Эдийн засгийн хүнд байдал, цаг завгүй амьдралын хэмнэлдээ түүртэн хүн төрөлхтний мөнхийн сэдэв, хүний амьдралын хамгийн чухал зүйлийн талаар түр мартсан бол танд санаа сэдэл, эргэцүүлэл болох ярилцлагаа НОМЫН ТУХАЙ булангаараа хүргэж байна.
Өнөөдрийн онцлох ном бол Германы алдарт философич, социологич, психоаналитикч Эрих Фроммын хамгийн суут бүтээлүүдийн нэг, дэлхийн 40 гаруй хэлэнд орчуулагдсан “The Art of Loving” билээ. Гарсан долоо хоногтоо бестселлерийн нэгдүгээрт жагссан энэхүү номыг Германд төгсөгчдийн МАЙНД клубийн гишүүн А.Баярцэцэг ахлан орчуулжээ. Тэрбээр ХБНГУ-ын Дортмундын их сургуульд эдийн засгийн ухааны магистр хамгаалсан бөгөөд өдгөө хувийн хэвшилд ажиллахын зэрэгцээ нийгмийн оюун санааг соён гэгээрүүлэх үйлст хүчин зүтгэж явна.
Юуны өмнө орчуулсан ном нь гарсан даруйдаа бестселлер болсонд баяр хүргэе. Та бүхэн яагаад энэхүү номыг сонгож орчуулах болов. Зохиогч Эрих Фроммын шинжлэх ухааны түүхэнд эзлэх байр суурийн талаар яриагаа эхлэе?
Баярлалаа. Эрих Фроммын “Хайрлах урлаг” ном нийгмийн суурь асуудлыг хөндсөн. Жишээ нь Айн Рэндийн хувьд нийгэм өрсөлдөөн, хувь хүний шунал дээр тогтоно гэдэг бол Эрих Фромм нийгэм өрсөлдөөн биш хайр, морал дээр тогтох ёстой гэж үзсэн.
Манай нийгэмд маш их үгүйлэгдэж байгаа сэдэв бол энэ. Учир нь зах зээлд шилжсэнээс хойш хүмүүс бүгд амь, амиа бодоорой гээд хоорондоо өрсөлдөөд эхэлсэн. Яг энэ үед моралийн асуудлууд, бие биенээ гэсэн халуун дулаан сэтгэлийг мартагнасан, анзаарахгүй болсон гэдэг нь харагдаж байгаа.
Шинжлэх ухааны түүхэнд Эрих Фромм психоаналитикч, социологич гэдгээрээ илүү хүлээн зөвшөөрөгдсөн хүн л дээ. Нэлээн олон зохиол бичсэний хэд хэд нь монгол хэлэнд орчуулагдсан. Анх “Хайрлах урлаг” номыг 1996 онд “Хайрын амт” нэртэйгээр орчуулж, хэвлэн гаргасан байдаг. Бид түүнээс хойш бараг 20 жилийн дараа ахин орчуулаад хэвлэж байна.
Шинжлэх ухааны түүхэнд Эрих Фромм психоаналитикч, социологич гэдгээрээ илүү хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ удаагийн орчуулгыг орос орчуулгаас дамжиж биш, шууд бичигдсэн хэлнээс нь орчуулсан тул чанарын хувьд сайжруулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Мөн философич С.Молор-Эрдэнэ номын зөвлөх орчуулагчаар ажиллаж мэргэжлийн ухагдахуунуудыг алдаагүй буулгаж мэргэжлийн түвшинд орчууллаа.
Филисофич Эрих Фромм номын оршилдоо “Энэ номноос хайрлах урлагийн талаар зааварчилгаа хүлээсэн уншигчийн урам хугарах болно” гэсэн байдаг. Тэгвэл юу хүлээж буй уншигчийн урам хугарахгүй вэ?
Хүний амьдралын утга учрын талаар эргэцүүлж боддог, хүний нийгмийн суурь асуудлууд юу юм бэ, хүмүүс яах гэж гэр бүл болж, хамт олон болж амьдардаг юм бэ. Эсвэл яах гэж хүмүүс хоорондоо найзалдаг юм, яах гэж хамтдаа баг болж хийж бүтээдэг юм гэдэг мөн чанарыг ойлгохыг хүсээд энэ номыг уншвал их сонирхолтой. Түүнээс биш сексийн арга техник гэсэн зааварчилгаа биш.
Энэ номны гол утга нь хайр бол аз биш, сугалаанд хождог эсвэл тэнгэрээс унаж ирдэг зүйл биш. Харин хүнд өөрт нь байдаг чадвар. Жишээ нь зураач хүн зураг зурах, дархан хүн уран сийлбэр хийх чадвараа уйгагүй хөдөлмөрөөрөө хөгжүүлдэг шиг хичээл зүтгэлээрээ эзэмших ёстой чадвар юм.
ФРОММЫНХООР ХАЙР БОЛ ХҮНИЙ АНХААРЛЫГ ТАТАХ, ХАЙРЛУУЛАХ
ТУХАЙ БИШ ӨӨРӨӨ ХҮНИЙГ ХАЙРЛАХ ЧАДВАР ЮМ.
Хайр хүнээс алсран одсон шалтгаан нь өнөөгийн нийгмийн тогтолцоонд бий хэмээн номонд өгүүлдэг. Та үүнтэй санал нийлэх үү. Хайр үнэхээр биднээс алсран одсон гэж үү?
Эрих Фроммын шүүмжилж байгаагаар капитализм өнөөгийн хэлбэрээрээ бол хэрэглээн дээр суурилсан. Хүн аль болох их орлого олоод, өндөр цалин аваад, өөртөө ханамжтайгаар зарцуулахаас таашаал авдаг болчихсон. Энэ зөвхөн Монголд байгаа үзэгдэл биш л дээ. Хэрэглээний капитализм давамгайлсан улс орнуудад үнэхээр ийм байгаа. Манайд ч мөн адил. Үүний дээр сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүд сэтгэл түгшээдэг. Хосууд бие биенийгээ хардалтаас болж гэмтээж байна, нийгэмд хүчирхийлэл их байна. Бид хэт их мөнгөний хойноос хөөцөлдөөд, өөрийнхөө мөн чанараас холдоод байгаа юм уу даа.
Орлогын тэгш бус байдлын ялгаа их болсон үед өнөө үед баян хүмүүс хэрэглээндээ ихийг зарцуулж, түүнээсээ аз жаргалыг хайдаг. Гэтэл материаллаг эд зүйлсээс авах сэтгэл ханамж түр зуурынх байдаг тул дахиад л илүү ихийг, эсвэл шинийг худалдаж авах шаардлага гардаг. Орлого багатай хэсэг нь харин мөнгөгүйгээсээ болж зовж шаналаад, ядуу учраас зовж байна гэж бодоод байдаг. Гэтэл хүний хүсэл шунал хэзээ ч ханахгүй. Мөнгөтэй байлаа ч шанална, мөнгөгүй байлаа ч шанална. Харин Эрих Фроммын хэлж буйгаар хүн материаллаг хэрэгцээнээс гадна хүний нийгэм хайр хүндлэл, морал, зөв хандлагатай байх нь чухал. Нийгмээ сайн талруугаа өөрчлөгдөөсэй гэсэндээ манай багийнхан энэхүү номыг орчуулж, уншигчиддаа хүргэж байгаа нь энэ.
Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудын нэг нь яах аргагүй хүчирхийлэл болчихлоо. Хүчирхийллийн талаар Эрих Фромм “Хайрлах урлаг” номондоо ямар өнцгийг гаргаж ирсэн бэ?
Эрүүл сайхан, хүчирхийлэлгүй орчинд өссөн хүн хүчирхийлэгч болдоггүй. Ямар хүмүүс гэмт хэрэг үйлддэг вэ гэхээр гол төлөв хүчирхийлэлтэй хүнд орчноос гарч ирсэн байдаг. Гэр бүлд аав, ээж нь хүүхдээ зоддог гээд ойлгочихсон байгаа юм. Өөрөө зодуулж өссөн учраас тэр. Өөрөөр хэлбэл чөтгөрийн тойрог үүсчихсэн. Эрүүл сайхан, хүчирхийлэлгүй орчинд өссөн хүн хүчирхийлэгч болдоггүй. Гарч байгаа гэмт хэрэгтнүүдийн түүхийг сонсоход голдуу л хэцүү гэр бүлээс гаралтай байдаг. Ийм хүмүүс ээж аавын хайрыг буруугаар буюу эзэмших, эзэмдэх үйлдэл гээд ойлгочихсон. Үүнээсээ болж үр хүүхдээ, эсвэл хайртай хүнээ яг өөрийнхөөрөө байлгах гээд байдаг. Ингэснээсээ болоод маш их зөрчилтэй тулгардаг. Тэгэхээр бид хайрын тухай ойлголтоо ахин нэг харж үзэх ёстой юм болов уу гэж бодож байна.
Хайранд яг урлагт суралцаж байгаа юм шиг суралцах ёстойг ойлгуулсан ном гэж зөвлөх орчуулагч С.Молор-Эрдэнэ бичсэн байна лээ. Хайрлах урлаг гэж чухам юу юм бэ?
Хүмүүс заяаны ханиа олно, энэ бол хувь заяа гэж ярьдаг шүү дээ. Үүнийг Эрих Фромм төөрөгдөл гэж үзсэн. Яагаад төөрөгдвөө гэхээр хэд хэдэн шалтгаантай гэж тайлбарласан. Hэгдүгээрт, хүмүүс хайр гэхээр өөрийгөө л хайрлуулах тухай андуурдаг гэжээ. Өөрийгөө хайрлуулах хүсэл бол хүнийг хайрлахаас тэс өөр. Хайрлах гэдэг бусдаар хайрлуулах тухай асуудал биш юм. Бусдаар яаж хайрлуулах вэ гэдэг асуудал дээр хүн төвлөрчих юм бол бусад хүмүүс юунд дурлаж байна вэ гэдгийг анхаарч эхэлнэ. Тэгээд тухайн үед "моодонд" орж байгаа шинж чанаруудыг өөртөө бий болгохыг хичээдэг. Жишээ нь эмэгтэйчүүд нь гоё ганган хувцас, нүүрний будаг, сайхан аашаараа бусдыг татна гэж итгэнэ. Эрчүүд нь амжилттай, соёлч боловсон байх гэх мэтчилэн бусдын анхаарлыг татахад төвлөрч эхэлдэг гэнэ. Гэтэл Фроммынхоор хайр бол хүний анхаарлыг татах, хайрлуулах тухай биш өөрөө хүнийг хайрлах тэрхүү чадвар юм. Дараагийн нэг том төөрөгдөл нь хүн өөрийн “моодны” шинж чанаруудтайгаа дүйцэхүйц мөн л “моодны” шинжүүдийг өөртөө бүрдүүлсэн, өөртэйгээ ойролцоо орлоготой, амжилттай, гадаад байдлаараа ч дүйцэхүйц нэгнийг хайж эхэлдэг. Тэгэхээр цаана нь тохиролцоо, арилжаа солилцооны сэтгэлгээ яваад байгаа. Хүний хайр гэдэг арилжаа наймаа биш ээ, бараа бүтээгдэхүүний зах зээл биш ээ. Гуравдугаарт, хүмүүс хайрыг дурлахтайгаа андуурдаг гэжээ. Дурлахаараа хүнд ямар нэг юм сонин сайхан санагдаад тэр мэдрэмж нь хэсэгт хугацаанд л үргэлжилдэг. Харин хайрлах гэдэг тогтвортой, удаан хугацааны асуудал. Энэ хоёрыг андуурдгаас болж хайрыг их буруу ойлгодог гэж номондоо бичсэн байгаа. Хайр яг л хөгжим тоглож сурах, уран зураг зурж сурахтай адил эзэмших шаардлагатай урлаг тул тодорхой хэмжээний онолын мэдлэгээ эзэмшээд, дараагаар нь уйгагүй дасгал сургуулилтаар өөртөө суулгадаг чадвар болох тухай философи, социологи, сэтгэл зүйн мэргэжлийн ном гэж ойлгож болно.
Хайрлаг урлаг бол философийн эх зохиол. Философийн эх зохиол болон жирийн нэг зөвлөгөөний ном хоёрын хайрын талаар өгүүлэх гол ялгааг та юу гэж боддог вэ?
Янз бүрийн зөвлөгөөний номнууд байдаг л даа. Гэхдээ зөвлөгөөний номыг би муу гэж хэлэхгүй. Яагаад гэвэл тэр зөвлөгөөний ном нэг суурь санаан дээр тулгуурласан байгаа. Жишээ нь Эрих Фроммын “Хайрлах урлаг” номын санаануудаар янз бүрийн зөвлөгөөний ном бичиж болох байх аа. Хайрын дадлагын тухай сүүлийн хэсэгт байдаг. Эндээс зөвлөгөөний ном гарч ирж болно. Харин Эрих Фромм бол энэ зааварчилгааны дагуу дагаад яв гэх биш мөн чанарыг тайлбарлаж, логикыг нь гаргаж ирэх гэж оролдсоноороо зарчмын ялгаатай.
ГАГЦХҮҮ ОЙЛГОЖ БУЙ ХҮН Л ХАЙРЛАНА, АНЗААРНА, БАС ХАРНА.
Анзаараад байхад манай залуучууд дэлхийн шилдэг эрдэмтдийн эх зохиолуудыг сонирхон уншдаг болжээ. Танай номын борлуулалт ийм мундаг байгаа нь танд тийм сэтгэгдэл төрүүлж байна уу. Хүлээлтээс хэр давсан бэ?
“Майнд клуб”-ээс өмнө нь Р.Прехтийн “Би хэн бэ?: Тийм гэвэл хэдэн би вэ?” номыг анх орчуулчихаад 10 ширхэгийг л зарж чадах байх гэж бодож байсан. Алдагдалтай байна гэж итгэж байсан учир бүх борлуулалтын эрх, ашгийг хэвлэлийн компанид өгчихсөн. Тэгсэн чинь ном маань 2012 оны “Grand book” болоод амжилттай явчихаар нь өөрсдөө их гайхсан. Уншигчид бидэнд хандаад маш их урмын үг өгсөн л дөө. Тэгэхээр нь зоригжоод танин мэдэхүйн ном биш онолын ном гаргасан ч хүмүүс хүлээж авах юм байна гэж урам зориг орсон тул энэхүү номоо орчуулсан. Энэ номыг “Майнд” сангийнхан гаргасан байгаа. Ямар учиртай вэ гэхээр Монсудар хэвлэлийн газар, Майнд клуб, доктор С.Молор-Эрдэнэ гурван тал нийлээд “Майнд” сан гэж байгуулаад номынхоо орлогоос тодорхой хувийг сан руу оруулж байгаа юм. Номын борлуулалтаас хувь хүмүүс ашиг авахгүйгээр сан руу төвлөрүүлээд соён гэгээрлийн ажлуудыг санхүүжүүлэх гэж байгаа. Орлогоо дараа дараагийн номнууд болон нийгэмд хандсан соён гэгээрлийн ажлуудад зориулахаар төлөвлөж байна. Тийм учраас бид урамтайгаар номныхоо талаар мэдээлэл түгээж сурталчилж байгаа. Яагаад гэвэл бид нүүр бардам байгаа гэсэн үг. Цаана нь сайхан зорилго бий учраас тэр. Хүлээлтийн хувьд анхны ном дээрээ зориг орчихсон учраас айгаагүй. Гэхдээ арай ч эхний долоо хоногтоо зарагдаад дуусчихна гэж бодоогүй. Хоёр дахь хэвлэлт нь энэ долоо хоногтоо гарчих байх.
Зохиогчийн хэлснээр өнөөгийн нийгэмд хайрлах бус хайрлагдах хүсэлтэй хүмүүс олон байх шиг. Энэ номыг уншсанаар энэхүү хүслийн байр нь солигдож, хайрлах урлагт суралцаж чадах болов уу. Нийгэм Эрих Фроммын санааг ойлгосноор ямар эерэг өөрчлөлт гарч болох вэ?
Монголчуудын нэг давуу тал байна л даа. Бид нар ямар нэг сэтгэлгээний хэв загварт баригдаад, нэг юманд бүр итгээд, экстремист болдоггүй юм байна. Жишээ нь Америк явсан хүмүүс гялс Америкийн соёлыг сураад л, дасан зохицоод, бараг л америк хүн болоод ирчихдэг. Япон явсан нь япон хүн, Солонгос явсан нь солонгос хүн, Герман явсан нь герман хүн шиг болоод ирдэг. Тэгсэн мөртөө Монголд эргэж ирэхээрээ буцаад л “монгол” болчихдог. Тэгэхээр юмыг хурдан сурдаг, хурдан тусгаж авдаг хүмүүс гэж хэлж болно. Үүнийг би нүүдэлчин соёлын давуу тал гэж бодож байна.
Хайр гэдэг аваад байх биш өгөх, түгээх юм байна гэдэг ойлголтоо зөв болгочихвол нийгэм богино хугацаанд морал, хайр хүндлэл дээр тогтсон болох боломжтой гэж би үзэж байна.
Монгол хүний ухаан сийрэг, сэлүүхэн, талын салхи шигээ юм байна лээ. Асуудлаа зөв л ойлгочихвол Монголчуудыг тун амархан сэргэнэ гэж итгэдэг. Эрих Фромм ч гэсэн хэлсэн. Итгэл бол маш чухал. Бид маргаашдаа итгэдэггүй байсан бол орой унтахдаа сэрүүлгээ тавихгүй. Монгол орон урагшилна, хөгжинө, сайжирна гэж итгэхгүй бол бид ном орчуулаад хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх гээд байхгүй. Ямар ч нэмэргүй байсан бол зүгээр хаяад л бушуухан явна. Гэтэл асар их итгэл, горьдлого, найдвар байгаад байгаа учраас энэ номын орчуулгыг хийж, чадах чинээгээрээ ажилласан. Бид ашиг олно гэдгээрээ тэжээгдээгүй, хүмүүсийг өөрчилж чадна гэсэн итгэлээрээ тэжээгдэж ирсэн.
Сүүлийн үгийг танд үлдээе?
Баярлалаа. Сүүлийн үгний оронд номын өмнөх үгээр ярилцлагаа өндөрлөхийг зөвшөөрнө үү.
Юуг ч мэдэхгүй хүн юуг ч хайрлахгүй.
Юуг ч чадахгүй хүн юуг ч ойлгохгүй.
Юуг ч ойлгохгүй хүн ямар ч үнэгүй.
Гагцхүү ойлгож буй хүн л хайрлана, анзаарна, бас харна.
Ярилцсан Б.Бямбасүрэн
Эх сурвалж: ikon.mn