Windows 10 үйлдлийн систем олон сонирхолтой зүйлсийг хэрэглэгчдэд амлаж байгаагаас гадна 20 хүрч байгаа Internet Explorer-ын оронд Спартан гэх нууц нэртэй шинэ веб хөтөч санал болгох гэж буй.
Тэгвэл компани өнгөрсөн шөнө Microsoft Edge веб хөтчөө албан ёсоор танилцууллаа. Энэхүү веб хөтөч нь ерөнхийдөө цахим хуудсуудыг голчилж, хуудсыг унших хурдыг сааруулж магадгүй зүйлсээс ангижирчээ.
Firefox, Chrome зэрэг хөтчүүдэд байр сууриа алдсан Microsoft өмнө нь эзэлж асан тэр л байр сууриа эргүүлж авахын тулд бүхий л зүйлийг хийж байна. Шинэ веб хөтөч нь тэмдэглэл хөтлөх, хуваалцах зэрэг үйлдлийг хялбарчилж, Firefox, Chrome дээрх өргөтгөл/extension/-үүдийг бүгдийг нь дэмжинэ гэв.
Үүнээс гадна компанийн хөгжүүлж байгаа Кортана туслах Mircosoft Edge хөтөчтэй хамт ажиллах юм. Угаасаа Windows 10 дээр цаанаасаа суурилж байгаа Кортана Edge дээр арай өөр аргаар ажиллана.
Жишээ нь та веб хөтчөө ажиллуулж байхад Кортана завсаргүй чалчаад байхгүй. Харин та ямар нэг түлхүүр үг бичиж, нэг сэдэв сонгоход түүнтэй хамааралтай цаг агаар, газрын зураг гэх мэт мэдээллүүдийг гаргаж ирэх юм.
Microsoft компани Internet Explorer-ийг хаяж байгаа нь тун зоримог алхам хэдий ч зөв алхам гэдэгт итгэж байна. Учир нь сүүлийн хэдэн жил Internet Explorer-ийн хөгжүүлэлт удаан, их олон алдаатай, Firefox, Chrome-оос илүү зүйлгүй байдаг байсанд гол учир оршино.
Edge веб хөтөч энэ оны сүүлээр хэрэглээнд нэвтрэх Windows 10-тай хамт бидний гар дээр ирэх юм.
эх сурвалж: gogo.mn