Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад ийм сөрөг юм бэ?
Энэтхэгийн ард түмэн бид яагаад өөрийн хүч, ололт амжилтаа олж харж, үнэлэхээс ичих ёстой юм бэ? Бид агуу үндэстэн. Бидэнд гайхалтай амжилтын түүхүүд маш олон байгаа ч, хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Яагаад?
Сүүний үйлдвэрлэлд бид анхдагч.
Алсаас мэдрэгч хиймэл дагуулаараа бид №1 –т бичигддэг.
Улаан буудайн хоёрдогч томоохон үйлдвэрлэгч.
Цагаан будааны хувьд ч мөн адил дэлхий дээрх хоёрдогч томоохон үйлдвэрлэгч.
Доктор Сударшаныг хар, овгийн байгуулал бүхий жижигхэн тосгонг биеэ даасан, өөрийн удирдлага бүхий нэгж болгож чадсан. Энэ мэт гайхалтай ололт амжилтууд хэдэн саяараа байхад манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад зөвхөн муу мэдээ, бүтгэлгүйтэл, гамшгийн талаар л мэдээлдэг юм бэ? Би Тэль Авивд очсон байхдаа Израйлийн сонин хэвлэлийг уншиж үзсэн юм. Тэр өдрийн өмнөхөн маш олон халдлага дайралт, бөмбөгдөлт, үхэл хагацал нүүрлэсэн байв. Палестины Хамас бүлэглэлийнхэн довтолсон байлаа. Гэтэл сонингийн эхний нүүрэн дээр 5 жилийн шаргуу хөдөлмөрийн дүнд цөлд цахирмаа цэцэг, үр тариа хадгалагч барьсан Еврей залуугийн зураг бүхий нийтлэл гаргасан байсан. Энэ бол хүн бүрийг сэрэхийг дуудсан, урам зориг төрүүлэхүйц зураг байсан. Аллага, бөмбөгдөлт, үхлийн талаарх цуст нийтлэлүүд нь сонингийн дараагийн нүүрүүдэд, бусад сайхан мэдээнүүдийн дунд байсан.
Энэтхэгт бид зөвхөн үхэл хагацал, өвчин зовлон, аллага хядлага, гэмт хэрэг гэх мэтийн талаар уншиж байна. Бид яагаад ийм СӨРӨГ юм бэ? Өөр нэгэн асуулт: Энэтхэг үндэстэн бид яагаад гадаадын зүйлд харалганаар шунан дурлана вэ? Бид гадаадын зурагт авахыг, гадаадад үйлдвэрлэсэн хувцсаар гоёхыг хүсч байна. Бид гадаадын технологийг хүсч байна.
Энэ мунхаг хүслээс болж яагаад бүхнийг импортлох ёстой юм бэ? Өөртөө найдаж байж өөрийгөө хүндэлнэ гэдгийг яагаад ухаардаггүй юм бэ? Энэхүү лекцээ би Хедарабадад тавьж байх үеэр 14 настай нэгэн охин гарын үсгийг минь авахыг хүссэн юм. Түүнээс зорилгынх нь талаар асуухад, тэрээр ингэж хариулсан: Би хөгжингүй Энэтхэг оронд амьдрахыг хүсч байна гэсэн юм. Түүний төлөө чи, бас би эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх үүрэгтэй. Энэтхэг бол ядуу буурай бус, өндөр хөгжилтэй орон гэж чи тунхаглах ёстой.
Чамд аравхан минут байна уу?
Хэрэв эх орныхоо төлөө зориулах аравхан минут чамд байгаа бол, цааш нь унш, сонголт чинийх.
ТА НАР өөрсдийн засгийн газрыг муу ажилладаг гэж ярьдаг.
ТА НАР хуулиа хэтэрхий хоцрогдсон гэж ярьдаг.
ТА НАР хотын захиргаа хог хаягдлаацэвэрлэдэггүй гэж ярьдаг.
ТА НАР утас нь ажилладаггүй, төмөр зам нь хөгийн, алиа гэж ярьдаг. Агаарын тээврээ энэ дэлхий дээрх хамгийн муу, илгээсэн имэйл хэзээ ч хүрэх газраа хүрдэггүй гэж ярьдаг.
ТА НАР улсаа хаягдаж орхигдсон, амьдрахад хамгийн муухай газар гэж ярьдаг.
ТА НАР ярьдаг, ярьдаг бас ярьдаг. Харин ярьж байгаа зүйлсийнхээ төлөө юу хийдэг юм бэ?
Америкт тэжээвэр амьтан нь гудамжинд шээж баасан бол, эзэн нь цэвэрлэдэг. Японд ч мөн адил... Энэтхэгийн иргэн эх орондоо ингэдэг бил үү? Түүний зөв. Бид сонгуулийн хороонд очиж засгийн газраа сонгочихоод бүх хариуцлагыг тэдэнд үүрүүлдэг.
- Засгийн газраас бүхнийг хийхийг, биднийг халамжлан бөөцийлөхийг хүлээдэг атлаа оруулж байгаа хувь нэмэр нь бүхэлдээ сөрөг хандлага л байдаг. Бид засгийн газрыг бүхий л цэвэрлэгээг хийнэ гэж хүлээдэг хэрнээ, хогоо энд тэндгүй хаяхаа болихгүй, гудамжинд хэвтээ ганц цаасыг хогын сав руу аваад хийчихдэггүй. Бид төмөр замыг цэвэр цэмцгэр бие засах өрөөгөөр хангахыг хүлээдэг ч, өөрсдөө угаалгын өрөөг хэрхэн цэвэрхэн хэрэглэхэд суралцдаггүй.
- Indian Airlines, Air India гээд агаарын тээврийн компаниудаа хамгийн сайхан хоол, угаалгын өрөөгөөр хангахыг хүсдэг ч, жижигхээн зүйлийг ч хумсалдаг зангаа хэзээ ч тавьдаггүй.
Эмэгтэйчүүд, инж, охидтой холбоотой нийгэм дэх халуун сэдвүүд яриад эхлэхээрээ бид юу хийдэг вэ? Тэдэнд зориулсан тусгайлсан өрөө гаргахыг чангаар уриалаад, харин гэртээ ирээд бүхнийг эсрэгээр нь үргэлжлүүлэн хийсээр л байдаг. Тэгээд бидний хэлдэг шалтаг? “Системийг л бүхэлд нь өөрчлөх шаардлагатай” гэдэг. Тэгвэл системийг хэн өөрчлөх ёстой юм бэ?
Систем юунаас бүрддэг вэ? Бидний хөршүүд, бусад айл өрхүүд, бусад хотууд, нийгэм, засгийн газраас бүрддэг. Гэхдээ надаас бас ЧАМААС бол биш. Энэхүү системд эерэгээр хувь нэмрээ оруулах цаг ирэхэд, бид өөрсдийгөө гэр бүлийнхэнтэйгээ хамт аюулгүй үүрэнд цоожилчихоод, хаа хол байгаа улсууд руу харж, горьдож, ноён Цэвэрлэгч сүр жавхлантайгаар шүүрээ барин ирж, бүгдийг цэвэрлэхийг хүлээх юм уу, эсвэл эх орноо орхиод зугтан гарцгаадаг.
Өөрсдийн айдастаа хүлэгдсэн залхуу хулчгарууд шиг л диваажинд жаргахаар, төгс төгөлдөр систем бүхий Америк руу зугтан оддог. Хэрэв Нью Йорк аюулгүй байхаа боливол Англи руу зугтдаг. Англид ажилгүйдэл их байвал, Галф руу нисдэг. Хэрэв Галфад дайн, халдлага гарвал, Энэтхэгийн засгийн газар биднийг аврахаар, эх орон руу маань буцаахаар ирдэг. Хэн ч системийг тордох гэж хичээдэггүй. Бидний оюун санаа зөвхөн мөнгөнд барьцаалагдчихаж.
Хүндэт Энэтхэгчүүд ээ, энэхүү захиа маань танд нэгийг бодуулж, оюун санаа руу чинь хатгаж, өөрийгөө эргэцүүлэн бодоход хүргэсэн дуудлага байгаасай. Энд би Джон Кеннедигийн Америкчуудад хандан хэлсэн үгийг бүх Энэтхэгчүүдэд хамааруулан давтан хэлмээр байна...
Энэтхэг орныхоо төлөө юу хийж чадахыг өөрсдөөсөө асуугаад, одоогийн Америк болон барууны бусад улс орнууд шиг болгохын төлөө юу хийх хэрэгтэйг хий.
Энэтхэг орон минь биднээс юу хийхийг шаардаж байна, түүнийг нь хамтдаа хийцгээе.
Баярлалаа.
Абдул Калам.
Эх сурвалж: biznetwork.mn