2015-04-06

Майкрософтын 40 жилийн ойн өдөр

D40c75 microsoft staff 1978 x800

Дөчин жилийн өмнөх энэ өдөр эдүгээ дэлхийн хамгийн том програм хангамжийн компани болсон Майкрософтыг коллежоо орхисон Билл Гэйтс, Пол Аллен нар байгуулж байжээ.
Өнөөдөр Майкрософт 125,000 гаруй ажилтантай, бүтээгдэхүүн нь дэлхийн персональ компьютеруудын 90 орчим хувь дээр ажиллаж байгаа.
Майкрософт одоо газрын тосны мангас Exxon Mobil, урт хугацаанд өрсөлдөж ирсэн Apple хоёрын дараа орох, дэлхий дээрх гуравдахь хамгийн үнэ цэнэтэй компани юм.
Тэгвэл Билл Гэйтс өчигдөр Майкрософтын бүх ажилтанд хандаж нэгэн и-мэйл илгээжээ.
Түүний захиаг орчуулан хүргэж байна.


Маргааш бол онцгой өдөр:(4-р сарын 4) Майкрософтын 40 жилийн ой.

Анх Пол Аллен бид хоёр компьютерыг айл бүрт, ширээ бүрт хүргэх зорилт тавьж байлаа. Энэ бол тэр үедээ тун зоригтой санаа байсан ба олон хүн үүнийг санаанд багтамгүй, боломжгүй зүйл гэж үзэж байв. Тэр үеэс хойш компьютер хэрхэн үсрэнгүй хөгжсөнийг харахад гайхмаар, мөн Майкрософтын энэ хувьсгалд оруулсан хувь нэмрээр бид бүгд бахархаж байна.
Харин өнөөдөр би Майкрософтын өнгөрсөн үеэс илүүтэй ирээдүйнх нь талаар ихийг бодож байна.
Миний бодлоор компьютерын дараагийн 10 жилийн хөгжил түүхэндээ байгаагүй эрчимтэй байх болно. Бид хэдийнээ олон платформт ертөнцөд амьдраад эхэлсэн бөгөөд компьютер улам бүр өргөн дэлгэр хэрэглээ болно. Компьютерүүд болон роботууд хардаг, хөдөлдөг, амьд мэт харилцдаг болж хүмүүст олон боломж, хэрэглээг нээж өгөх тэр цагт бид ойрхон иржээ.
Энэ хөгжил дэвшилд тэргүүлэх боломжтой хамгийн таатай байр сууринд Майкрософт нь Сатьяагийн удирдлага дор хүрээд байна. Бид орчин үеийн тооцоолох техникийн чиглэл бүрт оролцож, салбартаа хамгийн гүнзгий судалгаа туршилт явуулж байгаа.
Би Сатьяагийн техникийн зөвлөхийн хувьд шинэ бүтээгдэхүүн бүртэй танилцахдаа түүний алсын хараа, авьяас билгийг биширдэг.
Биелэлээ олж байгаа олон шинэ санаа, шинэ бүтээгдэхүүнээс зөвхөн Cortana, Skype Translator, HoloLens зэргийн үр дүнг харахад л тодорхой байгаа юм.
Ирэх жилүүдэд Майкрософт бүр илүү олон хүн, олон байгууллагад хүрч ажиллах боломжтой харагдаж байна.
Технологи нь үнэ өртөг, ойлгоход түвэгтэй байдал, эсвэл зүгээр л хүртэх боломжгүй байгаагаас болоод олон хүнд алс холын зүйл хэвээр байгаа. Тиймээс та бүхний хийх зүйл бол хүн бүрт технологийг ойртуулах, хүмүүсийг хооронд нь холбох, персональ компьютерын чаддаг бүхнийг бусад бүх төхөөрөмжинд бий болгох юм шүү гэж захимаар байна.
Бид хамтдаа эхний 40 жилдээ ихийг амжуулж, тоо томшгүй олон хүмүүсийг, байгууллагуудыг өөрийнхөө боломжийг бүрэн нээж ашиглахад нь тусалсан. Харин одоо хамгийн чухал асуудал нь бидний дараачийн бүтээх зүйл юу байх вэ?
Олон жил хамтдаа байж Майкрософтыг гайхамшигтай компани болгоход тусалсан та бүхэндээ баярлалаа.


Эх сурвалж: iKon.mn

About Us

Recent

Random