Б. Сарантуяа зохиолчийн Сорхугтани романыг найз нөхөд маань сайхан роман унших хэрэгтэй гэлцэхийг сонсоод монгол хүний даган дуурайдаг зангаараа сонирхон авч уншлаа.
Сорхугтани романыг уншиж эхлэнгүүт дүрслэл, өгүүлэмжид нь татагдсанаа нуух юун. Гэвч түүхэн кино, түүхэн романуудад цөөнгүй тохиолддог алдаа болох он дараалал, үйл явдлын өрнөл, ёс заншлын зүйлс дээр нэлээдгүй ташаарсан нь тодорхой байна. Түүгээр ч барахгүй түүхэн үйл явдлуудыг хооронд нь хольж хутгасан, санаанаасаа зохиосон, түүхийн сурвалжийн мэдээг буруу ойлгосон зэрэг зүйл олонтоо тааралдаж байсан нь Сорхугтани бэхи хатны амьдрал үүх түүхийг бага боловч мэдэх хүний хувьд уншихад ихээхэн төвөгтэй байсан билээ. Зарим тохиолдолд инээд хүрэх, тэр ч бүү хэл халагламаар үе ч олонтоо тохиолдсон юм. Уран зохиолыг бодит түүх мэтээр ойлгодог уншигч олон төдийгүй тэрхүү буруу ойлголт нь түүхийн худлаа мэдлэг болон үлддэг. Шүүмжлэлт сэтгэлгээ (critical reading) хөгжөөгүй манай оронд хүмүүс аливаа ном зохиолыг ямар нэгэн гаргалгаа дүгнэлтгүйгээр шууд хүлээж авдаг.
Тэр ч утгаараа аливаа түүхэн үйл явдал, түүхэн хүний намтрын тухай роман, кино үзсэнээрээ бүрэн ойлголт авна хэмээн итгэцгээдэг. Гэвч үнэндээ тухайн романы зохиогч нь түүхэн талаас нь нэр төдий л орж, зөвхөн уран зохиолын өнгө аястаа хэт анхааран бичдэгийн тод жишээ нь энэхүү Сорхугтани роман болжээ.
Зохиогч Сорхугтани бэхийн эр нөхөр Толуй болон түүний хүү Мөнх нарын хэсэгт Чингис хааны амьдрал үйл ажиллагаатай ижил төстэй явдлуудыг санаанаасаа зохиосон байна. Толуйг төрөхөд Өэлүн дөрвөн од ойртон ирэхийг үзсэн, Мөнх хаан Өгэдэйн ахмад хөвгүүн Гүюг хаантай эв найртай явахаа илэрхийлэн эд зүйл солилцсон тухай өгүүлэх нь Жамуха, Тэмүүжин нарын анд барилдсанаас жишээ авсан хэрэг юм. Үнэхээр Мөнх, Гүюг нар андгай өргөсөн бол Мөнх хаан андгай өргөсөн ахыгаа нас барсны дараа түүний үр хүүхдүүдээс хаан ширээг нь булаан авах нь юу л бол.
Энэ мэтчилэн Сорхугтани романыг уншиж байхад гарч буй түүхийн талаас андуурсан ташаарсан зүйлсийг нэг бүрчлэн дурдаж няцаалт хийнэ гэвэл энэ романы дайтай болох тул зарим нэг үйл явдлуудаар жишээлэн түүхийн залруулга хийхийг зорьлоо.
Зохиогч уг бүтээлийг туурвихдаа Сорхугтани хатнаас бусад зохиолын дүрүүдийн мөн чанар луу нэг их орж чадаагүй байх ажээ. Тухайлбал, “Өэлүн эх, хэдий хааны эх боловч эд баялгыг эрхэм болгодоггүй энгийн даруу нэгэн ажээ” (хуудас 34) хэмээн өгүүлжээ. Гэвч Монголын Нууц Товчоонд Чингис хаан их монгол улсаа байгуулан иргэн хувилахад “эхэд, Отчигины хувь, хийгээд түмэн иргэн өгөв. Эх чамлаж, эс дуугарав” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг.
Зохиогч романаа бичихдээ түүхийн сурвалж бичгүүдийг багагүй шүүрдсэн бололтой. Гэвч утга агуулгыг ташаа ойлгожээ. Чингис хаанд “лам” (хуудас 37) байгаагүй харин түүний ач хүү Хубилай хааны үеэс монгол хаад ламтай болсон билээ. Эл романд Манзушири лам хэмээн дурдагдаж буй нь он цаг, үйл явдлын хувьд ихээхэн ташаарсан нь харагдаж байна. Мөн түүнчлэн Чингис хаан ирээдүйн эш хатныг сонгохдоо босгонд бүдэрсэн бүсгүй хүнээр сонгодог нь тухайн XIII зууны сэтгэлгээнд огт таарахгүй зүйл юм. Монгол гэрийн босго нь эрхэм нандин зүйл бөгөөд айл гэрийн босго давж орно гэдэг нь ихээхэн хүндтэй зүйл төдийгүй босго гишгэсэн хүнийг цаазаар авдаг ялтай байсан билээ. Эш үзүүлэгчийг тодруулан гаргаж буй нь Сорхугтанийг илүү тодоор гаргаж ирэх гэсэн санаа бөгөөд эш үзүүлэгч хэмээх нь хожим түүний хөвүүд хаан ор суусан цагаас эхлэн сурвалжуудад түүнийг эш үзүүлэгч хэмээн дурдсан нь бий. Чингис хаан эш үзүүлэгчээр сонгосон явдал биш юм. Мөн Толуй нас барсныг Өэлүн эх ганцаар хүүхдүүдээ өсгөх болсонтой зүйрлэсэн нь оновчгүй юм. Учир нь Сорхугтани, Өэлүн хоёрын нөхцөл байдал огт өөр. Есүхэй баатрыг нас барахад цагийн байдал ороо бусгаа, Өэлүн эх болон түүний хөвүүдэд өмч хөрөнгө, түших хамаатан садан байсангүй. Харин Сорхугтаний хувьд бол түүний хөвүүд эрийн цээнд хүрсэн төдийгүй, эзэмшил нутаг, харьяат ардтай байсан.
Чингис хааны охин Алаха бэхи өөрийн эр нөхрийг нас барсны дараа цагаан хэрэмний хойгуур нутагладаг онгуд аймгийг мэдэж байсан боловч зохиогчийн бичсэний адил хятадын хойд нутгийг захирч байсангүй. (хуудас - 17) Хэдийгээр Чингис хааны үед монгол хатад, бүсгүйчүүд бусад улс орны хатдаас нийгэм эзлэх байр сууриараа өндөр байсан боловч Өгэдэй өөрийн дүү Толуйн эхнэр Сорхугтани үгийг сонсдог байсан тухай тэр ч бүү хэл “Өгэдэй эзнийг би эцэг хаан шигээ агуу хүчин төгөлдөр хаан байхаас гадна авран өршөөгч хаан байгаасай гэж бодно. Тиймийн тул маргааш болох их хуралдайд хаан эзний хувиар энэрэн нийгүүлсэг чанараа харуулаасай” (хуудас 104) хэмээн өгүүлсэн зэрэг нь ямар ч баримтгүй зүйл юм. Өгэдэй хаан амьд ахуйдаа Сорхугтани бэхийн үгийг сонсдог,“Өгэдэй хаан Илү Чуцайд хандан, Сорхугтани миний эзгүйд хааны гаргасан зарим зарлигыг засчээ” хэмээн өгүүлсэн гэвэл Сорхугтани хатан магадгүй сайд ноёдын дунд хаан эзнээс дутуугүй нэр нөлөө бүхий байсныг илтгэнэ. Тэгтэл Өгэдэй хааныг нас барсны дараа өөрийн хөвгүүдээсээ яагаад шууд хаан суулгаж чадсангүй вэ. Хөвгүүдийнхээ эрдэм чадалд итгэсэнгүй юу. Өгэдэй хааныг нас барах үед Сорхугтани ууган хүү Мөнх баруун зүг явуулсан аян дайнд оролцож нэр алдар, манлайлах чадвар нь нэгэнт тодроод байсныг бодолцвол тийм байж таарахгүй нь. Энэ бол уран зохиолын зохиомол зүйл ажээ.
Мөн түүнчлэн 13 дугаар зууны монгол хатад бүсгүйчүүд хөмсгөө засдаг байсан гэх мэдээ, баримт ч үгүй. (хуудас 22) Тэр ч бүү хэл археологийн малтлагаар ч хөмсөг зулгаагч гэхээр зүйл хараахан илрээгүй л байна. Харин 13 дугаар зууны монгол эрчүүд сахлаа зулгаах зорилгоор чимхүүр хэрэглэдэг байсан тухай жуулчдын тэмдэглэлд тодорхой дурдсан байдаг.
Зохиогч энэхүү бүтээлээ бичихдээ Жак Уатерфордын Монгол хатдын нууц товчооноос багагүй санаа авсан нь Чэйчэхэн гүнжийн газар нутгийг хаан өөрийн болгосон хэмээн өгүүлсэн зэргээс нь харагдаж байна. (хуудас 148) Жак Уаторфордын бичсэн шиг монгол хаад ноёд хатад бүсгүйчүүдээ гадуурхаж хяхаж хавчиж байсан зүйл огтоос байхгүй бөгөөд тухайн цаг үед Монгол хатад, хүүхнүүд шиг өндөр байр суурьтай хатад Европ, Хятад, Дундад Азид байгаагүй юм.
Зохиогчийн санаанаас урган гарсан бас нэг зүйл нь Хүлэгүг дундад азийн нутаг руу явахыг зөвлөсөн тухай асуудал юм. Энэ талаар тодруулах ямар нэгэн сурвалж байхгүй бөгөөд Сорхугтани хатныг хувь хүн талаас нь гаргахыг зорихдоо хэт их туйлширсан алдар гавьяаг түүнд нялзаах гэсэн аминч үзлээр бичигдсэн байна.
Цааш нуршин өгүүлвэл уншигчийг залхааж мэдэх тул энэ хүргээд зогсьё. Тиймээс аливаа түүхэн романыг уншихдаа шүүмжлэлт сэтгэлгээгээр унших зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
Түүхийг уран сайхны аргаар илэрхийлэхийн нэг дутагдалтай тал нь тодорхой нэгэн үйл явдлын уялдаа холбоог зохиомлоор юм уу, үйл явдлын дэс дарааллыг өөрчлөн гаргадаг явдал юм. Түүний нэгэн тод жишээ “Мандухай сэцэн хатан” МУСК юм. Тухайн кинонд өгүүлдгээр Мандухай сэцэн хатныг Исмайл тайш хороосон мэтээр дүрслэн өгүүлсэн байдаг ч түүхийн сурвалж бичгүүдэд Исмайл тайш Мандухай сэцэн хатнаас 20 гаруй жилийн өмнө нас барсан болохыг тодорхой тэмдэглэгдсэн байна. Гэтэл хүмүүсийн дунд Исмайл тайш Мандухай сэцэн хатныг хороосон гэх ташаа бодол оршсоор буй нь кино, уран зохиол хүмүүсийн сэтгэхүйд хүчтэй нөлөөлдгийн жишээ юм.
эх сурвалж: internom.mn