүн хэчнээн байгаа бол?”
Хэн ч хариулсангүй тул тэрээр дахин “Гараа өргөөч?” гэлээ.
Нэг хүн гараа өргөв.
“Тийм байдаг юм байж. Үнэнч шударга хүн нэгээс өөр байдаггүй байжээ” гээд “Тэгвэл ингэж асуувал дээр юм байна. Өөрөөсөө өөр хүнийг хувирал өөрчлөлтөөс айж байгаа гэж бодож байгаа хүн гараа өргөе” гэхэд бүгд гараа өргөлөө. Бүгдээрээ инээлдэв.
-“Энэ юу гэсэн үг вэ?”
-“Өөрөө болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг” гэж Натан хариулав.
-“Яг тийм” гэж Майкл хэлээд “Би айж эмээгээгүй. Гэхдээ миний хамгийн сонирхож байгаа зүйл бол “хэрвээ айдас байхгүй бол ер нь юу хийх болоо?”.
Чешка яриаг нь тасалж ийн өгүүлэв.
-“Би энэ үлгэрээс олж авсан сургамж бол: Хувирал өөрчлөлт хаа сайгүй болж байдаг. Аль болох түргэн гар тосон угтаж авбал цаашдаа сайн зохицуулж чадна гэсэн ийм хоёр зүйл байна. Хэдэн жилийн өмнө юм даа, манай компани хорь гаруй боть нэвтэрхий толь бичгийг иж бүрдэл болгон худалддаг байсан юм. Нэг хүн нэвтэрхий толь бичгийн агуулгыг ганц ширхэг дискэнд багтаагаад одоогийн үнээс маш хямд үнээр худалдаалах ёстой гэдэг санал гаргалаа. Тэгвэл нэмэлт засварыг хийхэд ч төвөггүй, бас бүтээгдэхүүний өртөг ч буурч олон хүн худалдаж авах боломжтой болно гэсэн юм. Гэвч бид нар эсэргүүцсэн” гэжярьлаа.
-“Яагаад” гэж Натан асуув.
-“Бид явуулын борлуулагчдаар дамжуулж худалдаа хийдэг. Олон жил тийм л байсан, цаашдаа ч тийм байх гэж бодсоных”.
Лаура: “Үлгэрт ХээмХоом хоёр амжилт олохгүй байсантай л адил байж. Тэд байдал хувирч өөрчлөгдөхгүй гэж боддог байсан.
Натан: “Та нар хуучин бяслагаа зөвхөн биднийх гэж бодож байжээ”
Майкл: “Тиймээ, тэгээд бүр зууралдчихсан байсан. Бид бяслаг хэзээ нэгэн цагт дуусна гэдгийг ойлгох хэрэгтэй байсан. Бид өөрчлөгдөөгүй. Гэтэл өрсөлдөгчид маань өөрчлөгдөж, манай компанийн гүйлгээ эрс багассан. Одоо энэ салбарт томоохон технологийн хувьсгал гарчихсан. Компанийн талаар хэн ч ярихгүй байгаа. Би ч ер нь ойрын үед ажлаасаа гарч магадгүй” гэлээ.
Анжела: “Ингэхэд Хээм өөрчлөгдөж, шинэ бяслаг олсон болов уу?”
Элайн: “Би тийм гэж бодож байна”.
Кори: “Би тэгж бодохгүй байна. Яасан ч хувирч, өөрчлөгддөггүй хүн байдаг. Минийөвчтнүүдийн дотор өөрийнхөө “бяслаг”-ийг туйлын аюулгүй гэж боддог хүмүүс бий. Түүнийгээ алдчихаар хэн нэгэн бусдаас л боллоо гэж боддог. Ийм хүний бие эрс шийдэмгий, зөвхөн урагш тэмүүлдэг хүнийхээс илүү муу байдаг юм шүү дээ” гэлээ.
Удалгүй Натан: “Гол нь юуг эрс орхиж, хааш явах вэ гэдэг байна. Би бусад дэлгүүрүүдэд ямар зүйл болж байгааг мэдэж байсан ч манайд л битгий нөлөөлөөсэй гэж дотроо залбирдаг байлаа. Одоо бодоход хувирч өөрчлөгдөх ёстой байж. Магадгүй өөрөө өөрийнхөө “бяслагийг” алга болгоод ч болов. Хэрэв манай компани дэлгүүрүүдээ зараад нэг том шинэ дэлгүүр барьж тэр их дэлгүүртэй сөргөлдүүлсэн бол одоо ямархуу байх байсан бол гэж бодогддог юм” гэв.
Фрэнк: “Хувирч өөрчлөгддөггүй юм гэж бас бий биш үү. Би өөрийнхөө язгуур үзэл бодлоо эрхэмлэмээр байдаг. Гэхдээ “бяслаг”-тай хамт хурдан өөрчлөгдвөл илүү баян чинээлэг болох байсан гэж бодогдож байна л даа”.
Ричард: “Майкл! Үнэхээр гайхалтай үлгэр байна шүү. Гэхдээ танай компани үүнийг яаж тусган авч байна даа” гэж асуув. Бүгд Ричардыг хэд хэдэн удаа хувирал өөрчлөлтийг биеэр амссан гэдгийг мэдээгүй байв. Саяхан эхнэрээсээ салж, ажлынхаа зэрэгцээ арван настай хүүхдээ тэжээж өсгөх, хүмүүжүүлэх гэж зүтгэж иржээ.
Майкл: “Бид зөвхөн тулгарсан асуудлуудыг шийдээд явах ёстой гэж боддог байсан. Үүний оронд урагш харж, компани аль зүгт явж байгааг илүү анхаарч байх ёстой байж л дээ. Тийм ээ, би бүтэн хорин дөрвөн цагийг асуудал шийдэхэд зарцуулж байсан. Тиймээс ч өрсөлдөөнөөс сугарч гарч чадаагүй юм. Энэ үлгэрийг сонсоод миний ажил бол “шинэ бяслаг”-ийн дүр төрхийг зураглах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Ажил дээр ч, ар гэрийн амьдрал дээр ч хөгжиж цэцэглэж чадахуйц тийм “шинэ бяслаг”-ийн дүр төрхийг олохоор зүтгэсэн” гэлээ.
Натан асуув “Тэгэхийн тулд юу хийсэн бэ?”
Майкл: “Би компанийн ажилтнуудаасаа “Та нар үлгэрт гардаг дөрвөн зан төрхийн хэнтэй нь адилхан байна вэ” гэж асуухад дөрвөн зан төрх бүгд оршиж байгааг харсан. Үнэрчсаарлууд, Гүйдэгборууд, ХээмүүдХоомууд бүгд байсан. Үнэрчсаарлууд зах зээлийн шинэ боломжийг шиншлэхдээ гаргууд учир компанийн ирээдүйн дүр зургийг шинэчлэхэд их тус болсон. Тэд хувирал өөрчлөлт бол манай үйлчлүүлэгчдийн хүсэж буй шинэ бараа, үйлчилгээг бий болгох явдал гэж үзээд шаргуу хичээн зүтгэсэн. Харин Гүйдэгборууд аливааг зохион байгуулахдаа сайн тул шинэ төсөөллийн дагуу хичээн зүтгэж, цэгцэлж өгсөн. Үүний ачаар манай компани “шинэ бяслагаа” олсон. Харин тэд ажлаа үнэлүүлсэндээ урамтай байгаагаа илэрхийлж байсан шүү” гэлээ.
ХээмүүдХоомууд яасан бэ?” гэж Анжела асуулаа.
“Харамсалтай нь Хээмүүд бусдынхаа хөлийг тушчихаад байсан. Тэд нөхцөл байдалдаа сэтгэл нь хэт ханасан байсан уу, эсвэл хувирал өөрчлөлтөөс айж болгоомжилсон уу, мэдэхгүй? Хээмүүд амар тайван ажилламаар байна гэсэн. Харин хувирч өөрчлөгдөхгүй байх нь үнэн хэрэгтээ илүү аюултай гэдгийг ойлгож хэсэг нь өөрчлөгдөж, бас сайн ажиллаж байсан. Ирээдүйн дүр зураг л Хээмүүдийг Хоомууд болгож өгсөн учиртай юм шүү дээ”
“Өөрчлөгдөхгүй байгаа хүнийг яасан бэ? гэж Фрэнк асуулаа.
“Харамсалтай нь халахаас өөр аргагүй болсон. Эххээл хөдөлж өгөхгүй байсан Хоом нар шинэ зүйлд суралцаж, өөрчлөгдөж, шинэ нөхцөлд дасан зохицож, компанийн амжилтад үнэхээр хувь нэмэр оруулсан нь хамгийн сайн зүйл болсон. Тэд хүнлэг сэтгэлтэй хүмүүс тул орчин үеийн “шинэ бяслаг”-ийг төсөөлөхөд нь бусдадаа их тус болсон юм даа”
Анжела: “Би өөрийгөө Хээмтэй төстэй юм байна гэж бодлоо. Тиймээс үлгэрээс хамгийн сэтгэлд хоногшсон зүйл бол Хоом айдас хүйдсийг даван туулаад, сэтгэлдээ “шинэ бяслаг”-ийг төсөөлж буй тэр хэсэг байлаа. Би тийм л болох хэрэгтэй юм гэж бодож байна” гэв.
Ихэд шимтэн сонсч байсан Ричард ийн хэлэв: “Манай дарга, манай компани хувирч өөрчлөгдөхгүй бол болохгүй гэж дандаа ярьдаг байсан. Одоо бодоход тэр нь би өөрчлөгдөхгүй бол болохгүй гэсэн үг байж. Гэвч би ер тоодоггүй байлаа. Түүний зүглүүлэх гээд байсан “шинэ бяслаг” юу байсан, яавал түүнээс ашиг олж болох зэргийг би ер ойлгодоггүй явжээ” гэв. Түүний царайнд инээмсэглэл тодроод “Шинэ бяслагийг анзаарч, өөрөө түүнийг амталж буйгаар төсөөлнө гэдэг үнэхээр сайхан байхаа. Бүх зүйл өөдрөгөөр санагдаж, айдас хүйдэс нимгэрч, шинэчлэгдэе гэсэн сэтгэл санаатай болно. Хүүхдүүд маань амьдрал өөрчлөгдөхөд дургүй юм шиг байна. Хээмтэй л адилхан бухимдаж байгаа. Би хүүхдүүддээ тов тодорхой шинэ бяслагийн дүр зургийг зураглаж өгөх хэрэгтэй юм байна” гэж тэрээр нэмж хэлэв.
Бүгд чив чимээгүй болцгоолоо.
Чешка “Хүүшээ! Бүгд ажлынхаа тухай л ярилаа. Би хувийнхаа амьдралын тухай бодож үзлээ л дээ. Бидний нөхөд нэлээд айхавтар хөгцөрсөн “хуучин бяслаг” болсон юм шигээ. Бодоод байх нь ээ, хувирал өөрчлөлт хүнийг үнэхээр шинэ, илүү сайн зүйлд хөтөлдөг юм байна. Хүүгээ ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхад болсон явдлыг саналаа. Бид ажлын шаардлагаар Бермонт мужруу нүүсэн юм. Найз нөхдөөсөө салах болоход хүү маань уурлаад. Тэр усан спортын тамирчин байсан боловч шинэ сургуульд нь тийм дугуйлан байсангүй. Тэр бидний уурыг бардаг байлаа. Гэхдээ удалгүй хүү мааньБэрмонтын ууланд цанаар гулгаж сурч, сургуулийнхаа цанын багт орсон. Одоо тэр Колорадод аз жаргалтай амьдардаг. Хэрэв манай гэр бүлийнхэн цай уунгаа энэ үлгэрийг ярилцсан бол тийм их дарамтыг амсахгүй байж дээ” гэлээ.
Анжела: “Би гэрийнхэндээ энэ үлгэрийг ярьж өгнөө. Хүүхдүүдээсээ үлгэрт гардаг дөрвөн зан төрхний алинд нь хамаарахыг нь асууж, яах ёстой талаар ярилцах санаатай байна” гэлээ.
Удалгүй Фрэнк ам нээв: “Би Хоомоос үлгэр дууриалал авч, бяслагтайгаа хамт урагшилж, хөгжинө гэж бодож байна. Бас цэргээс халагдаад яахаа сайн мэдэхгүй байгаа найздаа энэ үлгэрийг ярьж өгөх санаатай байна”.
Майкл хэллээ: “Тийм шүү. Яг тэгж байж л манай бизнес сайжирсан юм. Бид бяслагийн тухай үлгэрээс мэдсэн зүйлсээ нөхцөл байдалдаа хэрхэн тохируулж хэрэглэх тухай ярьсан юм. Үнэхээр гайхалтай байсан шүү. Хувирал өөрчлөлттэй яаж нүүр тулах тухай ярилцацгааж чадсан”.
“Яаж?” гэж Натан асуулаа.
“Нягтлан үзэхэд манай олон ажилтны идэвх буурсан нь мэдрэгдсэн. Удирдах хүмүүс нь тэднийг хувирал өөрчлөлтөд түлхсэн учир өөрчлөлтөөс айж балмагдаж байсан учир эсэргүүцсэн юм. Мэдээж шүү дээ, араасаа хүчээр түлхүүлсэн юм чинь. Гэвч энэ үлгэрийг бүгд уншаад үзэл бодол нь өөрчлөгдсөн. Бүгдээрээ өмнө нь айж мэгдэж байсан зүйлсээсээ айхаа больж, урагшилсан юм даа. Гэхдээ хэрэв би энэ үлгэрийг эртхэн уншуулсан бол сайн найзуудаа ажлаас нь халахдаа хүрэхгүй л байсан байх. Тэд үнэхээр өөрчлөлтийг эрс эсэргүүцэж байсан учир тэсвэрлэх аргагүй байлаа”
Лаура “Компанидаа үлдсэн хүмүүс чинь одоо ямар байна?” гэж асуулаа.
Майкл “Тэд одоо өөрчлөлт болмогц “За, бяслаг маань алга болчихлоо, одоо шинэ бяслаг хайх юм биш үү” гэж хөгжилтэй ярьцгаадаг болсон.
Бүгд инээлдэв.
“Бүгд цагтай уралдаж, хувирал өөрчлөлтийг тандаж мэдээд, эртхэн хөдөлье гэж бодож байлаа. Мухардаж хоцорсноос дээр биз дээ” гэж Майкл хэллээ.
“Яг үнэн. Хамгийн сайн нь хамт олон бүгдээрээ энэ номыг унших явдал гэж бодож байна. Том компани, жижиг хамт олон, гэр бүл ч ялгаагүй” гэж Майкл нэмж хэлээд нэг явдлын тухай ярив. “Бид арилжаа хийе гэж бодож байна гэсэн хүмүүст энэ үлгэрээ ярьсан юм. Тэр компани өөрчлөлтийн ирмэг дээр байсан юм л даа. Бид “шинэ бяслаг” болж магадгүй юм шүү, өөрөөр хэлбэл та бүхний сэргэн мандлын тулд сайн хамтрагч болох биш үү гэж хэлсэн. Үүний үр дүнд бид ашигтай шинэ бизнес бий болгосон шүү” гэлээ.
Дээрх ярианаас Чешка хэд хэдэн зүйл дотроо бодож, бас өглөө ажлаас нь утагдсаныг саналаа. Бугуйн цагаа хяламхийж хараад ийн хэлэв: “Би ер нь удахгүй бяслагийн энэ өртөөг орхин явж шинэ бяслаг хайж олсон нь дээр юм шиг байна даа. Би явах боллоо” гэлээ.
Бүгдээрээ хөгжилдөн инээлдэв.
Ингээд уулзалт өндөрлөх болов. Бусад нь яриагаа цааш үргэлжлүүлмээр байсан ч харихгүй бол болохгүй, оройтсон байв. Салах ёс хийцгээж, бүгд л дахин дахин Майклдталархаж байгаагаа хэлж байв.
Майкл “Энэ үлгэр бидэнд тус болно гэж бодож байгаа Та нартаа гялайлаа. Бусдадаа ярьж өгвөл их л баярлана даа” гэлээ.
Төгсөв.

youngreader.mn

About Us

Recent

Random