Та ийм хуудаст и-мэйл, нууц үгээ оруулах уу?
Энэ цахим хуудас Google-ийн үндсэн нэвтрэх хуудастай адил харагдаж байгаа боловч хуурамч юм. Ийм төрлийн цахим хуудсыг фишинг хуудас гэдэг буюу хүмүүсийн нууц үгийг хулгайлах зорилгоор ашигладаг. Та энэ хуудаст мэдээллээ оруулахад таны нууц үг, и-мэйл "муу хүн"-ий гарт орлоо гэсэн үг.
Фишинг буюу интернет залиланд компьютерын мэдлэг муу эсвэл анхаарал болгоомжгүй байдлаасаа өдөр бүр хэдэн мянган хүн хохирдог. Сайн фишинг хуудас нийт хүмүүсийн 45%-ийг, дунд зэргийн фишинг хуудас нийт хүмүүсийн 14%-ийг хуурч чаддаг; хулгайлагдсан бүртгэлийн 20% рүү нь 30 минутын дотор "муу хүн" нэвтэрдэг гэсэн тоон судалгаа гарсан байна.
Үүний эсрэг Google компани "Password Alert" гэдэг Google Chrome цахим хөтчийн нэмэлтийг гаргажээ (Энд дараад суулгана уу). Энэхүү нэмэлт нь таныг Google-ийн бус хуудаст нууц үгээ оруулах үед анхааруулга өгдөг юм. Хэрэв та нууц үгээ явуулчихсан тохиолдолд танд нууц үгээ солих анхааруулгыг өгнө.
Нэг харамсалтай зүйл нь Google Chrome-оос өөр цахим хөтөч хэрэглэдэг болоод AntiChromist нөхдүүд энэхүү нэмэлтийн ач тусыг нь хүртэж чадахгүй болно. Тиймээс нууц мэдээллээ оруулахдаа анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
эх сурвалж: gogo.mn