Энэ долоо хоногийг хүртэл Facebook-ийн статус бичих хэсэгт “тарган санагдаж байна” гэх сонголт байдаг байв. Тэр бүр яг энэ сонголтыг хүмүүс ашиглаад байдаггүй ч олон хүнд таалагдаагүй учир Facebook энэ сонголтыг устгажээ.
“Гунигтай”, “Жаргалтай”, “Ядарсан” тэр ч бүү хэл “Царай муутай санагдаж байна” гэх мэт 100 орчим сонголт Facebook дээр бий. Харин “Тарган санагдаж байна” гэх сонголт хүмүүст таалагдаагүйн дээр 16000 хүн үүнийг өөрчлөхийг шаарджээ.
Анх энэ сэдвийг хөндсөн Кетрин Вайнгартен гэх эмэгтэй Change.org сайтад:
“Өнөөдөр Facebook ухаж байгаад нэг найзынхаа “Тарган санагдаж байна” гэж бичсэн хацар нь бумбайж, давхар эрүүтэйгээр дүрсэлсэн эможи байхыг харлаа. Уг нь би үүнийг хараад инээх ёстой ч, үнэндээ уур минь хүрсэн юм.
Олон жилийн турш “тарган” гэдэг мэдрэмжийг амссан хүний хувьд би турах гэдэг хэцүү болохыг мэднэ. Жингээ багасгахын тулд хоолоо сойж, дасгал хийх гэх мэтээр хичээдэг байсан ч өөрийнхөө биед хэзээ ч сэтгэл хангалуун байж үзээгүй.
Гэтэл Facebook дээр хэн нэгэн “тарган санагдаж байна” гэж бичих нь олон хүнийг доромжилж байгаа хэрэг мэт санагдлаа. Тарган гэдэг сэтгэл хөдлөл биш. Өдөр тутам 890 сая хүн ашигладаг цахим хуудас маш олон хүнд нөлөөлж чадна гэдгээ мэдэх ёстой... “Тарган” гэсэн сонголтыг устгахад надтай нэгдээч” гэжээ.
Харин Facebook үүний хариуд:
"Статус бичих хэсэгт байсан “Тарган санагдаж байна” гэх сонголт хүмүүст таалагдаагүй, бусдын эрхэнд халдсан гэдгийг сонслоо. Тиймээс бид энэ сонголтыг устгах шийдвэр гаргасан. Энэ мэт зүйлсийг санал хүсэлтийг бид үргэлжлүүлэн хүлээн авч, хүмүүс өөрсдийгөө facebook дээр хэрхэн илэрхийлэх аргыг улам сайжруулах болно"