Ирак, Сирид үйл ажиллагаа явуулж буй хэт даврагч "Исламын улс" бүлэглэл фэйсбүүктэй адилхан нийгмийн цахим сүлжээтэй болсон хэмээн The Independent мэдээлж байна. Тус сайтын нэрийг Khelafabook гэх бөгөөд Khilafah нь араб хэлний "халифат" гэдэг үг юм.
Энэ сайт хэдийнэ ашиглалтад орсон ч техникийн асуудлын улмаас сайт руу хандаж болохгүй байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар нийгмийн шинэ цахим сүлжээ нь твиттер болон фэйсбүүкээр дамжуулж чаддаггүй мэдээллийг солилцоход зориулагдсан байна. Түүнчлэн сайтыг хэт даврах үзэл суртлыг тараахад ашиглах шинэ зэвсэг болгож магадгүй хэмээн үзэж байгаа юм.
Khelafabook нь Иракийн Мосул хотод бүртгэлтэй боловч Египетийн серверийг ашиглаж байгааг мэргэжилтнүүд олж мэджээ.
Сонирхуулахад “Исламын улс” болон “Аль-Каида” бүлэглэлийн дайчид нууц мэдээллийг илгээхийн тулд ихэнхдээ порно бичлэг, зургууд ашигладаг гэж Америкийн мэргэжилтнүүд мэдээлсэн.
Эх сурвалж: gogo.mn