2015-03-11

Unix-ийн жинхэнэ түүхийг Кен Томпсон задлав

Үйлдлийн систем гэхэд л миний толгойд "Windows" л гэж орж ирдэг байсан цаг саяхан. Тэгтэл хорвоо ертөнц юутай уужим юм бэ? Анх айхтар хакерууд чинь бүгд "Linux" үйлдлийн систем ашигладаг гэж сонсоод л энэ үйлдлийн систем тархийг минь эзэмдэж билээ.


Одоогоос дөрвөн жилийн өмнө анх "Linux" цөмтэй "Ubuntu"-г нөүтбүүктээ суулгаад ашиглах гэж оролдож байсан цагаа бодвол одоо харьцангуй үйлдлийн системийн талаар бага сага ойлголттой болжээ.

"Linux", "Unix" гээд л технологийн ертөнцийн дийлэнх төхөөрөмжүүд эдгээр үйлдлийн системүүдээр ажилладаг гэж бодоход энэ бүгдийг анхалж хийсэн хүмүүс агуу үйлийг хийсэн мэт санагдана. "Unix"-ийг тэртээ 70-аад оны үед хийж эхэлсэн гэж байгаа.
Төө урт сахалтай энэ хоёр хүн бол өнөө алдарт Unix-ийг зохиоход гол хувь нэмэр оруулсан Кен Томпсон, Деннис Ритчи нар байна. Эд нарын бүтээсэн энэ үйлдлийн систем ийм агуу зүйл болно гэж төсөөлж байсан болов уу? Энэ агуу эрхмүүдийн нэг, Деннис Ритчи 2011 онд "Apple"-ийн Стив Жобстой бараг зэрэг жахуу бурхан болоход Ричтигийн үхлийн тухай мэдээгүй хүн олон байсан гэж боддог.
Тэгсэн саяхан "Unix" бол Кен Томпсон, Деннис Ритчи, Браян Керниган нарын "Дөрвөн сарын нэгэн"-ий  шоглоом байсан тухай уншлаа. Кен Томпсон энэ тухай "UnixWorld" Програм хангамжийн Хөгжүүлэлт Хэлэлцүүлэгт анх дурдсан байна. Үүнийг та бүхэнд сийрүүлье:
1969 онд "AT&&T" компани "Multics" төслийг зогсоосон. Браян бид хоёр Профессор Никлаус Виртийн Швейцарид байдаг "ETH" лабораториос гаргасан Паскал хэлийн эхний хувилбараар ажиллаж эхлээд л энэ хэлний донжтой хялбар бүтэц, чадавх хоёроор бахдаж байлаа. Тэр үед Деннис маань агуу Толкины "Бөгжний эзэн" гурамсан зохиолын элэглэл болох "National Lampoon"-ын шог зохиол "Бөгжний залхуу эзэд" (Bored of Rings) номыг уншиж дуусгаад байлаа.

Энэ элэглэл шиг бид "Multics", Паскал хоёрын хошин хувилбарыг хийхээр шийдэв. Деннис бид хоёр үйлдлийн системийг нь авав. Бид хоёр "Multics"-ийг харж байгаад шинэ системээ аль чадахаараа хэрэглэгчийн уурыг дээд цэгтээ хүргэхээр төвөгтэй, кодлосон, нууцалсан байхаар загварыг нь гаргаж, түүнийгээ бусад егөөдлүүдтэй адил "Multics"-ийн элэглэл "Unix" гэж нэрлэв.

Дараа нь Деннис Браян хоёр Паскалын жинхэнэ мушгиад хаячихсан хувилбарыг хийж "А" гэж нэрлэв. Үүний дараа бид хүмүүс "А" хэлээр жинхэнээсээ програм хийж байгааг мэдэнгүүтээ шууд "А" хэлэндээ өөр яршиг төвөгтэй боломжуудыг нэмсээр "B", "BCPL", эцэст нь "С" хэл бий болов. Бид нар доорх кодыг алдаагүй хөрвүүлдэг болоход дахиж нэмэхээ больсон юм:
for(;P("\n"),R--;P("|"))for(e=C;e--;P("_"+(*u++/8)%2))P("| "+(*u/4)%2);
Шинэ програмистууд ийм кодтой хэлийг ашиглана гэж бодох нь бидний төсөөллөөс давсан хэрэг байсан юм! Бид анхандаа үүнийгээ ЗХУ-д зарж, тэдний компьютерын ухааныг буцаагаад хорин жилээр ухраая гэж бодож байсан. Тэгтэл "AT&&T" болон бусад АНУ-ын корпорациуд "Unix", "C"-г ашиглаж эхлэхэд бидний яаж цочирдсоныг төсөөлдөө.

1960 оны технологийн элэглэл хүмүүсийг 20 жил нухуулсаар бага ч гэсэн хүн хэрэгтэй програм хийж чадах хэмжээний туршлагатай болцгоосон. Бид нар "Unix", "C"-ийн програмистуудын уйгагүй байдалд нь баярласан. Браян, Деннис бид гурав сүүлийн хэдэн жил "Apple Macintosh" дээр Паскал хэлээр л ажиллаж байхдаа бидний тэнэг зүггүйтлээс болж энэ бүх ойлгомжгүй, эргэлзээтэй, шал муу програмчлалын гэм бурууг ихэд мэдэрцгээж билээ.
gogo.mn

About Us

Recent

Random