Wired сайтын сэтгүүлч хоёр хакерын тусламжтай Cherokee Jeep автомашинаа хакердаж туршсан тухай мэдээ дуулиан тарьж байна. Сэтгүүлчийг зам дээр жолоо барьж явахад хакерууд хөгжмийн сувгийг нь сольж, агааржуулагчийг нь удирдаж, салхины шил арчигчийг нь ажиллуулжээ. Тэр ч байтугай жолоог эргүүлж замын хажуу руу гаргасан байна.
Хэдийгээр энэ нь урьдчилан бэлдсэн замаар хийгдсэн буюу дурын этгээд интернэтээр ороод хийж чадахгүй түвшинд байгаа ч үйлдвэрлэгчдийн дунд том асуудал үүсгээд байгаа юм.
2013 оноос хойш үйлдвэрлэгдсэн Крайслер компаний Uconnect програм хангамжтай автомашинуудад ийм цоорхой байгаа гэнэ.
Компаний зүгээс уг цоорхойг засварлах нөхөөс програм гаргасан ч энэ нь USB драйвераар хуулж суулгах, эсвэл үйлчилгээний төв дээр очиж хийлгэх ёстой болж байна.
Ирээдүйд бүх автомашин, айл гэрүүд ухаалаг системтэй болно хэмээн яригдаж байгаа үед энэ дуулиан хүмүүсийг айдаст автуулахаар байгаа.
Компьютерт суусан вирус аюултай ч хүний аминд хүрч чадахгүй. Харин автомашин бол тоглоом биш.
Өнөөдөр ингэж хакердах боломжтой 471,000 машин зам дээр явж байгаа гэдгийг судлаачид гаргажээ.
Автомашин үйлдвэрлэгчид хэчнээн системийнхээ аюулгүй байдлыг хангасан гэж амлаж байгаа ч хүн хийсэн тул цоорхой байхгүй гэсэн баталгаагүй юм.
Видеог Энд дарж үзнэ үү
Эх сурвалж: ikon.mn