Үүлэн суурьтай үйлчилгээнүүд бид бүхний ажил амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байна. Dropbox, Box, Drive, OneDrive, iCloud гэх үүлэн үйлчилгээнүүд өөрсдийн сервер дээр бидний файлыг байршуулан, хадгалах боломжийг бидэнд олгож байгаа юм. Дурын файлаа үүлэн орчинд хадгалан, орон зай, төхөөрөмж хэрэгсэл үл хамааран хаанаас ч тухайн файл уруугаа хандах боломжтой. Мөн хамтдаа ажиллаж буй улсууд нэг дор бичиг баримтаа байршуулж илүү бүтээмжтэй ажиллана. Мөн бие биедээ том хэмжээний файл дамжуулах асуудал улам л амар боллоо. Эдгээр үйлчилгээнүүд бүгд л өөрийн гэсэн давуу тал онцлох шинжтэй. Танд чухам аль нь хамгийн тохиромжтой бол ?
1Dropbox
MIT-н оюутан байсан Drew Houston болон Arash Ferdowski нарын 2007 онд байгуулсан Dropboxкомпани. Dropbox бол хамгийн их хүн хэрэглэдэг, өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хамгийн энгийн үйлчилгээ. Үнэгүй аккаунт нээснээр та 2GB-н багтаамжийг ашиглах бүрэн эрхтэй. docx, xlsx, ppt, pdf зэрэг албан файлууд хадгалах, дамжуулахад хангалттай хэмжээ. Хүсвэл та сарын $9,99 төлөн багтаамжаа 1TB хүртэл нэмэгдүүлэх боломжтой. Dropbox бол Blackberry, Linux зэрэг бүхий л үйлдлийн системд ажиллах боломжтой цорын ганц үйлчилгээ. Тиймээс та хэзээ ч хаанаас ч төхөөрөмж үл харгалзан бүрэн хандах боломжтой. Үнэгүй хэрэглэгчид өөрийн багтаамжаа 16GB хүртэл ихэсгэх бүрэн боломжтой юм. Таны урьсан найз болгоны тоогоор 500Mb-г нэмж өгнө. Мөн та Dropbox-оос гаргасан MailBox, Carousel зэрэг аппуудыг ашигласнаар нэмэлт багтаамжийг хүртэж болно. Тэдний томоохон давуу талын нэг бол компьютерт offline хавтас байршуулан, түүгээр дамжуулан файлаа үүлэн орчинд хадгалах юм. Саяхан хийсэн томоохон шинэчлэл нь хадгалсан файлуудаа шууд онлайн орчинд Microsoft Office Online-г ашиглан засаж янзлах боломжтой болсон явдал байлаа. Танд гэж зөвлөхөд Dropbox бол маш уян хатан үйлчилгээ.
2Google Drive
Google Apps-н нэг хэсэг болох хамгийн гол үйлчилгээнүүдийн нэг Google Drive. Хэрвээ та Gmail ашигладаг бол Drive-тай гэсэн үг. Google хэрэглэгчдийн хувьд нэг хаягаараа Calendar, Youtube, Drive, Docs. Notes гэх мэт бүх үйлчилгээгээ хэрэглэх боломжтой. Танд 15GB бүхий багтаамжийг үнэгүй санал болгоно. Хүсвэл та 1TB-н хэмжээтэйг сарын $9.99-р авах боломжтой яг л Dropbox шиг. Dropbox-г бодвол илүү уян хатан төлөвлөгөөг санал болгодог. Хэрэглээндээ тааруулан 100GB хэмжээг $1.99-р авах боломжтой. Хадгалсан файлуудаа Google Docs-н тусламжтайгаар онлайн орчинд засаж янзлах боломжтой. Мөн шинээр doc, ppt, xlsx файлууд үүсгэж болно. Drive ч гэсэн offline хавтастай яг л Dropbox шиг. Ерөнхийдөө Dropbox энэ хоёр нэлээн төстэй, хэдий ч ялгагдах зүйл нь үнэгүй өгч буй хэмжээнд байгаа юм. Google хэрэглэгчдийн хувьд Drive номер нэг сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.
3OneDrive
Ширүүн өрсөлдөөнтэй технологийн салбарт хэрэглэгчээ тогтоон барина гэдэг амаргүй даваа. Microsoft компани ч гэсэн өөрсдийн үүлэн агуулахыг хэрэглэгчдээ санал болгов. Анх SkyDrive нэртэй гарч ирж байсан ч илүү сайжран OneDrive гэх нэртэй болсон юм. Хэмжээний хувьд Google Drive-тай төстэй 15GB-г үнэгүй санал болгоно. Үнийн хувьд ч мөн ижил төвшинд. Ширүүн өрсөлдөгчид гэдэг утгаараа тэдний бүхий л зүйл нь ижилхэн байна. OneDrive нь windows 8 шиг Metro дизайнтай, дөрвөлжин хайрцгууд нь хэрэглэхэд хялбар. Мөн Dropbox шиг найзаа урих аваас 500MB нэмж авна. Microsoft Office программ дээр тогтмол ажилладаг хүмүүс ашиглахад их зүгээр, ажиллаж буй файлуудаа шууд л OneDrive-т хадгалчихна.
4Box
Box бол хамгийн анхны үүлэн үйлчилгээнүүдийн нэг. Нийт 32 сая гаруй хэрэглэгч, 275,000 компани ашигладаг. Бусдыгаа бодвол арай өөр нөхцөлийг санал болгоно. Үнэгүй аккаунт нь 10GBн багтаамжтай, хамгийн ихдээ 250MB хэмжээтэй файл upload хийх хязгаартай. 100Gb хүртэл багтаамжаа нэмэгдүүлэх бол сарын $6 төлнө. Dropbox, Box хоёрын том давуу тал бол blackberry, windows phone, linux зэрэг системүүд дээр ажиллах боломжтой юм. Мөн хурдны хувьд бусдаасаа арай илүү байж болох юм.
5iCloud
Apple-н iCloud үйлчилгээ үнийн хувьд боломжийн харагдаж байна. Ашиглаж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Үнэгүй 5GB багтаамж өгөх бөгөөд сарын $1 доллар төлөн 20GB, $4 төлөн 200GB хүртэл ихэсгэх боломжтой юм байна. Ашиглах хүрээ нь iOS, Mac, PC.
iCloud ашигладаг уншигчид маань илүү дэлгэрэнгүй тайлбар өгнө гэдэгт итгэлтэй байна.
Үүлэн үйлчилгээг хувь хүмүүс хувийн хэрэгцээндээ ашиглахаас гадна компаниуд дотоод орчиндоо файл солилцох зорилгоор ашиглаж байна. Салбаруудаас файл, баримт бичгийг тухай өдөр бүрд нь цаг алдалгүй хүлээн авах гэх мэт. Мөн блогчид маань файл түгээхдээ өргөн ашиглах болсон. Yahoo messenger, мэйлээр файл солилцдог үе ард хоцорчээ. Миний хувьд албан файлуудаа OneDrive-т хадгалдаг. Харин зураг, видео, ном, архив зэрэг хэрэгцээтэй гэсэн бүхнээ Google Drive-т хадгална. Dropbox-д харин юм юм л хадгалж байна даа яг л түр хадгалан, дамжуулан өнгөрөөх газар шиг.
Эх сурвалж: youngreader.mn