2015-07-07

“Хөх толбо” зөвхөн монголчуудад байдаг уу?

“Хөх толбо” зөвхөн монголчуудад байдаг уу?



Ихэнхи хүмүүс “хөх толбо” зөвхөн монголчуудад байдаг, монголоос өөр оронд хөх толботой хүн төрж байвал тэр нь монгол угсаатай өөрөөр хэлбэл монголчуудын мах цусны тасархай хэмээн үздэг. Тэрэндээ бүр бат итгэлтэй элдэв янзын судалгаа, шинжилгээ (нэр зүүсэн) хийх ажээ. Зарим нь бүр жил бүр тогтмол хурал цуглаан зохион байгуулж тэрэнд нь нэлээд хэдэн хүн очдог байх жишээний. Тэндээ “хөх толбо” бол тэнгэрийн тамга гэж ирээд л их л сүртэй илтгэл тавина. Элдэв янзын магистар, докторуудын энэ талаарх илтгэл бол олон байх. Интернэтээр хайгаад үзэхэд жишээ болох хэд нь гараад ирнэ.
 Энэ бүх итгэл үнэмшил, хийрхэлийг бий болгоод буй “хөх толбо” яагаад үүсдэг вэ? Хариулт нь уг нь их энгийн. “Меланин хэмээх хар бараан өнгийн нөсөө меланоцит гэдэг эсийн тусламжтайгаар арьсан доор нийлэгждэг. Энэ нөсөө нарны цацраг дахь  хэт ягаан туяаны хортой нөлөөг зохицуулах үүрэгтэй. Уг нөсөөний тархалтыг зохицуулагч ген гэж байдаг. Тэдгээр генийн нөлөөгөөр нөсөө жигд бус тархах  буюу нэг газар бөөгнөрч нөгөө газар цөөрч байдаг. Тэр бөөгнөрсөн хэсэг нь бидний бахархдаг хөх толбо” юм.
 Үүнийг Б.Дашням хэмээх профессор био технологийн шинжлэх ухааны тухай өгсөн нэгэн ярилцлагандаа дурдсан байх боловч тэр нь харамсалтай нь “бүр эртний монголчуудын нуруу нь нилдээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг. Тэгвэл иогын ухаанд энергийн хүрд болох 7 чакра нь хүний нурууны дагуу байрладаг бөгөөд олон уулзвар буюу аарцагт кундали оршдог. Кундали нь идэвхитэй буюу хүчтэй бол нуруун дагуу аураг дамжин өгсөж ертөнцийн хүч /дээд тэнгэр, энергийн эх/-тэй холбогддог тухай өгүүлсэн байдаг. Монголчуудын хөх толбо яг хондлой дээр байдаг байсан нь маш их сонирхол татаж байгаа юм. Магадгүй бид үнэхээр тэнгэрийн ард түмэн ч юм билүү. Сүүлийн үед дэлхийг шуугиулаад байгаа индиго хүүхдүүд хөх ауратай байдаг” гэх мэтийн юмнуудыг бодвол цөөн хүнд хүрсэн бололтой.
 Хөх толбо зөвхөн монголчууд эсвэл монголчуудын мас цусны тасархайд л байдаг уу?
Энэ бол том эндүүрэл. Хөх толбо дэлхийн олон оронд тархсан байдаг ажээ. Тухайлбал Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш, Унгар, Индианчууд, бүр Африкийн бушмэнуудад хүртэл илэрдэг байна.
Давтамжийн хувьд Азиудад 95-100%, Зүүн Африкийнханд 90-95%, Уугуул америкчуудад 85-90%, Латин Америкчуудад 50-70%, Кавказ орчмынхонд 1-10% тохиолддог байна.
Хөх толбо зөвхөн монголын мах цусны тасархайнуудад байдаг гэвэл хятадуудтай, африкийнхантай, дундад азийхантай, кавказынхантай  ураг удам болох ажээ. Жишээлбэл: Канадад төрсөн 92 хятад нярай, 1633 хятад хүүхдийг шалгахад тэд бүгд хөх толботой байжээ.  Мөн АНУ-н нэгэн эмнэлэгт төрсөн 437 африк гаралтай нярайн 96% нь хөх толботой байсан байна.
Энэхүү хөх толбоор баримжаалан садансах үзэл бусад орнуудад мэр сэр гарч байв. Жишээлбэл солонгосчууд бол монголчуудтай гарал нэгтэй хэмээх үзлийн дагуу судалгаа хийхэд солонгосчуудын удамшлын генд далайн орнууд тодруулбал хятад, японы ген давамгайлдаг болохыг баталсан байдаг.
Энэ мэтчилэн хийрэхсэн, садан төрөл бололцсон, тэнгэр заяатайгаараа бахархсан, эзэн Чингисийнхээ захиасыг дамжуулсан олон арван бичвэр манай улсын сайт, блогуудаар дүүрэн буй.  Дээр дурдсан хөх толбо яагаад үүсдэг вэ?, хаана, хэн хэнд байдаг вэ? гэдэг 2 асуултын хариулт эдгээр бичвэрүүдэд өгөх хариулт болж чадна хэмээн найдаж байна.

About Us

Recent

Random