Саяхан Фэйсбүүк компаний кибер аюулгүй байдлын тэргүүн Adobe компаний Flash технологийг дэлхий нийтээр унтраах өдрийг зарлах цаг болсон гэж мэдэгдэж байв. Тэгвэл Mozilla компаний Firefox броузерын сүүлийн хувилбарт Flash технологийг хориглож эхэлжээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрөө л хүсвэл тохиргоо хэсэгт нэвтэрч Flash-ыг идэвхжүүлж болно.
Mozilla-гийн Firefox багийн менежэр Марк Шмидт энэ тухай мэдээлэхдээ “Occupy Flash” (Флашийг эзлэ) нэртэй зурагт хуудас хавсаргажээ.
Флашийг гадуурхах болсон нь шинэ зүйл биш. 2010 онд Стив Жобс Флаштай холбоотой аюулгүй байдлын асуудлуудыг хөндсөн ил захидал бичиж байв. Тэр Флаш технологийг Apple-ын мобайл төхөөрөмжүүд яагаад хэзээ ч ашиглахгүй тухай тайлбарлаж байсан юм.
Үнэхээр iPhone, iPad-ууд одоо болтол Флашийг дэмждэггүй.
Саяхан Hacking Team компаний алдагдсан бичиг баримтууд дээр Флашийн цоорхойг ашиглан тэд хүмүүсийн компьютерт нэвтрэн тагнаж чагнаж байсан нь илэрсэн юм.
Ийм шалтгаанаар технологийн томчууд алхам алхамаар Флашаас салж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард YouTube дефолт тоглуулагчаа HTML5 болгон Флашаас татгалзсан. Chrome броузер мөн Флаш хөдөлгөөнт дүрснүүдийг автоматаар пауз хийж, үүнийгээ Флаш эрчим хүч их иддэгтэй холбон тайлбарласан.
Adobe компани ч өөрсдийгөө мобайл орчинд ялагдсаныгаа чимээгүйхэн хүлээн зөвшөөрч 2011 оноос мобайлын Флаш тоглуулагчаа хөгжүүлэхээ зогсоосон юм.
Тиймээс саяхны болсон үйл явдлууд нь Флашийг шууд зогсоохгүй ч төгсгөл нь эхэлснийг зарласан хэрэг болж байна.
Эх сурвалж: ikon.mn