“Унших дадалтай болно гэдэг нь өөртөө амьдралын бараг бүх зовлонгоос хамгаалах хоргодох байр барьсантай адил.” — W. Somerset Maugham(В.Сомерсет Могам)
“Жингээ хасах”, “Залхуурлаа давах”, “Хайртайгаа учрах” гэх мэт зорилгуудын нэгэн адил “Илүү их унших” гэдэг зорилгыг олон хүн өмнөө тавьдаг. Сайн ном уншсанаар хүн асар их оюуны таашаал эдлээд зогсохгүй бусдыг сайн ойлгодог болж, өөртөө хүчирхэг зан чанаруудыг төлөвшүүлж чаддаг.
Унших дадалтай болохыг хүсэж байгаа хүнд хэрэгжүүлж болох олон арга бий.
Сайн ном уншина гэдэг гайхалтай сайхан мэдрэмж байдаг. Гэхдээ ойлгоход бэрх эсвэл өөртөө таалагдахгүй номыг хүчээр унших гэж оролдох нь танд тус болохгүй. Тиймээс та өнөөдрийг хүртэл ном унших төдийлөн дуртай биш байсан бол өөрт таалагдах номыг олох эрэлд гарах хэрэгтэй.
Байнга ном унших дадлыг хэвшүүлэхэд тань туслах 14 зөвлөгөөг хүргэе:
Унших хугацаагаа тогтоо.Өдөр бүр ном уншихдаа дор хаяж 5-10 минут уншиж хэвш. Өглөөний цайны дараа, үдийн амралтаараа, орой гэртээ харих замдаа, унтахаасаа өмнө гэх мэт өдрийн боломжтой бүх үед ном унших цагтай бол. Өдөрт 4 удаа 10 минут уншихад нийт 40 минут ном уншчихна. Энэ бол өдөр тутамдаа ном унших дадлыг суулгах шилдэг арга юм.
Үргэлж ном авч яв. Хаашаа ч явсан бай биедээ ном авч яв. Гэрээс гарахдаа жолооны үнэмлэх, гэрийн түлхүүрээ авч гардгийн нэгэн адил үргэлж уншиж буй номоо авч гарч занш. Өдрийн үеэр хэн нэгнийг хүлээх (банканд дугаарлах, хоолны захиалгаа хүлээх гэх мэт) шаардлага гарах үед ном унших нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөх гайхалтай арга юм.
Жагсаалт гарга. Уншихыг хүсэж буй гайхалтай номуудаа жагсаан бич. Тэр жагсаалтаа тэмдэглэлийн дэвтэр, гар утас, интернет блог, фэйсбүүк гээд байнга үздэг газраа хадгал. Уншсан номоо бүртгэж, шинээр уншихыг хүссэн номоо нэмж явах нь зорилгоосоо хазайж, мартахгүй байхад тустай. Мөн өөрийн ахиц дэвшлийг мэдрэх сайн арга юм.
Нам тайван газар ол. Гэртээ тухтай суугаад ном уншиж болохуйц газартай бол. Тэндээ зурагт, компьютер гэх мэт саад болох зүйлийг бүү байлга. Хэрвээ танд ийм газар байхгүй бол шинээр бүтээ.
Зураг/Интернетээ багасга. Та их уншихыг хүсэж байгаа бол зураг үзэх, интернетээр аялах цагаа багасгах хэрэгтэй. Олон хүний хувьд ингэх нь хэцүү байх. Гэхдээ энэ аргыг ашигласнаар асар их чөлөөт цагтай болж болно.
Хүүхдүүддээ ном уншиж өг. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ заавал ном уншиж өгөөрэй. Хүүхдүүддээ багаас нь ном унших дадлыг суулгаснаар том болсон хойноо ч идэвхтэй уншдаг хүн болж төлөвшинө. Тэгснээр хүүхдүүд чинь амьдрал дээр гараад амжилттай нэгэн болох магадлал өндөрсөх юм. Мөн та ч гэсэн хүүхдүүддээ ном уншиж өгснөөр өөртөө ном унших дадлыг суулгаад зогсохгүй хүүхдүүдтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөж чадна.
Бүртгэл хөтөл. Унших жагсаалтын нэгэн адил энэ бүртгэлдээ номын нэр, зохиолчийн нэрийг бичихээс гадна уншиж эхэлсэн, дууссан огноогоо бичих хэрэгтэй. Боломжтой бол уншсан номын бүртгэл дээрээ өөрт төрсөн сэтгэгдлээ товч бич. Олон сайхан ном уншсаны дараа уншлагын бүртгэлээ эргэж харахад сэтгэл хангалуун мэдрэмж төрөх нь лавтай.
Хуучин номын дэлгүүрээр яв. Хуучин номыг хямдралтай үнээр худалдаж авах нь эдийн засгийн хэмнэлттэй байдаг. Мөн худалдаанд байхгүй болсон олон сайхан номыг олж унших боломжийг бүрдүүлдэг.
Номын сангийн өдөртэй бол. Хуучин номын дэлгүүрээр явахаас илүү хэмнэлттэй арга бол номын санд очиж ном уншдаг өдөртэй болох явдал юм. Боломжтой бол долоо хоног бүр номын санд суудаг өдөртэй бол.
Хөгжилтэй, сонирхолтой ном унш. Сонирхлыг чинь маш ихээр татсан номыг олж унш. Заавал утга зохиолын сод бүтээл байх албагүй. Хамгийн гол нь та номын амтанд орж байгаа нь чухал. Нэгэнт номын амтанд орсон бол сонгодог утга зохиолыг ч шимтэн уншдаг болох нь гарцаагүй.
Тав тухыг бүтээ. Ном уншдаг цагаа аль болох тав тухтай байлга. Ном унших үедээ цай, кофе ууж дуртай амттангаа идсэнээр таны уншлагын хамгийн дуртай цаг тань болох болно. Тухтай сандал дээр суугаад дулаан хөнжлөөр хөлөө хучсан ч болно. Нар мандах, нар жаргах үед эсвэл далайн эрэг дээр ном унш.
Номын блог хөтөл. Уншсан номынхоо тухай блог хөтлөх нь унших дадлыг хэвшүүлэх хамгийн сайн аргуудын нэг юм. Өөрт төрсөн сэтгэгдлийг бусадтай хуваалцаж, бусдын саналыг сонсож, гэр бүл найз нөхдөдөө үлгэр дуурайлал үзүүлэх нь зорилгоосоо хазайхгүй байх гайхалтай арга юм.
Өндөр зорилго тавь. Энэ жил 50 ном уншихыг хүсэж байна гэж өөртөө хэл. Дараа нь уг зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэ. Гэхдээ ном унших нь таны хувьд хичээл зүтгэл шаардсан, ядаргаатай ажил биш, хийх дуртай, сонирхолтой ажил байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Ном унших өдөр эсвэл цагтай бол. Өдрийн тодорхой цагт (тухайлбал оройн хоолны дараа) ганцаараа, эсвэл гэр бүлээрээ зурагт, интернетээ унтраагаад ном уншиж суудаг цагтай бол. Эсвэл та долоо хоногийн аль нэг өдрийн ном уншдаг өдөр болгож болно. Энэ үед мөн л гэр бүлийнхнээ татан оролцуулж болно. Гэр бүлээрээ хамт ном уншиж суух нь гайхалтай туршлага юм.
эх сурвалж: http://biznetwork.mn/
“Унших дадалтай болно гэдэг нь өөртөө амьдралын бараг бүх зовлонгоос хамгаалах хоргодох байр барьсантай адил.” — W. Somerset Maugham(В.Сомерсет Могам)