Майкрософтын хувь заяаг шийднэ гэж байгаа Windows OS-ын арав дахь хувилбар зах зээлд дөнгөж гараад байгаа билээ.
Түүний хамгийн гол арван шинэ боломжийг нь хөдөлгөөнт дүрстэйгээр тайлбарлаж байна.
1. Шинэ, сайжруулсан Start цэс
Windows хэрэглэгчдийн хамгийн дуртай зүйл болох Start цэсийг дадаж сурсан хэлбэрээр нь буцаан сэргээжээ.
Шинэ Start цэс нь өмнөх Windows-ын бүх хувилбаруудад байдаг боломжуудыг хадгалснаас гадна хэрэглэхэд улам эвтэйхэн болсон гэнэ.
2. Cortana
Майкрософт хувийн туслах Cortana системийг Start цэсний хажууханд байрлуулсан нь хэр чухал эд болсныг нь харуулж байна. Түүний тусламжтайгаар хэрэглэгч нь хүссэн бүгдээ асууж, хайж, мэдэх, өөртөө сануулах боломжтой. Энэ бол Apple-ын Siri, Google-ын Google Now зэрэг системүүдийн үүргийг багтаасан интерактив систем юм.
3. Continuum
Хэрвээ та “hybrid” буюу эрлийз төхөөрөмж ашигладаг бол энэ маш чухал шийдэл. Төхөөрөмжөө дэсктоп хэлбэрээр, эсвэл мобайл хэлбэрээр ашиглаж байгаагаас хамаараад өөр өөр интерфэйсүүдийн хооронд хялбар шилжинэ. Гарыг нь салгаад мобайл хэлбэрээр хэрэглэхэд хуруугаар удирдах интерфэйс ажиллаж эхлэх, ширээн дээр суугаад хэрэглэхэд гар, хулганы удирдлагын горимд шилжих гэх мэт.
4. Microsoft Edge
Майкрософтын шинэ броузер маш хурдан, хөнгөн ажиллагаатай болсон нь Internet Explorer-оос үгүйлж байсан гол зүйл.
Cortana системтэй уялдаатай ажилладаг болсон нь интернэтээр аялах боломжийг улам хувийн шинжтэй, уян хатан болгож байгаа юм. Тухайлбал та вэб хуудсан дээр тэмдэглэл хийж, чухал хэсгээ тодруулж болно.
5. Task View
Энэ бол Apple-ын OS X-ын Mission Control-той ижил функц. Түүгээр та нээлттэй байгаа аппликэшн, програмууд хооронд хялбар шилжиж, виртуал дэсктоп үүсгэж болно.
6. Action Center
Action Center ашиглаад сүүлд ирсэн мэдэгдэл, алерт, мэдээллүүдийг харахаас гадна WiFi, Bluetooth зэрэг тохиргоонуудыг гарын дор ойрхон байлгаж болдог болсон.
7. Snap Assist
Виртуал дэсктопын тусламжтайгаар олон нээлттэй програмуудыг зохион байгуулж, эрэмбэлж удирдах хялбар боломж.
8. Xbox App
Xbox App нь шинэ зүйл биш боловч Майкрософт энэ удаа том өөрчлөлт хийсэн. Шинэ Game DVR функцтэй болсон тул тоглоом тоглож байхдаа дэлгэцнийхээ бичлэгийг хийж бусадтай хуваалцаж болно. Мөн Xbox One тоглоомын төхөөрөмжөөсөө компьютер рүүгээ тоглоом стриим хийх боломж бий болсон.
9. Шинэ Settings цэс
Уламжлалт Control Panel хэвээрээ байгаа ч ойрхон байх ёстой үндсэн тохируулгануудыг өөрчлөхөд хялбар болгожээ. Windows 8-ын “PC Settings” цэсийг эрс сайжруулсан хувилбар гэж ойлгож болно.
10. Mail app
Mail App нь имэйлийн хэрэглээг эрс сайжруулсан. Мэйлүүдэд конверсэйшн хэлбэртэй харагдац нэвтрүүлж, архивлах, устгах зэрэг үйлдлийг хурууны үзүүрээр (gesture) хийх хялбар боломжуудыг оруулжээ. Бусад Calendar, Maps, Photos зэрэг үндсэн аппликэшнүүд үүнтэй ижил сайжирсан байна.
Эх сурвалж: ikon.mn