ikon.mn-сайттай хамтран толилуулж буй цувралын 3 дахь номны хэсгүүдээс үргэжлэн хүрч байна.
ХУВЦАС ХУНАР
Монголчуудын хувцас хунар маш энгийн, элдэв этгээд янз маяггүйгээрээ онцгой бөгөөд бага зэргийг ялгааг эс тооцвол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцас бараг адилхан.Насанд хүрсэн эрчүүд зуны цагт даалимба, цуу ямбуугаар хийсэн өмд, цамцыг дотуур хувцас болгон хэрэглэнэ. Дээрээс нь өргөн том энгэр заамтай, баруун талдаа товчлогддог тэрлэг өмсөж, дээгүүр нь бэлхүүсээрээ өргөн бүс бүсэлнэ. Өдөр тутам өмсдөг тэрлэгийг даалимбаар хийдэг бол баяр наадмаар өмсдөг хувцсаа (арай чинээлэг монголчууд тийм дээл, тэрлэгтэй байдаг байв) чисчүүгээр хийнэ.
Гоёлын дээл, тэрлэгийн энгэр, захыг нь хоргойгоор эмжинэ. Хэдэн метр өнгийн цуу ямбуу юм уу, өөр тохиромжтой бөс даавуугаар бүс хийдэг заншилтай. Ардаа залаатай, шовгор оройтой малгай өмсөж, хөлдөө дотуур нь нарийн эсгий оймс, гадуур нь зузаан ултай, ээтэн хоншоортой булигаар гутал хийнэ. Бүснээсээ оосор юм уу, гинжээр хот, цахиур, хуйтай урт гэгчийн хутга зүүхээс гадна хамрын тамхи дотор нь хийсэн хөөрөг бүхий даалин бүсэндээ хавчуулна. Гутлын нь түрийнээс урт нарийхан гаанс цухуйж явдаг. Онцгой, баяр наадмын үед тэрлэгнийхээ дээрээс бүс хүрсэн урттай, ханцуйгүй богино хантааз өмсөнө, тэнгэр муудсан үед цэмбээр үйлдсэн юүдэнтэй цув давхарлана.
Өвлийн хувцас нь арай өөр. Дотуур хувцас, тэрлэгний оронд шалдан бие дээрээ тэрлэгний адил хийцтэй нэхий дээл, нэхий өмд өмсөнө. Энгийн дээл нь дан нэхий дээл байдаг бол гоёлын дээл нь даалимба юм уу, чисчүүгээр өнгөлж, энгэр захыг нь хоргойгоор хөвөөлсөн байдаг болой. Шовгор оройтой үстэй малгай өмсөнө, алс хол явах тохиолдолд дээлнийхээ гадуур ямааны арьсан дах давхарлаж өмсөнө.
Монгол эр хүний ердийн хувцас иймэрхүү байдаг. Баян тарганаа гайхуулж гоёж гангалахыг хүсэгчид арай өөр арга маяг хэрэглэнэ.
Жишээлэхэд, бүс нь хэдий чинээ урт, үнэтэй эдээр хийсэн байвал төдий чинээ гоё ганган, нүнжигтэй харагддаг учир дэгжирхэхийг хүсэгчид хагас хуй (4-5м) юм уу, бүтэн хуй чисчүүгээр (7-8м) биеэ орооно. Яг үүний нэгэн адил барьж яваа хөөрөг нь тухайн хүнийхээ хөрөнгө чинээг илэрхийлнэ. Тийм болохоор баян чинээлэг хүмүүс хэдэн зуу, бүр хэдэн мянган алтан рубль төлж сайхан хөөрөг худалдаж авна. Гоёл чимэглэлийн бас нэг зүйл нь хэт хутга мөн. Ядуучууд нь ган, хар төмрөөр хийсэн хэт хутга хэрэглэдэг байхад чинээлэг хүмүүс мөнгөн хэт бэл, заримдаа бүр алтан хүрээ хийц бүхий мөнгөн хэрэглэл зүүдэг.
Баян чинээлэг хүмүүс хэдэн зуу, бүр хэдэн мянган алтан рубль төлж сайхан хөөрөг худалдаж авнаМонголчууд үнэт чулуу, алтыг нэг их хэрэгсэхгүй атал мөнгөн ээмэг бөгж алхам тутамд тааралдана.
Нөхөрт гараагүй эмэгтэй хүний өвөл зуны хувцас үндсэндээ эрэгтэй хүнийхтэй төстэй. Гагцхүү эмэгтэйчүүд борооны цув, ханцуйгүй хантааз, дах, хэт хутга, хөөрөг үл хэрэглэнэ. Бусад талаараа тэдний хувцас хэрэглэл эрчүүдийнхээ адилхан, тэр ч байтугай даалин, гаанс хүртэл хэрэглэнэ, тамхи татдаг эмэгтэйчүүд нэлээд байв.
Эмэгтэйчүүд хадамд гарснаар хувцас хэрэглэлд нь зарим нэг тодорхой өөрчлөлт орно. Дээгүүр нь бүс бүсэлсэн тэрлэгний оронд хоёр мөрөндөө хөвөнтэй сэртэн бүхий урт халхгар дээл бүс бүслэхгүй өмсөж, маш нарийн төвөгтэй хийцтэй маягаар үс гэзгээ янзлан эхнэр үстэй болно.
Тухайлбал, зулай дээрээ онгорхойтой бяцхан тоорцог толгой дээрээ тавьж, дороос нь цухуйх үсийг хоёр хуваан санчигнаас нь мөрөнд хүрсэн нэлээд өргөн хавтгай болгон цавуудаж наагаад 2-3 газраар нь шүр мэтийн шигтгээтэй сийлбэртэй мөнгөн хавчаараар хавчина. Хавтгай хоёр гэзэгний нь үзүүрийг тус тусад нь сүлжиж, хар эдээр хийсэн урт бөөрөнхий уутанцар луу шургуулан хоёр мөр лүү нь унжуулна.
Баяр ёслолын үед тоорцогны нь хоёр талаас торгон цацаг, хэлхээтэй цагаригууд дүүжилж, хангир жингэр хийсэн дуутай нэгэн төрлийн гивлүүр хийнэ. Нөхөртэй эмэгтэй толгойн хэрэглэлээ огт авахгүй, түүнтэйгээ унтаж, түүнтэйгээ өвдөж зовж, бүр үр хүүхдээ хүртэл төрүүлнэ.
Нэг зүйлийг тайлбарлахад, алсаас харахад хагас сар хэлбэртэй том гэгчийн эвэр мэт байх ийм эхнэр үсийг зөвхөн халх эмэгтэйчүүд л өмсөж хэрэглэнэ, жишээ нь дөрвөд эмэгтэйчүүд ийм үс гэзэггүй. Халхууд дээр дурдсанчлан, Ар Монголын нийт хүн амын 9/10 байсан билээ.
Мэдээжийн хэрэг, монгол эмэгтэйчүүд гоёж гангалахыг эрчүүдээсээ илүү хүсдэг. Монгол эмэгтэйн гол гоёл нь юуны өмнө толгойн чимэг байдаг учир нөхөртэй эмэгтэйчүүд эхнэр үсээ аль болох гоё ганган хийхийг нэн чармайдаг байна. Ядуусын хувьд шүр, мөнгө мэтийг янз бүрээр дуурайлгасан төдийгөөр сэтгэл нь ханадаг бол баячууд юм уу, ердийн чинээлэг ардууд хэдэн арван шүр, үнэт чулуу шигтгэсэн нэг килограмм, түүнээс ч илүү мөнгөн эдлэл хэрэглэнэ. Их сайн, сайхан толгойн хэрэглэл 100-150 алтан рубль, том ноёд эздийн хатдын толгойн хэрэглэл хэдэн зуу, бүр мянгаад рублийн үнэд хүрнэ.
Толгойн чимгээс гадна ээмэг (гурвалжин хэлбэртэй буюу сүүжин), бөгж, бугуйвч, энгэрийн зүүлт, гуяны товруу, гэзэгнээс нь зүүсэн орос, хятад зооснууд зэрэг нь эмэгтэйчүүдийн нэмэлт гоёл чимэглэл, нэр төрийн илэрхийлэл болж байв. Эдгээрийг мөнгөөр урлах бөгөөд зөвхөн нөхөртэй эмэгтэйчүүд төдийгүй, мөн охид, хүүхнүүд ч хэрэглэнэ.
Монгол охид, хүүхнүүд хар үсэндээ улаан тууз уях тун дуртай байдгаас гадна ихэс ноёдын гэр бүлийн эмэгтэйчүүд хоёр хацартаа нэжгээд улаан толбо наана. Энэ нь тэдний онцгой эрх дарх бөгөөд хацар дээрээ улаан цэгтэй эмэгтэй гадаа тааралдвал дээд зиндааны төлөөлөгч юм байна гэж бодвол зохино. Эр, эм монголчуудын хувцас хэрэглэлд ихэвчлэн улаан, хөх, шар, ягаан мэт хурц өнгө ихээхэн давамгайлж байдаг, харин ногоон өнгө нэн ховор байх ажээ. Ямар нэгэн томоохон баяр ёслол болсон үед, эсвэл мөргөл залбирлын цагаар хурсан олныг нэлэнхүйд нь харах аваас солонгын бараг бүх өнгө хослон гялалзаж нүд сохлох шахдаг болой.
Хүүхдүүдийн хувцас хунар томчуудынхаасаа арай энгийн. 5-6 хүртэлх насны хүүхдүүд чармай шалдан гүйлдэх бөгөөд дулаан цагт наранд шарагдсаар бов бор арьстай болсон байдаг. Өвлийн цагт үстэй дээл хувцас өмсүүлнэ. Сүүлдээ тэдэнд томчуудын адил хувцас хунар хийж өмсгөх агаад ингэхийн тулд гэр бүлийн ахмад гишүүдийн хуучин дээл хувцсыг ашиглан, дахиж оёж шиднэ.
ХООЛ ХҮНС
Монголчуудын хоол хүнс нэгэн янз, гол төлөв мал аж ахуйн бүтээгдэхүүнээс бүрдэнэ. Зуны цагт хүн ам нь бараг зөвхөн сүү, цагаан идээгээр хооллоно. Их хэмжээний сүүг тэр чигээр нь ууж хэрэглэнэ (сонирхолтой нь гэвэл монголчууд зөвхөн хөөрүүлсэн сүү уудаг) ихээхэн хэсгийг нь боловсруулж хэрэглэнэ. Монголчууд цагаан идээ бэлтгэхдээ маш их ухаан зарж, янз бүрийн бүтээгдэхүүн гаргаж авна.Монголчууд цагаан идээ бэлтгэхдээ маш их ухаан зарж, янз бүрийн бүтээгдэхүүн гаргаж авнаЗун айл болгон хуруу зузаан өрөм, тараг, аарц хийж бэлтгэхээс гадна эдгээрээс дутахгүй хэмжээний айраг, нэрмэл архи хийнэ. Тэрчлэн, ааруул, бяслаг, зөөхий тос бэлтгэнэ. Бас ээзгий хэмээх өвөрмөц идээгээр биднийг дайлж байлаа. Монголчууд бүх л төрлийн, тухайлбал үхэр, сарлаг, адуу, тэмээ, хонь, ямаа цөмийн нь сүүг хэрэглэх агаад тэдгээр сүү болгон өөр өөрийн зориулалт, онцлогтой байдаг.
Жишээлбэл, айраг, нэрмэл архийг гүүний саамаар хийдэг бол зөөхий тос, өрөм, таргийг үнээ, хонины сүүгээр хийж бэлтгэнэ.
Монголчуудын зун цагийн хоол хүнсэнд сүү, цагаан идээнээс гадна цай маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Монголчууд “зузаан цай” гэгддэг, 35х18х4 см (жин нь 2 кг орчим) хэмжээтэй цайны ургамлын навчийг шахаж бэлтгэсэн ногоон цай ууж хэрэглэнэ. Ийм 27 цайг нэг боодол (хунз) болгон баглаж Хятадаас Монголд оруулж ирдэг байна.
Аж ахуйн бусад хэрэгцээндээ ч бас хэрэглэдэг том ширмэн тогоонд монголчууд цайгаа чанаж, дээрээс нь сүү хийж давслахын хамт өөх, тос мэтээр нэмж амтална. Цайгаа сахаргүй ууна. Анхандаа би ийм цай уухдаа ярвайдаг байсан бол яваа яваандаа дасаж, энэ бол цай биш, шөл гэж өөртөө хэлэх болсон билээ.
Өвлийн цагт монголчуудын хоол хүнс бүр ч тааруухан байдаг. Сүү нь байхгүй болдог тул хар цай ууна. Тэд өглөөнөөс аваад орой хүртэл арвайн гурил юм уу, хуурсан хайрсан гурил хийж цаг үргэлж ууж, гол төлөв хонины, заримдаа үхэр, адууны бүр тэмээний хүртэл мах иднэ.
Ерөнхийдөө, дөнгөн данган өл залгах бөгөөд хавар болоход бэлчээрт байгаа мал сүрэг шигээ эцэж турсан байх ажээ. Хааяа шар будаа, цагаан будаа, арвай, хятад хэрчсэн гурил мэтийг хэрэглэж хоолныхоо нэр төрлийг нэмдэг. Өвс ногоо гарч, мал амьтан нь тарга тэвээрэг авахын хэрээр хүмүүсийн нь хоол хүнс ч сайжирна.
Монголчууд согтууруулах ундаа хэрэглэдэг тухай энд бас дурдах шаардлагатай билээ. Хамгийн элбэг нь монгол нэрмэл архи бөгөөд түүнийг гүүний саамыг гэрийн нөхцөлд боловсруулж гаргаж авна. Хятадын харьцангуй хатуу, муухай амттай “ханшин” гэдэг архийг ч нэлээд хэрэглэнэ. Сибирьтэй хил залгаа оршдог нутгийнхан орос цагаан архи, буриадуудын “тарасун” гэдэг ундааг хэрэглэж заншжээ.
Монголчууд, ялангуяа ямарваа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын үеэр ууж наргих дуртай, тэгээд ч дээрээсээ үлгэр үзүүлдэг ажээ.
Өргөөний Богд гэгээн гэхэд л оргилуун дарс болон Европын бусад дарсанд ихэд хорхойсдог сүрхий архичин бөгөөд бусад олон ихэс ноёд ч түүний нэгэн адил болой. Лам хуврагууд ч харын ноёдоос дутахгүйг хичээдэг бололтой. Мөрөнгийн хүрээнд цам харайх үед (Монголын сүм хийдүүдийн томоохон зан үйлийнх нэг) маш олон тайлга, тахилга үйлдэгчид согтуу байхыг би нүдээрээ харсан билээ. Тэдний зарим нь, тэр тусмаа маш өндөр мяндагтангууд хөл дээрээ арайхийн тогтож, ямар нэг юм хэлэх гэж оролдож байсан юмдаг. Тэгэхдээ, шударга үнэний үүднээс хэлэхэд, ерөнхийдөө монголчууд согтууруулах ундааг хэр хэмжээнээс хэтрүүлж хэрэглэдэггүй болой.
Монголчуудын хэрэглэдэг хоол хүнсийг европчуудынхтай харьцуулахад нэг онцгой зүйл миний гайхшийг төрүүлж байлаа. Монголчуудын хоол хүнсэнд цайнаас өөр ургамлын гаралтай хоол хүнс, түүний дотор талх огт байдаггүй. Монголчуудын зоогийн ширээний чимэг нь сүү, мах, цай (нарийн яривал, цайны холимог) байдаг ба цайнаас бусад нь цөм мал аж ахуйн бүтээгдэхүүн юм. Ийм хоол хүнс (ялангуяа, өвлийн улиралд) хэрэглэдгийн үр дагавар нь чийг бам өвчин тэр үед ихэд тархаж байсан явдал юм. Зарим газар, ялангуяа хойд нутгийн монголчууд ногоон сонгино, гоньд, мөөг, самар, зэрлэг жимс зэрэг ургамлын зүйлсийг хүнсэндээ хэрэглэдэг байна.
ЭХ СУРВАЛЖ: “Монгол орон хувьсгалын босгон дээр” И.М.Майский
“Монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх
энэхүү номонд 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3,000 орчим
километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын
багийнханы цуглуулсан мэдээллүүд багтаснаас гадна нийгэм эдийн засаг,
байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан
бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам болон малын тоог
статистик аргаар боловсруулан гаргаснаараа онцлог бөгөөд ХХ зууны
монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж юм.
Эх сурвалж: ikon.mn